Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Нэр дэвшигчид энэ өдрийг хэрхэн бүтээв?


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сурталчилгааны хуанлийг эргүүлэв. Тэдний хувьд өнөөдрөөс өмнө хэн байснаас үл шалтгаалан ижил гарааны зурхайд зогслоо. Төрийн тэргүүн байх боломжийг адилхан атгасан эхний өдрийн анхны сэтгэгдэл халуун байхаас олон зүйл шалтгаалах болно. Ерөнхийлөгчийн буухиаг тэд өөр өөрсдийнхөөрөө хэрхэн бүтээснийг дор тоймолъё.  

МАН: У.Хүрэлсүхийн гэр бүл

Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар олны өмнө анх гарахдаа өнөө жил хуримынхаа 30 жилийн ойг тэмдэглэж буй эхнэр Л.Болорцэцэг, охин Х.Номундарь, Х.Мандухай нараа дагуулав. Гэр бүл нь түүний имиж бүрдүүлэлтийн чухал хэсэг, улс төрд 30 жил яваа өөрийгөө шинээр таниулахад чиглэсэн гол харц болгож буйг илэрхийлж байна. Монгол орон хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалгүй, Ерөнхийлөгч хэн байхаас улс төрийн бодлогын цөм тодорхойлогддог улс биш боловч гэр бүлсэг, элгэн садансаг уламжлалтай монголчуудын хувьд Тэргүүн хатагтай, Ерөнхийлөгчийн үр хүүхдүүд ямаршуу хүмүүс байдгийг сонжих нь энэ сонгуулийн соёл болсон билээ. 

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр 2000 онд сонгогдсоноос хойш 21 жилийн турш хэвлэлийнхний анхааралд байж олонд танигдсан хэдий ч хувийн амьдрал, гэр бүлийнхнээ нууцалсаар ирсэн. Харин улс төрийн карьерынхаа хамгийн өндөр цэгт У.Хүрэлсүх ийнхүү гэр бүлдээ хариуцлага үүрүүлсэн өдөр байв.

Түүний охид энгийн даруу хэв маягтнуудад ч, ажил хэрэгч хэсэгт ч, эсвэл нийслэлийн гангацуулын нүдэнд ч өөлөгдөөд байхааргүй төв хувцаслажээ. Харин эхнэр нь багш нар баяраараа нэг иймэрхүү гоёлтой ирдгийг санагдуулам танил дол харагдсан. Гэргий Л.Болорцэцэг Монгол Улсын төв цэг дэх жанжин Д.Сүхбаатарын талбайгаас сүү өргөн ханийнхаа “дөрөөг” мялаасан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампаниудад хэрэглэж байгаагүй зан үйл байлаа. Ёс төртэй монгол айлын эзэгтэй болгоны үйлддэг заншлыг төрт ёсонд авчирсан шинэлэг “хөтөлбөр” болов.

Түүний уриа “Баялагтаа эзэн Монгол” гэжээ. У.Хүрэлсүхээс илүү ялгуун үг хүлээгсдийн урам хугарчээ. “Өөрийгөө баялгийн эзэн гэх гэв үү” гэж асуух нь ч байна. “Эрдэнэтийг төрд авч мөнгө хамснаа, Асгатыг цэрэг дайчилж хурааснаа, уул уурхайн орлогыг иргэдэд халамж болгон тарааснаа хэлж байна уу” гэсэн нь ч бий. Улс төрийн сонгуулийн уриа үг ямар байхыг шийдэлцсээр ирсэн, хэл бичгийн найруулгын чадвараар улстөрчид дундаа гярхай У.Хүрэлсүх яагаад ийм уриа дэвшүүлснийг энэ өдрөөс хойш тайлбарлах мөрийн хөтөлбөрөөс танигдана гэж найдъя. 

УИХ-ын гишүүн Н.Учрал гурван намын нэр дэвшигчдэд баяр хүргэсэн хүмүүсийн дотроос “энгэрээс сүү асгарам” эмоцтой үг хэллээ. Амьдралын эрхэм зүйл хийгээд хүсэл шуналын тухай У.Хүрэлсүхийн нам нэгт дүү хүүгийнх нь үг зүгээр л сэтгэл хөдөлгөөд бүү мартагдаасай билээ.     

АН: С.Эрдэнийн тэмцэл

Содномзундуйн Эрдэнэ өнөөдөр намынхнаараа хань хийв. Ардчилсан нам урьдынхаараа бүрэн бүтэн байгаа мэт, тэд гудамж талбай дүүргэн олуулаа байхыг харах сайхан юм. Тамга залгамжилсан М.Тулгат дарга, “алтан хараацай”, улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын гишүүд, дэмжигчид түүнд баяр хүргэж хамт зогслоо. 

С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших бүхий л үйл явц АН хэрхэн хагарсан, туйлдсаныг зовиуртайгаар гэрчлэн үргэлжилж энэ хүрсэн билээ. Улс төрийн том намын нэр төр гэж амьд зүйл байдаг бол уйлмаар, бүр бархирмаар болсон байх. Монголын улс төрд эрх баригч МАН-тай өрсөлдөхүйц хүчирхэг нам байдгийг өөрийн манлайллаар шинээр нотлох хувь улстөрчийн шархтай амбийцыг С.Эрдэнэ тэвчээртэйгээр зуусаар энэ өдөрт ирсэн. Түүн шиг элдвийг үзсэн хүн л ингэж чадах байв. Улс төрд МАН-тай ана мана өрсөлдсөөр ирсэн АН-ын түүхийг үргэлжлүүлэх гэсэн хүчин чармайлт нэр дэвшигч С.Эрдэнийн гол имиж болох нь илэрхий байна. Харин эрх баригч намаас дэвшсэн У.Хүрэлсүхтэй ач тач өрсөлдөх, эсэх эргэлзээтэй. Яг л төрөлх нутагтаа, УИХ-д төлөө нь ажилласан иргэддээ гологдсон Х.Баттулга Төрийн тэргүүн болно гэдэгт итгэхгүй байсан дөрвөн жилийн өмнөх шиг. С.Эрдэнэ ч бас нэг жилийн өмнө болсон УИХ-ын сонгуульд ван нь байсан тойрогтоо өвдөг шороодож, удирдсан намаа хүртэл унаган тамганы явдлаараа шүүх хүрсэн гашуун түүхтэй билээ.    

С.Эрдэнийн “Дарангуйлалгүй Монгол” уриа олон нийтэд эхний сонсголоор таалагдсангүй. Ер нь алив үгийн араас залгадаг “-гүй” хэмээх нөхцөл үгийн хүчийг сулруулдаг агаад утгыг нь үлбэгэр болгодог гэмтэй. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх нэр төр, үүрэг хариуцлагыг хуулиар хүлээдэг албан тушаал атал С.Эрдэнэ энэ уриагаараа хэрэв сонгуульд ялбал ард түмний сонголтоор МАН-ын олонхиос бүрдсэн УИХ, Засгийн газартай хамтарч ажиллахгүй, сөрж тэмцэхээ нэгэнт зарлав. Ерөөс тэр МАН-ыг далд утгаар “дарангуйлагч” хэмээн үзэж, 2020 онд иргэдийн өгсөн саналыг буруушааж буйгаа илчилж орхилоо. 

АН-ын нэр дэвшигчийн “Дарангуйлалгүй Монгол” урианаас ялалтыг онилсон зорилго биш, намаа л сурталчлах боломжийг ашиглах улстөржсөн алхам уншигдана.

ХҮН: Д.Энхбатын мөрөөдөл

Дангаасүрэнгийн Энхбат өнөөдөр мөрөөдөлтэй хүн байлаа. “Мөрөөдөл” гэдэг дандаа гоё, дандаа шинэ байх агаад, бас эрсдэлтэй ч хамгийн их тулдаг. Д.Энхбатын өнөөдөр өгүүлснээс үзэхэд, кампанит ажилд  нь улс төр гэхээсээ хүсэл мөрөөдөл гэх агуулга зонхилох бололтой. “Зөв ХҮН электорат” эвслээс олон нийтийн дунд явуулсан цахим асуулгаар нам бус, инженер түүний нэрийг тодруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн нь ч, энэ эвслийн боловсруулсан мөрийн хөтөлбөрт дэмжигчдийнх нь хүсэл мөрөөдлүүдийг тусгасан нь ч яг л мөрөөдөл шиг ихэд гэгээн явдал болж байна. Д.Энхбат “Энэ бүхэн яг зүүд шиг санагдаж байна” хэмээсэн нь ямар ч улс төрийн агуулгагүй, элдэв жүжиггүй түүний үнэн юм.  

Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт Д.Энхбат  итгэж байна. Тэр Ерөнхийлөгчөөр сонгогдвол хийх хамгийн эхний алхмаа зарлалаа. Д.Энхбат нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан Ерөнхийлөгчийн институцыг ажиллуулах аж. Тэгэхээр түүний баг нэг намын бус олон намын төлөөлөл бүхий мөрөөдлийн "парламент" байх шинжтэй. 

Д.Энхбат “Монгол чадна” гэдэг уриатай оролцож байгаа нь Ерөнхийлөгчийн өмнөх сонгуульд ялалт авчирсан “Монгол ялна” урианы хувилбар болжээ. Тэрбээр энэ уриагаа “Монголчууд бид гурван саяул оролцвол хөгжиж чадна” хэмээн задалсан байна.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ирээдүйн тэргүүн хатагтайн загвар болж байсан Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэг харин өнөөдөр “магтсан хүүхэн хуриман дээрээ” гэгч боллоо. Тэр өнөөдрийн гол баатартаа цэцэг барьснаас өөрөөр анхаарал татсангүй, арын эгнээнд зогсоод харив. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

arai2 2021.05.27 37.120.234.215

shitty post

0 Хариулах


зочин 2021.05.24 64.119.18.8

... Тэгэхээр түүний баг нэг намын бус олон намын төлөөлөл бүхий мөрөөдлийн парламент байх шинжтэй. Энэ хэсэг ташаа мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн институт яахаараа парламент болчихдог билээ? Залруулна байгаа.

0 Хариулах