Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Хамтын ажиллагаагаар бага төсвөөр ч том асуудлыг шийдэх боломж | Германы Элчин сайдын яамны 6 бичил төсөл


Бид бүгд нийгэмд өөр өөрийн хувь нэмрийг оруулж, тодорхой өөрчлөлтийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй байдаг. Эдгээр хүсэл зорилгоороо нэгдсэн хүмүүс хамтын хүчээр томоохон үйлсийг ч бүтээж чаддаг. Германы Элчин сайдын яамны дэмжлэг, санхүүжилттэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг бичил төслүүд үүний нэг жишээ юм. Багахан хөрөнгөөр ч томоохон өөрчлөлтүүдийг бүтээж болохыг дараах 6 төслийн товч танилцуулга тодхон харуулна.

Дашрамд дурдахад, 2021 онд хэрэгжүүлэх бичил төслүүдийн саналыг Германы Элчин сайдын яам 2021 оны гуравдугаар сарын 31 дуустал хүлээн авч байна. (Дэлгэрэнгүйг нийтлэлийн төгсгөлөөс уншаарай)


1. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэгжсэн төсөл

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх улсын эмнэлгүүд эмчилгээний тоног төхөөрөмж нь хуучирсан, хүрэлцээ муутай байдаг. Мөн халдвар тархалтаас хамгалаалах хэрэгсэл стандартын дагуу бүрэн хангагдаагүй байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Иймд ХБНГУ-ын Элчин сайдын яам халдварт өвчнийг эмчлэх аюулгүй байдлыг нь нэмэгдүүлэхэд зориулж 2020 онд Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) бичил төслийг дэмжих сангаасаа дэмжлэг үзүүлжээ. Элчин сайдын яамнаас олгосон буцалтгүй тусламжаар ЭХЭМҮТ нь халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлаа нэмэгдүүлж, эмнэлгийн ажилтнуудад нэн шаардлагатай хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэл худалдаж авчээ. Үүнээс гадна Германы Kärcher болон бусад брэндийн ариутгалын тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ нэвтрүүлэв. Ингэснээр тус эмнэлэг КОВИД-19 халдварын өргөн тархалтаас болон улирлын томууны дэгдэлтээс эмнэлгийн баг хамт олон болон үйлчлүүлэгчдээ илүү сайн хамгаалж, хүнд цаг үеийг амжилттай даван туулах нөөц бололцоо нь нэмэгджээ.

2. People in Need-тэй хамтран хэрэгжүүлсэн төслүүд

ХБНГУ-ын Элчин сайдын яам бичил төслийн сангаасаа People in Need ТББ-ын "Зорилтот бүлгийн хүүхдүүдэд халуун хоол түгээх” төслийг дэмжиж, Улаанбаатар хотын захын дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тусламж үзүүлжээ. Ерөнхий боловсролын 58 болон 65 дугаар сургуулиудад 2020 оны 7-8 дугаар сард халуун хоолны гал тогоо ажиллуулж, 500 хүүхдэд өдөр бүр халуун хоолоор үйлчлэв. Германы элчин сайдын яамны санхүүжилтээр ийнхүү нийтдээ 20.000 удаагийн халуун хоолыг хүүхдүүдэд бэлтгэн өгчээ.

Түүнчлэн уг төслийн хүрээнд Налайх дүүрэгт оршин суудаг тусламж нэн шаардлагатай гэр бүлүүдэд 1.350 ширхэг хэрэглээний багц бэлтгэж түгээсэн юм. Уг тусламжийн багцад хүнсний болон эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүд, ном, зургийн хэрэгсэл бүхий хүүхдийн боловсролын хэрэгслүүд болон КОВИД-19 халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллийн товхимлууд багтжээ.

Үүнээс гадна бичил төслийн сангаасаа People In Need ТББ-р дамжуулан 1.760 орчим иргэнд (МСҮТ-ийн оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТ хүмүүс болон орлогын хомстолд орсон бусад бүлгийн иргэдэд) өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болон эм худалдан авах нэг удаагийн эрхийн бичиг олгох төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлжээ.  3. Хүүхэд-Залуучуудын Сургалт, Хүмүүжлийн Тусгай Цогцолбортой хамтарсан төсөл

Улаанбаатар хотын олонх иргэд орлогын эх үүсвэр хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж, амьдарч байгаагийн зэрэгцээ хөдөө орон нутгаас шилжин суурьших хүн амын тасралтгүй хөдөлгөөнд тус хот бүрэн бэлтгэгдээгүйн улмаас хүн амынх нь ажиллаж, амьдрах нөхцөл улам хүндэрч байна. Улмаар цөөнгүй эцэг эх хүүхдээ асран халамжлах чадваргүй болж, амьдралын эрхээр зарим хүүхэд гудамжинд гуйлга гуйхаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн.

Дээрх асуудлуудтай нүүр тулсан хүүхэд, залуучуудад туслахаар Улаанбаатар хотод Хүүхэд-Залуучуудын Сургалт, Хүмүүжлийн Тусгай Цогцолбор ажилладаг. Тус цогцолбор нь Нийслэлийн Засаг даргын дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль ёсны асран хамгаалагчид нь харж хандах чадамжгүй болсон 140 орчим хүүхэд, залуусыг цогцолбортоо байрлуулан халамжилдаг. Ингэснээр тэдгээр хүүхэд, залуучууд гудамжинд хоног төөрүүлэлгүйгээр, хоол хүнсээр хангагдсан хамгаалалтын байранд амьдарч, сурч боловсорч байна.

Тус цогцолборын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хэсэг нь цөөхөн тоног төхөөрөмжтэй бөгөөд шаардлагатай олон материалаар дутмаг ажилладаг. ХБНГУ-ын Элчин сайдын яам тус цогцолборын эмнэлгийн болон гал тогооны хэсгийг нь шинэчлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба тус цогцолбор нь 2020 онд дээрх хэсгүүдээ шинэчилжээ.

4. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарсан төсөл

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) ТББ нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны ТББ-ын нэг бөгөөд 1995 оноос хойш зөвлөгөө болон хамгаалалтын байрны үйлчилгээг үзүүлж, энэ асуудлыг бууруулахын тулд бодлогын түвшинд өөрчлөлт гаргахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна.

КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн хөл хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ авсантай холбоотойгоор харамсалтай нь гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлууд нэмэгдэж, улмаар хамгаалалтын байрны эрэлт хэрэгцээ улам өссөн тул тус төвийн үйл ажиллагааг дэмжихэд зориулан ХБНГУ-ын Элчин сайдын яам бичил төслийн сангаасаа санхүүгийн дэмжлэг олгожээ.

Уг санхүүгийн дэмжлэгээр тус төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж, дэргэдээ оёдлын сургалтын төв байгуулжээ. Ингэснээр эдгээр эмэгтэйчүүдэд амьжиргаагаа дээшлүүлэхэд нь тодорхой хувь нэмэр оруулсан юм. Төслийн хүрээнд оёдлын сургалтын төв байрших барилгад засвар хийж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд эмэгтэйчүүдэд бие даан санхүүгийн орлоготой болох боломжийг бий болгохоор зорьжээ. “Эмэгтэйчүүд сургалтад хамрагдсанаар илүү өөртөө итгэлтэй болж, сэтгэлийн шаналлаа даван туулж мөн адил хэцүү нөхцөлд байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх боломжтой болно” хэмээн ХЭҮТ ТББ-ын захирал Н.Арвинтариа Элчин сайдын яамны төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

5. "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" ТББ-ын хүүхдийн зусланг дэмжсэн төсөл

Элчин сайдын яамны бичил төслийн сангаасаа "Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв“ ТББ-ын хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг олгожээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсэг болох Өлзийт хороололд байрлах тус ТББ-ын хүүхдийн зуслан нь жил бүрийн хавраас намар хүртэлх хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэр бүлийн гишүүдийнх нь хамтаар хүлээн авч, цэвэр агаарт физик болон хэл заслын эмчилгээнд хамруулахаас гадна хүүхдүүдийн нийгмийн харилцаанд орох, бие даан амьдрах чадварыг нь сайжруулах сургалтуудыг явуулдаг байна. Ийнхүү хүүхдүүд зусланд амрах үеэрээ бусад хүүхдийн хамтаар ногоо тариалах, уламжлалт аргаар монгол цагаан идээ хийхэд суралцдаг аж.

Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгээр тус зуслангийн өвлийн байрны барилгын ажлыг бүрэн дуусгаж, сургалтын танхим, ялангуяа цар тахлын үед халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа орчин үеийн ариун цэврийн өрөө бүхий өвлийн дулаан байрыг ашиглалтад оруулж, хүүхдийн зуслангийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн юм.

6. Ротари Гэрэгэ клубтэй хамтарсан төсөл

Нийслэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүртгэлээс үзэхэд 2020 оны эхний улиралд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол 63% нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улиралд 1900 байсантай харьцуулахад 3100 болжээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр хамгаалах долоон байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд хэрэгцээтэй эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эмнэлгийн үйлчилгээг өргөтгөх, нэмэлт дэмжлэг үзүүлэх зайлшгүй асуудал тулгарч байна.

Ротари Гэрэгэ клубийн төслийн саналд үндэслэн Германы Элчин сайдын яам төслийг дэмжсэн ба уг төслийн хүрээнд түр хамгаалах байранд байрлаж буй хүчирхийлэлд өртсөн хүмүүст эрүүл ахуйн багц бүтээгдэхүүнүүд бэлтгэж хүргүүлжээ. Ингэхдээ Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгчдээс аль болох дээрх бараа бүтээгдэхүүнүүдээ худалдан авсан нь энэ төслийн өөр нэг онцлог байв. КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хорио цээрийн арга хэмжээ авсны улмаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн олонх нь борлуулалтын хэмжээ нь огцом буурсан асуудалтай нүүр тулгарч байгаа билээ.


2021 ОНЫ БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ОНЦЛОГ

Германы Элчин сайдын яам 2021 онд ч салбар харгалзахгүй, нийгмийн эерэг өөрчлөлтөд бодит хувь нэмэр оруулах төслүүдийг сонгон шалгаруулж, 25.000 хүртэлх еврогийн санхүүжилт олгоно.

Харин 2021 оны хувьд боловсролын салбар дахь КОВИД-19 цар тахлын сөрөг үр дагавартай тэмцэх нэмэлт бүрдэл хэсэг оруулж өгснөөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл, тус элчин сайдын яамнаас салбар харгалзахгүй бичил төслийн санал хүлээн авч, санхүүжилт олгохоос гадна нийгмийн эмзэг бүлгийн, нэн ялангуяа хүүхэд, залуучуудын КОВИД-19 цар тахлын үеэр боловсрол эзэмших асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслийн саналуудыг тусад нь ангилан сонгон шалгаруулж, санхүүжүүлэх юм. Энэ төрөлд хамаарах төслүүд мөн 25.000 хүртэлх еврогийн санхүүжилттэйгээр хэрэгжих боломжтой бөгөөд онцгой тохиолдолд илүү өндөр дүнтэй дэмжлэг авах боломжтой.  

Төслийн сонгон шалгаруулалтад оролцох байгууллагуудад тавигдах шаардлага болон төсөл сонгон шалгаруулах журамтай энэ холбоосоор танилцана уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.08.16
"Ганцаардсан, ганц бие" эрчүүдийн тоо өссөөр байна
2
2020.07.10
Үнэ цэн | Г.Долгорсүрэн: Монголын ууган үйлдвэрийн хувьцааг авах нь үр хойчдоо өвлүүлэх...
3
2020.05.08
ҮНЭ ЦЭН | Б.Баярмаа: Ажлаа чин сэтгэлээсээ хийх, тууштай хөдөлмөрлөх нь миний карьерийг...
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.