UBLife Logo
Спорт

“Physical Asia” Б.Энх-Оргилын гайхамшиг үргэлжилсээр

“Physical Asia” Б.Энх-Оргилын гайхамшиг үргэлжилсээр

Өчигдөр холимог тулааны "ONE Championship” 2025 оны улирлаа “ONE Fight Night 38” тэмцээнээр өндөрлүүллээ. Бангкокийн алдарт “Lumpinee Stadium” тулааны өлгийд болсон тус тэмцээний оргил тулаанд манай Б.Энх-Оргил Бразилын Фабрико Андрадегийн аваргын бүсийг авахаар гарч ирсэн юм.

Фабрико Андраде муай тай, кик бокс суурьтай, 2023 онд аварга болсон тамирчин. 28 настай. “One Championship” холбоонд 8 тулалдаж, 7 ялсан. Нэг тулаан хүчингүйд тооцогдсон. Ер нь босоогоос үзэх сонирхолтой нь тодорхой байлаа. Манай тамирчны хувьд барилдаж, өчих, боох мэхээр ялах тактиктай.

“Physical Asia” шоунд монгол хүний тэсвэр хатуужлыг гайхуулж, Ази тивд олны танил болоод байгаа Б.Энх-Оргилын хувьд энэ нь амьдралынх нь хамгийн том тулаан гэхэд болно. Түүний багш Ж.Нарантунгалаг 11 жилийн өмнө "ONE Championship” холбооны аварга болж байсан түүхтэй. Багшийнхаа гавьяаг давтаж, ачийг нь хариулах бодол сэтгэлдээ тээсэн Б.Энх-Оргил “Дайчид мориндоо” уухайн дор рингэнд гарлаа. Энэ удаагийн тэмцээн тор биш рингэнд явагдсан тул барилддаг тамирчинд эвгүй.

Гэхдээ л эхний үеэс Б.Энх-Оргил барилдаанч гэдгээ харуулж эхэлсэн. Харин бразил аварга бараг өшиглөлт хийсэнгүй, гараа сунган, тулгаад, үе үе хатгасаар тоглолтыг дуусгалаа. Андраде эхний үед л идэвх илүү байлаа, үлдсэн үеүд бүгд манай тамирчных болсон. Тасралтгүй ажиллах Б.Энх-Оргил үнэхээр тэсвэртэй гэдгээ дахин харуулж чадсан. Андраде сэтгэл зүйгээр ялагдаж, илт халгаж эхэлсэн нь гуравдугаар үеэс илт мэдэгдсэн. Ингээд дөрөвдүгээр үед Б.Энх-Оргил боох мэхээр цэвэр яллаа.

Аваргын бүсээ аваад юуны өмнө адис аваад Тунгаа багшдаа гардуулан өгсөн тэрээр тун их ядарсан нь мэдэгдэж байв. Ярилцлагын дундуур бүр газар суугаад өгсөн Б.ЭНх-Оргилд холбооноос шилдэг тулааны 50 мянган ам.долларын бонус шагнал олголоо. Ийнхүү Монгол улс “One Championship” холбоонд аваргатай боллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.