Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Залуу сонгогчдын Трампаас нүүр буруулсан түүх

Залуу үеийнхнээ дутуу үнэлсэн, үймээн самуунд өдөөн турхирсан, балмад удирдагчид ардчилсан нийгэмд энэ мэт гишгэх газаргүй болдог буюу.


2021 оны нэгдүгээр сарын 6-н Америкийн түүхэн дэх хар өдрүүдийн нэг болж үлдсэн юм. Үндсэн хуульт ардчилал, эрх чөлөөгөөрөө дэлхийн магнайд явдаг энэ улсын ерөнхийлөгч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шинэ сонгогдсон ерөнхийлөгчид суудлаа өгөхгүй гэхдээ ард иргэдээ өдөөн турхирсан мэдэгдэл хийж, дэмжигчдээ эмх замбараагүй байдалд уриалан, дараа нь Капитол Хилл ордон руу хүч хэрэглэн дайрахад хүргэсэн билээ. Үүнээс үүдэн 5 хүн амиа алдаж, 140 гаруй хүн бэртэж гэмтэн, Вашингтон хотод онц байдал зарласан юм. Энэ бол Америкийн ерөнхийлөгч ард түмэндээ болон ардчилалд шууд аюул занал учруулсан явдал байлаа. 

Доналд Трамп засаглалынхаа дөрвөн жилд хүчирхийлэл, арьс өнгөний үзлийг өдөөн дэвэргэсэн яриа илтгэл, бодлого шийдвэр удаа дараа гаргаж, ард түмнээ илтэд талцуулан бутаргаж байсан нь энэ удаа сонгогдолгүй үлдэхэд ихээр нөлөөлсөн билээ. Тэр арьс өнгөний хэт үзэлтнүүдийг хөөргөдөн, үндсэрхэг үзлийг дэмжиж, Мексик Америкийн хил дээр харгислал явуулж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, үг хэлээр доромжилж, дөрвөн жилийн дараа гэхэд нийгмийг танигдахын аргагүй ороо бусгаа болгосон юм. Тиймээс энэ байдлыг үзэн ядаж, жигшсэн залуу сонгогчид, ялангуяа миллениал, Z үеийнхэн саналаа идэвхтэй өгч рекорд тогтоосноор Америк орон Доналд Трампад "баяртай" гэж хэлж чадав. 

Ард түмэн үнэндээ хэрүүл тэмцэл, намын талцлаас залхаад байсан тул Трамп л биш бол хэн ч яах вэ гэх байр суурьтай байсан нь ажиглагддаг. Сонгуулийн үеэр Жое Байден залуу сонгогчдыг өөртөө татах тал дээр асуудалтай байх болов уу гэж судлаачид таамаглаж байв. Учир нь Байден тэднээс үе мултарсан 80 нас дөхөд яваа, тэс өөр үеийнхний төлөөлөл шүү дээ. Гэтэл сонгуулиас зургаан сарын өмнө явуулсан Харвардын их сургуулийн санал асуулгаар залуусын дунд Байден ихэд нэр хүндтэй буй дүр зураг ажиглагдсан юм. Үүнийг тайлбарлах цорын ганц шалтгаан нь ТЭР БОЛ ТРАМПЫН ӨРСӨЛДӨГЧ байлаа. Эндээс залуучууд Трампыг хэр их жигшиж байсан нь харагдана. Тэд "Not My President" буюу "Миний ерөнхийлөгч биш" хэмээх хөдөлгөөн өрнүүлж, гудманд ч, сошиал ертөнцөд ч давалгаалуулж дөнгөсөн. 

Залуусын дунд хийсэн судалгаа бүхэн Байдены рейтинг өндөр буйг харуулж байв. Гэхдээ сонгуулийн өдөр ирэхэд тэд идэвхтэй саналаа өгөх үү гэдэг нь эргэлзээтэй хэвээр байсан юм. Яагаад гэвэл өмнөх сонгуулиар 18-29 насныхны 53% санал өгөх урьдчилсан таамаг байсан авч дөнгөж 46% нь л сонгуульд оролцсон тул энэ жил өндөр хүлээлт тавих арга байсангүй. Гэтэл энэ удаа залуучууд 55%-тай санал өгч, сонгуулийн үр дүнд гайхалтай өндөр хувиар нөлөөлсөн билээ. 

Өнөөгийн залуусын хамгаас санаа тавьдаг чухал асуудал бол нийгмийн амар амгалан, аюулгүй байдал, хүний эрхийн асуудал гэдгийг үймээн самуун таригч, хагалан бутаргагч, хувьсгал тэмцэлд уриалагч удирдагчид мэдэж авах хэрэгтэй. Тиймээс тэднийг гудманд гараад хувьсгал хий гэж ятгавал өөдөөс чинь гайхан хараад явж одох вий. Харин хүний эрх зөрчигдсөн, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, нийгмийн шударга ёс алдагдсан явдалд тэд хэнээр ч дуудуулалгүй гараад жагсах сэтгэлгээтэй билээ. Хэн нэг эрх мэдэлтэн зүй бус зүйлд уриалбал зохих хариуг нь өгөөд тонилгож чаддагийн жишээ Трамп байлаа. 

Энэ жишээ монголд ч ижилхэн. Хөхөө өвлийн хүйтнээр дөнгөж төрсөн нялх биетэй ээж хүү хоёрыг гэрийн шаахайтай нь тууж гаргасныг харсан залуучууд хэрхэн тэмцсэнийг санах хэрэгтэй. Өдгөө өрнөж буй бэлгийн хүчирхийлэл, дарамтын асуудалд ч мөн тэд ямар идэвхтэй оролцож байгааг харж болно. Тэдний үнэт зүйлс нь нийгмийн шударга ёс болон хүний эрхийн асуудалд илүүтэй төвлөрч байдаг нь тэр. 

Өнгөрсөн зун Жорж Флойд хэмээх хар арьст эрийг цагдаа нар баривчлан саатуулах явцдаа амьгалыг нь боож амь насыг нь хөнөөснөөр Америкт хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Олон муж, хотод өрнөсөн энэ жагсаал арьс өнгөний үзэл, цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн эрх чөлөө, шударга ёсны жагсаал байв. Гэтэл ноён Ерөнхийлөгч Доналд Трамп эдгээр жагсагчдыг зэвсэгт хүчний тусламжтай дарж авахаар бэлтгэж буйгаа зарлаад “Хэрэв муж, хотууд нь энэ жагсагчдаа дарж чадахгүй бол би мянга мянган зэвсэгт цэрэг бүхий арми илгээж наад асуудлыг чинь түргэн шийдээд өгч чадна” хэмээн мэдэгдсэн нь хамгийн ой гутам байсан юм. Өөрийн ард түмний эсрэг зэвсэгт арми тавих гэж үү?

Энэ мэт хувийн эрх ашгаа ард олныхоос дээгүүрт тавьсан түүний үйлдлүүд залуус сонгуульд идэвхтэй оролцох, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх үүд хаалгыг өргөн нээж, урлаг соёлын алдартнууд түүний эсрэг тэмцэх бодит шалтгаан болсноор 2020 онд ялагдал хүлээсэн билээ. Түүнчлэн өмнөх сонгуульд Трампыг дэмжиж гаргасан мужууд хүртэл өндөр хувиар өөрчлөгдөж, том том их сургуулиуд байрладаг хот, боловсролын төв болсон мужийн иргэд ч тэр чигтээ Трампын эсрэг санал өгсөн сонирхолтой статистикууд харагддаг. Залуу үеийнхнээ дутуу үнэлсэн, үймээн самуунд өдөөн турхирсан, балмад удирдагчид ардчилсан нийгэмд энэ мэт гишгэх газаргүй болдог буюу. 

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кофе шоп, сургалтын төв, бассейн, чийрэгжүүлэх төвүүд маргаашаас ажиллаж эхэлнэ
2
20 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
3
23 цагийн өмнө
Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад ...
санал болгох
1
21 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.