Хайх зүйлээ бичнэ үү

Та бүхэндээ энэ удаа Монголын залуу уран бүтээлчдийн нэгэн төлөөлөл болох "Lovechain"-ий ярилцлагыг хүргэж байна. 


-Зуныг юу хийж өнгөрүүлж байна, энэ зуны хамгийн том төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

Одоогоор төлөвлөсөн том ажилгүй, гэр зуур л байна. Ковидгүй, бүх газар хэвийн ажиллаасай гэж бодож байна.

-Шинэ нэрийн утга учраасаа хуваалцаач. Яагаад солих болов?

Нэрээ “Lovechain” болгосон. Хайрын гинж гэдэг утгатай. “GTA Vice city” тоглоомын “Love Fist” хамтлагаас санаа авсан. Өмнө нь бол “G-loc” байж байгаад нэрээ “Loce” болгож байсан. Сүүлд бодоод байхад "Локи" гэж дуудагддаг байх гэтэл “Lose” гэдэгтэй адилхан байсан учраас өөрчилсөн.

-Саяхан гарсан шинэ бүтээл дээрээ хэр удаан ажилласан бэ?

Дуу нь өнгөрсөн жил гарчихсан байсан. “Man on the Moon” дээр хөгжмийн микс, мастер хийлгэж, дөрөвдүгээр сараас клип хийх ажил яригдаж байгаад зургадугаар сардаа багтаж хийлгэсэн.

-Клипэндээ эрх чөлөөтэй, өөрийгөө олчихсон байгаа юм шиг харагдсан. Уран бүтээлчийн хувьд та өөрөө тэгж боддог уу?

Ер нь олж эхэлж байгаа ч юм шиг. Гэхдээ жилийн дараа дахиад өөрийгөө харахаар олоогүй ч байсан юм шиг бодогдох байх. Өмнө нь байсан дүрүүдээ бодохоор их хичээдэг байсан юм шиг санагдсан. Ер нь өөрийнхөөрөө байсан нь их зөв байсан юм шиг. Дууныхаа нэрийг "Цодгор жаал" гэж өгөх гэж байгаад "Moloko Boy" болгосон. "Disco muujgai"-гаас хойш би жаахан таргалаад, сэтгэлээр унах гээд л... Гэхдээ тэгээд "За за байгаагаараа л хайрлагдъя" гэж бодсон.

-Хувцас загвар таны хувьд том ертөнц юм шиг санагдсан.

Бусад хүмүүс миний хувцасны сонголт дээр яаж ханддаг вэ гэдгийг анзаарч хардаг болов уу, анзаарч харсан ч хэлдэггүй л байх даа гэж боддог. Ер нь хувцаслалт дээр их анхаардаг, дуртай гэх юм уу. Сая клипний зураг авалт дээр Шиноби гэдэг залуутай хамтарч ажилласан. Түүн дээр өмсөх хувцаснуудын коллекцийг манай хүн яг миний шийдлээр л гаргасан.

-Хөл хорио уран бүтээлд чинь яаж нөлөөлж байна. Бусад уран бүтээлчдэд их хэцүү тусаж байгаа нь бас анзаарагдаж байна шүү дээ.

Бусад хүмүүсийн яах бол надад нэг их хамаагүй ээ. Өөрийгөө яая гэж байж бусдад санаа зовох нь надад цаг алдаж байгаа мэт санагддаг. Миний хувьд гэвэл би яг юу болоод байгааг ч ойлгохоо больчхоод байна л даа. Ковидоос болоод орон зай, цаг хугацааны баримжаа гэдэг зүйл алдагдчихлаа л даа. Болох ёстой зүйл, болох ёстой цаг хугацаандаа болж байгаа юм байна гэж бодоод байж л байна.

-Сэтгэл санааны хувьд өөрийгөө яаж даван туулж, зоригжуулж, урагшилж байна?

Ер нь дотроо бол шаналж л байгаа. Тэр шаналал дундаа уначихгүй байхыг хичээж байна. Юм бодож байгаа хэрнээ бодохгүй ч байгаа юм шиг... Илүү гүнзгий талдаа болж эхэлж байгаа. . Өнгөрсөн бол одоо хамаагүй, одоо байгаа энэ цаг мөч бол хамгийн шалгарсан үе. Одоо байгаа цаг хугацаа бол миний байж болох хамгийн зөв сонголт байсан.

-Яг энэ мэдрэмж таны дараагийн уран бүтээлд шингэх үү?

Мундаг хүн болох гэж хичээсэн цаг хугацаандаа харамсдаг. Мундаг хүн болох гэж хичээж явсаар байгаад өөрийнхөө дотор байдаг нандин мэдрэмжээ алдчихсан юм шиг санагдаж байгаа. Энэ өнцгөөр бусад хүмүүсийг ч бас тэгж хардаг болсон. Хүмүүсийн дотор байгаа нандин мэдрэмжийг хадгалсан, цээжинд нь байдаг “жаалуудад” хандаж юм хийхийг хичээж байгаа. Тэр л хамгийн үнэн зүйл шиг санагдаж байна. Гэхдээ хэдэн жилийн дараа энэ бодол минь хэвээр байх эсэхийг мэдэхгүй байна.

-Өөрийгөө хөглөдөг зүйлс байдаг уу. Шинэ бүтээл гаргах үеийн процесс яаж явагддаг вэ?

Илэрхийлэмжээ шууд гаргадаг, эсвэл бодож байж гаргадаг хүн гэж байдаг даа? Би бол хүлээж байж гаргадаг төрлийнх. Өгөгдлийг хүлээдэг хүн л гэх юм байна. Өгөгдөл нь орж ирээд, надаас яг тэр бүтээл гарах зөв цаг нь болох юм бол би тохилог, цэвэрхэн орчинд эсвэл гоё энергитэй хүнтэй хамт байх дуртай. Энергийн солбицлоос хамаарч гоё газар, гоё хүмүүстэй байвал шинэ санаа, бүтээл, мэдрэмж ундардаг. Бүгчим, тухгүй орчин, хэт албан ёсны юм шиг хатуу энергитэй хүний дэргэд дотор байгаа зүйл гардаггүй юм шиг санагддаг. Гаднын одууд, олны танил хүмүүс сэтгэл санааны байдлаас болж алга болчхоод гэнэт гарч ирэхдээ таргалчихсан ч юм шиг, нэг тийм өөрчлөгдчихсөн байдаг шүү дээ. Энэ нь бас учиртай юм байна гэдгийг өөр дээрээ ойлгож, харж байна.

-Сонсогчдоос нь сайхан сэтгэгдлүүд их ирж байна уу. Тоглолт, уулзалт хийж чадахгүй энэ үед яаж харилцаж байна?

Сайхан сэтгэгдлүүд ирдэг, гэхдээ тэр болгоныг бусадтай хуваалцаад байхыг хүсдэггүй. Тэр гоё зүйлээ дотроо байлгахыг хүсдэг. Гадагшлуулчих юм бол байхгүй болчих юм шиг санагдаад байдаг. Би хайртай гэдгээ шууд хэлдэггүй, "хайрладаг шүү" гэдгээ дотроо хадгалж явдаг "Интроверт" төрлийн хүн юм байна даа гэж өөрийгөө боддог.

-Дийлэнх уран бүтээлч "Экстраверт" буюу гадагшаа, нээлттэй төрлийн хүн байдаг. Бага зэрэг хаалттай, дотогшоо уран бүтээлч байх ямар байдаг вэ?

Би энэ асуултад нэг мөртөөр хариулмаар байна. “Намайг айдсаасаа салах гэж инээж байгааг минь хараад жаргалтай байна гэж андуурав аа.” Дуун дээрээ би нэг зүйл хэлсэн ч гэсэн дуу шигээ өдөр болгон байдаггүй гэж байгаа юм. Миний дууг чи яг одоо сонсож байгаа бол яг энэ цаг мөчдөө л гоё байгаад ав. Дуу дууссаны дараа гоё байх, байхгүй нь чиний л сонголт. Би ер нь маш их сэтгэлээр унаж байж, хүнд зүйлийг давж байж бүтээл гаргадаг төрлийн хүн байх. Ойрд их сэтгэлээр унасан, эмзэг байдаг болчихсон. Даах ёстой зовлон нь хүнд болж байж урагш алхах хүч олдог төрлийн хүн ч юм шиг.

-Өнөөдрийг хүртэл таны даван туулж байсан айдас юу байсан бэ?

Их олон хүнээс хөндийрсөн. Тэднээс хөндийрсөн ганцаардал. Хөндийрснөөрөө мэдэрч байсан ганцаардал. Намайг ойлгохгүй байгаа хүмүүсээс хөндийрсний дараа хэр их ганцаараа байж чадах бол гэсэн бодол их айдас түгшүүртэй байсан. Эхэндээ ганцаараа байхдаа их айх байх гэж бодогддог байсан ч гайгүй шүү. Намайг ойлгохгүй байгаа хүмүүсээс холдох нь гүнзгий амьсгал аваад гаргаж байгаатай адилхан зүйл байсан.

-Өнгөрсөн хугацаанд өөртөө хэвшүүлсэн зүйл байгаа юу. Таны шинэ хобби ч юм уу?

Боломж л олдвол ганцаараа хэвтэхийг илүүд үздэг. Надад тохиолдож байгаа асуудалтай нүүр тулж, шаналал мэдрэмжийг мэдрээд хэвтэх нь "гоё" мэдрэмжээс илүү юм шиг санагддаг. Бодож хэвтэж байгаад босоод шийдэх нь нээх гол биш. Зүгээр л нүүр тулж, тунгаан бодох. Яг энэ мэдрэмж бол тэр хүмүүсийн "гоё" гэдэг мэдрэмжийн дээр байдаг, үгээр хэлэмгүй нэг “тийм” зүйл юм шиг санагддаг.

-Уран бүтээлчийн хувьд өөрөөсөө гээхгүй юмсан гэж бодож явдаг зан чанар бий юу?

Анх бүхнийг эхлүүлж байхад төрж байсан тэр сэрэл мэдрэмж, том хүсэл мөрөөдөл, нандин мэдрэмжээ алдахгүй юмсан гэж боддог. Хүн хатуужна гэж ярьдаг шиг, амьдрах хугацаандаа энэ мэдрэмжээ тэр хатуужилдаа холиод, мартагнаад орхичих вий гэж айдаг.

-Хийхийг хүссэн зүйлсийн тань жагсаалтыг юу тэргүүлж байна?

Энэ тухай төлөвлөж бодохыг хүсэхгүй байна. Нэг зүйл төлөвлөхөд маргааш тэр нь яг бодож байсан шиг байдаггүй болохоор юу ч төлөвлөмөөргүй байна, юунд өөрийгөө кодлоод үлдээмээргүй байна. Зүгээр л "Чөтгөр алгад" гээд байж баймаар. Би одоо боддог, зүгээр гэнэт суугаагаараа үхвэл үхэг, яавал ч яаг гэж. Би зүгээр л оршоод байж баймаар санагддаг. Би ер нь их амар амьдрах, бүх зүйлийг амархан байлгах хүсэлтэй хүн л дээ.

-Гадаа бороо орж байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бороо их том нөлөө үзүүлдэг зүйл шүү дээ. Танд ямар мэдрэмж төрж байна?

"Бороо гоё" гээд шууд орноосоо босоод, хувцсаа өмсөөд бороонд нороод л, чийг үнэрийг нь мэдрээд зүрх сэтгэл, энергээрээ холбогдоод явах хэмжээнд шархлаагүй байгаа болохоор тоохгүй л байна.

-Дараагийн дуу хэзээ гарах вэ?

“Loce” нэрээрээ “Roockie”-тэй хамтраад хоёр дуу хийсэн байгаа, удахгүй цацагдана. "LoveChain" нэрээрээ яг хэзээ дуу цацахыг бол мэдэхгүй байна.

-Сонсогчдодоо шинэ цомог хэзээ хүргэе гэсэн бодолтой байна?

Сүүлд гаргасан дуу маань миний хэтдээ гаргах шинэ цомгийн хамгийн эхний дуу гэж бодож байгаа. “LoveChain” нэрээрээ тав, зургаан дуу гаргавал багцлаад нэг цомог болгоно. Түүнээс биш яг төлөвлөөд явахгүй. Цомгийнхоо нэрийг бодоод олчихсон байгаа. Хэзээ нэг цагт дуунууд нь бүрдээд болчих юм бол "Radiant" буюу гэрэл цацарсан гэсэн утгатай нэртэйгээр гаргана.

-Хөл хорио дуусмагц хамгийн эхэнд юу хийхийг хүсэж байна?

Завгүй халтуур хийж л явмаар байна. Энд тэндэхийн арга хэмжээнд уригдаасай гэж хүсэж байна.

-Дуу хөгжмөөс гадна дуртай, сонирхдог зүйл байгаа юу?

Хобби гэхээр зүйл бараг байхгүй юм байна. Хэвтээд байж байх, бусдад тээг болох нь миний хобби юм уу гэж бодоод л байгаа.

-Уран бүтээлч, олны танил байхын таалагддаггүй тал нь юу вэ?

Олны танил, урлагийн хүмүүс гадаад үзэмж, бие галбир, гоо сайхандаа анхаарал тавих ёстой гэж ярьдаг шүү дээ. Би гэртээ идэж уугаад л, муухай царайлж "биесийг гаргуунд нь гаргаж" байж байгаад шууд босоод тэр хувцас, царай зүстэйгээ клип хийдэггүйтэй адил мэдээж олон нийт үзэж байгаа юм чинь анхаарах зүйл байдаг. Бас хүмүүсийн "Энэ зурагтаар гараад, дуулаад байдаг тэнэг бацаан байна" гэх мэт дээрэлхчих гээд байдаг сөрөг хандлага нь таалагддаггүй.

-Сүүлийн үед сонсож байгаа хөгжим юу байна. Таны плэйлистийг тэргүүлж байгаа дуунаас хуваалцвал?

Post Malone - Goodbyes дууг их сонссон байна. Гоё мэдрэмж төрүүлсэн, аялгуу нь дотогшоо ордог хөгжимд дуртай.

-Дараагийн уран бүтээл ямар сэдэвтэй, юуны тухай байх бол?

Эрх чөлөөг хүсэмжилсэн хэв маягтай. Бодсоноор болдог бол Rockstar гэдэг нэртэй дуу гаргамаар байна. Би ер нь олон төрлийн урсгалаар уран бүтээл гаргахыг боддог. Үүнийг анзаарч мэддэг нэг хүн ч болтугай байдаг байгаасай, байгаа байлгүй дээ гэж бодож явдаг. 2016 онд "Trap" урсгалаар юм хийдэг байж байгаад, 2019 оноос "Underground hip hop" хийж байгаад өвлөөс нь техно хөгжмөөр хийж үзсэн. Ер нь бол төрөл бүрийн урсгал руу хөрвөх чадалтай уран бүтээлч гэдгээ баталж харуулахыг хүсдэг.

-Уран бүтээлчийн чадварыг манайхан их ярьдаг хэрнээ сонсогчид үнэхээр сайн хүлээж авч, сонсож байгаа эсэхийг хүмүүс тэр болгон ярьдаггүй санагддаг.

Энэ дууг сайн сонсоосой, ойлгоосой гэж хийдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Бүгдээрээ сонсож, харж, мэдэрч байгаа. Тэрийгээ хэлдэг хүн байгаа, хэлдэггүй хүн ч байгаа. Тэр нь сайн сонсогч, муу сонсогч, муу учраас намайг ойлгохгүй байна гэж гоншгоноод байхыг хүсдэггүй. Эсвэл больж эхэлж байгаа ч гэх юм уу.

-Уншигч, сонсогч нартаа хэлэхийг хүсэж байгаа зүйл байна уу?

Эргээд бодоод үзэхэд чиний дуртай бүхэн чамд хортой байдаг. Яг одоогийн байгаа байдал чинь чиний хамгийн зөв сонголт учраас чи энд байгаа. Өөр нэг их юм битгий бодоорой гэж хэлмээр байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
30
1
0
0
2
2

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mjgai 2021.07.06 202.126.88.173

unsy

0 Хариулах


Doko 2021.07.06 139.5.218.79

Nice

0 Хариулах


Zu 2021.07.06 5.231.148.203

Нэг хэвд л цутгачихсан юм шиг, байдаг л юм ярьдаг олоноос ийм тэрслүү үзэлтэй, сонирхолтой ертөнцтэй залуус гоё санагддаг

0 Хариулах


Зочин 2021.07.06 150.129.140.18

Hairtai shuu

0 Хариулах


moll*y 2021.07.05 77.111.245.13

Ymar buteelch ym be. Yariltsan hun ch, setguulch ch sonirholtoi yertsontstei humuus bn. Respect <y>

0 Хариулах


indy 2021.07.05 103.212.118.144

бодсоноос их юм боддог,deep санагдлаа.

0 Хариулах