Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн топ эрх мэдэлтнүүд | Тэдний ялгаа


Аливаа улс үндэстэн төрийн ямар хэлбэртэй байх нь хүсэл зоригийн хэрэг байдаггүй. Тухайн улсын туулж өнгөрүүлсэн түүх, төрт ёсны уламжлал, геополитикийн нөхцөл, шашин суртал, ёс заншил зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. 

Тэгвэл төрийн дээд албан тушаалыг хэн хэрэгжүүлж буйгаар нь төрийн удирдлагыг хаант болон бүгд найрамдах улсад хуваана. Бүгд найрамдах улс нь дотроо парламентын, ерөнхийлөгчийн болон холимог гэх засаглалын хэлбэрүүдэд давхар хуваагддаг. Эдгээр олон хуваагдлын дүнд эрх мэдлээрээ хамгийн “дээр” залрах албан тушаал юу вэ? Тэдгээр албан тушаалыг хашиж буй хүмүүстэй танилцацгаая.

Ерөнхийлөгч | President

Ерөнхийлөгчийн засаглалтай оронд төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх "Ерөнхийлөгч" гэх нэг субъектэд төвлөрдөг. Манай ойрын хөрш болох ОХУ нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд ерөнхий сайдыг ч бас ерөнхийлөгч өөрөө сонгох давуу эрхийг эдэлнэ. Харин Франц улсад ард түмэн ерөнхийлөгчөө сонгон, парламент ерөнхий сайдыг сонгож, тэд хамтдаа гүйцэтгэх эрх мэдлээ хуваан хэрэгжүүлдэг. Энэ утгаараа Франц улс нь холимог буюу хагас ерөнхийлөгчийн засаглалтай орны тоонд ордог байна.

Сонирхуулахад, ерөнхийлөгч гэсэн албан тушаал анх АНУ-д бий болсон түүхтэй. Тиймдээ ч хамгийн сонгодог ерөнхийлөгчийн засаглалтай орон бол АНУ юм. Америкт ерөнхий сайд гэсэн албан тушаал огт байдаггүй учир ерөнхийлөгч ганцаараа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байна. 

Ерөнхий сайд | Prime Minister 

Парламентын засаглалтай оронд засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байна. Зарим тохиолдолд Ерөнхий сайд нь хууль зүйн байгууллагын гишүүнээр ч ажилладаг. Монгол Улсын хувьд парламентын засаглалтай учир энэ ангилалд багтах ба ерөнхий сайд нь засгийн газрын тэргүүний хувьд гүйцэтгэх засаглалын сайд нарыг удирдан чиглүүлдэг. Харин ерөнхийлөгч хуулийн хүрээнд ямар эрх мэдэлтэй байдаг талаар Ерөнхийлөгч "бүх юмны дарга" мөн үү? нийтлэлд дэлгэрэнгүй тайлбарласан билээ. 

Мөн Их Британи, Австрали, Канад, Энэтхэг болон Итали зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай орнууд засаглалын хувьд Ерөнхий сайд гол эрх мэдлийг атгадаг. 

Дашрамд дурдахад, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2018 онд дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын эхний аравт шалгарч байжээ. Форбс сэтгүүлээс гаргасан тус жагсаалтыг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тэргүүлсэн байна. 

Канцлер | Chancellor

Канцлер гэх нэршлийг герман хэлтэй орнуудад ихээхэн ашигладаг. Гол хийдэг ажил нь ерөнхий сайдтай ихээхэн төстэй. Герман улсад канцлер нь засгийн газрыг тэргүүлдэг бөгөөд ерөнхийлөгчөөс ямар нэгэн хамааралгүйгээр үүрэгт ажлаа гүйцэтгэдэг. Харин ерөнхийлөгч нь канцлерын зөвлөмжийн дагуу Засгийн газрын сайд нарыг томилж, чөлөөлдөг байна. 

Германы одоогийн канцлер болох Ангела Меркел нь сүүлийн 15 жил канцлераар ажилласан бөгөөд энэ оны сонгуулиар үүрэгт ажлаа өгөх төлөвтэй байгаа аж. Төмөр хатагтай гэгдэх түүнийг Форбс сэтгүүл 10 удаа "Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй"-гээр нэрлэж байв. 

Хаан хатан | Queen and King

Өнөө цагт "хатан, хаан" гэх нэршил нь тухайн улсын үндэстний онцлогийг илтгэх, бэлгэ тэмдгийн шинж чанартай хаант төрийн тэргүүн гэсэн утгаар хэрэглэгддэг. Хаан хатад нь засаг төрийн хэрэгт шууд оролцохгүй бөгөөд засгийн газрыг ерөнхий сайд нь удирдана. Их Британи, Нидерланд, Норвеги зэрэг улсууд өөрсдийн гэсэн хаан хатантай байдаг. 

Их Британийн хатан хаан II Элизабет нь үндэстний болон олон улсын тавцанд улс орноо төлөөлөх ба төрийн тэргүүний бэлгэ тэмдгийн үүргийг гүйцэтгэдэг аж. 

Дээд удирдагч | Supreme Leader

Умард Солонгосын төрийн тэргүүн, дээд удирдагч Ким Чен Ун нь засгийн газрын тэргүүн болон Ажилчдын намын дарга гэсэн албан үүргүүдийг хамтад нь гүйцэтгэдэг ганц хүн юм. Тэрбээр улс орны хамгийн дээд эрх мэдэлтэй нэгэн бөгөөд ард иргэд нь түүнийг "Хүндэт удирдагч", "Маршал" гэх мэтээр дууддаг байна. 

Дээд удирдагчийн өөр нэгэн жишээ бол Иран улсын шашны дээд удирдагч Али Хамение юм. Тэрбээр цэрэг арми, засгийн газар болон шүүх засаглалыг удирдах бөгөөд Иран улсын ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй ажээ. 

Дээрх албан тушаалууд нь улс орон бүрд өөр өөр утга, эрх мэдлийн хэмжээг илтгэдэг болохыг анзаарсан байх. Парламентын засаглалтай улсад ерөнхий сайд ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй. Эсрэгээрээ ерөнхийлөгчийн засаглалтай улсад ерөнхийлөгч хамгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Улс орон бүр өөрт таарсан засаглалын хэлбэрийг сонгохоос гадна, өөрсдийн онцлогт тохируулан багахан өөрчлөлтүүдийг хийх боломжтой юм. Жишээлбэл, БНХАУ нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэгдэх боловч сонгосон тогтолцоогоо хэрэгжүүлэхдээ парламентын болон ганц намын бодлогыг хослуулан барьдаг байна.

Бэлтгэсэн: Б.Уранзаяа


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.