Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: “Чимгээ өөрөө л хүссэн..” гээд өнгөрөх үү?


Засгийн газар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил онц ноцтой тэмдэглэж байна. Ядаж Мартын 8-ны баярыг улс төрөөс ангид авч үлдэх эмэгтэйчүүдийн эрхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ булааж авлаа. Хууль хяналтын байгууллага хүний эрхийг хэрхэн зөрчдөгийг харуулсан бусармаг дүрс бичлэгийг олон нийтэд цацаж нийгмийг хирдхийлгэсэн нь сонгууль бүрийн өмнө дэлгэж үзүүлдэг улс төрийн хөзөр буюу С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Энэ удаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэрийн дор эмэгтэй хүнийг хүчирхийлж буй эрээгүй явдлыг цээргүй дэлгэж эрхийг нь зөрчлөө. Ял эдэлж буй Т.Чимгээд хүч хэрэглэн мансууруулж, хувийн харилцаанд орсон, ухаангүй байх үед нь хурууны хээ авч буй цээж нүцгэн эрчүүдийн үйлдлийг хүмүүс үзэх нь энэ жилийн Мартын 8-ны хамгийн оргил “сюрприз”. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чимгээ өөрөө л үүнийг хүссэн” гэх тайлбар зүүх тусгай ажиллагааг гуравдугаар сарын 8-нд зарлан хуралдуулсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар явуулчихсан билээ. Л.Оюун-Эрдэнэ хорихын эмнэлэг буюу 401 дүгээр ангид очиж ял эдэлж буй Т.Чимгээтэй биечлэн уулзаж, өөрийг нь хэрхэн гутаан доромжилж буйг нийтэд харуулах зөвшөөрөл авснаар ийнхүү нууц мэдээллүүд олон нийтэд ил болж эхэллээ. Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн, эсэх дүгнэлтийг Засгийн газар сонсох, нууц бичлэгийг сайд нарын танхим болон мэргэжлийнхэнд үзүүлэхэд хангалттай байсан. Гэтэл энгийн иргэдийн сэтгэл зүйг үүгээр хэрцгийлэх, эрүү яргад нүд чих дасгах, айлган цочоох, харгис жишиг тогтоох замаар улс төрийн ашиг хонжоо эрсэн нь төрийн ёс зүйд хэрхэвч үл нийцэх зохисгүй үйлдэл болов. Т.Чимгээг элдэвлэж буй бичлэгийг үзээд эвийлэх бүү хэл хэн нэгнийг ингэхийг хүлээн зөвшөөрөх сэдэл хаа нэгтээ үүсэх эрсдэл бий. 

Т.Чимгээ эрүүдэн шүүгдэж, хувийн амьдралдаа нөхөж баршгүй гарз амссан эмгэнэлт хувь тавилангийн хохирогч болон тарчилсан эмэгтэй юм бол хилс хэргээр таван жил зургаан сар ял эдэлж буй энэ аймшгаас мултрахын тулд улсынхаа гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайдад юуг ч илчлэхэд бэлэн байх нь ойлгомжтой. Өдгөө нууц байхаа больсон тэрхүү бичлэг нийгмийн сүлжээнд цацах нь эмэгтэй хүний нэр төрд сэвтэй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч ойлгож байх учиртай. “Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ” гэх албаны хүйтэн мэдээллээр шийдчихэд дэндүү тоомсоргүй хэрэг болов. Т.Чимгээ зүдэрч ягтахдаа л үүнийг зөвшөөрсөн нь дамжиггүй. Тэнд үйлдэгдсэн харгислалд хууль хяналтын байгууллагын яахаас ч сийхгүй этгээдүүд хэрхэн улстөрчдийн гар хөл болж буйг баримтаар илчлэх шударгуу зорилготой мэт боловч Чимгээг эмэгтэй хүнийх нь хувьд ичгүүрлэн шившиглэх замаар сонгогчдын бухимдлыг өрсөлдөөнд ашигтайгаар эргүүлэх улс төр болон хувирч байна. Одоогоор түүний өөрөө ч төсөөлөх тэнхэлгүй боловч хойшид дутагдах эрхийг нийтийн өмнө гэсгээж орхилоо. Сонгуулийн өрсөлдөөн, улстөрчдийн увайгүй тэмцэлд цаашид эмэгтэй хүнийг ингэж бүү хохироогтун. Амин чухал эрхийг нь хамгаалах гээд нэр төрийг нь бүү шившигт хутгагтун. 

Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх гурван сарын туршид иргэдийн тархи оюуныг байлдан дагуулах өөр ямар балмад тактик хоёр талд бэлтгэгдэж буйг тааварлахад ч бэрх байна. Эмэгтэйчүүдээс баярыг нь булаасан сонгуулийн өмнөх улстөржилт долоо хоногийн дараа болох “эрэгтэйчүүдийн” хэмээн тэмдэглэдэг цэргийн баярыг иргэний “дайн” болгох вий. Анхаар! Улстөрчдийн улайрсан их шунал Төрийн тэргүүнээ сонгох ард түмний ардчилсан сонгуулийн эрхийг булаан эзлэхэд бэлэн болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.