Парисын олимпын чөлөөт бөхийн 65 кг-д түрүүлсэн Киёока Котаро энэ сарын 19-22-нд Токиод болох Мэйжи цомын тэмцээнд зодоглохоор бэлтгэж байна. Энэ тэмцээн энэ жилийн ДАШТ-д оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт гэдгээрээ онцлогтой.
Парисын олимпын дараа Киёока Германы Бундеслигт барилдсан. Парисын чөлөөт бөхийн олимпын аваргуудаас ДАШТ-д оролцож үзээгүй цорын ганц бөх нь Котаро. Мэдээж тэр олимпын алтан медалиа дэлхийн алттай хослуулахыг хүсэж байна. Гэхдээ хэнд ч эргэлзээ төрүүлэхгүй, илт давуу ялахаар төлөвлөжээ.
“ДАШТ-д олимпоос ялгаатай нь ямар ч дарамт надад байхгүй. Би дэлхийн аваргын тэмцээнд бүх барилдаанаа цэвэр ялахыг хүсэж байна. Учир нь би ур чадвараар бусдаасаа илүү” Киёока Котаро
Парисын олимпын эрхийн төлөө түүний гол өрсөлдөгч байсан Такүто Отогүро зодог тайлсан нь түүний хувьд гэнэтийн мэдээ байлаа. Гэхдээ энэ жинд Японд өнгөрсөн 12 дугаар сард Японы аварга болсон Тананбү Кайсэй, шинэ од Нишиүчи Юүто гэсэн сайн бөхчүүд бий. Харин Киёока огт санаа зовохгүй байна.
“Тэд намайг судалсан нь ойлгомжтой. Хэчнээн судалсан ч би хэдхэн мэхээ байнга хийгээд байдаг бөх биш. Ингэж байж л дэлхийн тавцанд түрүүлнэ. ДАШТ-д Японыг би төлөөлөх болно” гэж хэлжээ.