Парис олимпын наадмын жүдо бөхийн 48 кг жингийн аварга Цүнода Нацүми зодог тайлахаар шийджээ. Японы жүдо бөхийн холбооны нэгэн эх сурвалж “Цүнода шигшээ багт багтаагүй. Гэхдээ багаас гарах өргөдлөө өгөөгүй байгаа. Ирэх жилийн үнэмлэхүй жингийн Бүх Японы АШТ-д оролцох сонирхолтой байх шиг байсан. Олимпын аварга болсон хүнд цаашдаа яах вэ гэсэн зорилго олоход хэцүү байдаг байх” гэж Никкан Спортс сонинд мэдээлжээ.

Цүнода Нацүми Токиогийн Их Дуулга тэмцээний хаалтын арга хэмжээнд оролцохдоо “Компанитайгаа ярилцаж байж шийднэ. Одоо эрт байна” гэж хэлж байсан юм.
Харин зарим хэвлэл мэдээллийн газраас Шинэ жилээс өмнө албан ёсоор зодог тайлснаа зарлана гэж бичсэн байна. Ямар ч гэсэн 33 настай Цүнода их спортоо орхиж байгаа нь илт.

