UBLife Logo
Спорт

Роналду: Би Трампаас алдартай, Бекхэмээс царайлаг

Роналду: Би Трампаас алдартай, Бекхэмээс царайлаг

Португалын супер од Криштиану Роналду Пирс Морганд дахин нэг ярицлага өгчээ. Энэ хоёрын эхний ярилцлагын дараа Роналду МЮ багаас явж байлаа. Ингээд ярилцлагын зарим хэсгийг толилуулж байна.

Жотагийн оршуулгад очоогүй

“Хүмүүс намайг Диого Жотагийн оршуулгад оролцсонгүй гэж их шүүмжилсэн. Энэ шүүмж миний санааг зовоохгүй байна. Өөртөө итгэлтэй байхад бусдын шүүмжлэл огт хамаагүй. Аавыгаа оршуулсны дараа би дахиж оршуулгын газарт очоогүй, очихгүй. Ер нь тэгээд намайг хаана ч очсон, цирк эхэлдэг. Хамаг анхаарал надад хандаад оршуулгын ёслол биш болчих байх гээд би очоогүй. Надад тэр анхаарал огт хэрэггүй. Та нарт шоу хэрэгтэй бол болно, харин надад илүү анхаарал хэрэггүй. Миний толгойд Жотагийн гэр бүлийн талаар бодож байгаа зүйл бий, хийхээр төлөвлөсөн юм ч байгаа. Гэхдээ би камерын өмнө хийхгүй”

“Макдональдс” эгчээ мартаагүй

“Спортинг багийн дотуур байранд амьдарч байхад мөнгө байдаггүй байлаа. Академийн хажууд “Макдональдс” байдаг. Тэндхийн нэг ажилтан бүсгүй надад үнэгүй бургер өгдөг байсан юм. Саяхан нисэх буудал дээр тааралдаад тэвэртэл манай хүүхдүүд хэн бэ гэж гайхаад л. Би тэдэнд дээрх түүхийг ярьж өгсөн. Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн гэдгийг харуулсан түүх. Тэр эмэгтэй ч гэсэн өөрийг нь танина гэж бодоогүй байсан тул ихэд гайхсан. Надад цаг гарвал би тэр үед надад тусалж байсан хүмүүст ямар нэг сайхан зүйл хийж өгөх болно”

Роналдугийн үлгэр жишээ - Леброн, Жокович, Модрич

“Хүмүүс намайг 28 настай залуу шиг биетэй гэдэг ч үнэндээ 28-аас ч залуу байж мэднэ. Би 12 настайгаасаа хүчний танхимд бэлтгэл хийж эхэлсэн. Одоо өдөр бүр хийдэггүй ч хийхдээ чанартай хийхийг хичээдэг. Өдрийн дэглэмээ сайтар мөрдөнө. Сайн унтана, 7 хоногт хоёр удаа зааланд бэлтгэл хийхэд хангалттай. Би өөрөө өөрийгөө урамшуулан, зоригжуулдаг. Спортын бусад төрлийн тамирчдаас үлгэр жишээ авна. Жишээ нь, Леброн Жеймс. Бид хоёр нас чацуу. Леброн одоо болтол зодог тайлаагүй, тоглож л байна. Лука Модрич, Новак Жокович хоёрыг нэрлэж болно. Тоглогчид 30 нас хүрээд амжилт нь буурдаг бол минийх эсрэгээрээ сайжирсан”

Фергюсон бол эцэг

“Манчестерт байхдаа түүнтэй үргэлж холбоотой байдаг байсан. Фергюсон манайд цай уухаар ирдэг байлаа. Тэр маш сайн хүн, миний сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ. Миний хөлбөмбөгийн эцэг л гэсэн үг. Хэлсэн үгэндээ заавал хүрдэг хүн шүү. Би түүнийг маш их хүндэлдэг”

Саудын Арабын лиг Португал, Францын лигээс илүү

“Жил өнгөрөх тусам би илүү олон гоол хийсээр байгаа. Амжилт муутай жилд ч би 25 гоол хийдэг л байсан. Хэрэв би одоо Премьер лигийн том багт тоглож байвал бас л 25 гоол хийж л байгаа. Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй. Саудын Арабын лигийн талаар хүмүүс ярьдаггүй. Хүмүүс энэ лигийг мэдэхгүй. Тэд 40 хэм халуунд хөлбөмбөг тоглохыг мэдэхгүй. Харин би энд, халуунд тоглож л байна. Саудын лиг бол Португал, Францын лигээс илүү хүчтэй, өрсөлдөөнтэй. Надад энд гоол хийхэд Испанид байснаас илүү хэцүү байдаг. Саудын лигийн гоолыг “Алтан бөмбөг” шагналын тооцоонд оруулах ёстой”

Дэлхийн аварга болох мөрөөдөл байхгүй болсон

“Миний хариулт хачин санагдаж магадгүй. Би дэлхийн аварга болохыг мөрөөддөггүй. Дэлхийн аварга боллоо гээд хөлбөмбөгийн түүхэн дэх миний статус өөрчлөгдөхгүй. Би яг одоо энэ цаг мөчөөсөө таашаал авахыг л хүсэж байна. Хүмүүс Роналду дэлхийн аварга болчихвол агуу болно гэж хэлдэг. Би санал нийлэхгүй байна. Би Португалын шигшээд 3 цом өргөчихөөд байна. Аргентин, Бразил гэсэн том гүрнүүд дэлхийн аварга болоход хэн ч гайхахгүй. Харин Португал түрүүлбэл бүгд шоконд орно. Гэхдээ би ингэж боддоггүй. Мэдээж хөлбөмбөг тоглож байгаа хүн ялахыг л хичээнэ. Гэхдээ би үнэнээ л ярьж байна. Намайг түүхэнд хамгийн агуу тоглогч гэж нэрлэнэ үү, байна уу, надад огт хамаагүй”

Би Бекхэмээс сайхан залуу

“Дэвид Бекхэмээс өөрийгөө илүү гэж боддог уу гэж үү? Нөхцөл байдлаас шалтгаална. Яагаад гэвэл миний хувьд гадаад байдал гэдэг ганц нүүр царай биш. Гадаад байдал гэдэг бол бие хаа бүх юмыг хэлнэ. Бид хоёрыг хэн ч мэддэггүй байж гэж бодьё. Хамт алхаж байхад хүмүүс намайг илүү сонирхоно гэдэг нь 100 хувь баталгаатай. Бекхэм бол үнэнийг хэлэхэд ганц царай шүү дээ, бусад нь жирийн. Харин миний өлмийнөөс зулай хүртэл бүх юм төгс. Би ялах нь ойлгомжтой”

Трамптай уулзаж энх тайван тогтоох хүсэлтэй

“Миний зорилго дайн дажин зогсож, энх амгалан байх явдал. Трамп бол дэлхийг өөрчилж, эсвэл тусалж чадах цөөн хүний нэг. АНУ-ын Ерөнхийлөгч гэдэг бол дэлхийн бараг хамгийн чухал хүн. Би зурагт үзэж чаддаггүй. Би Трамптай уулзахыг хүсдэг. Тийм боломж гарвал хамт юм яриад суух сан. Трамп надад таалагддаг. Даян дэлхийд энх тайван тогтоосой гэж би хүсдэг. Тэр мэдэхгүй байж болно, гэхдээ бид хоёрт төстэй зүйлүүд бий. Юу гэдгийг энэ удаад хэлэхгүй. Тоглоомоор хэлэхэд би дэлхийд Трампаас илүү алдартай. Дараа нь түүнтэй Цагаан Ордонд уулзвал сайхан байна. Би багаасаа од болно гэдгээ мэдэж байсан. Харин ийм хэмжээний од болно гэж төсөөлөөгүй. Заримдаа алдар хүндээс залхах үе байдаг. Гэхдээ амьдрал юм даа”   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.