UBLife Logo
Урлаг
Poetry Night: Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ?

Poetry Night: Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ?

UB LIFE сайт болон “Fat Cat Jazz Club Ulaanbaatar” хамтран зохион байгуулдаг “Poetry Night“ яруу найргийн үдэш өчигдөр /2026,06,08/ боллоо. Энэ удаагийн сэдэв нь “Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ?“ гэсэн тун өвөрмөц, сонирхолтой сэдэв байлаа. Та өөрөөсөө ингэж асууж байсан уу? Бид бусдын өмнө олон дүр бүтээж амьдардаг. Харин гэрэл унтарч, утас чимээгүй болж, хэн ч биднийг ажиглахгүй болсон тэр мөчид үлддэг хүн хэн бэ? Чиний нууж явдаг бодол, хэлж чаддаггүй үгс, хамгийн үнэн айдас, хамгийн нандин мөрөөдөл, хүмүүсийн мэддэггүй өнгөрсний тухай энэ үдэш ярилцсан билээ.

Уламжлал ёсоор яруу найргийн үдэш маань залуу яруу найрагчдын шүлгээр эхэлсэн. Манай тайз уран бүтээлээ танилцуулахыг хүссэн хүн болгонд нээлттэй байдаг билээ. Нэгэнт сэдэв маань өвөрмөц тул зочин болгоны шүлэг ч тун сонирхолтой байлаа.

Залуу найрагч Б.Нямдарийн шүлэг

Хэн ч хараагүй байхад

Хэн ч хараагүй байхад би хааяа

Дэрээ норгон уйлах жаахан охин

Миний бодол

Дэргэдээ хэнийг ч үл хүсэх ганцаардсан бүсгүй

Дэлхий надтай надгүй эргэхийг

Чухам мэддэг хүн юм

Хэн ч хараагүй байхад би

Энгэртээ эвхэж хадгалсан

Эмээлтэй хазаартай морио ташуурдан

Энэ зуур эрэмгийлэн хүлэглэж

Энхрий гараа эвэрштэл төмөр өргөдөг эр юм

Хэн ч хараагүй байхад би

Хөгжим дууг эцэс дээр нь тавиад

Хөлдөө хөнгөн өсгийтөө углаад

Хундага дарсаа гартаа цалгиулан

Хөлсөө гартал бүждэг бүсгүй юм....

Энэ удаагийн арга хэмжээний зочин яруу найрагчаар Дашийн Оюунчимэг, Тө.Бямбасүрэн, Я.Баяраа, Ц.Дэлгэрмаа нар уригдсан юм.

Тө.Бямбасүрэн найрагч өнгөрсөн хавар Номын баяраар “Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд” хэмээх шүлгийн түүврээрээ уншигчидтайгаа уулзсан билээ.

Нэргүй шүлэг

Чи эзгүй,

толинд ойх дүр минь Ван Гогийн

Чихээ гэмтээсэн өөрийн хөргийг санагдуулна

Бидний харц огт ялгаагүй цөхрөнгө

Бидний хацарт онцгүй шар сахал эв хавгүй соёолжээ

Угаалгын өрөөнөөс тамхи, харин надаас

Уй гуниг ханхална

Утасдаасай чи над руу!

Амьдралд хайртай дуу хоолойгоороо

Алдар нэрийг минь дуудаасай!

Үнэндээ чамгүй амьдрал ч

Үхүүлж чадахгүй намайг!

Гэхдээ аан гээч,

Би чинь сайн сайхнаас төсөөрчхөөгүй

Гэрэл гэгээнээс нэг мөр харшчихаагүй хүн шүү дээ

Гууждаг зүрхтэй би

Тэр зүрхэнд минь мартагдана гэж айж байна уу

Мааждаг үгтэй би

Тэр үгэнд минь зурагдана гэж айж байна уу

Галаар хайлж

Гангаар давтаж намайг бүтээсэн юм шиг санаж явна уу?

Чичрэх хоолой минь гэвч амьдрах хүслээр дүүрэн шүү

Чиний нэрийг тэр л хоолойгоороо хайрлан дуудмуу би.

Дараагийн зочин яруу найрагч Ц.Дэлгэрмаа байлаа. Тэрээр утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.

Даваа гарагийн өглөө

Тийм ээ, энэ Даваа гарагийн өглөө

Тэврэлдээд нойрссон дулаан хөнжил шиг

Тийм дулаахан өглөө!

Ар нуруу, энгэр цээжинд мэдрэгдэх

Амьсгалын халуун - Илч!

Илч төөнөсөн дулаахан өглөө.

Сэрүүхэн, цастай, сэлүүн өглөө.

"Манай үүгээр цас оржээ. Наагуур чинь?

Малгайлж бус ялимгүйхэн оржээ.

Шуурах янзтай байснаа тогтоод,

Шувууны мөр шиг л цас оржээ”

Харилцуурын цаадах ээжийн урь дулаан дуу

Хачин нөөлөг сонстох өглөө!

Шувууд бөөвийж, цасан дээгүүр мөр нь тодхон,

Шувууд шиг шулганах жаалуудын мөр ч бас тодхонд

Дулаахан гутлаа гаргаж өмсөөд, хос мөрөө үлдээж

Дулаан гэрээсээ хоёр хүн гарах өглөө!

Ороолтоо сайтар ороогоод нэг нь инээнэ,

Ороолтондоо хошуугаа шургуулж нөгөө нь мишээнэ,

Орчлон ертөмций гэдэг нь инээсэн, цайлган хүүхэд шиг

Орог сааралхан хотын цав цагаан өглөө!

Булан тохой бүрд нь цасны гэгээ татсан

Буурах өвлийн эхэн дэх ийм дулаан өглөө.

Зохиолч, яруу найрагч Я.Баяраа

Борооны хэлмэр

Гунихыг би мэдэхгүй

Тийм үгийг сэтгэлээс минь эрэвч олохгүй

Найдвар тасрахыг харин мэднэ

Навчис шарлахад дарсны дон хөдлөх нь

Бугын дуудлага лугаа байгалийн зөн

Байгалийн зан...

Өөр рүүгээ өнгийвөл гуниг төрнө гэнэ үү?

Өө, түүн шиг ший янгууны үг үгүй ээ

Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр!

Үүр лүүгээ өнгийсөн шувуунд

Үнэгэнд идүүлсэн өндөгний нь хальс үзэгдэх шиг

Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг

Үүл нь үгүй атлаа бүрхэг өглөө шиг

Үхээд удсан андынхаа гэрийн дэргэдүүр өнгөрөх шиг

Үзэн ядмаар үйлдэл шүү...

Үнэн тийм танин ядмаар хол биш ээ

Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ

Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад

Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ

Энэ л хангалттай.

Үдэшлэгийн сүүлчийн хүндэт зочин бол Ховд аймгийн Дуут сумын найрагч Дашийн Оюунчимэг. Тайзан дээр шүлгээ огт уншдаггүй гэдэг ч манай “Poetry Night“ яруу найргийн үдэшлэгт хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Энэ удаа зочин яруу найрагч Я.Баяраа түүнтэй ярилцаж, үзэгч олонтойгоо уулзууллаа.

-Таныг анх яруу найраг бичихэд хүргэсэн тэр түлхэц юу байсан юм бол?

-Нэгдүгээр ангид ороод хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ, Цоохор даага жирийхээрээ жирийнэ” гэх шүлгийг уншаад яруу найраг гэдэг гайхамшигтай, тэнгэрлэг зүйл юм байна, тэнд хүрэх юм сан, тэрийг бичиж чаддаг болох юм сан гэсэн хүсэл төрсөн. Магадгүй миний дотор байсан нэг юм сэрсэн байх гэж боддог. Энэ шүлэг л намайг яруу найрагтай холбож өгсөн.

-Та бол Ховд аймгийн Дуут сумын уулсын орны хүн байгаа. Танайд туульч маш олон байдаг. Та уулсын хэлтэй яруу найрагч. Уулсаа харахаар төрдөг мэдрэмж, уулсын хэлийнхээ талаар өгүүлээч.

-Би Дуут суманд төрсөн ч аймгийн төв дээр өсөж, сургуульд сурсан. Зун болгон сумандаа харьж, малын захад гүйж өссөн. Хагас малчин гэж хэлж болно. Манай Дуут бол их салхитай газар. Салхилахад уул хүнгэнээд дуугардаг. Салхи ганцхан хэлээр биш маш олон янзын хэлээр өгүүлдэг. Ширүүн, зөөлхөн гээд маш олон төрөл байдаг, гайхамшигтай зүйл. Миний бага насны нэг гоё нандин дурсамж бол үүлсийн сүүдэр. Дээгүүр үүл нүүгээд би доогуур нь сүүдэртэй нь хөөцөлдөж тоглодог байлаа. Уул гэдэг бол өнө мөнхийн сүр бараа, бэлгэдэл. Тууль бол газрын эгшиг аялгуу. Би Дуутад төрсөн хувь заяандаа баярлаж явдаг.  

-1990-өөд оны яруу найраг их нөлөөтэй. Сэтгэлгээний эрх чөлөө орж ирсэн болохоор маш олон сайн яруу найрагч төрүүлсэн он жилүүд. Тантай нэг ярьж байхад “1997, 1998 оны үед би оргил шүлгээ бичсэн” гэж хэлж байсан.

-Цөвүүн цагийг үзнэ гэдэг уран бүтээлч хүнд аз завшаан юм гэж хэлсэн байдаг. Наяад оны үед тогтсон үзэл сурталтай, ижил хэв маягтай байсан болохоор тэр үеийн найрагч нар биднээсээ жаахан азгүй хүмүүс гэж боддог. Харин биднийг утга зохиолд орж ирж байхад нийгэм солигдож, хүн болгон өөрөө өөрийнхөө ертөнцийг хайж эхэлж байлаа. Манай үеийнхэн дотроос Б.Галсансүх, Б.Батрэгзэдмаа, Л.Өлзийтөгс, А.Эрдэнэ-Очир зэрэг олон найрагч төрж гарсан. Тэдэнтэйгээ хамт шүлэг бичиж байсан хувь заяандаа талархаж явдаг. Би тэр үед Хуулийн сургуульд суралцахаар Орос улсад явсан. Орост таван жил болохдоо ухаанаа олж чадаагүй. Тэр далай шиг их агуу зүйл дотор орос хэл дээр яруу найраг уншаад байсан ч багцаа авч чадаагүй. 1992 онд  С.Жамъянгаравын нэрэмжит утга зохиолын дээд сургуульд элсэх завшаан тохиосон. О.Дашбалбар багш, Ш.Гаадамба, С.Дулам гээд олон сайхан эрдэмтэн хичээл зааж байсан. Энэ үеэс л шүлэг бичих хүсэл сонирхол маань байгаа онож эхэлсэн гэх үү. Анна Ахматова, И.Бродскийн номыг олж аваад өөртөө их эрэл хайгуул хийсэн. О.Дашбалбар багш их нийтэч хүн байлаа. Шавь нараа дагуулаад явна. Эхлээд Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ гэсэн тэргүүн шавь нар нь дагалдаад бүр сүүлд нь над мэтийнх нь дагаад л алхана. Орос улсын их сургуульд олон жил хайгаад олж чадахгүй байсан зүйлээ би ерөөд оны Улаанбаатараас олж байлаа. Тэр үеийг картын бараатай хэцүү үе гэдэг байсан ч надад хэзээ ч хэцүү гэж санагддаггүй. Надад мөнгө байгаагүй ч би өлсөж байснаа санадаггүй. Яруу найргийн амьд халуун орчинд шүлэг бичиж, мундаг сайхан хүмүүсийн дунд өнгөрөөсөн.  

- Та Анна Ахматовагийн бүтээлийг орчуулж байсан. Монголд гарсан орчуулгууд дундаас хамгийн эмэгтэйлэг, тансаг өнгө аястай нь таны орчуулга гэж би боддог. Энэ олон хэлнээс орчуулга хийж байхад монгол хэл сайн мэдэх нь их чухал гэж боддог.

-Миний орчуулга хийж байгаа гол зүйл минь монгол хэлээ гайгүй сайн мэддэгийн ач байгаа юм. Нэгдүгээрт, би Баруун аймгийн хүүхэд. Төв Халхаас ялгаатай нь илүү баялаг, хуучин хэллэгүүдээ хадгалан үлдсэн байдаг. Тэгэхээр хотын хүүхдүүдээс үгийн сан илүү дээр гэсэн үг. Дээр нь орчуулга хийхэд хүний үгийн баялаг их нэмэгддэг. Ц.Дамдинсүрэн гуай, Б.Ренчин гуай нар шиг яруу сайхан гаргаж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд монгол хэлийг гайгүй сайн эзэмшсэн гэж боддог. Миний мэддэг бахархдаг хамгийн сайхан хэл мэдээж монгол хэл.

Шонхор

Алаг тойрог уулсын манан сийрэх тэнд

Алимад өчүүхэн хүсэлтийн хүчин саарах тэнд

Алдар болоод атаархалд агаар дутагдах тэнд

Аяа суутны бийр мэт шонхор дүүлэн дүүлэхдээ дураар

Ганцаардал гэгч үнэмлэхүй чөлөөт нөхөр түүний нүдэнд

Газрын явдал ихэнхдээ цөхрөлт цагаан үүл нь нэвтэд

Ганьхралыг огтод үзээгүй хүмүүний элдэв жаягаар

Гомдол харуусал хуурмаглалыг тэнгэрийн цээлнээ төсөөлөхгүй ээ

Сэхрүүн би шонхор минь яг л чам шиг зоргоороо

Сэмбэгэр үүлсийн чанад сэтгэл санаа минь жигүүрээ дэлгэсэн

Сүй тавьж чамтай хуримын хундага өргө юү гэтэл анд минь

Сэрүүхэн харцанд чинь үгүй зовлонгийн жин дорогшоо татах юм аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...