Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Тэгэхэд...

Тэгэхэд их хүйтэн байсан.


Тухай нь хэн ч, хэзээ ч асуухгүй болоод удсан хэн нэгэн гэж байдаг юм. Өнөөдөр өөрөө ч санаандгүй мартсаар буй хэн нэгний төлөө үхэн хатан тэмүүлсэн он цаг гэж байдаг.  

Тэгэхэд их хүйтэн байсан. Тэгсэн хэр нь хэрэг болгон далайн эрэгт очиж, бээрчих шахсан гараараа зураг дарж явж. Яах гэж тэр вэ. Гэрэл зураг л үлдэж. Хэзээ хойно үзэх гэж тэгжээ дээ. Үгүй ээ. Хайр үлдсэн, эсэхийг л мэдэх гэж, үлдээгүй бол үлдээчих санаатай тэр шүү дээ. Ийм хүн билүү гэж өөрийгөө дахин нэг ойлгуулчих гэж л тэгсэн. Шаналлыг нь нэмэх гэж, шийдвэрээс нь эргэж буцаах гэж. Тэгэхэд цахлай нисэлдэх, шаагилдах нь яасан хэцүү байлаа. Болдогсон бол тэднээс ч чангаар уйлаад, бүр хашгирч хэлмээр үгс надад үүрд үлдсэн билээ. 

Тэндээс алхсаар хүрсэн усан үзмийн талбай. Үнэндээ усан үзэм гээч нь тийм турьхан модонд ургадгийг анх удаа харж буй атал ямар ч шинэ зүйлгүй, ихэд гунигтай санагдсан юм. Жимсээ хураалгачихсан тэр эзгүй ёрдгор модод л яг над шиг байсан. Миний гуниг шиг танил. Хүчилж инээмсэглэх, нулимсаа залгих, ямар нэг халуун юм олж идэх тухай санаачилга гээд бүх зүйл хуурамчхан хэрнээ бодит тэр нэгэн өвөл. Өвлийн өдийд далайн эргийн нягтарч хатуурсан элсэн дээгүүр мөр амилаан гүйлдэж байхдаа ч гараа атгалцаагүй, тэр тийм хүйтэн байсан.

Энэ тухайд өөрийгөө өрөвдөн гуньдгаа одоо мартсан байна. Хэзээ нэг мартах бол, шарх аних бол гэж ямар олон жил хүлээлээ. Цаг нь ирэхэд нэг л мэдэхэд алсрах зүйл байж дээ. Цаг нь ирэхэд гэрэл зураг дахь түүнээс огт өөр мэдрэмж ирэх аж. Тэр надад бүтэлгүйгээс бүтэлгүй төгсгөлтэй хайрыг мэдрүүлэхдээ яаж аз жаргалын эрэлчин хэвээр минь үлдээсэн юм бол. Яаж ингэж цэвэрхэн дуусгаж чадсан “гэмт хэрэг” юм бол. Ингэхийн тулд хэр удаан бодож шийдээ бол. Тэр ганцаархнаа гуниагүй, шархлаагүй мэтээр яаж бас тэгж худал инээмсэглэж миний хажууд зогсож байсан юм бол. Ирээдүйн тухай яриа хамтынх байхад хардаг байсан тэр зүгээ яаж өөрчилж зүрхэлсэн юм бол. 

Шөнөөр утсанд ирээд тасардаг эзэнгүй дуудлага чинийх байсан. Чи үнэндээ шаналсан, шархалсан. Надаас илүү өвдсөн. Тийм үү? Хамт байх бодлын чинь эсрэг үгс, үйлдлүүд минийх л байсан. Над шиг эмзэг, амьдралд хэврэг нэгнийг таньж мэдээд явуулахад чамд өөр ямар ч төлөвлөгөө үлдээгүйг харин би мэднэ. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй дахин эхлүүлэх, хамт нэгэн зүг алхахад хачин эзгүй байсан, тийм үү? 

Одоо мөн л над шиг аль эрт мартсан байх. Хэрэв санаандгүй уулздаг юм бол юу хэлэхээ бэлддэг байснаа ч мартчихаж. Мартсан олон зүйл байгаа ч чи бид хэн хэнээсээ уучлал эрээгүй үлдэцгээсэн юм байна шүү дээ. “Уучлаарай, хайрт минь”.        

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.28 203.23.49.170

Үгээр урлаж, сэтгэлд хүртэл бичдэг шүү Энхээ эгч.

0 Хариулах


Зочин 2020.12.08 172.69.252.149

Яаж ийм яаруу, яаж ийм гоёоор сэтгэл хөдлөлийг, сэтгэлийн шархыг үгээр урлаж илэрхийлдэг байнаа ❤️ Үнэхээр эморуулчихлаа ккк

0 Хариулах


Зочин 2020.12.08 172.69.252.149

Яруу шүү яаруу гэчихэж кк

0 Хариулах