UBLife Logo
Дэлхий
Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад сүндэрлэлээ

Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад сүндэрлэлээ

Хятадын баруун өмнөд бүсийн Гуйжоу мужид баригдсан дэлхийн хамгийн өндөр гүүр есдүгээр сарын 28-нд ашиглалтад орлоо. “Хуажианг Гранд Каньон” нэртэй тус гүүрний барилгын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилсэн байна.

Гүүр нь гүн хавцлын дээгүүр 625 метрийн өндөрт сүндэрлэсэн юм. 2890 метр урттай, ган хийцтэй уг гүүр хавцлыг туулан өнгөрөх хугацааг арав дахин багасгажээ. Өмнө нь Хуажианг Гранд Каньон хавцлыг туулахад хоёр цаг зарцуулагддаг байсан бол шинэ гүүрний тусламжтай ердөө хоёр минутад туулах боломжтой болсон байна. “Ингэснээр бүс нутгийн аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, ачаа тээврийн урсгал, хот хоорондын холбоог эрчимжүүлэх ач холбогдолтой” хэмээн тус мужийн захиргаанаас мэдэгджээ. 

Гуйжоу муж нь гүн хавцал ихтэй тул эртнээс хот аймаг хооронд хонгил, гүүрээр дамжин холбогддог байжээ. Сүүлийн жилүүдэд тус муж гүүрний бүтээн байгуулалтад онцгой анхаарч эхэлсэн бөгөөд өдгөө тус мужид 32,000 гаруй гүүр баригдсан байна. Дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тал нь Гуйжоу мужид байрладаг тул  “Дэлхийн гүүрний музей” гэх тодотголыг авсан юм. 

Гүүрний бүтээн байгуулалтад оролцсон инженерүүдийн хэлснээр рекорд, амжилт тогтоохоос илүүтэй гүн хавцлыг аюулгүй, хурдан туулахуйц бат бөх гүүр барих нь тэдний гол зорилго байсан ажээ. Тэд хиймэл дагуул, дрон, ухаалаг хяналтын системийг ашиглан, эдэлгээ даах хамгийн сайн чанарын материалыг сонгон, миллиметр бүрийг нарийвчлан төлөвлөж, уг гүүрийг босгосон байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...