“Анзаар!” булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!
Онцлох үйл явдлууд
Монгол бүсгүйн харц

Энэ долоо хоног монголчууд “Physical: Asia” шоугаар амьдарч, бас амьсгаллаа. Цахим сүлжээгээр маргалдаж, муудалцаад, шатахуун, түгжрэл, утаагаа бүр мөсөн мартжээ. Гэхдээ Монголоороо омогшиж, огшсон нь хавьгүй олон байв. Энэ олон омогшлийн бараг ихэнх хувийг жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн “өмчиллөө”. “Багана тогтоох” гэсэн хүчний дасгалд манай баг Туркийн шигшээтэй өрсөлдөж, А.Адъяасүрэн харцаараа Туркийн аваргыг буулган авсан юм. Цахим ертөнц тэр чигээрээ монгол бүсгүйчүүдийн хүч чадлыг гайхан биширч, монгол эрчүүд омогшин хөөрсөн өдөр байв.
Барилдаагүй байж Ёкозүна
Энэ өдрүүдэд Японы сүмо бөхийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдсэн. Исэгахама дэвжээний монгол бөх Б.Очирсайханд ояката багш нь барилдаж байх үеийнхээ нэрийг хайрлалаа. Ояката нь Эзэн хааны цомыг 4 удаа өргөсөн, Асахифүжи нэртэй ёкозүна байлаа. Мэргэжилд нэг ч барилдаж үзээгүй шинэ бөхөд, тэр тусмаа гадаад бөхөд Ёкозүна цолтон нэрээ өгнө гэдэг урьд өмнө байгаагүй зүйл байв. Ингээд манай Б.Очирсайхан “Асахифүжи” гэдэг маш том нэрээр сүмочийн гараагаа эхлүүлж байна. Маш том итгэл найдвар энэ нэрийн цаана байгаа билээ.
Дээрхийн Гэгээнтэн Грэмми шагналд өрсөлдөж байна

Ирэх жилийн “Грэмми” хөгжмийн шагналын “Шилдэг аудио ном” төрөлд Дээрхийн Гэгээнтэн Далай лам өрсөлдөж байна. Нобелийн энх тайвны шагналт, 90 настай Далай ламын хувьд “Meditations: Reflections of His Holiness the Dalai Lama” нэртэй аудио номоороо шалгарсан байна. Түүний өрсөлдөгчид нь:
“Elvis, Rocky & Me: The Carol Connors Story” − Кэти Гарвер
“Into the Uncut Grass” – Tрэвор Ноа
“Lovely One: A Memoir” − Кетанжи Браун Жексон
“You Know It's True: The Real Story of Milli Vanilli” – Фаб Морван
2026 оны хоёрдугаар сарын 1-нд ялагчийн нэр тодорно.
Бусад мэдээ
-"Global Firepower” шинэ чансаагаар дэлхийн хамгийн хүчирхэг армитай орон нь АНУ байна. Цэргийн хүчин чадлаараа Америкийн дараа ОХУ орсон бөгөөд Хятад, Энэтхэг, БНСУ, Их Британи дараалан жагсжээ.

-Махны харшлаар анх удаа хүний амь хохирчээ. АНУ-ын Нью-Жерси мужийн 47 настай нисгэгч хамбургер идсэнээсээ хойш дөрвөн цагийн дараа харшлаар амьсгал хураасан байна. Шинжилгээгээр хоол идэхээсээ өмнө тэр хачигт хазуулсан байжээ. Ингээд цусаар дамжин, нисгэгчийн биед харшил үүсгэх бодисууд нэвтэрсэн гэнэ.
-АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор Грин ажлын H-1B визийг хүчингүй болгох хуулийн төсөл танилцуулсан байна. Newsweek сэтгүүлд бичсэнээр ингэснээр америкчууд ажлын байраа гадаадын иргэдэд алдахгүй болох ажээ. Гэвч Бүгд Найрамдах намын ихэнх гишүүн эсэргүүцжээ.
-Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэж мэдэгдлээ. G7 буюу “Их долоо”-гийн Гадаад Хэргийн сайд нарын уулзалтаас БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзахыг шаардсан мэдэгдэл гаргалаа. Үүний хариуд БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Чвэ Сон Хи “Гаднын шахалтаар манай улс орны статус өөрчлөгдөхгүй. Геополитикийн энэ аюултай үед цөмийн зэвсэг л аюулгүй байдлыг хангаж чадна” гэж мэдэгдсэн байна.

- KBS телевиз уламжлалт Шинэ жилийн шоугаа 12 дугаар сарын 19-нд Инчёны “Songdo ConvensiA” ордонд хийхээр болжээ. “KBS Song Festival 2025 Global Festival” нэртэй тус шоуг KBS 2TV телевиз шууд дамжуулан үзүүлнэ. Харин ILLIT-ийн Минжү, хошин шогийн жүжигчин Чан До Ён нар хөтлөх юм.

Бонус
Энэ 11 дүгээр сарын 15-ны Бямба гарагт медиа салбарынхны цуглах цэг “The Media Show” арга хэмжээ болох гэж байна. Гурав дахь жилдээ болж байгаа уг эвентэд оролцогчид хэрхэн бэлдэж байна вэ, ямар сэтгэгдэл, догдлолтой хүлээж байна вэ гэдгийг эндээс сонирхоно уу.


