Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Танилын хүрээгээ тэлмээр байвал эхлээд “Би яаж туслах вэ?” гэж бод, үйлд


Барууны санхүүгийн ертөнцийн нэр хүндтэй сэтгүүлч, хөтлөгчөөс Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дэд дарга, улмаар хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал болсон Бетти Льюгийн "Ухаалаг ажиллах нь" ном монгол хэлнээ орчуулагдан гарсан билээ. 

Карьер хөгжлийн чиглэлийн бүтээл болох "Ухаалаг ажиллах нь" номын “Танилын сүлжээгээ тэлэх нь” хэмээх бүлгээс нетворкинг хийнэ гэдэг нь яагаад өгөх тухай асуудал гэдгийг ойлгож болно. Энэ тухай онцолсон номын хэсгээс сонирхуулъя.

... Хэт өөрийгөө боддоггүй байх ёстой. Бодит амьдрал дээр, амжилттай нетворкинг хийхийн тулд, хэн нэгэнтэй холбоо харилцаа тогтоож чаддаг байхын тулд тэр хүний төлөө юу хийж чадахаа эхлээд бодох ёстой. Танил санагдаж байна уу? Энэ бол бусдаас хүндлэл хүлээх алхам. “Би яаж туслах вэ?” гэдэг байдлаар боддог, үйлддэг болбол эргэн тойрныхонтойгоо харилцах харилцаагаа өөрчилж, илүү гүнзгий харилцаа үүсэх болно. 

Энэ сэдвээр ярилцахаар би өөрийн сурч байсан Пенсильванийн их сургуулийн Уортоны бизнесийн сургуулийн профессор Адам Грантад хандсан юм. 2013 оны гуравдугаар сар хүртэл Адамыг хүмүүс бараг мэддэггүй байлаа. Харин New York Times сэтгүүлд судалгаа, номынх нь талаар “Өг, тэгээд ав” гарчигтай нийтлэл гарснаар манлайлал, амжилтын талаарх түүний дуу хоолой олон нийтэд хүрч, эрэлттэй нэгэн болж хувирсан. Тэрбээр өгөхийн хүч юунд оршиж байгааг тайлбарлахад судалгааны ажлаа голчлон чиглүүлж, “Амжилтад хүрэхийн нууц нь өгөх үү?” хэмээх гарчгаараа маш ойлгомжтой илэрхийлжээ.

Адамын нетворкинг хийхдээ баримталдаг арга барил нь бусдад гар сунгах. Тусламж эрсэн хүмүүст цаг хугацаа, нөөц боломж, эрч хүчээ зориулах хэмээн үүнийг өөрөөр тайлбарлаж болно. Тусламж, зөвлөгөө хүссэн хүмүүс өдөр бүр түүн рүү мэйл илгээнэ. Хэн нэгнийг гар хоосон буцаасан тохиолдол бараг гараагүй тухайгаа ч судалгаандаа бичжээ. Бусдын төлөө гэсэн түүний цуцашгүй сэтгэл зүтгэл нийтлэл бичсэн хүнийг ч залхаагаад авсан болов уу гэмээр санагдаж байв.

Би түүнтэй холбогдож, надад яаж хандахыг нь тандаж үзэхээр шийдлээ. Нэгэн амралтын өдөр санал сэтгэгдлээ хэлэхийг хүссэн мэйл бичээд, түүн рүү 11:51 цагт илгээтэл ердөө ганцхан минутын дараа буюу 11:52-д дараах хариу ирсэн юм.

Сайн уу Бетти,

Чамаас мэйл хүлээн авсан нь туйлын сайхан хэрэг байна. Би чиний нэвтрүүлэгт маш дуртай. Хэлэлцээрийн талаар үзэл бодлоо хэдэн долоо хоногийн өмнө LinkedIn дээр бичсэнийг маань мэдээллийн хөтөлбөртөө оруулсанд маш их талархсан. 

Ном бичиж байгааг чинь сонсоход таатай байна. Асуусан асуултуудад нь хариулах миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Удахгүй илгээе.

Хүндэтгэсэн,

Адам

За гэвэл ёогүй гэгчээр нетворкинг хийхэд авахаасаа илүү өгөх нь яагаад чухал болохыг тайлбарласан нэлээд урт, гүн гүнзгий агуулгатай мэйл 20:00 цагийн орчимд ирсэн юм. 

Тэрбээр ийн бичсэн байлаа:

Нетворкингийн хувьд хүмүүс танилцсан нэгэнтэйгээ танилын хүрээ, мэдлэг мэдээллээ хуваалцах замаар “өгдөг”.

Нетворкинг хийхэд өгөх нь чухал; энэ нь илүү гүн гүнзгий, илүү өргөн далайцтай танилын сүлжээг үүсгэж, улмаар хийх ажлаа олж, тэр ажлаа гарамгай сурах боломж, гарцыг нээж өгдөг. Бидний ихэнх нь хүчтэй холбоо буюу сайн мэддэг, итгэдэг хүмүүстээ өгдөг ч энэ нь шинэ содон санаа олж авах боломжийг хумьдаг нь зарим баримтаар батлагдсан. Яагаад гэвэл бидний ойрын хүрээллийнхэн чиний хувьд улиг болсон мэдээллээ хуваалцсаар л байдаг. Тэдний танилуудын дунд бидний мэддэг хүмүүс олон бий. Энэ утгаараа эдгээр хүмүүсийн хооронд урсах мэдээллийн ихэнх нь чиний хувьд хуучин гэсэн үг.

Шинэ мэдээлэл олж авч, шинэ боломжийг алдалгүй атгахад туслах хоёр төрлийн холбоо бий. Идэвхгүй болон сул холбоо. Сул холбоо гэдэгт танилууд хамаарах бол идэвхгүй холбоогоор өмнө нь мэддэг байсан хүмүүсийг хамааруулж ойлгоно. Эдгээр хоёр бүлэгт хамаарах хүмүүс танаас өөр хүрээлэлд харьяалагдаж, олон янзын санаа бодолтой хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарч байдаг учраас мэдлэг, харилцаа холбооны үнэлж барамгүй эх сурвалж болдог. Калифорнийн их сургуулийн Дэвид Обстфелдийн хийсэн нэгэн судалгаагаар харилцан бие биеэ дэмжих боломжтой ажилтнуудыг тогтмол холбож өгдөг ажилтнууд инновацад хамгийн жинтэй үүрэг гүйцэтгэсэн үзүүлэлттэй гарсан. Үүнтэй адилаар, Жим Берри бид хоёрын олж тогтоосноор хамгийн бүтээлч ажилтнууд ажилдаа дур сонирхолтой байгаад зогсохгүй бусдад тус нэмэр болохын тулд маш шаргуу ажилладаг хүмүүс байдаг нь олон байгууллагын жишээнээс харагдсан билээ.

Ажлын хүрээнд бусдын төлөө алхам хийхдээ хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол өөрийгөө золиослох. Үргэлж бүх хүнд тусалж, бүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй ба үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс туйлдаж, бусдад ашиглуулах эрсдэлтэй. Миний судалснаар бусдын төлөө алхам хийх үр дүнтэй арга бол хэнд, хэзээ, хэрхэн туслахаа ангилж, тодорхой хязгаар тогтоох хэрэгтэй. Ямар хүмүүст туслах боломжтойгоо тодорхойлох, мөн туслалцаа үзүүлэхдээ аль нэг чиглэлээр мэргэших, хувийн ажилдаа гаргах цагаа хуваарилах зэргээр тодорхой дэс дараалал гаргаснаар хүмүүст туслангаа амжилт олох боломжтой.

Энэ бүгдийг нэгтгэн дүгнэхдээ Адам дараах байдлаар зөвлөсөн байв.

“Сайн мэддэггүй, эсвэл өмнө нь таньдаг байсан хүмүүст гар сунган тусал. Өмнөхөөсөө илүү их тусал. Гэхдээ заримдаа шилж сонго. Ингэснээр та өөрөө хэт хүнд байдалд орохгүй”.

Профессорын өгсөн мэргэн зөвлөгөө энэ байлаа.

Бэлтгэсэн: Э.Анхбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Amra 2021.06.14 202.131.248.198

cool!

0 Хариулах