Их Британийн уран зураач Мейсон Стормын “Гэгээнтэн үү? Нүгэлтэн үү?” бүтээл Швейцарын Базель хотын “Gleis 4” галерейд тавигдсан. Уг нь Базелийн төмөр замын вокзал дээр олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байсан ч олон нийтийн үймээн гарахаас сэргийлэн, үзэсгэлэнд шилжүүлжээ.
Мейсон бол улс төрийн сэдвээр хошин, ёгт бүтээл туурвидаг уран бүтээлч. Олны өмнө дандаа масктай гарч ирдэг.

“Гэгээнтэн үү? Нүгэлтэн үү?” баримлын талаар өгүүлэхэд Ерөнхийлөгч Дональд Трамп бодит хэмжээгээрээ (1,47 × 0,83 м) бүтээгдсэн. Загалмай дээр хэвтэж байх бөгөөд буюу АНУ-ын шоронд хоригдлууд өмсдөг улбар өнгийн комбинезонтой. Хэвтэж байгаа загалмай нь цаазаар авахад хэрэглэдэг үхлийн тарианы дамнуурга мэт.
“Gleis 4” галерейн эзэн Мелани Брезникийн хэлснээр энэхүү баримал хэдийн зарагджээ. Даатгал нь 600 мянган франк байсан гэнэ. Худалдан авагч нь дэлхийн хэмжээний алдартан гэхээс өөр үг Мелани мэдээлсэнгүй.

“Нүүрний үрчлээ нь ч маш тод гарсан, хэт бодит болохоор айдас хүрмээр. Ноён Трамп өөрийгөө орчин үеийн Есүсийн дүрд төсөөлж бодож болохоор. Трамп өөрийгөө дандаа зөв зүйл хийдэг гэдэгт хатуу итгэлтэй хүн” гэж Мелани сэтгүүлчдэд ярьж байна.

Өнгөрсөн сар Ерөнхийлөгч Трамп онгоц дотроо үнэхээр “Намайг тэнгэрт аваачих ямар нэг хүчин зүйл байхгүй. Би тэнд очиж чадахгүй. Чадна гэдэгтээ итгэлгүй байна” гэж мэдэгдэж байсан билээ.
“Гэгээнтэн үү? Нүгэлтэн үү?” баримал Базельд 11 дүгээр сарын дунд хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.

