Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Явлаа, ирлээ


Ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын Төрийн шинэ тэргүүний тангараг өргөх ёслол морин цагт боллоо. У.Хүрэлсүхийг шинээр таних, дараагийн Ерөнхийлөгчөөр харах нүдийг олон хүнд нээхэд түүний гэргий өөрийнхөө үүргийг даруухан хэдий ч том гүйцэтгэсэн. Төрийн ёслолд монгол эмэгтэйчүүдийн дундаж төрхтэй, дулаахан инээмсэглэлт Тэргүүн хатагтай шинээр орж ирсэн нь У.Хүрэлсүхийг угтсан энэ өдрийн нэгэн төрх байв. Тахал гараагүйсэн бол нүдээр үзэх гэж хүрч очих үйл явдал мөнөөсөө ч мөн санж. Тамга солилцох ёслолыг хөтөлсөн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тэргүүдийн нэр усыг андуурах, зарим дэс дарааг алдаж будилсныг эс тооцвол дуудуулсан хоёрын харц төрх төв, үг хэл түвшин, төрийн зан үйл өөлөх сэвгүй ёс ёмбогор төгсөв. Туг хиур, бүрээ бөмбөр, ёслолын буудлага дор тав дахь Ерөнхийлөгч зургаа дахиар солигдов. Х.Баттулга явж, У.Хүрэлсүх ирлээ. 

Энэ өдөр эгэл бус байна. Цар тахлын улаан бүс Монгол Улсад сүүлийн 24 цагт 2271 хүнээс коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдлын тоо 104900 боллоо. 12 хүн эндсэнийг мэдээллээ. Ийм цагт шинэ Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дугаар нэгт томилж, өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар ажилласан Я.Содбаатарт тамгаа атгуулахаар болж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мөн өдөртөө хуралдуулах, тахалтай тэмцэх асуудлаар шуурхай хэлэлцэх гэнэ. Төрийн шинэ тэргүүн У.Хүрэлсүх өөрт нь хүлээлгэсэн нийгмийн захиалгын эрэмбийг үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдал гэж харахаас аргагүй нөхцөл байдалд тэр бүрэн эрхээ эдэлж эхлэв. ҮАБЗ үүгээр онцгой шийдэл захирамж гаргах нь юу л бол. Засгийн газар мөнгөгүй, УОК-оороо л гал ч атгуулж, гул ч бариулж яваа шүү дээ.  

У.Хүрэлсүхийг одоо ч МАН-ын дарга гэж харах үзэгдэл бөх бат оршсоор байна. 30 жилийн турш уйгагүй мэтгэсэн үйл нь тул “намын нөхөр” гэх төрхөө гээж чадахгүй зургаан жил болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс төрийн бүх эрх мэдэл нэг намд төвлөрөв, улстөржиж коммунизм байгуулах нь гэж бухимдах, дургүйцэх хүмүүс олон бий. Мөн тахал нэлэнхүй тархсан байхад сонгуулиас хойш өнөөг хүртэл яагаад таг болов хэмээн гайхагсад ч түүнийг мөнөөх л МАН-ын даргынх нь дүрээр сураглан харуулдаж угтлаа. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд ямар дүрээр ажиллах, төрийг улс төрийн ямар чиг баримжаагаар тэргүүлэх, ард түмний эв нэгдлийг хэрхэн хангах лидер байх нь сонирхол татна. 

Х.Баттулга мөнгө яаж хийдгийг мэддэг болсон сүүлийн 30 жилийн шинэ монголчуудын төлөөлөл, хүнийг бас компаниар нь овоглодгийг харуулж, өөрийнхөө цаг үеийг шинэ үед тодорхойлох бизнесмэн байсан. Х.Баттулга стандарт бус этгээд, өвөрмөц улстөрч тул түүний дараа олон нийтийн дунд бий болгосон Ерөнхийлөгчийн орон зайд гарч ирэх нь ч өөрөө нэлээд сонирхолтой ажил юм. Ялангуяа гадаад харилцаанд. Тэр уул уурхай, аж үйлдвэрийн бодлогыг их гүрнүүдийн хараат байдлаар үргэлжлүүлэхийн эсрэг, томоохон зах зээлийн түшиц газар төдий бусаар хөгжих үндэсний үзэл санааг улс төрийн дээд түвшинд анх удаа зарласан монгол төрийн уламжлалт бус, “болгоомжгүй” тэргүүн байж чадсан. Энэ алхам ирээдүйтэй, эсэхийг үүнээс хойших цаг хугацаа, У.Хүрэлсүх түүний бодлогоос залгах, эсэхээс ихээхэн хамаарна. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд дэлхий даяар масктай, хил нь хаалттай байх зуур зурагдаж буй нүдэнд үл үзэгдэх олон улсын харилцаанд далдын хар малгай өмссөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх орноо гадаадад тодорхойлж чадсан, эсэхийн дүн гараагүй. Энэ нь нэгдүгээрт, дэлхий даяар тахлын хорионд орж, улс төр эдийн засгийн идэвхтэй харилцаа хумигдаад байсантай, хоёрдугаарт, түүнийг Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулийн боломж олдоогүйгээр тайлбарлаж болно. 

Одоо дотоодод ажил бишгүй ундарна. У.Хүрэлсүх улс төрийн намаасаа ангид, эсэхийг дэнслэхэд Ардчилсан нам ороо бусгаа байгаа нь түүний хувьд том сорилт юм. УИХ-ын хоёр тойрогт болох нөхөн сонгууль бий. Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, улс төрд эргэн ирэх бодол Х.Баттулгад бий. Шүүх засаглал дахь өмнөх Ерөнхийлөгчийн нөлөө түүний үед бас нэг шинэ хонгил босгож өөртэй нь тэрсэлсэн хүмүүсийг урьдаг газар болохыг ч бүү мэд. Хүчтэй сөрөг хүчингүй улс төр өрнөх тусам иргэдийн нийгмийн идэвх, цахим хэлэлцүүлгүүд эрчимжих болов уу. “Хурандаа” Хүрэлсүх тавхийтэл гарч ирээд, тэвхийтэл ёслоод байж дээ.       

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.25 126.208.122.249

hurel suh mni huwid eurhiilugch bish

0 Хариулах