Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хаврын сэтгэл гутралын 3 том шалтгаан + 9 зөвлөмж


Та нартай өдрүүдэд дуртай юу? Аль эсвэл бороотой, бүрхэг өдрүүдэд дуртай юу?

Удаан хугацааны хүйтэн улирлын дараа цаг агаар дулаарч, найз нөхөдтэйгээ гадуур алхах, зузаан хүнд хувцаснаасаа салах, цэцэг ногоо нахиалах хаврын дулаан өдрүүдийг бодоход л олон хүнд тааламжтай мэдрэмж төрдөг байх. Гэвч олон улсын статистик баримтаас үзэхэд хаврын 4,5-р сард амиа хорлолтын тоо оргил цэгтээ хүрдэг байна. Улирлын чанартай сэтгэл гутралын тухай хүмүүс ярьж, мэддэг хэдий ч энэ төрлийн сэтгэл гутрал нь зөвхөн хүйтний улиралтай холбоотой гэж андуурах тохиолдол олон байдаг. Улирлын чанартай сэтгэл гутрал нь намрын сүүл үеэс эхлэн, хаврын улирлын хугацаанд илэрдэг хэдий ч энэ төрлийн сэтгэл гутралтай хүмүүсийн 10 хүний 1 нь хаврын улирал буюу улирал солигдож, нартай дулаан өдрүүдэд орноосоо босмооргүй санагдах, амьдралын идэвх буурах, сэтгэл хямрах зэрэг шинж тэмдэгтэй болдогоороо онцлогтой. Үүнээс гадна нойрны хэмнэл алдагдаж, их унтах аль эсвэл нойр хүрэхгүй болох, амархан уурлаж бухимдах, аливаа зүйлийг эмзэг, мэдрэмтгий хүлээж авах, сэтгэл түгших, байж сууж чадахгүй болох, хоолны дуршил өөрчлөгдөх зэргээр илэрдэг.

Тэгвэл яагаад хаврын улиралд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг вэ?

1.     Хаврын улирлын тухай өөрийн төсөөлөл болон бодит байдал хооронд зөрчилдөөн үүсэх нь энэ төрлийн сэтгэл гутралыг бий болгох хамгийн том хүчин зүйл болдог. Цэцэг навч ногоорч, нар ээсэн дулаан өдрүүдийг тэсэн ядан хүлээх хүмүүсийн дунд амьдрах нь өөрийн сэтгэл санааг удахгүй сайжирна гэсэн хүлээлтийг бий болгодог хэдий ч бодит байдал дээр сайжрахгүй байх үед өөрийгөө зэмлэх байдал ихсэж, улмаар сэтгэл гутралын шинж тэмдэг улам хүндэрдэг.

2.     Өдрийн цаг урт болсонтой холбоотой ажлын дараа, аль эсвэл хичээлийн дараа хэн нэгэнтэй уулзах, цагийг “үр бүтээлтэй” гадаа өнгөрөөх ёстой гэх итгэл үнэмшил, нийгмийн стандартаас үүдэн өөрийгөө идэвхтэй байхыг хүчлэх, өөрт дарамт үзүүлэх зэрэг нь сэтгэл гутралд нөлөөлдөг.

3.     Хаврын улирал нь ихэнх төрлийн харшлыг сэдрээдэг ба ялангуяа ургамлын тоосны харшилтай хүмүүс энэ төрлийн сэтгэл гутралд ихээхэн өртдөг байна. Түүний шалтгаан нь ургамлын тоос биенд нэвтэрснээр үүсэх олон нэгдлийн урвалд тархин дахь химийн урвалын тэнцвэртэй байдал алдагдаж, улмаар сэтгэл хөдлөл тогтворгүй болох, амархан уурлах, түрэмгий зан үйлтэй болгоход хүргэдэг байна.

Хэрэв та болон таны эргэн тойрон хаврын улиралд сэтгэл санаа нь тавгүйтэх, нартай өдрүүдэд орноосоо босмооргүй санагдах, гэрээсээ гарахыг хүсэхгүй байгаа хэн нэгэн байвал та ямар арга хэмжээ авч болох вэ?

1. Хурдан “зүгээр” болно гэсэн хүлээлт тавихгүй байх.

2. Мэдрэмжид сайн муу гэж байхгүй гэдгийг ойлгох. Өөрийн бодлыг шүүмжилж, уурлаж байгаадаа уурлаж, гэмшиж байгаадаа гэмших тусам энэ мэдрэмж тантай зууралдаж үлдэх тул мэдрэмжиндээ шүүлтүүртэй хандахгүй байх.

3. Гадаа гоё байлаа гээд заавал цагийг үр бүтээлтэй өнгөрөөх албагүй гэдгийг ойлгох. Гэхдээ цаг агаар тааламжтай байхад заавал үр бүтээлтэй байх ёстой гэдэг бодлыг та хаанаас, хэнээс сурсан бэ гэдгээ нэг бодоод үзээрэй.

4. Хоол хүнсэндээ анхаарах. Аль болох сахар ихтэй хүнс, боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь хүний сэтгэл санааг хоромхон зур таатай болгодог хэдий ч эргээгээд хэвийн байснаас илүү хэмжээгээр унагааж, дахин илүү чихэрлэг, хэт боловсруулсан нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн сонгоход хүргэдэг.

5. Хаврын улирал сэтгэл гутралд орох нь үргэлж тохиолдоно гэдэг айдсаасаа салах. Нэг удаа тохиолдлоо гээд жил бүр хавар болохоос өмнө айж, сандрахгүй байх.

6. Нойрыг төлөвлөх. Өглөө нүдээ нээсэн цагаас эхлүүлэн юу идэж, уух, ямар бодолтой байх, хэр зэрэг идэвхтэй байх зэрэг нь бүгд таны нойронд нөлөөлдөг тул яагаад нойр хүрэхгүй байна гэж шөнө орондоо бодож суухын оронд сэрсэн цагаасаа эхлүүлэн нойрны чанартаа эерэг нөлөө үзүүлэх хоол хүнс, үйл ажиллагааг сонгох.

7. Бороотой үүлэрхэг өдөр сэтгэл санаа онцгүй байна гэж хэн нэгэн хэлэхэд хэн ч гайхаж хүлээж авдаггүйтэй адил цаг агаар “гоё” байхад ч мөн сэтгэл санаа тавгүй байж болно гэдгийг ойлгох.

8. Сэтгэл түгшилттэй холбоотой өөрийн бодол, итгэл үнэмшилтэйгээ ажиллах. Ихэнх тохиолдолд бидний айдас бодитоор төсөөлж байгаа шигээ тийм аймаар биш байдаг. Тиймээс толгой дотроо төгс төлөвлөгөө гаргаж, түүнийгээ биелүүлж чадах эсэхдээ түгшиж, стрессдэхийн оронд өөрийн бодол үнэхээр бодит үнэнтэй нийцэж байна уу гэдгийг бодитоор айж байгаа зүйлтэйгээ нүүр туулж үзэх.

9. Сэтгэл гутралын шинж тэмдэг хүндрэн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байвал заавал мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэл засалчид хандаж, тусламж авах. Танд хэрвээ яаралтай сэтгэл зүйн тусламж хэрэгтэй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн турш ажилладаг 1800-2000 дугаар руу хандаарай.

Нийтлэлийг бичсэн: МУИС, Боловсрол, сэтгэл судлал тэнхимийн багш Х.Сайнсанаа


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.