UBLife Logo
Newsfeed
Ажил хэргийн уулзалтад хэрхэн ухаалаг "харагдах" вэ?

Ажил хэргийн уулзалтад хэрхэн ухаалаг "харагдах" вэ?

Цаглабар дүүрэн уулзалт, хурал зөвлөгөөний хуваариа хармагц ядарч, бухимдаж, аяга кофе ууж амсхиймээр санагддаг уу? Судалгаагаар ажил эрхэлдэг хүмүүс ажиллах хугацааныхаа 15-30 хувийг зөвхөн уулзалтад өнгөрөөдөг аж. Тиймээс ч олон хүн боломж гарвал уулзалтаас зайлсхийхийг хичээдэг. ‘’Software Finder’’-ийн судалгаагаар ажил эрхлэгсдийн 30 хувь нь өөрийнхөө өмнөөс хиймэл оюуныг цахим уулзалтандаа суулгаад, уулзалтаа алгасаж байсан гэдэг. Гэхдээ уулзалтын үеэр л жинхэнэ ажил хэрэг өрнөдөг. Тэнд л шинэ санаа төрж, асуудал шийдэгдэж, өөрийгөө харуулах боломж олддог. Хэрвээ та карьертаа анхаардаг бол уулзалтыг төвөгшөөлгүй, ажлынхаа гол хэсэг гэж чухалчлах хэрэгтэй. Forbes сэтгүүлээс зөвлөсөн ажил хэргийн уулзалтад ухаалаг “харагдаж”, сонсогдох арга, дадлуудыг уншигчдадаа хүргэе. 

Үр дүнтэй уулзалт хийхийн тулд хандлагаа өөрчил

Уулзалтыг хэдий чинээ чухалчилна, төдий чинээ үнэлэгдэнэ. Уулзалт бүр таныг ямар чадвартай хүн гэдгээ батлах талбар болдог. Та уулзалтдаа хэр бэлтгэлтэй, хүндэтгэлтэй хандаж байгаагаас хүмүүс таныг ямар чадвар, хандлагатай хүн бэ гэдгийг танина. Чадварлаг, амбийцтай ажилтнууд уулзалтыг өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцаа холбоо тогтоох, нэр хүндээ өсгөх боломж гэж хардаг. Удирдлага, хамт олон, эсвэл харилцагчтайгаа уулзаж байгаа эсэх нь хамаагүй. Гол нь ямар ч уулзалтад ухаалаг харагдах, онч сонсогдох зарчмыг баримтлаарай. Тэгж чадваас онцгойрж чадна.

Ухаалаг “харагдах” гурван арга

Уулзалтад ухаалаг харагдах гурван ‘‘P’’ бол бэлтгэлтэй байх /prepared/, цаг баримтлах /punctual/, эерэг хандлагатай байх /propitious/ юм. 

1.Бэлтгэлтэй бай

Уулзалтад бэлтгэлээ сайн хангасан байх нь ажил хэргийн талбарт амжилттай хүмүүсийг бусдаас ялгаруулдаг хамгийн том хүчин зүйл. Хурал, уулзалтын өмнө хэлэлцэх сэдвийг эртнээс судал. Нэмэлт материалыг унш, өөрийн болгож тогтоо. Хэн оролцохыг, хэнтэй ярилцахыг мэд. Өөрийнхөө оруулж чадах үнэ цэн, хувь нэмрээ эргэцүүл. Ямар зорилготой уулзалт болохыг судалж, зорилгоо тодорхойл. Уулзалт бүрийн өмнө өөрөөсөө дараах гурван асуултыг асуугаарай. 

“Миний оруулж чадах хувь нэмэр юу байх вэ?”

“Уулзалтад буй хүмүүст би ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байна вэ?”

“Энэ уулзалтаар ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?”

Эдгээр асуултад урьдчилж хариулснаар та итгэж болохуйц, зорилготой хүн болж үнэлэгдэнэ. Үүнийг тогтмол хийж заншсанаар хүмүүс таныг илүү өндөрөөр үнэлж эхлэх болно. 

2.Цаг баримтал

Аливаа хурал, уулзалтад цагтаа ирэх нь зөвхөн ёс зүйн асуудал төдийгүй хүндэтгэлийн илэрхийлэл юм. Товлосон цагаас хожигдох нь таныг “миний цаг бусдынхаас чухал” гэсэн таагүй хандлагатай хүн болгож харагдуулна. Харин цагаасаа эрт ирэх нь олон давуу талтай. Энэ нь танд орчноо мэдрэх, бусадтай холбоо тогтоох, уур амьсгалыг ажиглах боломжийг олгодог. Таныг аль хэдийн төвлөрсөн, бэлэн байгааг уулзалт эхлэхэд удирдлага, эргэн тойрныхон чинь анзаарах болно. 

3.Эерэг хандлагатай бай

Эерэг хандлага бол ухаалаг харагдах гурав дахь түлхүүр. Байгаа орчиндоо таатай уур амьсгал бий болго. Бусдыг найрсгаар угт, инээмсэглэ. Хэлэлцэж буй сэдэв сунжирсан ч анхаарлаа сарниулалгүй, асуудалд төвлөрөх бус шийдлийг эрэлхийлэх нь зүйтэй. Таны анхаарал, эерэг хандлага “халдварладаг” бөгөөд таатай уур амьсгалыг хамтран ажиллагсдадаа түгээх нь хамгийн авууштай чанар юм. Уулзалтын үеэр байнгын утсаа шагайх, бөгтийж суух, өөр ажил хийх, зохисгүй үг хэллэг ашиглах нь таныг мэргэжлийн бус харагдуулна. Таны биеийн хэлэмж амнаас тань гарах үгтэй адил хүчтэй нөлөөтэй байдгийг санаарай. 

Ухаалаг сонсогдох зургаан арга

Бусдын нүдэнд хэрхэн харагдах нь таныг анзаарах шалтгаан болдог бол дуу хоолой, үг яриа тань таныг санах шалтгаан болдог. Илүү үнэ цэнтэй уулзалт хийхийн тулд дараах зургаан дадлыг хэвшүүлээрэй. 

1.Сониуч бай

Хэрвээ ярих зүйлдээ эргэлзэж, юу хэлэхээ мэдэхгүй байвал асуулт асуу. Сониуч байдал ямагт дуугүй, сул дорой байдлаас үнэ цэнтэй байдаг. Оновчтой, ухаалаг асуулт таныг суралцах тэмүүлэлтэй, далайцтай сэтгэдэг хүн гэдгийг илтгэдэг. Жишээ нь:

-Энэ бидний анхаарах хамгийн чухал асуудал мөн үү?

-Энэ асуудлыг хөндөх болсон шалтгаан нь юу вэ?

-Бусад хувилбарыг судалсан уу?

-Энэ шийдлийн сул тал юу байж болох вэ?

Иймэрхүү асуултууд таныг нухацтай боддог, зөвхөн өөрийн ажлын хүрээнээс хальж сэтгэж чаддаг хүн гэдгийг харуулна. 

2.Анхаарлаа төвлөрүүл

Хурал заримдаа сэдвээсээ хазайж болно. Тэр үед та хүмүүсийн анхаарлыг сэдэв рүү буцааж чиглүүлэх чиглүүлэгч байх хэрэгтэй. Гол санааг дүгнэж, хэлэлцэх боломжийг эрэлхийл, уулзалтын цагийг бүтээмжтэй ашигла. Ийм зан чанар таныг бүтээмжийг эрхэмлэдэг хүн гэдгийг харуулна. 

3.Мэдлэгийн нөөцтэй бай

Ухаалаг сонсогдох нэг арга бол эх сурвалжтай, баримт нотолгоотой зүйл ярих юм. Найдвартай эх сурвалжийг яриандаа эш татах нь хэлэлцүүлгийн сэдвийг өргөжүүлж, таныг аливааг уншиж судладаг, холч сэтгэлгээтэй хүн гэдгийг илтгэнэ. Уншиж байсан ном, сэтгүүл, судалгаа зэргээсээ яриандаа оруулах нь таны яриаг хүмүүс илүү нухацтай, итгэлтэй хүлээн авах хөшүүр болно. 

4.Дүр эсгэлгүй, байгаагаараа бай

Хэт мэргэжлийн үг хэллэг, бизнесийн нэр томъёо ашиглаж ярих нь яриаг тань хиймэл сонсогдуулж, итгэл төрүүлэхгүй. Хүмүүс хоорондын жинхэнэ харилцаа энгийн үгээр өрнөдөг гэдгийг санууштай. Мөн хэт их сул үг хэрэглэхээс зайлсхий. 

5.Мэргэжлийн бай

Мэргэжлийн байна гэдэг нь хэт албархуу эсвэл хөшүүн байна гэсэн үг биш. Харин бусдын дэвшүүлсэн санааг хүндэтгэлтэй сонсох, амласнаа биелүүлэх, уур амьсгал хурцдахад ч тайван байхыг хэлнэ. Бусдыг анхааралтай сонс, дараа нь өөрийнхөө байр суурийг илэрхийл. 

6.Өөрийнхөөрөө бай

Таны зан чанар, үнэт зүйл, сонирхол, баримтладаг зарчим бол цөм таныг бусдаас ялгаруулах “брэнд” юм. Хэрвээ та тооцоолон сэтгэдэг төрлийн хүн бол тоо, дата, өгөгдөл зэргийг яриандаа оруул. Та театр, ном зохиолд дуртай бол дуртай зохиолчийнхоо үг, эшлэлийг эш татаж болох юм. Жинхэнэ, үнэн байдал л хүний сэтгэлд үлддэг. Өөрийн супер чадвараа ашиглахаас бүү эмээ. Магадгүй та төрөлхийн эмх цэгцтэй, чанд төлөвлөгч, эсвэл бусдыг манлайлдаг хүн байж болно. Үүнийгээ хурал, уулзалтын орчинд тодруул. Хэрвээ таныг илэрхийлдэг үг хэллэг байдаг бол хэрэглэхээс ичих хэрэггүй. Энэ бол өөрийн “брэнд”-ээ бүтээх том алхам юм. 

Уулзалтад өөрийн ул мөрөө үлдээ

Уулзалт, хурал хэлэлцүүлэг бүр өөрийгөө таниулах, нөлөөллөө үзүүлэх боломж гэдгийг санаарай. Бүх юмны түрүүнд гарч, хэт өөрийгөө дөвийлгөж, их ярихаас зайлсхийж, бусдыг анхааралтай, хүндэтгэлтэй сонссоны дараа ухаалгаар дуугарах нь чухал. Уулзалт бол таны нэр хүнд, хандлага, манлайлах чадварыг харуулах талбар юм. Дараагийн уулзалтаасаа өмнө гүнзгий амьсгаа аваад ухаалаг харагдах гурван ‘’P’’-г эргэн санаж, ухаалаг сонсогдох зургаан алхмыг хэрэгжүүлээрэй. Ингэснээр уулзалтын цагийг залхуутай зүйл гэж төвөгшөөхгүй, карьераа өсгөх боломж болгож чадах юм шүү. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.