Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Михаил Булгаков “Улаан титэм” өгүүллэг


XX зууны шилдэг роман хэмээдэг "Мастер Маргарита хоёр"-оор нь бид Михаил Булгаковыг эчнээ мэднэ. Харин тэрээр хэд хэдэн богино хэмжээний шог өгүүллэг, зохиол бичсэний нэг нь 1922 оны "Улаан титэм" юм. Оросын иргэний дайны сүүлчийн онд бичсэн эл өгүүллэгт Булгаков галзуурал, дотоод харууслаа нэвт шувт илэрхийлэхийн сацуу далд утга бүхий симболизмыг гарамгай шигтгэжээ. 

"Өгүүллэгт дүрслэгдэх "улаан титэм" үнэндээ дүүгийнх нь цусандаа бялгадан бяц үсэрсэн гавал нь байв" - Times сэтгүүл 

Булгаков 1890 оны тавдугаар сарын 15-нд Киевт (тэр үед Оросын эзэнт гүрний нэг хэсэг, одоогийн Украины нийслэл) төрж, 1940 оны гуравдугаар сарын 10-ны өдөр бөөрний нефросклероз өвчний улмаас нас баржээ.


“Улаан титэм”

Орчлонд хамгийн их үзэн яддаг юмс минь нар, чанга яриа, чимээ чичигнээн. Ширүүн, ширүүн чичигнээн. Хүн амьтнаас дөлөн айх учир харуй бүрийгээр үүдний хонгилоос хөлийн чимээ дуулдахад үнхэлцэг хагарчих шахна. Тиймээс хэн ч саад болохооргүй мухрын 27 тоотод, товчоор бол хамгийн аятайхан өрөөнд орсон юм. Гэсэн ч цаашдын энх тунх байдлаа харгалзан үзээд Иван Васильевичаас албан бичиг өгөхийг мөн ч их гуйсан даа (бүр матрын нулимс дуслуулсан гээч). Тэр ч зөвшөөрч намайг өөрийнх нь бүрэн ивээлд байгаа бөгөөд хэнбугай ч тав тух алдуулах эрхгүй хэмээн баталгаа бичиж өглөө. Гэлээ ч, тэр муугийн гарын үсэг ямар л нөлөө үзүүлээ санж. Иймээс профессорыг ч гарын үсэг зурахыг ятгаад, цэнхэр дугуй тамга ч нэмж дарууллаа. Тамга бол өөр хэрэг шүү. Халаасандаа цэнхэр дугуй тамга бүхий цаастайдаа л үхлээс амь гарсан олон тохиолыг би мэднэ. Гэвч хацар амаа хөөдөж орхисон Бердянськийн нэг ажилтны гутлын завсраас үрчийж үнгэгдсэн тамгатай цаас олдсоны дараахан өнөөх чинь гэрлийн шонгоос дүүжилж мажийсан нь маргашгүй үнэн. Мань эр большевик бөгөөд өнөөх цэнхэр тамга нь ч ялтны тамга байсан гэдэг. Энэ нь л түүнийг шонд хөтөлж аваачсан биз. Өнөөх ёртой шон нь одоо зүрх сугалах нь.

Чухам амь нөгчсөн дүү Коляагаас минь ч өмнө над ийм солиот зүйлс тохиолдож байсныг өгүүлсү. Тэр шөнө өнөөх дүүжлээтэй хүнийг харахгүй өнгөрье гэж хичээсэн ч чичирч салгалсан хөл айдаст тушуулаад газартайгаа зоогдчихож билээ. Хөгтэй юм. Яг тэр үед миний хийж чадах юм байгаагүй ч одоо бодохнээ, чангаар, “Генерал аа, та ч амьтнаас дор хүн юм. Яаж хүн дүүжилчхэв ээ?” гэж орилмоор болдог юм. Арчаагүй хулчгар амьтан биш хэдий ч үхлээс үхтлээ айдаг болохоор л хөдөлж өгөөгүй байх. Байз … үхлээс айсандаа ч биш. Коляагаас болж цөхрөнгөө барчхаад байгаа тул удахгүй өөрийн духаа цоолчхож дөнгөнө. Амиа егүүтгэж байж л цаашид Коляаг харахгүй, сонсох ч үгүй. Би үхчихвэл хүмүүст ямар зэвүүн санагдах тухай бодогдон мушийлаа.

Эдгээр жигтэй өдрийн төгсгөл гэхэд би буйдан дээр тухлаад, цонхоор ширтэж байв. Эзгүй зэлүүд цэцэрлэг ногоорон үзэгдэнэ. Долоон давхар шар мухлаг цонхгүй хана шиг дүлий дүмбэ оргиулж, дээврийн доохно хэсэг нь өнгө алдан зэвэрч гүйцжээ. ШҮДНИЙ ЛАБОРАТОРИ гэх цагаан хаяг. Эхэндээ таалагдаагүй ч хаяггүй болчихвол цулгуйдаж магадгүй юм гээч хөөе. Өдрийн аль ч цагт өчнөөн тод харагддагт нь ухаан санаа төвлөрчихөөд төчнөөн чухал зүйлсийг тунгаалаа. Үдэш буун алдаж, барилгын орой бүрэнхийлэн, хаяг далдрах дөхнө. Бодлыг минь андсан мэт уйт бүрэнхий намайг нөмөрлөө. Харанхуй хүүшлэнэ. Өдрийн хамгийн ёрын зэврүүн цаг айсуй. Юмс уусан замхарч, бүүдийсээр. Хонгилын захаас ухаа шар муур зөөлөн мярайн гэтэж балмагдан чарлах тоогоор наашилна. Гэрлээ асааюу гэсэн ч хурц гэрэлд гар хөшиж татганаад шөнөжин тарчилдгаа санаад босож түвдсэнгүй. Энэхүү ёрын үзэгдэл харанхуйд ёлхолзон замхрахыг тэвчээртэйеэ хүлээхээс өөр арга ухаан солиот над байсангүй ээ.

Хөгшин ээж минь “Энэ хэвээрээ тэсч чадахгүй нь. Галзуурахад ганц хуруу дутлаа. Чи том нь шүү дээ. Коляаг гэх сэтгэлээ бодоод түүнийг цэргээс буцаагаад авчраад өгөөч. Чи том нь биз дээ” гэж байсныг мөлтхөн дурслаа. Түүний цөхрөл, зовлон шаналал үг болон зүрхийг тэмтэчнэ. “Түүнийг олооч. Бүтэшгүй мэт аашлах юм. Түүнийг ганцхан өдөр авчраач. Цор ганц өдөр. Би буцахыг нь зөвшөөрнө дөө”
Тэр хэвтэж байлаа. “Буцахыг нь зөвшөөрч харагдаач” гэж бодсон ч би ам алдчихсангүй.

“Нүдэн дээр нь ганц үнсэхсэн. Үр минь гэдгийг чи ойлгооч дээ. Ах нь юм хойно түүнийг түргэн авчир гэм”.

Би харц буруулаад ёс болгон толгой дохьсон билээ.
Гэтэл ээж ханцуйнаас минь зууран эргүүлж, харцаараа “Яг үнэн үү” гэх шиг царайг минь шалгаана.
“Үгүй. Чи түүнийг амьдаар нь авчирна гэж амла!”
Хөөрхий ээж минь дэндүү хул дорой болохыг бодсоор тэндээс мордлоо. Бердянськт тахийсан гэрлэн шон харсан минь маргаангүй. Өдгөө эрхэм генералд л гэж хэлэхэд, би мөнөөх хөөн царайт эрийн үхлийн өмнө бүхий л хариуцлагаа хүлээх тул арван ест дүү минь гэмгүй бөгөөд та бидний үйл нэгэн алганы хоёр тал болохыг ойлгоно уу.

Эл Бердянскийн хэргийн дараахан, би хорьхон верстийн* цаадах жижиг горхины дэргэдээс Коляг олж, амлалтаа үтэр биелүүлэв. Нар ээсэн ер бусын гэрэлт өдөр байв. Тосгон хүрэх замд тоос тортог ханхийж, морин цэргийн цуваанд цайран халгиулан айсуй Колягийн дүр одоо ч нүднээ илхэн. Нүд нь саравчиндаа дарагдаад харагдахгүй ч зүүн давируул нь буучихсан, малгайнх нь бүч сунаад хацар эрүүг нь давсан амьтан эхний цувааны сүүл мушгин хатирна. “Коля, Коля!” хэмээн би цувааг даган унаж тусан гүйлээ.

Эхлээд тэр, дараа нь хөлстөж, дүнсийсэн цэргийн цуваа тэр чигээрээ над руу эргэн харлаа. “Эххх. Ах минь” хэмээн Коля уйлан дуугарав. Арван насны зөрүүтэй ч тэр намайг нэрээр минь дуудсан удаагүй. “Ах” л гэх бөгөөд хэлсэн бүхнийг минь чих тавин чагнах нь таатай. “Эндээ, тэр жижиг моддын дэргэд хүлээж бай. Цуваанаас гарч болохгүй. Эргээд ирэмз” гэв. Тэгээд бид цэргүүдээс арай зайдуу моддын захад тухлаад таатайхан тамхилцгаав. “Тосгоноос буцаж ирмэгцээ надтай хамт хот ор. Тэгээд эндээс гараад буцаж ирэх хэрэггүй” хэмээн түүнд тайван бөгөөд шавдуулан шивнэв. Ээ халаг, ээжийн зөв байж!
“Ах аа, юу гэсэн үг вэ?”
“Чишш. Аяд. Би мэдэж байна”
Цэргүүд нэмэгдсээр, цуваа болон түнэр манан зүг аяархан урагшилна. Холгүйхэн чичрээн сонстов. Ширүүн, хөгийн чичигнээн.
Удаах нэг цаг гэхэд л Коля цуваад нэгдэн мордож, би хөндлөн улаан тэмдэгт майханд түүнийг хүлээн суулаа.
Цаг ч болж, Коля ч буцаад ирлээ. Хоёр талд нь дагалдан яваа цэргүүдээс бусад нь буцаагүй болтой. Баруун талынх нь Колягийн чихэнд юм шивнэх мэт налсхийх ч гэрэл гялбаад үзэгдсэнгүй тул дэмий л нар өөд хялмайтан гөлөрлөө. Коля саарал малгай духласан нь одоо улайран харлажээ. Нар буун алдаж, Колягийн зүгээс гэрлээр титэмлэсэн хар сүүдэр л үлджээ. Үс, духгүй нүүрэнд шар ирмэгтэй УЛААН ТИТЭМ.

Ажиглаваас навсгар улаан титэмтийн минь морь хөлөрч гүйцэж. Хажуух этгээд түшиж, дэмнээгүйсэн бол морь нь дур мэдэн жагсаалын зүг эргэж мэдэхээр. Өнөөх морьтон эмээл дээрээ омголон жийх хэдий ч хэлгүй, нүдгүй үхдэл лүгээ. Цагийн өмнө л гэрэлтэж, туяарч байсан нүднээс нь одоо хоёр улаан гүвдрүү л үлджээ. Дэмнэгч этгээд түүнийг түшсэн чигээр мориноосоо буухад хазаарандаа зуларсан зүүн гар нь нааш найган гилжийв.
Цаанаас “Туслах маань таагүй байна… тэр … тэр сумны хэлтэрхийнд оногдчихлоо. Эмч дуудаарай” гэх дуу хадна.
Өөр нэг цэрэг түүнрүү дохиод “Мэдлээ… Гэхдээ эмч дуудсанаас хойдхыг нь дуудах санваартан дээр биш үү?” гэх нь тэр.
Тэгээд л энэ бүх үзэгдэл өнөөх жигт улаан толгойн хэрэглэлийн хамт харанхуйд уусан замхардаг билээ.
Цагаан байшин, бүрэнхий, үүд рүү хүржигнэх ухаа муур гээд энэ жигт үзэгдлүүдийн учрыг би ухаж ойлгох ч Колягийн гэнэ зуурын жигт дайрлагыг л ухаарч сэхэхгүй байв. Доод давхрын 63 тоотод суудаг байхад тэр анх удаа, ханан тушаа үзэгдэн гарч ирсэн юм. УЛААН ТИТЭМ. Би түүнээс айж бэргэсэнгүй. Ийм л төрхөөр нь зүүдэлж ч байв. Титмийг нь хармагцаа л би түүнийг үхсэн гэдгийг өөртөө хүлцэв. Коля хөлөө цэхлэн, гараа титмэн тушаа авч ёслонгоо “Ах аа, би жагсаалыг орхиж чадахгүй” хэмээнэ. Ам нь цусанд бялдан будагджээ.


Тэр үеэс хойш яг л ижил зүйл давтагдсаар. Цэрэг цамц, бүчтэй мөр, муруй илд, чимээ аниргүй давируул. Ёсолгоо. “Ах аа, би жагсаалыг орхиж чадахгүй” гэх үгс.
Эхний удаад тэр намайг эгээ л бурхан болгочхоогүй юмдаг. Шигдээс болох шахав. Нэгэнтээ алуулсан Коля минь гэрлэн бүрхүүлтэй үзэгдэж, өөдөөс ярьж байна гэхээр би л галзуурснаас зайлахгүй.
Хариугаа ав гэсэн мэт одоо бүрэнхий хүүшлэж байна. Нойрондоо зүүрмэглээд, зочны өрөөн дэх хугархай буйдан тавилга сэлт хилэн улаан харагдахыг бүүр түүр анзаарлаа. Үнсэн хар хүрээтэй хөрөг зураг хананд өлгөөтэй бөгөөд цэцгүүд тавиур дээр, нээж орхисон төгөлдөр хууранд Фаустын нот тус тус дэлгээтэй буй. Удалгүй Коля хаалган тушаа зогсоо нь яагаад ч юм таатай санагдлаа. Тэр одоо морин цэрэг биш, өнөөх хараалт өдрүүдээс өмнө хэн байсан тэр л дүрээрээ иржээ. Давхар энгэртэй хар хүрмийнх нь тохойн тушаа шохой болчхож. Амьд сэргэг нүд нь ёжтой инээн, духруу нь туг үс унжжээ. Над өөд толгой дохин: — “Ах аа, манайх руу явья. Үзүүлэх юм байна!”

Харцнаас нь туяарах гэрэл өрөөг гэрэлтүүлж, харууслын зовиур зүрхэнд тийчилнэ. Тэр зовлонт өдөр чичиргээн, эхүүн утааны аль аль нь байгаагүй бөгөөд би түүнд “явах”-ыг огт тушаасангүй. Тэр хэзээ ч яваагүй, хэзээ ч морьтон болоогүй мэт төгөлдөр хуур тоглон, зааны ясан түлхүүр жингэнэж, өнөөх гэрэл өрөөн дэх бүхнийг гийгүүлнэ. Түүний хоолой яруу тод сонстох агаад инээн баясч байлаа.
Тэгсгээд л би хов хоосон дунд сэрчхэв. Гэрэл ч, нүд ч алга. Ахиж ийм зүүд зүүдэлсэнгүй. Өөр нэгэн шөнө Коля цэргийн ямбатны дүрээр айлчлан, хойд насыг минь мэдүүлэхээр ирснээ хэлэх зуур миний тэвчишгүйеэ шаналгаан намайг нэг мөр тамирдуулж гүйцсэнийг сэхээрлээ. Би түүнийг чөтгөр шулам руу нь тонилгохоор шийдэж “Чи миний хойд насны заагч гэнэ ээ? Чөтгөр аваг. Чамайг тэр үйлтэй үүрэгт явуулсанд өршөөгөөрэй. Үхэлд чинь ч би буруутай. Бурууг минь хүлээн авч намайг орхиоч дээ” хэмээн уйлан дуугарч эгдүүцлээ.

Эрхэм Генерал аа, танд л гэж хэлэхэд, тэр юу ч хэлэлгүй явчихсан юм шүү.
Хожим энэ нь надад улам ч нэрмээс болсон билээ. Генерал тан дээр түүнийг ганц ч болов удаа авч очоод гараа титэм тушаа аван ёслуулахын төлөө би байдаг бүхнээ туухсан. Эхний дайрлагаар л одоогийн над шиг туйлдаж гүйцнэ гэдэгт мөрийцье. Гэвч тэгэхэд та ганцаараа биш, Бердянскийн хөө тортогт золгүй эр тан дээр зочилж байх ч юм билүү? хэн мэдлээ.
Удаах нэг тохиолд Колягийн сүг сүүдэр мөд явсангүй учир би солиорон хашхичиж хөөснөө хүлээе. Байрныхан бүгд сэржээ. Үйлчлэгч гүйн ирж хараад, Иван Васильевичийг сэрээхээр дэгдэв. Өнөөх л уйт маргааш удалгүй ирж, хүмүүс намайг ганцаар орхисонгүй. Шилээр эсгэсэн гарыг минь маалингаар ороон боож, энэ явдлаас хойш 27 тоотод суухыг заавардав. Нэгэнтээ намайг мансууран суухад үйлчлэгчдийн яриа хонгилд сонстсон юм.

- “Авралгүй нь дээ”
Үнэхээр ч тийм. Одоо надад дэмий л шаналахаас өөр итгэлийн шавхруу үлдсэнгүй. Бүрэнхийг хүлээн зүүдээ манан нөгөө л танил хуучин өрөөнд дулаан гэрэл түгэхийг хүлээнэ. Гэвч ахин тийм зүйл мөд тохиосонгүйгээр барахгүй сэтгэл бүр ч үймж туйлдаж гүйцлээ. Энэ орой би өнөөх хараагүй морьтонг ирээд “Би жагсаалыг орхиж чадахгүй” хэмээн хэлэхийг чимээ талбин хүлээлээ. Би чичигнээнийг хүлээж байна.

Үнэхээр ч над аврал байсангүй ээ, таминь. Морьтон нэгэнтээ хэлсэнчлэн намайг үхэлд минь хүргэхээр айсуй.

1922 он
*верст — 1.1 км-тэй тэнцэх уртын хэмжүүр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дулам 2021.04.01 162.158.165.201

Сайн байна уу, танай сайтад энэ мэт чанартай уншууштай бичвэр автор нэмэгдсэнд баяртай байна Амжилт хүсье

0 Хариулах