Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Яах вэ | Сөрөг нөлөөтэй гэр бүлээ уучилж чадах болов уу?


Хүний сонгож болдоггүй, хувь тохиолоор заяадаг цөөн зүйлсийн нэг гэр бүл. Гэр бүлийн аз жаргал эд хөрөнгө, орон сууц, үнэтэй тавилгаас илүү халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хүндлэл, хайраас үүсэлтэй. Харин эсрэгээрээ хэрүүл тэмцэл, үл хүндлэл дунд бий болсон гэр бүлийн амьдрал хүүхдэд сөргөөр нөлөөлж, гомдол, сэтгэлийн шарх үлдээх нь бий. Гэр бүлийн гишүүдээ бид өөрсдөдөө сөрөг, таагүй мэдрэмж төрүүлсээр байгааг мэддэг ч үзэн ядаж, хайрлахаа больж чаддаггүй. Гэр бүл гэдэг насан туршийн холбоос шүү дээ. Гэвч байзаарай... Хүүхэд наснаас улбаалсан сэтгэл зүйн шархаа насан туршдаа тээх гэж үү? Нэгэнт л ор мөргүй мартаж чадахгүйгээс уучлаад үзвэл ямар вэ?Сөрөг нөлөөтэй гэр бүл ямар байдаг вэ?

Сөрөг нөлөөтэй гэр бүлийн хүүхдүүдэд судалгаа явуулахад доорх 7 шинж илэрснийг АНУ-ын судлаач Алекса Опал Хамилтон онцолжээ. Эдгээр шинж тэмдгээс танд болон ойр дотны хүмүүст тань илэрч байгаа, эсэхийг нягтлаарай.

1. Эцэг эх хоёулаа ойлгоход бэрх зан ааштай.

Эцэг эх нь ойлгомжгүй зантай, хурц ширүүн ааш авиртай бол хүүхэд сэтгэл зүйн гүн дарамтад өсдөг. Ээж аав гэдэг хүний амьдралын хамгийн том түшиг тулгуур байдаг ч төвөгтэй зантай хүмүүс сайн эцэг эх байж чаддаггүй. Тэд насанд хүрсэн ч үүрэг хариуцлага хүлээх чадваргүй тул хүүхдээ бусадтай харьцуулах, голох зэргээр сөрөг, дутуугийн мэдрэмжийг түгээж байдаг. “Эгч/ах шигээ байж чадахгүй байна уу?”, ”Айлын хүүхэд мундаг байхад өөрийгөө хараач” зэрэг анзаарамгүй шүүмж ч хүүхдийн сэтгэл зүйд асар ихээр нөлөөлдөг.

2. Үргэлж “дутуу” мэдрэмжтэй.

Дутуу, хоосон мэдрэмжийг бид "голдоо ортол гомдох" гэх нь бий. Хүүхэд бага наснаасаа гэр бүлийн таагүй орчинд өссөн бол аажмаар ганцаардмал зантай нэгэн болно. Цаашлаад  эцэг эхийнхээ хэнтэй нь ч дотно харилцаатай болж чадахгүй бол үргэлж өөрт нь туслах, ойлгох хэн нэгэн байгаасай гэж хүсэх “дутуу”-гийн мэдрэмжтэй болж болзошгүй.



3. Шийдвэр гаргахаас айдаг.

Тогтворгүй зантай эцэг эхтэй хүүхэд насанд хүрсэн хойноо ч шийдвэр гаргахаас айдаг. Ийм хүүхэд багаасаа айдас, хүйдэст хүлэгдсэнээс үргэлж л шилэн дээр хөл нүцгэн алхах шиг хүнд бэрхийг мэдэрдэг. Анхаарал халамжгүй эцэг эх хүүхдээ шийдвэр гаргахад тусална гэж үгүй. Тиймээс хүүхэд бие даан асуудлыг шийдэхийг оролдох ч үргэлж бүтэлгүйтэх мэт санагдах тул өөртөө итгэлгүй, уур бухимдалтай болж, дарамт үүсэх юм.

4. “Чиний буруу” гэсэн үг их сонссон.

Ухаалаг эцэг эхчүүд “Чи л бүх зүйлд буруутай” гэлгүй, “Хүн алдаа гаргадаг. Гэсэн ч засаж болно” гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүлдэг. Харин муу эцэг эх “Чамаас л боллоо”, “Бүтэлгүй амьтан” зэргээр уур уцаараа хүүхдэдээ шууд гаргадгаас ухаан нь бүрэн төлөвшөөгүй хүүхэд өөрийгөө буруутгаж "Хэзээ ч алдаж болохгүй, алдаа гаргавал ээж аав уурлана" гэх айдастай болсон байдаг.

5. Эцэг эхгүй мэт ...

Эцэг эх нь амьд яваа хүн энэ дэлхийн хамгийн азтай нэгэн гэдэг. Гэтэл эцэг эх нь дэргэд нь байгаа ч “байхгүй” мэт хүйтэн хөндий харилцаатай бол хүүхэд өнчин мэдрэмжээр өсдөг аж.

6. Үргэлж сэтгэлийн дарамттай.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тань тусалж дэмжих хүн байхгүйгээс өөртөө итгэлгүй болно. Муу эцэг эх л хүүхдэдээ “холын”, “бүтэшгүй” зүйл мөрөөдөхийн оронд одоо байгаа цэгтээ үүрд үлдээд, сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж сургадаг. Ингэснээр хүүхэд мөрөөдөлгүй, идэвх зүтгэлгүй болон хүмүүждэг. Гэр бүлийн баян ядуу, боловсролтой эсэхээс үл хамааран хүүхдийн сэтгэл зүй эцэг эхийн харилцаанаас шалтгаална.

7. Холбоогоо таслах талаар бодол төрж байсан.

Бүрэн төлөвшөөгүй эцэг эхчүүд өөртөө болон бусдад ойлгомжгүй ханддаг. Хүүхэд тэднээс тусдаа гарсан ч “Миний юу нь тийм буруу юм бол?”, “Би юуг буруу хийв?” зэргээр өөртөө тавьсан асуултдаа төөрсөөр байдаг. Энэ байдал хүндэрвэл “Үнэхээр тэдэнтэй харилцах хэрэг байна уу?” гэсэн бодол төрж, ахин уулзахыг хүсэхгүй. Төрүүлсэн эцэг эхээсээ холбоо таслах, энэ талаар бодно гэдэг таны гэр бүлийн уур амьсгал эцсийн, аюултай төвшинд хүрснийг илтгэнэ.  


Сөрөг нөлөөтэй гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Дараах арга замыг хэрэгжүүлж, өнгөрсөнд хүлэгдэн амьдралгүй, уучилж, харилцаагаа сэргээх эхний алхмыг өөрөөсөө эхлэхийг зөвлөж байна.

- Бүх зүйлийг тодорхой болгох. Олон жил сэтгэл зүрхээрээ хол хөндий байсан харилцаа үлгэрийн мэт нэг л өдөр амилна гэж үгүй. Тиймээс “Яг юу болохгүй байна? “Нөхцөл байдал ямар байна? гэж өөрөөсөө асууж, хэрэгтэй бол тэмдэглэл хөтлөөрэй. Таны гэр бүлтэйгээ харилцах харилцаа одоо ямар байгаа, цаашид энэ байдлаар үргэлжилбэл хэрхэх, та тэднээс үнэхээр юуг хүсэж байна, тэд танаас юу хүсэж байгаа бол гэхчлэн бүгдийг тодорхой болгохыг хичээгээрэй.

-Уучлах. Дээрх шинж тэмдгүүдээс 3-аас дээш нь танд одоо ч мэдрэгдэж байгаа бол юун түрүүнд эцэг эхээ буруутгах бус өнгөрсөн цаг хугацааг уучлаарай. Эцэг эх тань л өнөөгийн таныг бүтээсэн. Тиймээс өнгөрсөн үеийн муу муухай дурсамжаа мартаж, уучлахаас эхлээрэй. 

-Харьцуулахаа болих. Бусад гэр бүл аз жаргалтай мэт, "айлын аав ээж", "айлын хүүхэд" илүү халамжтай мэт санагддаг уу? Тэгвэл яг одоо энэ бодлоо зогсоогоорой. Бусдын амьдралаар амьдрахаас нааш бид чухам зовлонг нь мэдэхгүй шүү дээ. Бусадтай харьцуулан, жиших нь сэтгэл санааг дордуулахаас өөр нэмэргүйг санаарай.

-Өөртөө итгэх. Гэр бүлийн таагүй уур амьсгалд өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, ганцаардмал зантай болох нь элбэг. Тиймээс ирээдүй зөвхөн таны гарт байгаа гэж өөртөө сануулан, эцэг эхдээ талархах, өөртөө итгэх мэдрэмжийг бүтээх хэрэгтэй. Өнгөрсөнд юу ч болсон бай, ирээдүй ямагт бий. Таны гарт ирээдүй тэр чигтээ бий гэдэгт итгээрэй.

-Эхний алхмыг хийх. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэхсэн гэж хүсдэг бол эхний алхмыг өөрөөсөө эхлээрэй. Бардам зан, өнгөрсөн үйл явдлыг орхин гэр бүлдээ зориулан оройн зоог бэлтгэх, кино үзвэрт урих зэргээр дотночлон хандахыг хичээ. Таны сайхан сэтгэлд тэд хариулах албагүй, энэ ертөнцөд төрүүлэн амьдрал бэлэглэсэнд нь л талархаарай. Эцэг эх тань хоорондоо таагүй харилцаатай бол тус тусад нь уулзаж илэн далангүй ярилцаж ч болно шүү дээ. Магадгүй тэд ч бас эхний алхмыг хийхээр айж, дотроо битүүхэн хүссэн ч чадалгүй өнөөг хүрсэн байх вий. Тэднээс илүү зоригтой нь та өөрөө байгаарай. 

-Хариуцлага тооцохоос татгалзах. Эцэг эхчүүд хүүхдийн төлөвшилд чухал үүрэгтэй ч "Бүхнийг тэд хийх ёстой" гэж хойш суух хэрэггүй. Бусдын эцэг эх хүүхдээ үнэтэй сургуульд явуулж, чамин брэндээр хувцаслаж байхад би… гэж бүү гутар. Тэд чадах бүхнээ хийсэн. Өөрийн хүч, хөдөлмөрөөр бүтээсэн мөрөөдөл зорилго хамгийн үнэ цэнтэй байдгийг санаарай.



Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Цахимаар хичээллэх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөв?
2
2021.05.07
Хүүхэд 14 насандаа хамгийн ихээр сэтгэл гутралд өртдөг
3
2021.05.07
"Дисаниа" буюу өглөө босч чадахгүй байх эмгэг гэж юу вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

K 2021.04.15 172.69.252.133

Hezee ch uuchlahgui :)

0 Хариулах


blond 2021.04.14 172.69.252.133

goyo niitlel baina

0 Хариулах


Зочин 2021.04.14 172.69.252.151

Will this really work? I'm on the edge of killing myself. I hate my parents. I hate my life

2 Хариулах


Зочин 2021.04.15 172.69.252.151

Сайн уу? Юун түрүүн энэ амьдралд таны мэдэхгүй, туулж, мэдэрч үзээгүй сайн сайхан зүйлс, уулзаж учраагүй гэрэл гэгээтэй хүмүүс маш их байгааг та бодоорой. Эцэг эх гэдэг биднийг төрүүлж өсгөсөн ердөө 2 л хүн. Энэ амьдралд авчирсанд нь талархаж, хариу нэхэлгүй өөрөөсөө эхлээрэй. Тэднээс хамааралгүй амьдарч, өөрийнхөөрөө сайн сайхныг бүтээж болно гэдэгт итгээрэй. Чи ганцаараа биш шүү. Чадна гэдэгт чинь итгэж байна. <3 <3 <3

0 Хариулах


Зочин 2021.04.14 172.69.252.133

just don't

0 Хариулах


kuka 2021.04.14 172.69.252.151

odoo uyd mash chuhal asuudal hundsun niitlel bn.

0 Хариулах