Европын Аваргуудын лигийн тэмцээний 5-р тойргийн эхний тоглолтууд мягмар гарагт явагдлаа. Энэ тойрогт Испанийн “Барселона” клуб талбайдаа “Брест”-ийг 3:0-ээр буулгаж авав.
Польш довтлогч Роберт Левандовски уг тоглолтод дубль толилуулснаар Аваргуудын лигт 100 гоол оруулсан гурав дахь тоглогч боллоо. Тэрээр Месси, Роналдугийн ялгуусан амжилтыг залгаж Аваргуудын лигийн тэмцээнд 100 гоолын босго давсан нь энэ.
Сонирхуулахад, Европын Аваргуудын лигийн тэмцээнд Роналду 140 гоол оруулсан бол Месси 129 гоолыг бүртгүүлсэн билээ.
Харин Лева 36 насандаа эл тэмцээний 100, 101 дэх гоолоо дархалсан юм.
“Брест” клуб Аваргуудын лигийн тэмцээнд анхны хожигдлоо хүлээж, хүснэгтийн наймдугаар байр руу ухарлаа.
Дани Олмо Аваргуудын лиг дэх анхны гоолоо “Барселона”-гийн өмнөөс энэхүү тоглолтод бүртгүүлэв.
“Барселона” клуб хэсгийн шатны таван тоглолтынхоо дөрөвт нь хожсоноор эл тэмцээний хоёрдугаар байрт эрэмблэгдэж байна.