АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үгийг “Би-би-си Panorama” нэвтрүүлэгт ашиглахдаа гуйвуулсан Их Британийн BBC корпорацын Ерөнхий захирал Тим Дэйви, “BBC News” мэдээллийн албаны дарга Дебора Тернесс нар албан тушаалаасаа огцрохоор болжээ.
Тим Дэйви “Би-би-си төгс биш, бид үргэлж нээлттэй, ил тод, хариуцлагатай байх ёстой. Манай “BBC News”-ийг тойрсон асуудал ажлаа өгөх шийдвэр гаргахад хүргэсэн ч энэ нь цор ганц шалтгаан нь биш байлаа. Манай корпорац сайн ажилладаг, гэхдээ хэд хэдэн алдаа гаргасан. Ерөнхий захирлын хувьд би эцсийн хариуцлагыг хүлээх ёстой” гэж мэдэгджээ.

Харин Дебора Тернесс “Ерөнхийлөгч Трампын тухай нэвтрүүлгийг тойрсон маргаан хэт томорч, Би-би-си-д хор хүргэх хэмжээнд очлоо. Би Би-би-си-дээ хайртай. Бид алдаа гаргасан ч манай “BBC News” хэзээ ч нэг талыг барьж нэвтрүүлэг бэлдээгүй гэдгийг ойлгоорой. Миний хариуцлага, миний алдаа” гэжээ.
Энэ мэдээллийг сонссон Дональд Трамп TruthSocial сүлжээндээ “Бүгд ажлаа өгнө, эсвэл халагдана. Яагаад гэвэл тэд миний нэгдүгээр сарын 6-нд хэлсэн маш сайхан үгийг минь засаж, янзлаад баригдсан юм. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад нөлөөлөх гэж оролдсон шударга бус, муу хүмүүс. АНУ-ын хамгийн дотно холбоотон улсын иргэд гэж байгаа шүү. Ардчилалд аюул учирлаа” гэж бичсэн байлаа.
Хэргийг сануулахад өнгөрсөн жил дэлгэцэд гарсан “Би-би-си Panorama”-гийн “Тrump: A Second Chance?” баримтат кино үзэгчдэд буруу ойлголт өгөхөөр, нэг талыг барьсан кино байсныг сөрөг хүчнийхэн илчилсэн билээ. 2021 оны нэгдүгээр сард Трампын талынхан Капитоли руу дайрч, үймээн самуун дэгдээсэн. Тэр үед Трампын хэлсэн үгийг баримтат киноныхон редакторлан засаж, эвлүүлсэн байсан юм.

“Telegraph” сонины мэдээлснээр тэр үеийн хамгаалалтын албаны дотоод бичлэгийг үзэхэд Трампын хоёр тусдаа хэлсэн үгийг нийлүүлсэн байснаас үүдэн, Трамп үймээн самуун дэгдээхийг шууд уриалж байгаа мэт болж хувирсан байна. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Трамп “Бид Капитолид очиж, манай баатарлаг сенатор, конгрессын гишүүдээ дэмжих болно” гэж хэлжээ. Харин Panorama-гийн кинонд энэ үг “Бид Капитолид очно... би та нартай хамт явна. Бид тэмцэх болно. Бүх хүчээрээ тэмцэнэ” гэж гарч байна. Энэ хоёр үгийг Трампын хэлсэн зай нь бүтэн 50 минут байгаа юм.
Их Британийн Соёлын сайд Лиза Нэнди Ням гарагт баримтат кинотой холбоотой асуудал бол маш том асуудал гэдгийг сануулснаас хэдэн цагийн дараа дээрх хоёр захирал ажлаа өгчээ.

