Футзалын Үндэсний шигшээ баг Азийн Цомын тэмцээний эхний тоглолтодоо Хонконгтой тэнцлээ
Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд өчигдөр Малайзын "Панасоник" спорт комплекст эхлэлээ. Урьдчилсан шатны хүрээнд Зүүн Азийн бүсийн таван баг хоорондоо өрсөлдөж хэсгийнхээ эхний гурван байрт шалгарсан багууд есдүгээр сард Кувейт улсад явагдах шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Монголын футзалын шигшээ баг өчигдөр эхний тоглолтоо Хонконгтой хийв. Улмаар тоглолтын эхний үед А.Тэмүүлэн гоол оруулсан. Гэсэн ч хоёрдугаар үед торгуулийн цохилтоос Хонконгчууд гоол оруулснаар 1-1 харьцаатай тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Үндэсний шигшээ баг энэ тоглолтод гоолын боломжуудыг удаа дараа бүтээж байсан ч мөн төдий тооны боломжуудыг ашиглаж чадалгүйгээр тэнцэв.
Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр 20:30 минутаас БНСУ-ын шигшээ багтай хийнэ. Мөн маргааш 17:00 цагаас Японтой, V сарын 20-ний 17:00 цагаас Тайванийн багтай тоглох юм.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдлагад "Унаганууд" клубийн П.Алтантулга, М.Чанцал, Б.Нармандах, Э.Бат-Оргил, Э.Ууганбаяр, Я.Алтансүх, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Энхбилэг нар "Арвис" клубээс О.Есүхэй, А.Тэмүүлэн нар "Монголын тэмүүлэл" клубийн Б.Эрдэнэ-Ундрах, "Хараацай" клубээс Б.Амгаланбат, "Солонго 5" клубийн Т.Анхбаяр нар Үндэсний шигшээ багт дуудагдаад байна.