Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Гаж" эмэгтэй Бьорк: Бичих, бүтээх явц гэдэг өөрөө гайхамшиг


"Исландын нэрт дуучин" гэх тодотгол үнэндээ түүнд зохихгүй. Уран бүтээлчдийг "дуучин", "жүжигчин","артист", "үг зохиогч" гэх мэт нэг үгэнд багтаан тодорхойлдог олон нийтийн ойлголтоор түүнийг муулбал "гаж", хайрлавал "онцгой" нэгэн. Youtube сувгийнх нь аль нэг бичлэг дороос та эдгээр үгсийг хэд хэдэн хэлээр олж харах вий. Уран бүтээл бүр нь хорвоо дэлхийгээс хөндийрүүлэн "утопи" ертөнцөд аваачих мэт ховсдож орхих гайхал хатагтай 2017 онд буюу 52 нас хүрдэг жилээ "Utopia" нэрт цомгоо гаргаснаас хойш амар жимэр аж төрж буй. Түүнийхээр "амар жимэр" гэх ойлголт ч үнэндээ уран бүтээл болохыг хэрэв та шүтэн бишрэгч нь бол дороо ухаж ойлгох биз. Тэр электроник, поп, экспирментал, трип хоп, сонгодог хөгжмийн ертөнц гээд чиглэл бүрт түүний нөлөөг үнэлдэг бөгөөд 2000 оны Каннын кино наадмаас "Dancer in the Dark" киноны гол дүрээр Шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзэн болсныг та дуулаа байлгүй. 

"Бьорк үргэлж "Яг л-Бьорк" хэвээрээ байдаг" гэж The Guardian бичиж байв. 1993 онд "Debut" нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш 30-аад жил урлагийн салбарт хэн хэнээс дангаар оршин буй Бьоркын ярилцлагыг хэвлэлийн нүүрүүдээс тэр бүр олж харахгүй л болов уу. Компьютерын процессорыг дэлгэж тавиад "Хар даа. Яг л жижигхэн хүмүүсийн амьдардаг тосгон шиг харагдаж байгаа биз?" гэхчлэн утгагүй балай, жир бус, төсөөлөлд л оршин байх зүйлсийг ярьчихдаг болохоороо тэр биз. Харин хамгийн сүүлд буюу 2017 онд "The-Talks"-ын сэтгүүлч Эмма Робертсонтой амьдралтай чиг, мөрөөдөлтэй чиг ярилцсаныг таалан соёрхоно уу. 

- Бьорк, зоригтойгоор хөгжим бүтээнэ гэж чухам юу юм бэ? 

Итгэл найдвартайгаар тоглож байна уу, зогсолтод орсон уу, өсч хөгжиж байна уу гэдгээ уран бүтээлч хүн өөрөө мэдэрдэг. Хүн бүхэнд ийм "алтан дундаж"-ыг олох асуудал байдаг. Тэр мөчийг хэтрүүлэлгүй, гэхдээ үргүй алдалгүйгээр тогтоож үлдэх нь чухал. Би цомог бүрээсээ нэг чухал зүйлийг сурч мэдэхийг хичээдэг. Дуугаа хийх бүртээ өмнөхөөсөө хэцүүг хийхийг хүсдэг. Би өөрөө өөрийнхөө багш. 

- "Эр зориг" гэдгийг ерөнхийгөөр нь ойлгодог шиг үү?

Мэдээж хэт мугуйдлан зүтгэвэл муудах нь тодорхой. Би хэд хэдэн удаа зоригтой шийдвэрийнхээ араас харамсаж байсан. Алдах хийгээд суралцахаа аль алинг нь үнэлж чадахаа ойлгосон. Энэ мөч барагтай бол тохиохгүй шүү дээ. Тэгэхээр зоригтой байна гэдэг өөрөөр эмзэг дорой байхын нэр юм.

"Залуу охидын хувьд үнэнг чангаар хэлэх нь хэчнээн чухал гэдгийг би мэднэ. Тиймээс ч би үүнийг амархан зүйл мэт аягалдаггүй." 

- Бьорк

- Хүмүүс алдартай хүмүүсийг ч эмзэглэдэг гэдгийг мартчихдаг. Өөрийн хүсэл сонирхолтой зүйлийнхээ талаар бусдад дэлгэхэд одоо ч танд айдас төрдөг үү?

Ний нуугүй хэлэхэд төвөгтэй санагддаг... Нэг мөр хамаагүй гээд орхих нь дээр ч юм шиг. Жендэрийн тэгш байдлыг сайжруулахыг хүслээ гэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Аливаа зүйлд илүү сайныг хийх хүсэл намайг донтуулчихдаг. Миний үеийн ерээд онд эмэгтэйчүүд гадагш гарч, юм хийж, гомдоллохоо болих нь л чухал байсан. Үүний учир нь миний ээжийн үеийнхэн маш их ажиллаж, хөдөлмөрлөсний үр шим нь юм. 

- Ээж тань хүний эрхийн активист байсан гэсэн?

Аав ч бас! Аав маань Исландын холбоог олон жил тэргүүлж, хууль санаачлагч бүлгүүдэд харьяалагддаг байсан. Би удаан хугацаанд иймэрхүү нийгмийн ажлын эсрэг, хэтэрхий ойлгомжтой асуудал гэж хардаг байсан. Харин сүүлийн хориод жилийн хугацаанд би амьдралынхаа багагүй хугацааг Исландын байгалийг хамгаалахад зарцуулжээ. Хүмүүс нийгмийн өөрчлөлт хувьслын тухай авч хэлэлцэхдээ үргэлж л дэлхий сүйрлээ гэдэг. Парисын бохирын хоолойн тухайд ч мөн адил. Уг нь бид ирээдүйд бид далайгаа цэвэрлэнэ, цэвэр нар салхи, байгалийн эрчим хүч ашигладаг болно гэж бодох хэрэгтэй. Хэрэв сая саяуулаа IPhone 6 утсаа 7-оор солих боломжтой болно гэвэл бид хийх л байх. 

- Тэр хөдөлгөөнд таны өөрийн үүрэг хариуцлага юу байх вэ? 

Нас явах тусам "тэд" гэж хүлээж, гарыг нь харах хүнгүй болдог. Томчууд, Засгийн газар гээд буруутгах хүмүүс байхгүй болчих нь сонин шүү. Чи өөрөө тэр хүн нь болохоор муу зүйлс хийе гэхгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд, залуу охидын хувьд үнэнг чангаар хэлэх нь хэчнээн чухал гэдгийг би мэдсэн. Тиймээс ч би амархан зүйл мэт аягалдаггүй. Би охиндоо хөрсийг нь бэлдэж буй төдий. 

Хэрвээ амьдралынхаа турш өөрийгөө нэг л ижлээр илэрхийлбэл зарим зүйлийг хэтэрхий их алдахгүй гэж үү? Өгч буй мэдрэмж нь үнэхээр таалагддаг учраас би үргэлж намуухан дуулж байгаад чангарах дуртай. Кино, хөгжим, хоол, секс гээд бүх зүйлд эрдэнэ шиш шиг хага үсрэх сайхан... Тэгэхээр феминизм заримдаа "таашаалаа өөртөө хадгал" гэдэг шиг нуугдмал байх хэрэгтэй. Би эх хүн байхдаа дуртай, өөрийгөө золиослох эх хүний зовлондоо дуртай хэр нь фэйсбүүктээ #MeToo гэж хаштаг ашиглах нь утгагүй ташаарал болноо доо?

- Уран бүтээлийн хувьд хэрхэн олон талыг баримталж, өөрийн гэх онцлогийг бий болгодог вэ?

Жишээ нь, "Utopia"-г хийх үед үг нь сонирхол татсан. Эртний грек хэлнээс үүсэлтэй "utopia" гэх үг нь ямар ч муу муухайгүй мөрөөдлийн төгс ертөнцийг илэрхийлдэг бөгөөд мөн "хаа ч үгүй" гэх утгатай. Тэгэхээр сонсогч өөрөө өөрийнхөөрөө ойлгох ертөнцөө бүтээнэ гэсэн үг юм. Өөрийн төсөөлөл, бодит байдлаа холиод ямар хүн гэдгээ бүтээх... Надад энэ хоёр ертөнц хэзээнээс гайхам санагддаг. 

- Та байнга фантаз болон бодит байдал, гэрэл ба харанхуйн хоёрдмол байдлын тухай дуулах шиг... "Vulnicura"-д л гэхэд "Эвдэрсэн үедээ би бүтэн, бүтэн үедээ би эвдэрхий" гэж дуулдаг.

Өөрийгөө шоолж, гутааж байгаа нь тэр. Заримдаа хүмүүс амьдралынхаа хамгийн жаргалтай үеийг "бүрэн дүүрэн" хэмээх нь надад дэгсдүүлсэн мэт; заримдаа хүмүүс хүнд хэцүү байна гэдэг нь өөрөө "бүрэн дүүрэн" амьдрал мэт санагддаг юм. 

- Таны хөгжим хүмүүст ийм мэдрэмжийг өгөөсэй гэж боддог уу? 

Яг үүнд зорьдоггүй. Бүх хөгжим өөрийн гэсэн хүч чадалтай учраас бүтээгчид зүгээр л хөгжмөө бүтээх нь чухал юм. Хийх л хэрэгтэй учраас. Би бүхнийг төлөвлөдөггүй. Заримдаа дууссан хойноо л юу хийснээ олж хардаг. Харин бичих, бүтээх явц гэдэг... өөрөө гайхамшиг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.