Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Тавдугаар сарын ХАЙР ДУРЛАЛ, чухал үйл явдлын зурхай


Нэг, хоёр, гурав, дөрөв... Нэг л мэдэхэд тавдугаар сар болчихжээ. Намуухан хаврын төгсгөл, халуухан зуны эхэн сард биднийг ямар чухал үйл явдал, романс, адал явдал хүлээж байгаа бол? 

1. Хонь (3/21-4/19)

Хургахан минь, тавдугаар сард тавтай морил. Энэ сард удаан хугацаанд хойшлуулсан ажлаа дуусгах, зөв дадал хэвшүүлэх, ер нь л амьдралдаа эерэг өөрчлөлтүүд бий болгоход таатай байх болно. Тавдугаар сарын 3-ний даваа гарагт Буд гараг ихрийн ордонд байрласнаар таны хувийн амьдралд багагүй өөрчлөлт орно. Энэхүү хөдөлгөөний үеэр та амар амгаланг мэдрэхийн зэрэгцээ догдолж, шинэ хүнд зугуухан сэтгэл татагдаж мэднэ. Тайван боловч хүчирхэг зан төлөвтэй хонийн ордныхон хайртай хүндээ цаг гаргаж, мэдрэмж сэтгэлээ илчлэх нь амжилт олно. Хуучин харилцаагаа бүр мөсөн мартах цаг үргэлж "яг одоо" байдгийг сана. 

Тавдугаар сар таны бүтэн жилийн хайр дурлалын харилцаанд чухал үүрэгтэй сар байх болно. Сарын 8-ний өдөр хайр дурлалыг ивээгч Сугар гараг мөн ихрийн ордонд байрлаж цоо шинэ хайр дурлалд ивээлтэй хандах нь. Цээжин дотор эрвээхий нисэх мэт догдлол таныг хүлээж байна. Гэвч байзаарай... Яаран зүрхээ "тавьж" туух уу? Эсвэл хүлээцтэй бөгөөд аажуухнаар түүний сэтгэлийг эзэмдэх үү? Таны сонголт. 

Энэ сард санах үг: "Зарим зүйлсийг хүчилж шаналалгүй, зөнгөөр нь орхих дээр байдаг".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Догдлол, хүлээлт, салхи, болзоо, романтик роман, өөрчлөлт.

Танд зориулах дуу:

2. Үхэр (4/20-5/20)

Өнгөрсөн сард багагүй сэтгэлийн дарамт, стресст өртсөн үхрийн ордныхон энэ сард сэтгэлээ аргадан, амраах цаг болжээ. Үхрийн ордыг удирдагч Сугар гарагийн нөлөөллөөр энэ ордныхон өөрийгөө эдгээх, аливааг өөрийн хүчээр даван туулах өндөр чадвартай байдаг. Сарын 3-ны од эрхсийн нөлөөллөөр санхүүгийн байдал эрс дээшилнэ. Шинэ ажилд өргөдөл өгөх, ярилцлагад ороход таатай.

Хайр дурлалын хувьд энэ сард харьцангуй тогтуун байх болно. Шинэ харилцааг яаран эхлүүлэх, хуучин харилцаандаа сэтгэл хөдлөлөөр хандах нь аюултай. Сарын 26-нд сар бүтэн хиртэх бөгөөд сарын нөлөөллөөр хэн нэгнээс зурвас хүлээн авч мэднэ. Төсөөлөөгүй гэнэтийн учрал, болзоонд бэлтгэлтэй бай. 

Энэ сард санах үг: "Нар ахин мандахын тулд орой нь шингэдэг".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Амар амгалан, яаралтай, урам хугаралт, тэвчээр, оройн кино.

Танд зориулах дуу:

3. Ихэр (5/21-6/20)

Зан төлөв, гадаад төрхөөрөө бусдаас ялгарагч ихэр минь, тавдугаар сард тавтай морил. Дөрөвдүгээр сарын сүүлээр хайр дурлалдаа багагүй өөрчлөлт оруулсан ихрүүд энэ сард өөртөө цаг зав гаргахад илүүдэхгүй. Өнгөрсөн харилцаагаа нэгтгэн дүгнэж, цаашид яг ямар харилцаа хүсч буйгаа эргэцүүлээд үзээрэй. Та хэдий их хүссэн ч хэний ч зүрх сэтгэлийг эргүүлж, өөртөө дурлуулж, эсвэл мартуулж чадахгүй гэдгийг санаарай. Сарын 8-нд од эрхсийн нөлөөллөөр "драма" эхэлж мэднэ. Тиймээс хэтрүүлж бодолгүй аливаад бодитоор хандаарай.

Таны ордонд аз дагуулагч Бархасвадь гараг сарын 13-ны пүрэв гарагт таныг ивээнэ. Шинэ ажилд орох, шинэ найз нөхөдтэй болох, шинэ төсөл эхлүүлэх гээд ажил мэргэжлийн хувьд олз омогтой, сорилтоор дүүрэн сар байх болно. 

Энэ сард санах үг: "Хүчилж олж авсан бүх зүйл амтгүй байдаг".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Шүлэг, үл таних хүн, амттан шиг зурвас, драма, сорилт, бороо

Танд зориулах дуу:

4. Мэлхий (6/21-7/22)

Шинэ сарын мэнд, дур булаам "амьтан" минь! Гүнзгий амьсгал аваад угтан ирэх шинэ сардаа бэлтгэх цаг боллоо. Тавдугаар сарын 3-ны даваа гарагт од эрхсийн байдал танд "нааштай" боломжуудыг урин дуудах гэж байна. Энэ үед шинэ ажил эхлүүлэх, сайхан дурсамж бүтээхэд таатай үе. Сайхан дурсамжаа нандигнан хайрлах нь чухал боловч тавьж явуулж, шинэ зүйлд нээлттэй хандах нь чухал юм шүү. Тиймээс өнгөрсөндөө хүлэгдэж, одоотойгоо харьцуулан санаашрах хэрэггүй. Үргэлж "одоо" цагтаа амьдарч, аз жаргалыг дэргэдээсээ хайхын сайхан талыг энэ сард олж харна.

Дур татам ганц бие мэлхийн ордныхон шинэ хайр дурлалд нээлттэй хандах нь тустай. Сугар гарагийн нөлөөллөөр сээтгэнүүр, сэтгэл татам увидас тань нэмэгдэнэ. Хуучин амрагтайгаа холбоо тогтоож мэдэх ч үнэхээр таны хүссэн сонголт мөн эсэхийг магадлаарай. Сарын 11-ний мягмар гарагт үхрийн ордонд шинэ сар байрласнаар эрч хүчээ зузаатгаж, энергээ нөхөх таатай цаг ирнэ. Өөртөө анхаарал хандуулж, амттай хоол хийж, хайрттайгаа хамт цагийг тайван бөгөөд ая тухтай өнгөрүүлээрэй. 

Энэ сард санах үг: "Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Амралт, бүтэн нойр, инээмсэглэл, зурвас, жигнэмэг, халуун шоколад

Танд зориулах дуу:


5. Арслан (7/23-8/22)

Халуухан арслангууд минь, тавдугаар сард "ураад" өгөх цаг ирлээ! Ажил, амьдрал, амжилт гээд энэ сард ихийг амжуулах төлөвтэй байна. Сарын 3-ний даваа гарагт нийт ордныхны адилаар од эрхсийн таатай байрлал таныг ивээнэ. Энэ өдөр түнжин хагарсан эртний андтайгаа холбоо барих, хэн нэгэнд сэтгэлээ илчлэх, үргэлж дотроо  нууж явсан үгээ зоригтой хэлэхэд таатай байх болно. Удаан хугацаанд өөрийгөө нуусан арслангууд энэ сард тод гоёмсог хувцаслаж, нээлттэй байж, шинэ дурлалтай "учир ургуулна". Найз нөхдөө хамгийн ихээр хайрладаг арслангууд тэднээс халуун дулаан мэдрэмж авах болно. Найзын шугамыг давж "хайр дурлал" болгохыг хүснэ.

Хэн нэгэн танд таалагдаж байвал шууд хэлэх цаг яг одоо. Хэрэв мартмаар байгаа бол шууд мартах цаг яг одоо. Шинэ дурлалыг хүсч байвал зүгээр л зоригло. Бүх зүйл танаас өөрөөс тань шалтгаална гэдгийг санаарай. Хэрэв хэлэхгүй бол дараа нь харамсах болно. 

Энэ сард санах үг: "Асуудлыг шийдэх хамгийн зөв цаг үргэлж "яг одоо" байдаг". 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Инээд наргиан, шоглоом, сээтэгнүүр, гаатай чихэр, тэврэлт.

Танд зориулах дуу:

6. Охин (8/23-9/22)

Цэвэрч нямбай, сэтгэл татам цагаан өнгө шиг охин минь, догдлолоор дүүрэн тавдугаар сар таныг хүлээж байна. Шүүрээд авах уу, тавиад явуулна уу таны сонголт! Энэ сард өөрийн бодит байдал, хүсэл мөрөөдөл хоёроо шүүн тунгаахад тохиромжтой сар. 5 жилийн дараах амьдралаа төсөөлж, үнэхээр түүнийхээ төлөө хөдөлмөрлөж буй эсэхээ өөрөөсөө асуугаарай. Сарын 8-ны бямба гарагт гоо үзэсгэлэнг ивээгч Сугар гараг таныг ивээх болно. Танд сэтгэлээ илчлэх хүмүүсийг үл тоох хэрэггүй. Хайрттайгаа, краштайгаа, эсвэл бүр ганцаараа ч хайр дурлалын тухай халуухан яриа өрнүүлэхийг хүснэ. 

Өнгөрсөн сарыг багагүй нам жим өнгөрүүлсэн охинууд энэ сард шинэ мэдээгээр тасрахгүй тул сэтгэл санаагаа тайван байлгах бясалгал, йога, дасгал хөдөлгөөн хийхийг од эрхсийн зүгээс зөвлөж байна. 

Энэ сард санах үг: "Олон олон цэгүүд нийлж нэгэн шугмыг бүтээдэг".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Краш, ой санамжийн цэцэрлэг, бүдэг өнгө, нойр

Танд зориулах дуу:


7. Жинлүүр (9/23-10/22)

Үзэсгэлэнт жинлүүр минь, хорвоо дэлхийд хавар ирснийг мэдэрч амжаагүй л явна уу? Тэгвэл тавдугаар сар танд мэдрүүлэх болно. Энэ сард сэтгэл хөдлөл од эрхсийн нөлөөллөөр огцом нэмэгдэж, дээш доош ёстой савлах нь ээ. Гэнэтийн болзоонд яаран гарч, сэтгэл хөдлөлөөр бусдад хайрын зурвас илгээж, найзтайгаа романтик харилцаа үүсгэж мэднэ. Сарын дундуур хайр дурлалыг ивээгч гараг ихрийн ордонд байршсанаар та аз жаргалтай, амар амгалан, хамгаалагдсан байдлыг мэдрэх болно. Үнэхээр "драма" хэрэгтэй байвал сэтгэл хөдлөлөө чөлөөлөхөд л хангалттай. Гэхдээ хожим гарах үр дагаврыг бодоод үзэхэд гэмгүй. 

Хувийн амьдралын хувьд тогтвортой байх бөгөөд ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандахаас зайлсхий. Эс бөгөөс ажлын хамт олон, найз нөхдийнхөө итгэлийг алдах болно. 

Энэ сард санах үг: "Өөрийгөө хайрлах нь бүх хайрын эхлэл юм".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Драма, дурсамж, анхны үнсэлт, шуурга, салхитай өдөр

Танд зориулах дуу:


8. Хилэнц (10/23-11/21)

Хүчтэй зан төлөвөөрөө ялгарагч хилэнц таныг энэ сард ухаалаг сорилтууд хүлээж байна. Хийсэн үйлдэлдээ бусдыг буруутгах нь хамт олны харилцааг хөндийрүүлэх аюултайг санаарай. Ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших талаар бодоод үз. Сарын 8-ны бямба гарагт хайр дурлал, халуухан харилцаа эхлэх болно. Өөртөө итгэх итгэл, бусдыг хүндэтгэх хандлагаа тунгаах нь тустай. Хайртдаа, крашдаа цаг зав гаргаж, санаа тавих нь та хоёрын харилцааг бэхжүүлэх болно. Ганц бие хилэнцүүд бусдаас өөрийгөө тусгаарлан барьсан ханандаа багахан цонх гаргахад л шинэ сонирхолтой харилцаа эхлэх болно. Хүмүүс танд дурлахын тулд эхлээд танилцах, таньж мэдэх хэрэгтэй байдгийг санаарай. Эс бөгөөс сарын төгсгөлд хайр дурлалаар дутагдан суух вий. 

Өөртөө цаг гаргаж, үнэн хүслээ танин мэдэж, дурсамж, алдаанаасаа суралцах нь илүү өөдрөг, амжилттай, адал явдалтай нэг сарыг өнгөрөөх эхний алхам байх болно. 

Энэ сард санах үг: "Хүлээснээс зориглоод хийсэн нь дээр".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Нозоорох, эргэлзээ, сорилт, хөгжим, шинэ плэйлист, шинэхэн танил, гоё үнэр

Танд зориулах дуу:


9. Нум (11/22-12/21)

Зөөлөн бороотой тэнгэр шиг намуухан нум минь, тавдугаар сард тавтай морил! Өнгөрсөн сарыг эргэлзээ, төөрөгдөл дунд өнгөрүүлсэн бол энэ сард сэтгэл рүүгээ нэг сайн шагайж хараарай. Өөрийн гэсэн зан төлөв, байр сууриа бататгахад таатай сар иржээ. Ажлын хамтрагч, гэр бүлийн гишүүдээсээ халуун дулаан мэдрэмж авч, хайр дурлалаар төдийлөн дутахгүй л болов уу. Сарын 11-ний шинэ сарын нөлөөллөөр эрүүл мэнд доройтож мэдэх тул өөртөө анхаарч, амин дэмтэй хүнс хэрэглэх нь тустай. 

Өөрийн гэсэн орон зайгаа хадгалахын зэрэгцээ хосын харилцаандаа анхаарах хэцүү байдаг бол хайрттайгаа тухтайхан ярилцаад үзэх нь романтик мэдрэмжийг ахин сэрээх болно. Ганц бие нумууд энэ сард өөрийнхөө дур булаам, давтагдашгүй зан төрхийг улам их мэдэрнэ. Гэхдээ хайр дурлалыг хэзээ ч хүчилдэггүйг санаарай. 

Энэ сард санах үг: "Бүх хариулт сэтгэлийн гүнд бий".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хөөс, сэргэг, краш, мөстэй кофе, дур булаам шинэ танил, сээтэгнэл, хөнгөмсөг болзоо.

Танд зориулах дуу:


10. Матар (12/22-1/19)

Тавдугаар сард тавтай морил! Өнгөрсөн сард уйгагүй хөдөлмөрлөсөн матрын ордныхон энэ сард үр шимээ хүртэх болно. Гэхдээ амьдралаас аз жаргал мэдэрч, цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартуузай. Сарын 3-ны од эрхсийн хүчирхэг нөлөө шинэ алхам, зоригтой үйлдэлд хөтөлнө. Мөнгөнд санаа чилээж, гоо сайхандаа сэтгэл хангалуун биш байгаа бол түрхэн амсхийгээрэй. Та төгс байх албагүй, таны эргэн тойрон ч таныг төгс байлгахыг хүсдэггүй гэдгийг санаарай. 

Сарын 8-нд романтик учрал тохиож мэдэх тул бэлтгэлтэй бай. Хэрэв өөрөө хүсвэл эхний алхмыг хийхээр бүү ай. Та харамсахгүй. Үнэхээр хэн нэгэнд дурлачхаад байгаа бол аль болох "эвтэйхнээр" сэтгэлээ илчлээрэй. Хостой матрын ордныхон хайртдаа бэлэг өгч, сэтгэл гаргах нь харилцаанд зуны салхи мэт цэнгэг уур амьсгал оруулах болно. 

Энэ сард санах үг: Цэцэг, зуны сэвшээ, оройн болзоо, цангис жимс, гашуун үнсэлт

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: "Хэрэв та хүлээгээд л байвал... хүлээсээр л байх болно".

Танд зориулах дуу: 


11. Хумх (1/20-2/18)

Өнгөрсөн хугацааныхаа үр дүнг харах цаг боллоо, хумх минь. Бүтэн сарын нөлөөллөөр удаан хойшилсон ажил, төслөө хэрэгжүүлэхэд таатай сар эхэллээ. Сарын 5-нд хувийн амьдралд тань өөрчлөлт болохуйц томоохон үйл явдал тохионо. Энэ нь шинэхэн танилаасаа зурвас хүлээн авах, болзоонд уригдах, гэнэтийн бэлэг хүлээн авах гээд ямар ч байдлаар илэрч мэдэх тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Та хүлээцтэй тайван суугаад тэр бүх анхаарал халамжид талархалтай байгаагаа илэрхийлэхэд л болно. 

Сарын 8-ний бямба гарагт од эрхсийн байрлал нийт ордныхны сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлөх тул бусдаас ирэх аливаа сөрөг мэдрэмжийг хүндээр бүү хүлээн аваарай. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох нь сэтгэл зүйд тустайг санаарай. Олон сар ганцаардаж, ганцаараа явсан ганц бие хумхууд энэ сард шинэхэн хайр дурлал эхлүүлэхэд таатай. 

Энэ сард санах үг: "Гэнэтийн догдлолд арагш суух хэрэггүй. Та аз жаргалтай байх эрхтэй".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Сэтгэл догдлол, романтик инээдмийн кино, нөхөрлөл, тоглоом шоглоом, амттан шиг зурвас

Танд зориулах дуу:


12. Загас (2/19-3/20)

Хонгорхон жараахай минь, тавдугаар сар ирлээ дээ. Өнгөрсөн сард хүчирхэг байж, сэтгэлээ амар амгалан байлгасанд чинь баяр хүргэе. Юун түрүүнд энэ сард азтай одтой байхыг дуулгахад таатай байна. Сарын 3-ны Сугар гарагийн нөлөөллөөр та гэнэтхэн олны хараанд өртөх болно. Өөрийн гэсэн хязгаартай байж, хувийн орон зайдаа хүндэтгэлтэй хандахад буруудахгүй. Харин ч нэр хүндийг тань өсгөж, шинэхэн дурлалтай тань холбох гүүр болж мэднэ. Зөвхөн хайр дурлалаар зогсохгүй хамтын хүрээллээ ч өргөжүүлэхэд таатай сар. Сэтгэлээ амар амгалан байлгаж, халуун ваннд хэвтэн, амттангаар өөрийгөө дайлаарай. Гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барьж, бага багаар хөндийрсөөр байгаа найзтайгаа холбогдох нь сэтгэлийг тань сэргээх болно. 

Үнэхээр юу хүсч буйгаа мэдэхгүй байвал хэзээ ч түүнийгээ авахгүй гэдгийг санаарай. 

Энэ сард санах үг: "Бэлтгэлтэй хүнд л боломж ирдэг".

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Шоколад, сэтгэлийн амар амгалан, үл таних догдлол, гэнэтийн бэлэг, шинэ зураг, яруу найраг

Танд зориулах дуу:

Illustrations: Lisa Vanin <3 

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвийн ХӨГЖИЛТЭЙ 15 пост, meme
2
18 цагийн өмнө
“Internship 2k21” судлаач оюутан хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
3
20 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
санал болгох
1
20 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
16
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nomin 2021.05.03 172.69.45.135

So creative✨

0 Хариулах