Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

#Cancel culture | Цахим орчин дахь "цаазын ял"


Цахим орчинд хэн нэгнийг олноороо нийлж шившиглэх, уучлалт гуйхыг шаардах, нийгмээс “зайлуулах” үзэгдэл сүүлийн жилүүдэд газар аваад байна. Энэхүү үзэгдэл нь интернет орчинтой хамт гэнэтхэн үүсчихээгүй бөгөөд аль дундад зууны үеэс л буруу зүйл хийсэн нэгнээ олны нүдэн дээр цаазлах, амьдралыг нь дуусгаж золионд гаргадаг байв. Хулгай хийж, худал ярих нь буруу. Хүн дээрэлхэж, ялгаварлан гадуурхах нь мэдээж буруу. Гэтэл буруу үйлдэл хийсэн хүний цаана нийгмийн систем, боловсролын түвшин, ар гэрийн байдал, амьдрал ахуй гэх мэт асар их зүйлс дараатай байдаг.

21-р зууны эхэн үед хүн төрөлхтөн олон нийтийн цахим сүлжээг хэрэглэж эхлээд арваад жил л өнгөрөөд байлаа. Мэдээ мэдээллийг хоромхон зуурт дамжуулах фэйсбүүк, твиттер ч ор сураггүй байсан цагт Хятад улсад “Renrou suosuo” гэх этгээд шинэ үг дэлгэрэв. Шууд утга нь “Хүний махан хайлт” буюу “хүн шиг хайх” гэсэн утгатай цахим хайлтын системийг нэвтрүүлжээ. Интернет хэрэглэгчид тус хайлтын системээр дамжуулан өөрийн сонирхсон эд зүйлс, тоо баримтын талаарх мэдээллийг олж авна. Тун удалгүй олон нийтийн анхаарал гэм буруутай, ёс суртахууны доголдолтой гэгдэх хүмүүс рүү чиглэж эхэлсэн юм. Засгийн газрын гүйцэтгэх албан тушаалтан өөрийн орлогоос хэтэрсэн үнэтэй брэндийн цаг зүүсэн нь авилга авсны баталгаа болов. Нийгмийн нормоос давсан сонин хачин бичлэг хуваалцсан хүмүүс цахим сүлжээнд шахагдан олны хараалыг идэв. Үр дүнд нь тэдгээр хүмүүсийн хувийн мэдээлэл цахим орчинд тарж, тэднийг хэл амаар доромжлон, жигшин зэвүүцэж улмаар нийгмээс бүр мөсөн “зайлуулсан” юм.

Барууны ажиглагчдын хувьд энэ нь үнэхээр “хүний махан” өгөөш байлаа. Дээрх явдлын дараа барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугьж, Хятадаас өөр газар байх боломжгүй хачин жигтэй үзэгдэл хэмээн тодорхойлжээ. “The New York Times”-ийн бэлтгэсэн мэдээний доор нэгэн уншигч “Хайлтын систем ийнхүү хурцадмал байдалд хүргэсэн нь гайхмаар юм. Ёстой л дорно зүгийн хүмүүсээс л гарах дүр төрх байна даа. Баруунд бол ихэнх хүмүүс нь бие даасан шинжтэй, баргийн юманд бухимддаггүй шүү дээ. Бид нийгмийн тогтолцоондоо сэтгэл хангалуун байдаг” гэж сэтгэгдэл хүртэл үлдээсэн байв. Гэтэл цахим орчинд хувийн мэдээллийг илчлэх гэсэн утгатай “doxxing” гэх үг англи хэлэнд байдаг нь 1990-ээд оны компьютер хакеруудаас анх үүсжээ.Одоо бол энэ үзэгдэл Америкт ч дэлгэрч “Cancel culture” буюу “Болих/цуцлах соёл” гэсэн нэршлийг авчээ. Цаад агуулга нь цахимаар болон бодит амьдрал дээр хэн нэгнийг шүүж, доромжлохоос эхлээд тухайн хүнийг мөрдөж мөшгөн, айлган сүрдүүлж, дарамт үзүүлэх зэрэг эмх замбараагүй үйл явдлуудын нэгдлийг хэлнэ. Жишээ хэлэхэд, өнгөрсөн зун Калифорнийн нэгэн ресторанд цагаан арьстай залуу филиппин гаралтай америк гэр бүл рүү хашхичиж байгаа бичлэг цахим орчинд тарснаас болж тэрбээр компаниасаа хөөгджээ. Нэгэн профессор хичээлийнхээ үеэр хятад үг ашигласан нь англи хэлний арьс өнгөөр ялгаварласан үгтэй адил сонсогдсон тул багшлах эрхээ хасуулав. “Youtube”-ийн олны танил одыг ажлын газрынх нь хүн өөрт нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн гэж худал мэдээ тарааснаас болж тэрбээр гурван сая дагагчаа алдсан юм.

Олон нийтийн өмнө шившиглэх үйлдлийг дэмжигчид нь уучлалт гуйх эсвэл үйлдлээ засахаас илүү их зүйлийг тэднээс хүсдэг нь харагдана.

Хувь хүний алдаа дутагдлыг онцолж, олон түмний анхаарлын төвд авчран ёс суртахууны хичээл заах нь аль эрт дундад зууны үеийн жүжгийн зохиолд л үлдэж хоцорсон мэт санагдана. Олон нийтийн өмнө шившиглэх үйлдлийг дэмжигчид нь уучлалт гуйх эсвэл үйлдлээ засахаас илүү их зүйлийг тэднээс хүсдэг нь харагдана. “Cancel culture”-аас үүдэн ажил мэргэжлээ алдаж, гэр бүлээсээ салж, нийгмээс гадуурхагдан сэтгэл санааны гүн дарамтад орсон жишээнүүд хэтэрхий их. Гол зорилго нь бурууг зөвтгөж, шударга бус байдлыг арилгахын төлөө эсэх нь тодорхойгүй. Тийм байлаа ч шударга ёсыг тогтоохын тулд хэн нэгнийг үзэн ядаж, өс хонзон санах нь тийм ч сайн арга биш юм. Зарим хүмүүс “хариуцлагын соёл” гэх илүү ухаалаг нэр томьёог ашиглах нь ч бий.“Cancel culture” гэж хэлэхэд л байр сууриа сөргөөр илэрхийлж буй хэн нэгний дүр зураг бууна. Гэсэн ч энэ нь ямар нэгэн хөдөлгөөн биш бөгөөд удирдагч болон гишүүн гэсэн ойлголт байхгүй. Оролцож буй хүмүүс нь тууштай биш, нэг удаа үзэл бодлоо илэрхийлээд л орхих нь элбэг ба ул суурьтай нэгдмэл үзэл санаа ч гэж байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хурд, хүмүүсийн хайхрамжгүй байдал болон цахим орчинд хэн гэдгээ нууцлах боломжтой болсон энэ цаг үе, анхнаасаа л хүний нийгэмд байсан нэгнээ дээрэлхэх үйлдлийг улам хялбарчилж, хурцалж өгсөн юм. Зарим хүмүүс энэ үзэгдлийг хэн нэгнээ дээрэлхэж бөөрөлхсөн асуудал огт биш гэж үзнэ. Харин ч хүчирхийлэл болон шударга бус байдалтай тэмцэх хэрэгсэл гэх нь ч бий. 

Гэтэл хэн нэгний буруутай үйлдлийг олноороо шүүн ярилцах нь хэвийн үзэгдэл байж болох ч тухайн хүнд ял тулган, заавал ямар нэгэн байдлаар хохироож байж санаа амрах нь өнөөгийн “хүмүүнлэг” гэх нийгэмд байж боломгүй зүйл юм. 

Энэ нь нэг талаараа популизмтай нэн төстэй. Хүмүүст ул суурьтай үзэл бодлоос илүү анхаарал татсан, түр ч гэсэн сатаарах боломж олгох, үнэн биш ч сэтгэл хөдөлгөм тийм агуулгууд илүү ойр санагдана. Энэ байдал дээр тоглолт хийж өөртөө ашиг унагаахаар оролдож буй хүмүүс дэндүү их. Жишээлбэл, нийгэмд онц ноцтой харгис хэрцгий гэмт хэрэг гарлаа гэхэд ямар ч учир шалтгаангүйгээр цаазын ялыг сэргээх, дэмжих хандлага руу олныг турхирч болно. Эсрэгээрээ цаазын ял яагаад байх ёсгүй вэ гэдэг дээр бичигдсэн баримт нотолгоотой судалгааг олон нийт уншихгүй. Гэтэл хүний амь нас, эрх чөлөө, халдашгүй байдалтай холбоотой ийм чухал сэдвүүд нь энгийн нэг хов жив, сэтгэл хөдлөл гэх мэт хувьсамтгай талбар дээр суурилж буй нь өөрөө байж боломгүй мэт. Хүн өөрийн гэм бурууг ойлгож гэмшинэ гэдэг олон нийтийн буруутгалын ялд унахаас тэс өөр. Олон нийт мэдээгүй байсан ч, хүн өөрийгөө буруутган дотроо шаналж болно. Эсрэгээрээ хэн нэгнийг гутамшиг болгоход заавал олны нүд, цахим орчин, өөрчлөлтийг шаардах ууртай хүмүүс хэрэгтэй. Харин эдгээр нийгмийн дарамт шахалт нь олны танил эрхмүүд, улстөрчид, өндөр албан тушаалтнуудыг хохироохоос илүүтэйгээр энгийн иргэд, эгэл жирийн байгууллага хамт олонд хүндээр тусдаг байна. 

2013 онд нэгэн эмэгтэй хувийн хаягаасаа ДОХ-ын халдвар болон африкчуудын талаар доромж утгатай жиргээ оруулсан нь түүнийг ажилгүй болгоход хүргэжээ. Алдарт Харри Поттер цувралын зохиолч Ж.К.Роулинг твиттер хуудаснаа анти-транс буюу хүйсээ солиулсан хүмүүсийг эсэргүүцсэн агуулга бүхий жиргээ нийтэлсэн нь олны бухимдлыг төрүүлсэн ч түүний ном зарагдсаар байгаа юм.

Тус үзэгдэл олон түмнийг зулгааж, хааяа нэг улстөрчид урлагийн оддыг зовоох боловч дэлхий ертөнц ямар байсан яг тэр чигтээ л үлдэх ажээ. 

Францын философич Бенни Леви болон Мишель Фуко нар 1972 оны нэгэн ярилцлагын үеэр дараах жишээг авсан юм. Дэлхийн 2-р дайны төгсгөлд германчуудтай унтсан залуу охидын үсийг нь хусаж, олны шившиг болгосон. Харин нацистуудтай хамтран ажилласан олон хүн ямар ч шийтгэл хүлээгээгүй юм. “Тэгэхээр шударга ёсыг хэрхэн тогтоох вэ? Энэ тохиолдолд гол дайсан нь нацистуудын эзлэн түрэмгийлэл бус Францын хөрөнгөтнүүд л байсан бололтой” гэжээ.

18-р зуунд Англи улс өлсгөлөнд нэрвэгдэх үеэр ард түмэн дамын наймаачдыг эсэргүүцэн хүнсний дэлгүүрийн гадаа бослого гаргаж байв. Харин одоо үед бид 7 хоног бүр л нэг өөр сэдвээр үзэл бодлоо илэрхийлэн цахим орчинд бослого гаргах болжээ. Бүхий л зүйлд уурлаж бухимдсан энэ их чимээн дунд хамгийн чухал сэдвүүд төөрөгдөн алга болох нь мэдээж. Энэ олон жижиг асуудлууд биднийг илүү том өөрчлөлтийн төлөө нэгдэхэд саад болж буй юм. Хэдийгээр “Cancel culture” нь урьдчилан төлөвлөгдөөгүй, эмх замбараагүй үзэгдэл боловч нийгмийн давуу бүлгийн сонирхолд л үйлчлэх нь элбэг. Тус үзэгдэл олон түмнийг зулгааж, хааяа нэг улстөрчид урлагийн оддыг зовоох боловч дэлхий ертөнц ямар байсан яг тэр чигтээ л үлдэх ажээ. 


Эх сурвалж: The New York Times

Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
23 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зол 2021.04.16 172.69.45.135

Вуав ёстой найс, аригато ублайф

0 Хариулах