UBLife Logo
Спорт

“Брайтон” Хятадаас яагаад уучлал гуйв?  

“Брайтон” Хятадаас яагаад уучлал гуйв?  

Английн “Брайтон” баг өсвөрийн тэмцээний үеэр олон улсын асуудалд орж, хятадуудыг гомдоосон хэрэгт уналаа. Тус баг өөрийн япон тоглогч Каорү Митомаг дэлхийн XX дайны япон цэрэг Хиро Онодагийн хөрөг барьж байгаагаар зургийг нь авчээ. Онода бол дэлхийн хоёрдугаар дайн дууссан гэдэгт итгэхийг хүсэлгүй 1974 онд хүртэл Филиппинд ширэнгэн ойд партизаны дайн хийсэн япон офицер. Зураг дээрх “Брайтон” багийн бэлгэ тэмдгийн дэргэд “Эзэн хааны арми” гэсэн бичиг байв.

Энэ гэрэл зургийг Хятадын Weibo сүлжээний Премьер лигийн фэнүүдийн группт нийтэлснээр шуугиан эхэлжээ. Хиро Онодаг Хятадад “Милитаризм, дарангуйллын тэмдэг” гэж үздэг юм.

Ингээд “Брайтон” баг сандарч, хүлцэл өчлөө. Тус багийн албан ёсны мэдэгдэлд “Манай баг өсвөрийн багийн тэмцээний үеэр БНХАУ-ын ард иргэдийг гомдоосон, хилэгнүүлсэн үйлдэлдээ уучлал гуйж байна. Бид багийнхаа хятад фэнүүдийг маш их үнэлдэг, хүндэлдэг. Бид хэн нэгнийг гомдоохыг хүсээгүй” гэж дурдсан байлаа.

Хиро Онода гэж хэн бэ?

1930-аад оны сүүлээр Хиро Хятадад хувийн компанид ажиллаж байв. Хятад, англи хэлтэй. 1942 оны 12 дугаар сард цэрэгт татагдаж, бага дэслэгч цол хүртжээ. Хоёр жилийн дараа Филиппины Лубанг аралд хорлон сүйтгэх тусгай отряд удирдан очсон байна. Удалгүй Япон улс дайнд ялагдан, бууж өгөхөд ширэнгэн ойд байсан Онода итгэсэнгүй. Цэргүүдийн хамт жунглид нуугдан, дахиад хэдэн арван жил дайтсан билээ. Тэд дайны дараа 30 хүний амийг хохироож, 100 гаруй хүнийг хүнд шархдуулсан байдаг. Арлын захиргаанаас чанга яригчаар Япон бууж өгснийг ч зарлаад тэд гарч ирсэнгүй.

Онода Солонгос, Вьетнамын дайн, Токио-1960 олимп, Японы эдийн засгийн гайхамшгийн талаар сонссон ч байлдсаар л байлаа. Ингээд багаасаа ганцаараа амьд үлдсэн 52 настай Онода дэлхийн дайны үеийн хуучин дарга нь ирж, тушаал өгсний дараа 1974 онд бууж өгсөн юм. Филиппин улсын хуулиар цаазын ял авах ёстой байсан ч Японы ГХЯ-ны хүчин чармайлтаар түүнийг өршөөсөн. Японд түүнийг янз янзаар хүлээж авсан. Нэг хэсэг нь япон цэргийн үлгэр жишээ гэсэн бол нөгөө хэсэг нь өнгөрсөн үеийн сүнс гэж байлаа. Онода удалгүй Бразилд гарч, гэрлэн, олон нийтийн ажил хийх болсон юм. Хиро Онода 2014 онд Япондоо амьсгал хураасан.

Онодагийн хэргээс өмнө “Брайтон” баг солонгосчуудыг доромжилсон хэрэгт орж байлаа. Энэ зун тэд Өмнөд Солонгосын залуу тоглогч Юн До-Еныг зээллэгээр өөр багт орсныг нь зарлахдаа түүний нэрийг япон хэлээр бичсэн. БНСУ дахь тус багийн фен клуб “Юн До Ен БНСУ-ын иргэн бөгөөд Японтой ямар ч хамаагүй. Япон хэлтэй ч холбоогүй. Яагаад англи хэл дээр гарч байгаа албан ёсны сайт дээрээ солонгос тоглогчийн нэрийг японоор бичив? Энэ мэдээг бидэнд зориулж бичсэн байсан” гэж заргалдсан. Япон, Солонгосын зөрчилдөөн, түүхэн үйл явдлуудыг аваад үзсэн ч энэ нь бас солонгосчуудыг доромжилсон хэрэг болж хувирсан.

“Брайтон” мөн л уучлал гуйж, хүлцэл өчиж байсан юм. Энэ удаад ази спорт сонирхогчид тэднийг хэрэв Азийн зах зээлд ажиллахыг хүсэж байвал түүх, соёлыг нь судлахыг зөвлөж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.