Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2021 оны Хятадын шилдэг яруу найраг


Саруул шөнөөр сар сүүдэр хоёртойгоо наргиж, архи балган, шүлэг бичиж, амьдралынхаа сүүлчийн мөчид усанд ойчсон сарыг тэврэхээр гол руу үсрэн амиа алдсан эртний Хятадын их яруу найрагч Ли Байгаас өгсүүлээд орчин үеийн Хай Зы, Гү Чэн, Лин Хуй Ины шүлгүүдтэй Монголын уншигчид Г. Аюурзана, Нац. Энхбаяр нарын орчуулгаар танилцаж байсан. Харин нэн шинэ үеийн Хятад яруу найрагтай бол тийм ч танил дасал биш юм. Энэ удаад бид Хятадын нэн шинэ үеийн арван шилдэг яруу найрагчийн шүлгүүдийг Өвөр Монголын залуу яруу найрагч Болдбаатарын Хорвоогийн орчуулгаар хүргэж байна. Тэрбээр өнөө жил "Tagtaa Prize" утга зохиолын уралдааны яруу найргийн төрөлд шилдэг тавд шалгарсан билээ.

#1 Жо Шин Юй "Амь насны аниргүй үгс"

Шувууд уг нь тэнгэрт нисэлдэх үйл үг.

Гэхдээ энд, шувууд гэгч

Модон дээр ургасан нэр үг. Жижигхэн энэ хотод цагаачлан амьдрах надад

Жигтэйхэн гунигтай санагддаг, тэгэвч би шувуудад

Сэтгэлээ уудалж байгаагүй, тэгэх нь үнэндээ утгагүй хэрэг.

Үнсэн саарал тэнгэрийн доор, тэдгээр шувууд үргэлж чимээгүй

Чимээгүй байсаар, үргэж мөчрөөс нисэхдээ

Уйтгар гунигаа газар бүрхтэл сэгсэрнэ.

#2 Жан Ин Зы "Харьцангуйн онол"

Хөшигний цаагуур нисэлдэх сүрэг шувууд

Хөнгөн агаад эрх чөлөөтэй санагдана. Ядах нь ээ тэд

Өглөө бүр үүрийн гэгээг зууж сэрнэ, 

Ямар жижигхэн гэлээ ч, модон дээр

Үүрээ барихаар жигүүрээ дэвж сурна. 

Харин би атаархах л гэж төрсөн юм шиг

Хананы завсраар тэднийг нууцхан ширтэнэ

Замаар дайран өнгөрөх энэ л шувуудаас

Захиа хүлээж удаан зогсоно. 

#3 Го Юан "Цэцэгсийн эмзгийг хараад энэлэн зовдоггүй"

Эмзэгхэн цэцэгсийн төлөө би энэлэн зовдоггүй, улирал нь болж

Дэлбээгээ нээхэд, уйтгар гуниг даган замхардаг болохоор.

Харин моддыг хараад сэтгэл минь зовдог, дуулган цэрэг шиг тэд

Дуугүй, хүлцэнгүй байдагт нь бүүр ч шаналдаг. 


Яаж аниргүйд дассан тэднийг ам нээлгэх? Яаж

Сэтгэлээ илчлэхэд нь тус болох? Тэднийг гүндээ

Юу тээж явааг, яг үнэндээ би ч мэдэхгүй.

Тэвчээр алдах болгондоо би хулсан лимбэ эгшиглүүлнэ

Тэр эгшгээс минь шувууд зөөж үүрээ барьдаг

Ингэж л, сэтгэлээс минь гарсан аялгуу бүхэн чамтай

Сэрүүн модны сүүдэрт шувууны үүр болж үлдэнэ.

#4 Чэн Шюан "Хоосролоор дүүрэн хүмүүс"

Хоосролоор дүүрсэн сэтгэл үзэсгэлэнт ваар шиг харагдана: 


Тэр шилэн жүнз шиг тунгалаг биет биш, шуудангаар илгээхэд

“Амархан хагарна” гэсэн анхааруулах бичиг хэрэггүй.

Тэр шаазан эдлэлээс ялгаатай,

Үнэхээр түүнийг эвдэхийг хүсвэл, өндрөөс шидэх ч илүүц ээ. 

Живэрдэггүй болд шиг гялалзсан хурц өнгө түүнд алга

Жирийнээс жирийн биед нь соронздон татах увдис нэн ч үгүй.

Хуванцар хэрэглэл шиг амархан шатдаггүй,

Хурааж аваад ахин боловсруулж бүүр ч болохгүй

Хорвоогоос тэр ганцхан л удаа аяарлавал,

Хожим дахиж ирэхгүй. 

Тэр модон эдлэлээс өөр. Хадаас, цавуу

Харахад чамин өнгө будаг түүнийг бүтээж чадахгүй…


Хоосролоор дүүрэн сэтгэл, хаа сайгүй цавтай харагдана

Тэр цаваар агаарт уусаж, ахиад олон хүний дотор хоосрол үүрлэнэ.

Гудамжаар нэг үзэсгэлэнт ваар шиг хүмүүс гуйван алхахыг үзлээ

Харахад дүүрэн ч, дотроо хов хоосон тийм л хүмүүс.

Хоосролоор дүүрсэн хүмүүс тунгалаг гэдгийг, хорвоод тэд

Оршихгүй юм шиг атлаа, хоосон хэсэгт нь сэтгэл байдгийг мэдэрлээ…

#5 Жи Кай Чин "Дахин төрөхүй"

Агь, зэрлэг сарнай, багтар цай, ялам, жимсгэнэ…

Аяа, мартах вий гэж айсандаа

Нэрийг нь уншиж сууна.

Азаар тэднийг танихад амархан, хоорондоо холилдсон ч

Байнга өөрөөрөө байдаг болохоор.

Ялгаатай нь, тэдэнтэй харьцуулахад би хүмүүсийн дунд

Яг л бэхэнд дусаасан ус шиг өөрийгөө гээсэн нэгэн. 


Би анх моддоос үүссэн

Мөчир яс минь, навчис цус минь байсан юм.

Тэгэхэд би энгийн л нэгэн, бие минь

Ертөнцийн тоосонд хучигдаагүй, ердийнхөөрөө

Нахиалахдаа нахиалж, зулгарахдаа зулгарч

Нартын жамаас би хазайгаагүй явсан.

Тэгэхэд, ургамал бүхэн надтай ураг төрлийн холбоотой байсан.


Харин одоо, нэг л мэдэхэд би өөрийгөө гээж орхижээ

Харамсахдаа, замд таарсан бүхнээс ийнхүү асуулаа: 

Өглөөний гэгээ нөмөрч алхах хүнийг харсан уу?

Өвснөөс бүтсэн зүрхийг минь олж авсан уу?

Тэд бүгд л над руу өрөвдсөн харцаар ширтээд

Эмзэглэн шархалсан намайг элгэндээ тэвэрч

Навчсаар сэтгэлийг минь, мөчрөөр биеийг минь дахин зохиож өглөө.

#6 Ли Жуан "Өвс"

Хааяа би өвс адил бөхөлзөнө

Хайртай охин минь газар ойчиход тэврэн босгох гэж

Хагацал дайран, ээж аавынхаа хүйтэн цогцсыг элэгдэн уйлах гэж

Мэдээж бас, сайхан бүсгүйтэй амраглан жаргах гэж

Салхины аясаар өвснүүд өнгөөрөө уусалцах шиг

Гайхалтай ногоон мэдрэмжийг мэдрэх гэж.

Өвс мэт би нар сарны гэрэлд зогсоно

Өнгөрсөн борооны дараа, зөөлөн салхи сэвэлзэхэд

Зүрх минь даарч чичирнэ.

Олон жилийн өмнө намайг зүсэж шархлуулсан хадуурыг санахад

Одоо ч гэсэн хэд гурван дусал шүүдэр дэлбээг минь зурж газардана.

Ногоорон ургахаас борогшин хагдрах хүртэл, өвсний гүнд

Нойтон зүрх булгилан байдгийг яаж мэднэ…

Хүйтэн хадуур.

#7 Боо Бо "Ганц удаа захиа бичих юм сан"

Одоо ганц л удаа захиа бичих юм сан, олон жилийн өмнөх шигээ

Борооны чимээ, шувуудын жиргээ, бүрэнхий шөнийн зүрхний цохилго, 

Зүүдэн дундах инээмсэглэлээ хүртэл бичиж оруулах юм сан.

Харамсалтай нь, захидлын цаасаа дэлгээд өөрийн эрхгүй

Харанхуйн дундах ганцхан зурвас өнчин гэрлийн тухай бичлээ.

Гэрэл анивчихад, бичсэн үсгүүд минь энд тэнд гүйлдээд

Гэнэт сэвшээ салхины гүнд, хорхойн дугарах сонсогдоход

Бичгийн цаасаа үнгээд би салхи руу шидэж орхилоо.

Үнэндээ би олон ч удаа ингэж, бичсэн захиагаа салхинд хийсгэсэн

Үнгэгдсэн зүрх минь одоог хүртэл, салхины дотоодод тарчилсаар байдаг. 

#8 Ли Нан "Үргэлж хэн нэгэн"

Үргэлж хэн нэгний бүлээн амьсгаа

Агаарт уусаад, үнсэн саарал өдөр хоногуудыг гэрэлтүүлж байдаг. 

Үнэндээ сэтгэл гэдэг эрхтэн

Амьсгалж… догдолж…

Өвлийн хүйтнийг ажиггүй туулж

Алсад нисдэгийг хараад гайхаш алддаг. 

Үргэлж хэн нэгэн

Гар чийдэн барьж, ганцаараа мартахуйн гудмаар алхсаар

Аль хэдийнээ гээж орхисон хориотой дурлалаа ахин олж авдаг. 

Цөөрс модод хүйтэн сүүдрээ дэвсэж

Цөхрөлөө барсан шувууд шугуйг гуниглатал жиргэх нь

Үргэлж хэн нэгний… сэтгэлийнх байдаг.

#9 Ай Сун "Шувуу"

Шувуу дээгүүр минь нисэн өнгөрөхдөө

Сүүдрээ гээж орхилоо. 

Алгаа дэлгээд тосох гэтэл

Нарны гэрэл, шувууны сүүдэртэй хамт

Намайг нэвтлэн

Зүрхэн дотор минь уналаа. 

Тэнд гэрэлт нэгэн чулуу жиргэсээр байдаг.

#10 Пан Ши Чэн "Гэрэлт ханз"

Харанхуйд

Шүлэг бичдэг болохоор

Хамгийн гэрэлтэй үгсийг

Сонгож хэрэглэдэг

Гэрэлт ханз минь.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.