Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Улс төр танаар "оролдож" эхлэхээс өмнө уншвал зохих 10 ном


"Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно" гэж эртний Грекийн сэтгэгч Перикл хэлсэн байдаг. Зарим хүн нийгмийн даатгал төлөхийг хүсэхгүй, бүр төлөхгүй ч байж болно. Харин үр дүнд нь тэд тэтгэвэр авах боломжгүй болдог. Залуучууд сонгуульд оролцох сонирхолгүй байж болно. Үр дүнд нь сонгуульд оролцсон хүмүүс хүссэн төлөөллөө гаргаж, цаашлаад өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулна. Товчоор, бид үүнээс зугтаж болох ч улс төр бидний эрх, ашиг сонирхол, өдөр тутмын амьдралд шууд ба шууд бусаар нөлөөлөхийг болиулж чадахгүй юм. Тиймээс бид улс төрөөр оролдохоос өөр замгүй. Тэгвэл энэ тоглоомд оролцож эхлэхээс өмнө нийгэм, төр, ардчилал, хууль гэх мэт амин чухал ойлголтуудын талаар мэдлэгээ бататгахад тань туслах 10 классик бүтээлийг танд санал болгож байна. 

Платон – “Бүгд найрамдах улс”

Энэхүү бүтээл нь НТӨ 375 онд бичигдсэн бөгөөд анхны ёс суртахууны философич гэгдэх Сократын амаар үлдээсэн сургамжийг түүний шавь Платон бичиж үлдээсэн байна. Платоны үзсэнээр улс орныг хамгийн мэдлэг туршлагатай нэгэн удирдах ёстой. Харин өөр шиг нь философич хүмүүс үргэлжид хорвоо ертөнцийн талаар эргэцүүлж байдаг учраас үнэнч шударга удирдагчид болж чадна гэжээ. Энэхүү зохиол нь “ардчилал” гэх үг улс төрийн орчинд үүсэхээс өмнө бичигдсэн бөгөөд ардчилсан засаглалтай өнөө цагийн барууны орнуудад улс төрийн үндсийг тодорхойлж өгсөн сонгодог бүтээл юм.

Жан Жак Руссо – “Нийгмийн гэрээ”

Францын философич Руссо 1762 онд төр ба ард түмний хоорондох нийгмийн гэрээний тухай эсээгээ хэвлүүлж байжээ. Тухайн үеийн Францын төр зөвхөн элит хэсэгт үйлчилж, хаант засаг нь өөрийн хүслээр хууль баталдаг байв. Харин Жан Жак Руссо хууль дүрэм нь ард түмний саналыг шингээж байж л батлагдах ёстой гэж үзсэнээрээ Францын хувьсгалын эхлэлийг тавьжээ. Тухайн үед тулгарч байсан нийгэм, улс төрийн асуудлууд орчин цагт ч хүчинтэй хэвээр байна. 

Карл Маркс, Фредерик Энгэлс – “Коммунист намын тунхаг”

Энэхүү улс төрийн тунхаг бичгийг 1848 онд Германы философич Маркс, Энгельс нар бичсэн бөгөөд капиталист нийгэм болон үйлдвэрлэлийн горимын хил хязгаар, хэр хол явахыг нь судалжээ. Тэдний үзсэнээр, энэ янзаараа бол капиталист нийгэм оршин тогтнох аргагүй болж хүчээр түлхэгдэн унах бөгөөд түүний орыг социализм эзэлнэ гэжээ. Хожимоо 1870-аад оны үеэр Европт социал-демократ намууд мандаж эхлэхдээ уг тунхаг бичгийг гол эх сурвалжаа болгов. Сүүлд 1917 онд ЗХУ-ын коммунист хувьсгалын үеэр ч тус бүтээл нь эх бичвэрийн үүргээ биелүүлсэн байна.

Жорж Оруэлл – “1984”

Утга зохиолд өргөн хэрэглэгддэг “дистопи” гэх ойлголтын гол төлөөлөгчдийн нэг нь Жорж Оруэлл билээ. Дистопи гэдэг нь утопи буюу төгс төгөлдөр, идеал төлөв байдлын эсрэг ойлголт юм. Энэхүү ном нь 1949 онд хэвлэгдсэн бөгөөд ирээдүйн нийгмийг хар бараанаар төсөөлөн бичсэн уран зөгнөлт бүтээл юм. Тухайн зохиолд худал хуурмаг, суртал ухуулга, хараа хяналтаас бүрдсэн тоталитар дэглэмт нийгмийн талаар өгүүлдэг. Оруэлл энэ бүтээлээ Сталины эрин үеэс сэдэвлэн бичсэн бол рок хөгжмийн төлөөлөл болох Дэйвид Боу тус романаас сэдэвлэн “Diamond Dogs” цомгоо гаргасан байна. Түүнчлэн Оруэллийн “Амьтны ферм” романаас алдарт Пинк Флойд хамтлаг “Animals” цомгоо сэдэвлэн бүтээж байжээ.

Ноам Чомски – “Deterring Democracy”

Философич, улс төрийн тэмцэгч, нийгэм шүүмжлэгч Ноам Чомски нь “орчин цагийн хэл шинжлэлийн эцэг” гэгддэг бөгөөд 150 гаруй зохиол бүтээл туурвижээ. Тэрээр 1991 онд хэвлүүлсэн “Deterring Democracy” гэх бүтээлдээ АНУ Дэлхийн 2-р дайнаас хойш өдийг хүртэл дэлхий дахины бүхий л асуудалд хэрхэн оролцсон талаар өгүүлжээ. Чомски АНУ-ыг эдийн засаг цэрэг зэвсгийн хувьд дэлхийд ноёрхсоор байхын тулд хийсэн эзэрхэг түрэмгий үйлдлийг шүүмжилсэн байна. Тэрээр тус ноёрхлыг авторитар дэглэмтэй зүйрлэж 20-р зууны сүүлчийн хагаст АНУ нь ардчиллыг түгээн дэлгэрүүлэхээс илүүтэйгээр байгалийн нөөц, хүчин чадал гээд бүхий л зүйлийг атгандаа оруулахаар тэмцсэн гэжээ.

Нельсон Мандела – “Long Walk to Freedom”

Энэхүү ном нь Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нельсон Манделагийн 1994 онд бичиж хэвлүүлсэн намтарчилсан бүтээл юм. Гол агуулга нь түүний олон жилийн турш өрнүүлсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхлын эсрэг тэмцэл болон 27 жилийн турш шоронд хоригдсон талаар өгүүлдэг байна. Өмнөд Африк улс хэрхэн Манделагийн удирдлага дор олонхийн засаглалд шилжсэн талаарх улс төрийн чухал бүтээл юм. 

Умбэрто Эко – “Фашистыг хэрхэн таних вэ?”

Умбэрто Экогийн эрх чөлөө, фашизм, цензур зэрэг сэдвүүдээр бичсэн гурван өөр эсээг багтаасан эл бүтээл өнгөрсөн жил хэвлэгдсэн билээ. Түүний “Ur-Fascism” гэх 1995 онд бичигдсэн эсээ нь Дэлхийн 2-р дайны дараа Итали улсад өссөн бага нас, фашист Муссолинийн засаглалын үеийн тухай бодит туршлага дээр үндэслэсэн юм. Тус эсээнд фашист дэглэмийн 14 онцлогийг жагсаасан нь хэт уламжлалт байдал, орчин үеэс татгалзах, онцлог шинж чанарыг үгүйсгэх, популизм, бусдыг доромжлох, ухуулга хийх зэрэг шинжүүд багтсан байна. Үлдсэн хоёр эсээ нь цаг хугацааны хувьд сүүлд бичигдсэн тул илүү орчин үеийн нийгэмтэй холбоотой байна.

Карл Шмитт – “Улс төрийн тухай ойлголт”

Эрхзүйн онолч, улс төрийн философич Карл Шмиттийн хамгийн нөлөө бүхий, маргаантай зохиол болох “Улс төрийн тухай ойлголт” нь 1932 онд хэвлэгджээ. Хүн өөрийн дайсан хийгээд дотны нөхрийг хэрхэн ялгаж буйгаар улс төрийн хандлага нь үүсэж эхлэдэг тухай түүний онол нь олны анхаарлыг татдаг байна. Хэрэв аль нэг улс төрийн бүлэглэл өөрсдийгөө “хүн төрөлхтний төлөө тэмцэж байна” гэж тодорхойлбоос тэдний хувьд өрсөлдөгч талууд нь хүн биш юм. Тэд ёс суртахууны төлөө тэмцэж байна гэж хэлэх тусам дайснаа ямар шударга бусаар замаасаа зайлуулах магадлалтай гэнэ. Түүний үзсэнээр либерализмын суурь болсон хувь хүний эрхийг дөвийлгөх хандлага нь, хүн өөрийгөө төрийн төлөө зориулахыг үгүйсгэдэг гэжээ. 

Оскар Уайлд – “The Soul of Man under Socialism”

Оскар Уайлд 1891 онд бичсэн эсээндээ либертари-социалист үзлийг тайлбарласан бөгөөд буяны ажлын мөн чанарыг шүүмжилсэн байдаг. Түүний үзсэнээр ихэнх хүмүүс эрүүл бус хэтэрсэн их алтруизмаас болж өөрийн амьдралыг сүйтгэдэг. Өөрсдийн үнэн мөн чанар, авьяас чадварыг нээхийн оронд капиталист нийгмээс үүссэн асуудал бүрийг шийдэх гэж хамаг цагаа бардаг гэжээ. Тэдгээр хүмүүс ядуурлыг арилгах гэж сэтгэл зүрхээ зориулах боловч энэ нь өвчнийг анагаах бус улам л тэтгэнэ. Харин ядууралд живсэн энэ байдлыг үгүй хийх, нийгмийн бүтцийг байгуулах нь хамгийн зөв юм гэжээ.

Монгол Улсын Үндсэн Хууль

Аливаа орны үндсэн хуульд тухайн улсын төр засгийн талаар мэдэж болох бүхий л зүйл багтсан байдаг. Цөөхөн хуудастай, алгын чинээ энэхүү хууль нь таны амьдарч буй нийгэм ямар дүрмийн дагуу өрнөж буйг ойлгох гарын авлага юм. Тиймээс өөрийн эрх үүрэг, үндэстний үнэт зүйлээ ойлгохын тулд Үндсэн хуулиа нэг ч удаа болов уншиж үзэх хэрэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.05.27 202.126.89.171

Noam Chomsky-giin Manufacturing consent bas unshwal zugeer bolov uu

0 Хариулах