Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уран гулгалт | Дэлхийн аварга А.Щербаковагийн олимпын мөрөөдөл ганхав уу?


2021 оны уран гулгалтын дэлхийн аварга, ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн багийн гол тамирчин Анна Щербакова энэ улирлын анхны олон улсын тэмцээндээ оролцсон нь сонирхогч, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Budapest Trophy" хэдийгээр жижигхэн тэмцээн боловч гранпри тэмцээнүүд эхлэхээс өмнө сорилго, олимпын улиралд хэн ямар өнгөтэй байгаа вэ гэдгийг харж болно гэдгээрээ "том" байсан юм. Ялангуяа Анна Щербакова очсон учраас тэр. 

Өнгөрсөн жил Оросын уран гулгалтын алдарт гурвалаас Алена Косторная, Александра Трусова нар дуулиантайгаар дасгалжуулагчаа орхиход Этеритэй үлдсэн ганц нь Анна Щербакова байсан. Өнөөх хоёр буруу шийдвэр гаргаснаа ухааран эргэж ирэхэд Анна л ганцаараа өмнөх формоо хадгалж үлдсан байж, улмаар тухайн оны хамгийн том тэмцээн болох Дэлхийн аваргын алтан медалийг өөрийн болгож чадсан юм. Дөрөв эргэлттэй лутц, флип үсрэлтийг чадамгай хийдэг, үзүүлбэрийн гүйцэтгэл гаргуун, Этеригийн багийн хамгийн тогтвортой амжилттай тамирчинд оросууд бол айсуй олимпын алтан медалийг хүзүүнд нь бараг зүүгээд өгчихсөн байлаа. 

Гэтэл Анна "Budapest Trophy" тэмцээнд дөрөв эргэлттэй флип үсрэлтийг гүйцэтгэхдээ унаж, бусад үсрэлтүүддээ ч жижиг алдаанууд олон гаргаж, гүйцэтгэлийн оноо хасуулсаар нийлбэр дүнгээр 222,73 оноо авсан нь жижиг тэмцээнд ердөө мөнгөн медаль хүртэх л амжилт байлаа. Энэ бол түүний 2019 оноос хойших хамгийн муу амжилт. Харин аваргын алтан медалийг өөр нэгэн орос, тэр дундаа өнөөх л Этери Тутберидзегийн залуухан шавь Майя Хромых хүртэв. Тэр Аннагийн гүйцэтгэж чадаагүй дөрөв эргэлтийг гурвалсан эргэлттэй залгуулан хийсэн нь томоохон "мэдэгдэл" байлаа. 

Майя Хромыхын гүйцэтгэл төгс байгаагүй, тэр ч бас өөр нэгэн дөрөв эргэлтийг гүйцэтгэхдээ унасан хэдий ч "алдаатай үзүүлбэрээр" Дэлхийн аварга Анна Щербаковаг ялж чадаж байгаа нь олимпын улирлын гол шуугианыг тарихаас яах вэ. 

Үнэндээ Анна өөрийн гол зэвсэг болох дөрөв эргэлтийг 2021 оны гуравдугаар сараас хойш алдсан. Дэлхийн аварга болохдоо ч тэр дөрөв эргэлт хийхдээ унасан билээ. Өнгөрсөн есдүгээр сард болсон Оросын тест, сая "Budapest Trophy"-гийн бэлтгэлийн болон тэмцээний үеэр ч энэ үсрэлтийг алдаагүй гүйцэтгэж чадаагүй. Хэрвээ Анна Щербакова дөрөв эргэлтээ алдаагүй гүйцэтгэж чадахгүй бол олимпод байтугай жижиг тэмцээнд ч түрүүлж чадахгүй гэдгийг саяын тохиолдол харууллаа. 

Бээжин - 2022 олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ыг төлөөлөн оролцох гурван тамирчны квотыг хэн, хэн авах нь улам ээдрээтэй болсоор байна даа. 

"Budapest Trophy" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл: 

1. Майя Хромых (ОХУ) - 224.91

2. Анна Щербакова (ОХУ) - 222.73

3. София Сомадурова (ОХУ) - 190.91


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
9 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
10 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0