Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

УРЛАГ | Голын эрэгт ус зарахын үлгэр буюу гурван феминист


Урлаг судлаач М.Батзоригийн 2022 оны Венецийн 59 дэх удаагийн дүрслэх урлагийн биенналийн талаар хийсэн цуврал тэмдэглэлийг хүргэж байна.  


Эртний японд зэнгийн нэгэн багш шавь нартаа хандан “Би дөчин жилийн турш голын эрэгт ус зарж байна” хэмээн хэлжээ. Энэ үгийг гэгээрлийн тухай багшаас очиж заалгаж, сурдаг нь цангасан хүн ус олж уухтай адил боловч багшаас сонсож буй үг бол зүгээр голын ус шиг ус биш өөр, сэтгэлийн цангааг тайлагч ус гэсэн утгатай гэж ойлгож болох ч бас багш бээр шавь нартаа хандан би та нарт зэнгийн эрдэм зааж байгаа нь өөрөө маш буруу, утгагүй зүйл юм. Яг л голын эрэгт ус зараад зогсож байгаа тэнэг шиг. Учир нь миний заах гээд байгаа зүйлс бүгд та нарын дотор, өөрсдөд чинь байгаа хэмээн өгүүлжээ хэмээн тайлбарлаж ч болмоор.

Олон салаа утга бүхий энэ түүхээс сэдэл авсан нэгэн үзэсгэлэн энэ жилийн венецийн Арсенальд олны хүртээл болсон нь Латвийн павилион байв. Ингуна Скуяа хэмээх латви, Мэлиса Ди Брэйдн хэмээх америк эмэгтэй зураач, барималчийн 1999 оноос эхлүүлсэн, одоогоор тун амжилттай яваа “Скуяа, Брэйдн” хэмээх бүлгэмийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн байв. Хориод жилийн өмнө тэдний дүрслэл дэх  бүтээлч бүр ил гаргаад байж чаддаггүй, ил цагаан хандлага бүхий хурц дүрслэлийг постсовет нийгэм нь төдийлөн сайнаар хүлээж авдаггүй байсан ч, өнөөдөр тэгш эрхийн тухай ойлголт, ижил хүйстнүүдэд хандах хандлага, тэдний бүтээлчийнхээ хувьд ч өсөж, дэвжсэн зэрэг олон тохиол бүрдсэнээс куратор Андра Силапэтр, Солвита Крэс нар эл хосын үзэсгэлэнг сонгож, 2022 оны бенналийн нэгэн содон, хүчирхэг өвөрмөц дуу хоолой болгон түмэнд түгээжээ. Энэ хоёр эмэгтэйн талаар бичвэр хийхээр интэрнэтээс элдэв мэдээлэл хайж байхдаа яг тийм мэдээлэлтэй тааралдаагүй ч, үзэсгэлэнд нь ормогцоо л тэднийг хос гэдгийг нь мэдэрсэн. Эсвэл мэдрэгдсэн. Ер нь ХХ зууны дүрслэх урлаг шиг эмэгтэйчүүдийн, бэлгийн цөөнхийн дуу хоолой ийм хурц солонгорон харагддаг өөр салбар бараг үгүй. Өгүүлэн буй бүтээлчдийн илэрхийлэл хаа ч танигдах өөрийн гэх феминист хэлэмж, дүрслэлээрээ ялгарахуйц байгаа нь тун жигтэй. Тиймээс ч тэд өөрсдөд нь хамгийн их нөлөөлсөн бүтээлчээрээ франц, америкийн бүтээлч, өнөө цагийн феминизмийн эх гэж хэлж болох Луис Буржуаг нэрлэсэн байв.

Эл үзэсгэлэн маш удаан хугацааны уйгагүй, чимхлүүр ажиллагаа орсон, гүйцэтгэлтэй, эмэгтэйлэг, чамбай байгаа нь хамгийн түрүүнд нүднээ тусахуйц боловч үүнээс гадна хоёр зүйл сонирхолтой санагдав. Нэгдүгээрт тэдний маш зоригтой, тод, чанга хоолойгоор илэн далангүйгээр мэдрүүлж буй хүйсийн чиг хандлагыг илтгэж буй эротик, шидэт дүрслэлүүд, удаах нь “Голын эрэгт ус зарахуй” хэмээн нэрлэсэн үзэсгэлэндээ гол, бас ус худалдаж байгаа нэгэн лам гэх мэт мэдээжийн зүйлс огт хийлгүйгээр давхар олон янзын өөр холбоос болон маш олон жижиг хэсэг болж салж болохуйц өөр өөр бүтцүүдийг зориуд бодож давхарласан нь ихэд сонирхолтой. Тэд нийт үзэсгэлэнгийн танхимынхаа бүдүүвч зургийг хийж танилцуулгаа бэлдсэнээс нь харвал бүх орон зайгаа биеийн, сэтгэлийн, сүнсний гэсэн гурван үндсэн хэсэгтэй гэжээ. Энэ нь дотроо айлын гэрт байдаг урлан, зочны, унтлагын болон гоо сайхны гэх мэт тасалгаанд бас дахиад хуваарьлагдсан байхаас гадна, хэсэг тус бүрийн үүргийг ихэд нарийвчлан оруулжээ. Харин эдгээр нь дахиад тус тусдаа өөр 256 бүтээлээс бүрдэнэ. Зарим бүтээл нь 65 ширхэг хүртэл жижиг хэсгээс бүрдэж байгаа гэж үзвэл нийтдээ мянгаар тоологдох жижиг том нийлсэн шаазан баримлыг нэг бүрчлэн хийжээ. Энэ чанар бол орчин цагийн бүтээлч бүрт тааралдаад байдаг онцлог биш бөгөөд үүнийг нь уйгагүй их чимхлүүр ажил орсон хэмээн дахин дахин онцлоод байгаа хэрэг. 

Хананд өлгөсөн, таазнаас дүүжилсэн, ширээ, сандал, тавиур, шүүгээ, шалан  дээгүүр өрсөн бүгдийг нийлүүлээд харахаар эмэгтэй хүний доторх бүхнийг уудлаад нарийн ширийн хэсэг нэг бүрийг нь гаргаад дэлгээд, өлгөөд, дүүжилчихсэн бүтэн ертөнц юм даа гэмээр. Зэрвэс харвал ихэд замбараагүй боловч жижиг хэсэг нэг бүр нь тун донжтой, чамин, чимхлүүр, ганган, дэгжин хэдий ч бас зэвүүцмээр, жихүүцмээр гайхмаар ч шийдэл олон таарах аж. Эр хүний эрхтнүүдээр хийсэн авжуур, эмэгтэй хүний нүд, ам бүхий таваг, олон өнгийн зангиа оролцуулан хийсэн ханын толь, Путин болон бусад нөлөө бүхий эрхмүүдийн хөрөг бүхий ваар, шаазан усан оргилуур, хайрцаг дүүрэн ангайчихсан ам, нүд, төсөлдөө оролцсон багийнхных нь зураг бүхий танилцуулгын хэсэг, хайртай хоёр нохойных нь дүрс гэх мэт маш урт жагсаалт болохоор зүйлс нийлээд эмэгтэй хүний тархинд өдөрт хэдэн мянгаараа эргэлдэж л байдаг бодлууд ч юм шиг санагдана. 

Ер нь ч приобалтикийн орнуудын урлаг зөвлөлтийн үед ч маш чөлөөтэй, баруунжуу байсан. Энэ өнгөрсний ул мөрөөс гадна посткоммунист нийгэм болон эрх чөлөөт амьдралын бэлэг тэмдэг болсон америкийн нийгэм хоёрын дунд ажиллаж байгаа болохоор америк ч биш, латви ч биш дүрслэл юм. Эрэгтэй болон эмэгтэй хүний дунд л дотно хайрын харилцаа үүсэж болно гэх ерөнхий хандлага болон, дурлал бол хүйсийн хил хязгаарт ч үл баригдам агуу зүйл хэмээн үздэг бэлгийн цөөнх хоёрын бас л заагт амьдарч яваа бүтээлчдийн мэдрэмж болохоор хувирлын тухай, зааг, ялгааны тухай хүчтэй өгүүлэмжээр нэн баян байв. Скуяа,  Брэйдн нар үзэсгэлэнгээрээ үнэн худал, зөв буруу, сайхан муухайн тухай ярих утгагүй тийм л цул нийлэг орчин бүрдүүлэхдээ эрэгтэй хүнээс л лав яагаад ч гарахааргүй олон сюр, шидэт шийдлээр дүүргэжээ. 

Скуяа, Брэйдн нар

Харин энэ бичвэрээ “гурван эмэгтэй” хэмээн нэрлэсний учир бол энэ жилийн бенналиас онцлохгүй байхын аргагүй часхийсэн хүчирхэг хэлэмж болон сэтгэлд үлдсэн хонг конгийн Анжела Сю хэмээх готик, биоморф, баримтат ажлуудаараа ихэд нэрд гарч буй бүтээлчийн “Үүдэл” хэмээн орчуулчихаж болмоор тун сайн үзэсгэлэн байв. Тус улс анх удаа эмэгтэй бүтээлчийн дан, бие даасан үзэсгэлэнгээр беннальд оролцож байгаа нь нэг шинэ алхам болсноос гадна Фрия Чоү хэмээх залуухан эмэгтэйг ч мөн энэ жилийн павилионыхоо зочин куратороор урьж ажиллуулжээ. 

Хонг Конгийн зураач Анжела Сю

Эл төсөлд Сю сүүлийн үед хийсэн хүний үс оролцуулан хийдэг зураасан зураг, баримтат видео үзүүлбэрээ нэгтгэж маш хурц, зоримог бас өмнө өгүүлсэн хоёр эмэгтэйн хэт задгай, хөдөлгөөнтэй зохиомжоос илүү семмитрик, статик хэдий ч нууцлаг үйлдлүүдээр санаа бүрээ холбон мэтгэсэн байх нь соньхон. Үүгээрээ Анжела Сюгийн феминист өнцөг илүү дорнын байхаас гадна өнгөрөгч зууны дунд үед ветнамын дайныг эсэргүүцэж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Лорэн Өү гэгч зохиомол дүрийнхээ түүхээс сэдэл авсан гэдгээрээ бас баримтат ч шинжтэй байлаа. Тэрний зураасан зургууд нь хүн болон машины нийлмэл, санаа нь өрнө дорнын холимог бөгөөд мөн л дээрх бүтээлчдийн нэгэн адил хоёр эсвэл хэд хэдэн зүйлийн заагт оршихынхоо хэрээр хувирч байгаа бие махбод болон сэтгэл санааны тухай хөндүүрт хэлэмжүүдтэй юм. Харин эдгээр өөр арга, илэрхийлэлтэй бүтээлчдийг нэгтгээд байгаа тэр зүйл бол хувирлын тухай, бас хувирлаар дамжин илрэх тэр эрэмдэгшил, дэс дараа, алдагдсаар байгаа эмх журам, алдарсаар байгаа итгэл, цөхрөлийн тухай ч юм шиг. Зүгээр л өвдсөн бол өвдсөн, баярласан бол баярлаж байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээг чухалчлан үздэг феминист баримтлалаа олон давхарга бүхий бүтэц болгож, зүйж, тогтоож, дүүжилж харуулж байлаа. 

Эл үзэсгэлэнгээс хамгийн сэтгэлд үлдсэн ажил бол Сюгийн 2017 онд хийсэн “Tack tack tack” гэсэн нэртэй үзүүлбэрийн видео байв. Нийт хорь шахам видео ажил орсон ч хагас баримтат эдгээр видео ажлаасаа тусд нь байрлуулсан нь, мөн шууд өөрийнхөө хийж буй үйлдлийг л харуулснаараа энэ бүтээл өөр зохиомжтой. Жирийн жижиг ширээний хэмжээтэй тавцан дээр, дээрээс нь тусган харуулсан бичлэгт хурц үзүүтэй хайчаар гарынхаа сарвуу хооронд ээлжлэн хатгадаг хүн бүрийн мэдэх үйлдлийг хийж байна. Орос рулет гэх мэт иймэрхүү тоглоом гэж нэрлэж болмооргүй зугаатай, эмгэнэлтэйн аль нь ч биш зүйлс шиг. Харин үзсэн хүн өөрийгөө гэмтээж цусаа гоожуулах болов уу яах бол гэж сэтгэл түгшсэн ч үзээд дуусгана. Тэр хооронд ширээг үзүүртэй мэсээр тогших таг таг гэсэн чимээнээс өөр чимээ үл гарна. Эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутлын чимээ шиг. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эрхийг хамгаалаач ээ гэсэн үгийг энгийн намуун дуугаар хэлвэл бараг хэн ч тоохгүй болтлоо дөжирчихсөн шуугиант цаг үед өөрийгөө гэмтээж мэдэх үйлдэл хийж анхаарлыг татаж буй нэг хэлбэр гэж тайлж болох ч...  

Мөн түүний бусад видео ажлуудад нарийхан олсон дээр холбирчихолгүй тэнцвэрээ олон алхаж байгаа циркийн үзүүлбэрийн тухай баримтат дүрсүүд маш их орсон байгаа нь өмнөх хоёр бүтээлчийн гаднаасаа гялгар, чамин, өнгөлөг харагдавч яг л хүн хоорондын харилцаа шиг нэг л цавтчихвал дахиж эвлэхэд хэцүү, эмзэг шаазан дүрсүүдтэй нь холбогдох ч юм шиг. Үнэндээ тэдний энэ этгээд гэмээр үйлдлүүд асуултанд хариулаад байгаа биш асуулт асуугаад, илүү лавшруулаад байгаа л хэрэг болов уу.     

Харин яагаад ч юм энэ бүхэн яг юунд хэрэгтэй вэ? гэсэн тун эрэгтэйлэг асуулт болон надад мэдрэгдээд байлаа. Тэр нь бүр цаашлаад урлаг юунд хэрэгтэй вэ? гэх хачин асуулт болон үгдрэх. Уг нь аль өнгөрөгч зуунд Марсэл Дюшан “Юу ч урлагийн бүтээл болж, хэн ч уран бүтээлч байж болно” гэсэн алдартай эсэргүү санаагаа хэлчихсэн байдаг. Гэсэн ч хүмүүс өөр доторх урлагаа биш хэн нэг бүтээлчийн хийснийг үзэж, мэдрэхээр музей галерейд очсоор л. Ерөөсөө бүтээлч, үзэгчид, урлагийг худалдан авагчид, магтан шагшигчид ч гэсэн голын эрэгт ус зарагсад юм биш үү гэсэн эргэлзээ үлдэнэ. 

Үүдэл үзэсгэлэнгийн видео бүтээлүүд

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.