Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Longreads | Жастин Трюдо яагаад дэлхийн ЕРӨНХИЙЛӨГЧ байж болохгүй гэж?


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог бид хамгийн “халуухан” улс төрч гэх тодотголоос өөрөөр төдий мэдэхгүй. Парламентын засаглалтай улсад ерөнхий сайд ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй байдаг бол Канад шиг парламентын тогтолцоот хаант улсын хувьд хамгийн нөлөөтэй “толгой” болох нь ч бий. 2015 онд Ерөнхий сайдаар сонгогдохдоо тэр 43 настай байсан, Канадын түүхэн дэх хамгийн залуухан Ерөнхий сайд Жастин Трюдо гэж хэн юм бэ? Канадын сүүлийн жилүүдийн үсрэнгүй хөгжилд тэр нөлөөтэй юү? Дэлхий нийт яагаад Трюдог хамгийн “күүл” нэгэнд өргөмжилж, умардын “Обама” ч гэж нэрийдэх болов? “Rolling Stone” сэтгүүлд 2017 онд нийтлэгдсэн “Жастин Трюдо яагаад дэлхийн ЕРӨНХИЙЛӨГЧ байж болохгүй гэж?" хөрөг ярилцлагыг хүргэж байна. 


Дутагдах зүйлгүй хангалуун амьдралаас Ерөнхий Сайдын нүсэр ажлыг илүүд үзэв үү? 

Канадын хэвлэлийн хүрээлэнгийн танхим. Ерөнхий сайд Жастин Трюдо мэдээлэл хийхээр бэлтгэлээ хангаад байна. Арван хормын дараа эхлэх дохио өгөхөд Жастин индэрт тайван гэгч нь гарч зогсоод толгой дохисхийн яриагаа эхэллээ. Ерөнхий сайд дундаж давхаргынхны татварыг бууруулж 1 хувьд хүргэсэн тухай хэлээд “Засгийн газар 10 гэр бүл тутмын 9-д нь үр хүүхдээ өсгөхөд нь зориулах мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүллээ” гэж онцлов. Түүний хоолой намуухан, нэгэн хэвийн сонстох ч тун цэгцтэй, тодорхой ярих аж. Энэ эрхэм ирэх долоо хоногт болох “Их-20”-ийн суудлаа хэн нэгэнд “Цаг нь боллоо” гээд тавиад өгчхөж болохооргүй залуухан, эрч хүчтэй харагдана. Жастин феминизмийн талаар ярихдаа үл ялиг зогсолт авсан нь ч үгээ мартахдаа хийсэн санаандгүй үйлдэл биш байв. Дараад нь, Канадад газар авч байгаа мансууруулах бодисын хэрэглээ нь ажилгүйдлийн төвшин нэмэгдэж буйтай холбоотой гэлээ. “Ард иргэдээ гэр бүлдээ нэмэр болохуйц сайн ажил мэргэжилтэй байхад бид анхааран ажиллаж байна. Гэхдээ тэд биднээс ч илүү хөдөлмөрлөж байгаа.” гэж эгээ л “Клинтоны” маягийн өнгө аясаар тэр ярих аж. 

Хэвлэлийн хурал өндөрлөх болоход Жастин “Ардчилсан нийгмийн хамгийн том ололт нь хэвлэл мэдээлэл, засгийн газар хоёр харилцан уялдаатай ажиллах” гээд сэтгүүлчдэд талархлаа илэрхийлсэн юм. 

Дугуй жийн, нүүр дүүрэн инээмсэглэж, сансар огторгуйг дүрсэлсэн богино цамц өмсдөг энэ хүний гарт орон гэргүй болсон 40 мянга гаруй Сирийн дүрвэгсдийг халуунаар угтан авсан Канад орон тэр чигээрээ багтаж байна гэхэд хилстэхгүй. 

Түүнийг болон улсыг нь АНУ-тай харьцуулна гэдэг ч тийм хэтийдсэн хол зүйл биш юм. Харин ч Жастин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас илүү ухаалаг шийдвэр гаргасан нь цөөнгүй. Жишээ нь, Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л үр хөндөлтийг гэмт хэрэг гэж буруушаан, энэ талаар хэт сөрөг байр суурьтай байгаа бол Жастин энэ асуудалд харьцангуй уян хатан хандсан юм. Тэр үр хөндөлтийг гэмт хэрэг гэж үзэлгүй тодорхой нөхцөл байдлыг харгалзан үйлдэх тухай шийдвэрлэж Канадын Эрүүл Мэндийн Үндэсний төвд заавар болгожээ. 

Өдөр ирэх тусам америкчууд мансуурал, хар тамхиндаа живэн, амиа алдсаар байхад “Жастин Трюдогийн” гэж болох Канад улс удаан боловч зөв замаар алхам алхмаар урагшилсаар байна. 

Жастин Трюдотой олон зүйлд санал зөрдөг ч Доналд Трамп түүнийг өөрт нь таалагддаг тухай ам нээсэн удаатай. Хоёр улсын Автстрали дахь уулзалтын дараа хэвлэлүүд Трампыг “шинэ найзаа оллоо” ч гэж бичицгээж байв. Түүний охин Иванка Трамп уулзалтын үеэр царайлаг ерөнхий сайд руу тун анхааралтай ширтэж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсантай холбогдуулж болох ч Трамп ийм хөнгөн зүйлд ач холбогдол өгөх нэгэн биш. Магадгүй Жастин Трюдог Цагаан ордонд ирснээс хойш Канадын цэргийн хүчний зардал 70 хүртэл хувиар нэмэгдсэн нь Трампыг түгшээсэн ч байж болох. “Бид Канадтай гайхалтай хөрш улс. Үүнд Жастин тун оролцоотой” гэж тэрээр хэлсэн. 

Трампын нэгэн адил “Улсаа ахин агуу болгоё” уриан дор ажлаа гүйцэлдүүлж байгаа ч Жастин огт өөр хөзрөөр тоглоомд оролцож байгаа нь тодорхой юм. 

Цагаан цамц, гоёмсог хээтэй зангиагаар гоёж, ханцуйгаа эвлэгхэн хумиад, уулзсан хэн рүү догь инээмсэглэх Жастин бидэнд ерөнхийлөгч асан Обамаг эрхгүй сануулна. Жастин яг л Обама шиг олны хайрыг татаж чадсан юм. Тэр сэтгүүлч миний яриаг ч тун сонирхсон аятай хандах бөгөөд нууж хаасан шинжгүй шуудхан хариулж байлаа. 

Related image

Зах хязгааргүй хоёр ч их далайд хиллэж, өмнөдөд хэдийн хүч чадлаа тунхагласан Канад улс сүүлийн жилүүдэд цэргийн хүчээ зузаатгахаар энэ салбарт зарцуулах мөнгөн хөрөнгөө 14 тэрбум доллар хүртэл нэмсэн. Үүний гол шалтгааныг асуухад Жастин “Канад хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Сайн дурын ажилтан, цэрэг цагдаа байна уу аль нь ч улс орондоо өөрийн гэсэн хүчирхэг нөлөөтэй. Улс орон ч өөрөө хүчирхэг байх ёстой.” 

Жүжигчин Тони Хэйлтэй ч харьцуулан ярьдаг залуухан, идеалистик Ерөнхий сайд Жастин Трюдог үл дэмжигчид түүнийг “маягтай эр” буюу канад хэллэгээр “мимбо” гэцгээдэг. Гэсэн ч түүний намтар, төрх байдал үүнийг эрхгүй няцаана. 

Жастины түүх түүний аав Канадын 20 дахь Ерөнхий сайд Пьер Трюдогоос эхлэх учиртай.

Ямартай ч Жастин 20-р зууны Канадын улс төрийн бэлэгдэл болсон ноён Пьер Трюдогийн ууган хүү болон 1971 оны зул сарын баярын өдөр мэндэлсэн юм. Ажилдаа алхаад явчихдаг дуугүйхэн гүргэр зантай Пьер Трюдо 51 насандаа ерөнхий сайд болчихно гэж хэн ч санасангүй. Үүнийхээ адил чимээгүйхэн хуримлаж 22 настай залуухан Маргареттай гэрлэж гурван хүүтэй болсон юм. Жастиныг төрөх өдөр Оттава дахь төрөх эмнэлэгт хэвлэлийнхэн хэдийн цуглачхаад шинэ хүний нэрийг төрөл садныхнаас нь ч өмнө телевизээр зарлаж, хэвлэлийн эхний нүүрэнд нэрийг нь томоор бичиглэж байсан гэдэг. Тэр эхээс унасан цагаасаа л олны анхаарлын төвд байсаар иржээ. 

Ингээд Жастины хүүхэд нас Монреал муж дахь эдлэн газарт болон Цагаан ордонд өнгөрсөн аж. Тэр хоёр эрэгтэй дүүтэй ч аав нь олон улсын төлөөлөгч, нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзахдаа ирээдүйд ерөнхий сайд болохыг нь зөгнөсөн юм уу ганцхан Жастиныг л дагуулан явж, хөвгүүддээ Шекспир, Томас Хоббесийн тухай сургадаг байв. Жастин багаасаа католик сургуульд явж, хөнгөн атлетикаар хичээллэж цагийн нарийн дэглэмд өсжээ.

Түүнтэй хамт цагаан ордноор зочлоход тэр хүүхэд байхдаа нуугддаг байсан “нууц хаалга”-аа ч үзүүлэв. “Аав минь биднийг 30 нас хүртэл хамт байхгүй гэдгээ мэддэг байсан. Тиймээс ч тэр бидэнд олон талын мэдлэгийг харамгүй заан сургасан. Цагаан ордны нэг хэсэгт англиар, нэг хэсэгт францаар ярих ёстойгоос эхлээд хатуу хүмүүжлийг аав минь тавьдаг байсан. Тэр үеэс л би олон улсын элч төлөөлөгчтэй хэрхэн харилцахыг ааваасаа суралцдаг байлаа.  Ангела Меркелтэй ярилцана гэдэг Доналд Трамптай ярихаас огт өөр шүү дээ” гэж тэр хэллээ. 

Жастин Трюдо гольф тоглож, цанаар гулгадаг бусад улс төрчдийн хэнтэй нь ч адил биш. Тэр хүүтэйгээ хамт аймшгийн баяраар дүрд хувилан явж, фитнесст хичээллэж, уран зохиол сонирхон, өнгө өнгийн чамин оймсоор гоёдог. Хэд хэдэн кинонд тоглож байсан царайлаг ерөнхий сайд шүтэн бишрэгчидтэйгээ “сэлфий”-дэхээс ч төвөгшөөж байсангүй. Хаа явсан газар нь папарацичид нуугдаж байдгаас түүний гэрэл зургийн “скандал” тасарна гэж үгүй. Хамгийн сүүлд л гэхэд Ванкуверийн гүүрийн дагуу гүйх үедээ ахлах сургуулийн төгсөгчдийн баяртай таарч мэндчилж байгаа зураг нь сүлжээнд цацагдсан. 

Гэхдээ ийм “күүл” ерөнхий сайдтай байлаа гээд Канад төгс улс болчихсонгүй. 

Асар уудам газар нутагтай энэ улсыг эрчим хүчээр хангах шаардлагатай нүүр тулснаас гадна худалдаа эдийн засгийн хувьд АНУ-аас хараат шахуу болжээ. Альберто муж газрын тосны өндөр баялагтай бөгөөд Америк руу олборлож эргүүлэн бензинээ илүү үнэтэйгээр татан авдаг. Өмнөд Дакота мужийн нутаг дэвсгэр ухагдаад тэсрэх бөмбөг хаясан мэт сэвхтэн цоохортжээ. Канадын Засгийн газраас нүүрс шатаах аргаар эрчим хүч гаргадаг станцуудыг зогсоох шийдвэр гаргасан тухай Жастинаас асуулаа. Тэр “Шуудхан хариулчхаж чадахгүй нь. Бид хийн түлш, газрын тосноос бүрэн татгалзаж чадахгүй. Гэхдээ ирээдүйд чадна. Үүнд хэдэн арван жил ч шаардагдаж магадгүй. Энэ цаг хугацааг богиносгохын төлөө л бид ажилладаг. Гэхдээ зөвхөн цаг хугацааны шалгуураар бүтээгдэх зүйл ч гэж бий” гэж хариулсан юм. 

Түүнд тулгарсан гол асуудал нь газрын тосны тээвэрлэлтийн зардлыг хэмнэх юм. Ачааны тэрэг, төмөр зам аль аль нь хэтийдсэн үнэтэй, бохир, шаардлага хангахгүй тул дамжуулах шугаман хоолойг аюулгүй гэж тэр үзжээ. Канадын гадаад экспорт зөвхөн АНУ-ын зах зээлээр хэмжигдсээр байх уу? Үүнээсээ гарч шинэ зах зээлийг бий болгох уу? гэсэн хүндхэн сорилт Трюдог болон нийт Канадыг хүлээж байна. 

Гэхдээ Ерөнхий сайд энэ мэт чухал улс нийгмийн асуудалд тун бодлоготой, алсыг харж ханддагийг ойр тойрныхон нь илтгэх аж. Жастин сайдын чинээлэг гэрт өссөн ч иргэний сэтгэлээр төлөвшжээ. Тэр улсынхаа 36 сая иргэнээс ч илүү томыг харсан сонголт хийсээр ирэв. 2015 онд Сирийн дүрвэгсэд эх оронд нь ирэхэд тэрээр онгоцны буудалд очоод иргэдэд өвлийн хүрэм тарааж байв. Ийм хүнийг хэн хайрлахгүй байх билээ? Энэ явдлаас жилийн дараа цагаачдын нэг нь олон нийтийн радиогоор түүнд талархсанаа илэрхийлсэн юм. Доналд Трампын муслимчуудад тогтоосон хоригын дараа Жастин Трюдод найдлага тавин зоригсдын тоо улам нэмэгдлээ.

“Эх орондоо байж суух аргагүй болсон 40 мянга гаруй сиричүүдэд бид ганц онгоц гаргаж өгөөд л явахыг тушаачхаж болохгүй. Тэдний гэр бүл, шашин шүтлэг өөр ч бид зүрх сэтгэлээ нээлттэй үлдээх ёстой. Өөрт байгаа илүү зүйлээ маш бэрх цаг үеийг туулж байгаа хүмүүстэй хуваалцаж улс нийгэм, дэлхий ертөнцөө илүү сайхан газар болгохыг канадчууд хүсч байна.” гэж тэр мэдэгдсэн юм. Канад эртнээс л шашны мөргөлдөөн, хямралаас болж эх орноосоо дүрвэж байгаа иргэд, цагаачдад тун ээлтэй ханддаг улс. Харин ч хүн ам нь хөгширч, эдийн засаг нь удааширсан 36 сая хүн амтай Канадад эдийн засгийн цагаачдыг хүлээж авснаар хүн ам зүйн бодлогод нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа аж. 

АНУ-аас огт өөр бодлого баримталж буйг нь дурдаад, түүнийг Доналд Трампыг хэрхэн хүлээн авдгийг асуухад, “Надад ямар санагдах нь бус, улс эх орны эрх ашигт хэрхэн нөлөөлөхөөс хамаарна. Би ч, Канад улс ч аливаа хурцадмал асуудалд хэт нэг талыг баримтлахаас үргэлж зайлсхийж ирсэн.” гэж хариулсан юм. 

Бидний уулзалтын дараа түүнийг гэрт нь гэргий Софи Трюдо болон хүүхдүүд нь хүлээн суугаа. Эхнэр Софитойгоо тэр төрсөн нутаг Монреалд учирч анхны болзоондоо л өөрт нь төгс тохирох нэгэн гэдгийг мэдэрснээ хуучлав. Тэр аав шигээ гайхалтай эцэг байхыг хүсжээ. Тэгээд одоо яг л аав шигээ гурван хүүхэдтэй болсон. Элл-Грэйс, Хадрьен болон Хавьер нартаа тэр гэрэл гэгээтэй улс орныг үлдээхээр ажиллана. Тэр 26 насандаа Ванкуэр хотын сургуульд багшлах болоод одоо л нэг жинхэнэ утгаараа насанд хүрлээ гэж мэдрэв үү үгүй юу аав нь түрүү булчирхайн хорт хавдар туссанаа дуулгажээ. “Аав минь бороон дунд ч түймэр асах боломжтойг бидэнд ойлгуулсан. Тэр маш ухаалаг, хатуу чанга, хүч чадлаа хэрхэн захирахаа мэддэг дотуур тамиртай ч гэмээр хүн байж билээ.” гэж дурслаа. 

Канад улс цагаачлан ирэх иргэдийн амьдрал ахуйд анхаарахаар ирээдүйгээ төлөвлөжээ. Үүний эхлэл болгон 35 улсын 20 гаруй өөр хэлээр ярьдаг 900 гаруй сургуулийг бүтээх аж. Жишээ нь, индиан хүүхэд Канадад ирээд өөрийг нь хэрхэн халуун дотно хүлээн авч байгааг мэдрэхийн тулд дуулахдаа хүртэл индиан хэлээр ямар ч айдасгүй дуулах ёстойг тэр онцоллоо. “Канад бол өөрийн түүхтэй, өөрийн иргэдтэй, өөрийн тусгаар тогтнолтой улс. Гэхдээ бид хандлагаа өөрчилж чадсанаар ихийг өөрчилж чадна” гэж тэр үзэж байна. 

Америкчүүд хана барьж, нэгнээсээ тусгаарлаж байх зуур “Жастин Трюдогийн” Канад орон хөгжин цэцэглэж улс нийгэм ямар байх ёстой тэр л замаар урагшилсаар. Ирж яваа цагийн Канад орон Америкийн үймээн самуун, хар шуургаас дайжин амар амгаланг мэдрэх хамгийн сайхан орон байх бололтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
21 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.