Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози авлига, хээл хахуулийн хэргээр шүүхээс 5 жил хоригдох ялаар шийтгэгдсэн билээ. Ливийн дарангуйлагч агсан хурандаа Каддафигаас авлига авсан хэргээр Николя Саркози 2025 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн, Парисын Санте хорих газарт ялаа эдлэхээр орсон. Гэвч тэр ердөө 20 хоног хоригдоод суллагдлаа. Ирэх хавар болох давж заалдах шүүх хүртэл тэрээр Францаас гарч болохгүй, хэрэгт холбогдогчид болон Хууль зүйн сайдтай уулзаж болохгүй ч гэртээ Шүүхийн хяналт дор байх юм. Гэхдээ Саркози торны цаана орсон анхны Төрийн тэргүүн биш.
Гватемал
Гватемалын Ерөнхийлөгч асан Альваро Колом болон Санхүүгийн сайд асан Хуан Альберто Фуэнтес нар авлигын хэргээр баривчлагдсан. Альваро Колом 2008-2012 онд улс орноо удирдсан бөгөөд нийтийн тээврийг хөгжүүлэх төслийн хүрээнд автобус худалдан авах тендерээс мөнгө идсэн нь тогтоогдсон.
Мальдив
Ерөнхийлөгч асан Момуна Гаюма 2018 онд баривчлагдсан. 2008 он хүртэл 30 жил улс орноо захирсан түүнийг Онц байдал зарласны дараа шоронд хорьсон юм.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улсын нууц задалсан хэргээр баривчлагдаад 2018 онд шоронд суусан. 25 жилийн ял сонссон ч 2021 онд өршөөгдсөн.

Замби
2013 онд Замбид Ерөнхийлөгч асан Рупиа Бандуг Нигерийн нефтийн компани “Nigerian National Petroleum”-тэй гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчилсан. Нэг жилийн дараа тэр суллагдсан юм.
Пакистан
Пакистаны Цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан, генерал Первез Мушаррафийг 2013 онд хорьсон. 2008 оноос хойш гадаадад амьдарсан түүнийг 2013 оны сонгуульд оролцохоор ирэхэд нь баривчилсан. Первезийг хоёр хүн амины хэрэг, Онцгой байдал зарлаж, шүүгч нарыг баривчилсан хэрэгт буруутгасан. 2016 онд цагаадаад тэр АНЭУ-д эмчлүүлэхээр одсон.
Монгол
Манайд 2012 онд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсан, ямар явдал болсныг бид сайн мэдэж байгаа билээ.
Либери
2006 онд Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор баривчлагдаж, 2012 онд шүүхээс 50 жилийн хорих ял авсан. Түүнийг алмазын орд газрын төлөө алан хядагчидтай холбоо тогтоож, олон мянган хүнийг амь насаа алдахад хүргэсэн гэж үзсэн юм.
Израиль
Израилын найм дахь Ерөнхийлөгч Моше Кацав хүчингийн хэргээр шоронд орсон хэрэгтэн. Штабын ажилтнаа 1998 онд хүчиндсэн хэргээс гадна 2000-2007 онд хоёр эмэгтэй ажилчиндаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 7 жилийн ял авсан. 2016 онд өршөөлөөр суллагдсан ч Шүүхээс түүнийг эмэгтэйчүүдтэй хамт ажиллах, Израиль улсын хилийг давахыг хориглосон.

Бразил
Бразилын Шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонару (2019-2023) төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 27 жил, 3 сарын хорих ял, 2060 он хүртэл сонгуульд албанд томилогдох эрхийг нь хасаж шийтгэсэн.
Аргентин
Ерөнхийлөгч асан Кристин Киршнерт (2007-2015) 2016 онд Санта-Крус мужийн зам засварын ажлын тендерт авлига авч, давуу эрх олгосон ял тулгасан. 2025 онд түүнд 6 жилийн ял, насан туршдаа төрийн алба хаахгүй байх шийтгэл оноожээ.

