Хайх зүйлээ бичнэ үү

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны тархвар судлаач, АУ-ы доктор Э.Тэмүүлэнтэй цаг үеийн нөхцөл байдал, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар ярилцлаа.  

- Сайн байна уу, ярилцлагаа яг одоо монгол улсад коронавирусийн халдвар авсан хэчнээн хүн байгаа вэ гэдгээс эхлэе. Та бүхний тооцоолж буйгаар шинжилгээнд хамрагдаагүй, нууц үедээ яваа гэх мэт бүх хүмүүсийг оруулж тооцоолбол орон даяар хэдэн хүн ковид туссан байх магадлалтай байна вэ? 

- Мэдээж өдөрт мэдээлэгдэж байгаа тохиолдлын тоо гэдэг бол нийгэмд байгаа нийт халдварын тодорхой хувь юм гэдэг нь ойлгомжтой. Нийт хүн амын хэдэн хувь халдвар авсныг тодорхойлохын тулд хэд хэдэн тоо харах хэрэгтэй л дээ. Үүний дотроос нийт шинжилгээнд эзлэх эерэг үзүүлэлтийн хувь хэмжээ 20%-иас дээш гарсныг харгалзан, мөн сүүлийн 14 хоногийн халдварын идэвхтэй тохиолдлуудыг тооцож үзээд одоогоор манай улсад 70 гаруй мянган хүн ковидын халдвар авсан байх магадлалтай гэж тооцоолж байна. 

- Цар тахлын одоогийн тархалт дээр суурилсан ямар тооцооллууд боловсруулаад байна вэ? Энэ хэвээрээ явбал төдийд тархалт буурна, хязгаарлалт тогтоовол ийм үр дүн гарна гэх мэт ямар нэг тооцоо судалгаа бий юу? 

- Янз бүрийн тооцооллууд байгаа. Гэхдээ нэг зүйлийг эхлээд ойлгох хэрэгтэй байна. Тооцоолол хийнэ гэдэг нь нэг ёсондоо ирээдүйг урьдчилан харах гэсэн шинжлэх ухааны оролдлого шүү дээ. Болоогүй байгаа зүйлийг урьдчилж тааварлах гэдэг маш хэцүү. 

Тэр дундаа халдварт өвчний урьдчилсан таамаг, тооцооллыг математик аргаар гаргах нь асар нарийн, мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан ажил. Монголд энэ чиглэлээр бэлтгэгдсэн хүний нөөц байхгүй. Одоогоор бид өөрсдийн хэмжээнд физикч, математикч, эпидемиологичид хамтраад хэд хэдэн төрлөөр математик загварчлал хийж үзэж байна. Гадаадын мэргэжилтнүүдтэй ч мөн холбогдож, хамтарч эхэлсэн. Загварчлал гаргахдаа хүмүүсийн зай барилт, нийгмийн амьдралын хөл хөдөлгөөн, үйл явдал, нөхцөл байдал зэргийг тооцоолж, түүн дээрээ үндэслэсэн таамаглалыг ашигладаг. Гэхдээ эцсийн эцэст энэ бүхэн бол таамаг. Хүмүүс хэр хөдөлгөөнтэй байхыг яг таг хэлж мэдэхгүй, хөл хорио тавьбал яаж хумигдахыг ч хэлж мэдэхгүй. Тиймээс бид эдгээр тооцооллын үр дүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Төрөл бүрийн хувилбар гаргаж үзүүлж буй боловч эдгээрийг таамаг гэдгийг л онцлон хэлмээр байна. 

- Тэгвэл яагаад зургаадугаар сарын 15-аас халдвар буурна гэсэн тооцооллыг тийм итгэлтэй зарлан тунхаглаж, хүмүүст хуурамч найдвар төрүүлчихэв ээ? Энэ аюултай огцом дэгдэлтийг яагаад тооцож чадсангүй вэ?

- Тухайн үед тийм тооцоолол байсан. Гэхдээ төрөл бүрээр гаргасан олон тооцооллуудын л нэг. Үүн дээр хүмүүсийн хөл хөдөлгөөн, халдвар авах, тархаах хурд хэмжээг нь арай дутуу тооцсон нь бодит байдлаас зөрөхөд хүргэжээ. Гол нь ийм тохиолдол байнга гарч байдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа энэхүү ковидын халдвар цоо шинэ учраас иймэрхүү тооцоолол хийхэд маш төвөгтэй байна. Дэлхий даяар ч гэсэн олон институтууд олон талаас нь тооцож үзээд, өдөр бүхэн шинээр загварчлаад л явж байна. Тиймээс аливаа нэг тооцоо судалгаанд бүрэн итгэж, баталгаа өгч огт болохгүй. 

Тухайн үед эрүүл мэндийн сайд маань жаахан түргэдээд, ийм зүйл хэлж яриа болов уу. Мэргэжлийн хүмүүс бид сайддаа сайн ойлгуулаагүй нь бидний буруу биз ээ. Ерөөсөө үүнээс цааш математик загварчлал бол төсөөллийн таамаглал дээр үндэслэж гардаг зүйл гэдгийг шийдвэр гаргагчид, сэтгүүлчид, олон нийтэд сайтар тайлбарлаж байх ёстой.

- Вакцинжуулалтаа өндөр хувь хэмжээгээр хийсэн Израильчууд хэвийн амьдралдаа орлоо гэж байна. Америк, Англи гэхчлэн бусад улс орнууд мөн л аж амьдрал нь нааштай эргэж байна. Гэтэл бид ч бас өндөр хувиар дархлаажуулалтанд хамрагдсан. Израиль дээр гарсан үр дүн бидэн дээр яагаад гарахгүй байна вэ? Бид юугаараа өөр байна эсвэл юун дээр алдаад байна?

- Израиль манай хоёр дээр хоёр ялгаатай чухал хүчин зүйл байна. Нэгдүгээрт хийлгэсэн вакцин өөр. Тэдний хийсэн Pfizer BioNTech бол шинэ РНХ технологит суурилсан бөгөөд вирусийн шинэ хувилбаруудын эсрэг ч өндөр үр дүнтэй байгаа нь харагдаж байна. Бидний хийлгэсэн Вероселл вакцины үр нөлөө 70%-тай байгаа нь хэдий харьцангуй өндөр боловч шинэ хувилбаруудын эсрэг ямар үр дүнтэй байхыг хараахан судлаж, дүгнэлт хийх болоогүй байна. Нөгөөтэйгүүр, бидний барьсан гол бодлого бол маш хурдан хугацаанд олон хүн дархлаажуулах явдал байсан. Өндөр үр дүнтэй вакцин олноор авах боломж бидэнд байгаагүй. Байсан сонголт маань л Синофарм үйлдвэрийн Вероселл. Гэвч үүнийг голох хэрэггүй гэдэг нь харагдаж байна. Учир нь одоо хийгдэж байгаа судалгааны дүнгүүдээс үзэхэд хэдийгээр арай бага үр дүнтэй боловч энэхүү вакциныг өргөн хүрээнд хийх нь өндөр үр дүнтэй бусад вакциныг бага хүрээнд хийснээс хамаагүй илүү хамгаалалт үүсгэж чадаж байна. Ингэснээр ялангуяа хүндрэл, нас баралтаас сэргийлэх тал дээр илүү ач холбогдолтой байгааг харж болно. Тиймээс би хувьдаа хятад вакцин хийсэн нь буруу стратеги байсан гэж үзэхгүй.

За хоёр дахь ялгаатай зүйл бол нийгмийн амьдралаа буцааж нээсэн хурд. Израиль манайхаас 3 сарын өмнө дархлаажуулалтаа эхэлсэн. Тиймээс нэгт, бид тэдний түвшинд хүрч, үр дүн мэдрэх болоогүй байна. Хоёрт, тэд дархлаажуулалтыг зугуухан хийж, энэ хоорондоо халдварын нөхцөл байдлаа сайтар ажиглаж, нийгэм олон нийтийн амьдралыг бага багаар, үе шаттай нээж байсан юм. Харин бид маш түргэн хугацаанд олноор нь дархлаажуулаад, түүнийгээ өндөр хувиар дархлаажууллаа гэж сэтгэл ханан, нийгэмд хуурамч тайвшрал өгч, хамаг юмаа нэг дор нээсэн. 

Хэдийгээр насанд хүрсэн хүн амаа өндөр хувиар дархлаажуулаад байсан нь үнэн боловч хүүхдүүдээ оруулаад тооцох юм бол нэлээн чамлалттай буюу дөнгөж 30-40 хувийн дархлаажуулалттай байх үед бүх юмаа өргөнөөр нээсэн шүү дээ. Нэмээд халдварын гинжин хэлхээ тасраагүй байхад ерөнхийлөгчийн сонгуулийн ажил, одон шагнал гардуулах ёслол, найр цэнгээн гээд халдвар тархах төгс орчинг үүсгэсэн учраас одоо ийм байдалд хүрээд байна. 

Мөн нэмж хэлэхэд, АНУ, Англи, Израилийн хувьд халдвар тархалт нь оргил үедээ манайхаас хамаагүй их байсан. Нэг сая хүн тутамд 1000 тохиолдол илэрч байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэдний хүн амын харьцангуй өндөр хувьд нь байгалийн буюу халдвар аваад эдгэсний дараах дархлаа аль хэдийн тогтжээ гэсэн үг. Тиймээс вакцины дархлаатай хавсраад үзүүлэлтүүд буурах тийшээ явах нь зүй юм. Харин бидний хувьд байгалийн дархлаа тогтсон нь хамаагүй бага учраас оргил үеэсээ уруудаж яваа улс орнуудтай шууд харьцуулах боломжгүй байна. 

- Өвдсөн болон нас барсан хүмүүсийн хэд нь бүрэн тундаа хамрагдсан байсан, мөн хамрагдаад хэд хонож байсан тухай нарийн тоо мэдээллийг иргэд хүсэж байна. Илүү тодорхой мэдээлэл яагаад өгөхгүй байна вэ? 

- Саяхнаас арай дэлгэрэнгүй тоо баримтууд мэдээллийн хэрэгслээр явж эхэлсэн байна билээ. Гэхдээ тэрийг харж дүгнэлт хийхдээ нэг зүйлийг анзаарахыг хүсэж байна. Тэдгээр тоог харьцуулснаар вакцины чадварыг үнэлэх боломжгүй юм. Учир нь вакцинуудыг өөр өөр бүлгийн хүмүүст хийсэн байгаа. Астразенекаг хариу арга хэмжээний багийнханд, Файзерыг дархлаа султай хүмүүст, Вероселлыг харьцангуй эрүүл, залуу хүмүүст гэхчлэн. Тиймээс ямар вакцин хийлгэсэн хүмүүсийн хэд нь өвдсөн, нас барсан зэргийг нэг түвшинд дүгнэх бололцоогүй тул нарийн мэдээлэх шаардлагагүй юм. Ерөнхийдөө вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн хувь бага байгаа шүү гэдгийг харуулахад хангалттай.

- Вакцин нас баралтыг бууруулж, хүндрэхээс сэргийлнэ гэж байгаа. Үүнд хэр итгэлтэй байж болох вэ? Яг энэ тал дээр хийж байгаа судалгаа байна уу? 

- Вакцин үйлдвэрлэгчдийн хийсэн датан дээр үндэслэсэн судалгаанууд хэвлэгдэж эхлээд байна. Монгол хүний биологийн шинж чанар нь өөр ямар ч үндэстнээс ялгаатай, онцгой зүйл үгүй. Тиймээс гадаадад хийгдэж буй судалгаанууд бидэнд ч гэсэн хамаатай гэсэн үг. Эдгээр судалгааг харахад бүх вакцин нас баралт, хүндрэлээс маш сайн хамгаалж байгаа нь үнэн. Ерөөсөө бүгд 90%-иас дээш үр дүнтэй байгаа.

Гэхдээ мэдээж бидэнд үндэсний судалгаа хэрэгтэй, хийгээд ч эхэлсэн. Нэлээн нарийн, хувь хүний түвшний, нас, хүйс, өвчний түүх, хаана аж төрдөг гэхчлэн ялгаан дээр суурилсан анализ бүхий судалгаа хийж эхэлсэн л дээ. Ингэж байж илүү бодит үр дүн харах боломжтой. Мөн эндээс үүсэх ялгааг арилгах боломжтой болно. Гагцхүү үүнд нэлээд их цаг, хөрөнгө хүч шаардагдах юм. Ямартай ч эхний үр дүнгүүд гарч эхлэхэд зураглал буух байх. 

- Делта хувилбар гэж ярих боллоо. Монголд орж ирсэн эсэх дээр мэргэжлийн хүмүүс ямар байр суурьтай байна вэ? Орж ирсэн байлаа гэж муугаар бодоход энэ нь нөхцөл байдлыг хэр хүндрүүлэх вэ? 

- Делта хувилбар одоогоор дэлхийн 80 гаруй оронд тархаад байна. Англид эхлээд буй халдварын гурав дахь давалгааг делта хувилбар дээр сууриллаа гэж үзэж буй юм. Энэ вирус монголд орж ирсэн байх магадлалтай. Яагаад гэвэл бид дэлхийн өнцөг булан бүрээс монголчуудаа татан авсан. Мөн гадаад иргэдийг ч татан аваад буй. Тодорхой хэмжээгээр тусгаарлаж, шинжилгээ авч буй боловч бүх зүйл 100 хувь биш шүү дээ. Нэг л хүн алдахад тархах боломжтой. Тиймээс аль хэдийн тархсан байхыг үгүйсгэхгүй.

Гол нь бид яг таг генийн дарааллыг тогтоох судалгаа хийж чадахгүй байна. ДЭМБ-ын тусламжтай next generation sequenсing буюу генийн дараалал тогтоох илүү боловсронгуй технологи оруулж ирэх процесс хил гаалийн асуудлаас шалтгаалаад удааширч байна. Боловсон хүчнээ бол аль хэдийн Япон руу явуулаад сургачихсан. Энэ технологи нэвтэрснээр бид үе үе тандалт хийж, яг ямар төрлийн хувилбар, вариантууд монголд эргэлдээд байна гэдгийг мэдэх боломжтой болно. 

Делта хувилбар орж ирсэн байлаа гэхэд нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлнэ. Учир нь халдварлах чадвар 50-60% өндөр, нөгөө талаас энэ хувилбар залуу хүмүүст илүү халдварлаж, хүндрүүлж буй нь ажиглагдаж байна. Өмнөх хувилбараас ялгаатай нь илрэх шинж тэмдэг нь өөр, толгой өвдөх, халуурах, нус гоожих зэрэг жирийн ханиадтай адилхан шинж илэрч буй юм. Ийм үед ихэнх хүмүүс энгийн ханиад гэж андуураад хүндрүүлэх магадлал нэмэгдэж байж магадгүй. Өмнөх вариант шигээ үнэр амт мэдрэхгүй болох зэрэг нь делта дээр ажиглагдахгүй байгаа нь бусад улсын жишээн дээр ч харагдаж байна.

- Мэргэжлийн хүний үүднээс одоо нийгэмд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл халдвар тархалтыг хязгаарлахад үр дүнтэй байхаар харагдаж байна вэ? ЗГ-аас тоймтой арга хэмжээ авч, хөл хорио тогтоохгүй гэдгээ хэлээд буй. Вакцины нөлөө гарч эхэлтэл тусаад байж байхаас аргагүй боллоо гэсэн үг үү? Тийм бол хэр удаан ингэж байх вэ? Халдварын тоо цаашид хэдэд хүрэх магадлалтай байна вэ? 

- Өнөөдөр Монгол Улсад хөл хориог хүсэж буй нэг ширхэг ч хүн байхгүй. Иргэд ч хүсэхгүй байна. Бид ч хүсэхгүй байна. Гэвч одоогийн ийм тодорхойгүй нөхцөлд, халдвар ийм өндөр тархаж байгаа үед,  эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн салбарын ачаалал дээд цэгтээ хүрээд, эмнэлэгт ор байхгүй, хүн бүхэн ор хайж байгаа энэ үед бидэнд хийж чадах цорын ганц зүйл бол хөл хорио л байна. Хөл хорьж байж л бид хүмүүсийг нэмж халдвар авахаас хамгаална. Өнөөдөр тандалтын багийг хэдэн зуугаар нэмээд, эмнэлгийн орыг хэдэн зуугаар нэмээд нэмэргүй боллоо. Вирус маш хурдан хугацаанд маш олон хүнд тарж, ихэнх хүмүүс шинж тэмдэггүй цааш нь тарааж байна. Өнөөдөр дэлхий дээр байгаа цорын ганц арга хөл хорио л байна. Ингэж байж эмч, эмнэлгийн ажилтнуудаа сульдаж унахаас, өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй хүндэрч нас барахаас сэргийлнэ. МУИС-ийн Т.Бэгзсүрэн докторын загварчлал бүхий тооцооллоор хэрэв ямар ч арга хэмжээ авахгүй бол есдүгээр сарын 1-н гэхэд нийт халдварын тоо 250 мянга хүрнэ гэж үзэж буй. 14-16 хоногийн хөл хорио тогтоосноор үүнийг 170 мянга хүртэл бууруулж, 300 орчим хүнийг нас барахаас сэргийлэх боломж байна. Энэ тоонууд мөн л таамаглалд суурилсан тоо шүү. Ямартай ч арга хэмжээ авснаар хэдэн мянган хүнийг хүндрэхээс, хэдэн зуун хүнийг нас барахаас сэргийлэх боломжтой гэдгийг хэлмээр байна. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 2021.06.22 202.126.89.112

Та муусайн нар сонгууль болохоор таг дуугүй байгаад байсан байж дараа нь донгосож өгөх юм даа тийм л судалсан юм бол сонгууль, шагнал хоёроо цуцлахгүй яасан юм эрх баригчдын өмнө юу ч хэлж чадахгүй

0 Хариулах