Х.Нямбаатар: Наадмын видео контентын бичлэгийг нэгэнт хийсэн, баярын өдрүүдэд цацна
УОК төрийн ордонд мэдэгдэл хийж дууслаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эхлээд тайлбар өглөө. Тэрээр “Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Улсын Онцгой Комиссоос гаргасан. Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдаж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн юм. Тэрээр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын тухай хуулинд үндэсний баяр наадмыг өдрийг 7.11-7.15 гэж тусгайлан заасан байдаг ба шилжүүлэх зохицуулалт байдаггүй хэмээгээд хэрэв хойшлуулах бол Засгийн Газарт энэ эрх мэдэл нь бий хэмээлээ.
Мөн тэрээр нэмэлт хэд хэдэн асуултад хариулахдаа дараах зүйлсийг хэллээ.
"Хүй долоон худагт болж буй соёл урлагийн видео контентуудын зураг авалт нэгэнт хийгдсэн, одоо дуусах шатандаа явж байгаа учраас баярын өдрүүдэд эдгээр бичлэгийг цацна. Харин маргааш ЗГ наадам цуцлах шийдвэр гаргавал тэнд барьсан байгаа гэр хүрээдийг буулгах байх" гэв. Мөн "Төрийн ордны гадаах жагсаал цуглаан, нийгмийн сүлжээн дэх иргэдийн эсэргүүцэл наадмыг цуцлах санал гаргахад нөлөөлсөн. Гэхдээ бид нөгөө талаас ЭМЯ болон эрдэмтэн судлаачдын санал, нөхцөл байдлын үнэлгээг сонсож ийм шийдвэрт хүрсэн байгаа. Судлаачид баяр наадмыг хойшлуулах нь цар тахлын давалгааг хумихад тустай гэж үзэж буй" гэсэн юм.
Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Япон улс руу явуулсан шинжилгээний таван сорьцод делта хувилбар илэрсэн. Гэхдээ энэ нь тус вирус нийтийн дунд тархсан гэсэн үг биш юм. Бидний судлаж байгаагаар нийт халдварын 90% нь альфа хувилбар байх магадлалтай. Ямартай ч бид УОК-т баяр наадмыг хойшлуулах санал удаа дараа тавьсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар 14100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, орны хүрэлцээ маш муу байгаа. Нөхцөл байдал ийм байхад баяр наадмыг хойшлуулах нь зайлшгүй гэж үзэж байна” гэлээ.
ЗГ-ын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг:
"Өнөөдрийн жагсаал хоёр орилготой болов уу гэж таамаглаж байна. Нэгт наадам зохион байгуулахыг эсэргүүцэх, хоёрт эдийн засгаа сэргээхийн төлөө гадаа хүмүүс жагсаж байна. Энд нэг зүйлийг иргэд буруу ойлгоод байх шиг байна. Наймдугаар сарын 31-н хүртэл тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр нийт 89 чиглэлийн бизнесийн үйл ажиллагааны аравт нь л хязгаарлалт тогтоосон. Энэ нь 8.31-н хүртэл үргэлжлэнэ гэсэн үг биш. Судалгаа хийж байгаад нээх боломжтойнуудыг нь үе шаттайгаар нээнэ. ЗГ хатуу хөл хорионоос аль болох зайлсхийж, эдийн засгаа нээлттэй байлгахыг хичээж байгааг хэлмээр байна" хэмээв.