Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Энэ жилийн хамгийн их үйл явдал давхцаж, хөл толгой нь олдохгүй мэт сард тавтай морил. 


1. Хонь (3/21-4/19)

Бусадтай харилцах дээрээ анхааралтай байхгүй бол та өөрийнхөө үг хэлэнд орооцолдож мэдэх нь. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сарны ачаар та алдаа эндэгдлээ засах боломжтой болно. Зарим тохиолдолд хэлээ хазаж өнгөрүүл, эсвэл уучлал гуйж буулт хийхэд хамгийн тохиромжтой үе. Эцэст нь та өөрийнхөө төлөө л үүнийг хийж байна гэдгээ санаж, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй.

12 сарын 23-нд тохиох Шинэ сар таны карьерт ихээхэн түлхэц өгнө. Ирэх 1 сарын 12 хүртэл та өөрийгөө бүрэн хэмжээнд нь харуулахад бэрхшээлтэй байх хэдий ч тасралтгүй зүтгэж, урагш тэмүүлэх ёстойгоо бүү мартаарай. Зорьсондоо хүрэх зам шулуун байдаггүй, ямагт асуудлууд гарч ирдэг. Та урагш нэг алхсан ч буцаад хоёр алхам ухарч магадгүй. Энэ болгонд хэт их уцаарлаж, тэвчээр алдах хэрэггүй. Харин асуудал бүрийг даван туулах ёстойгоо өөртөө сануулж, эерэг байхыг хичээх хэрэгтэй.

Хайр дурлал энэ сарын хувьд гол дүр биш байх болно. Та яг л ажилтайгаа хуримлачихсан мэт санагдаж магадгүй. Нам гүмхэн өнгөрөх хайр дурлалын талбарыг түр хойш тавьж, чухал ажлууддаа анхаараарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: нэр хүнд, шагнал, бизнес, гэрээ, харилцаа, бичих, тушаал ахих

2. Үхэр (4/20-5/20)

Санхүүгийн хувьд гарсан аливаа өөрчлөлт, доголдол ойрын хугацаанд таны хувьд асуудал болж мэдэх нь. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сар болон Ангараг гарагийн нөлөөгөөр та хэрэггүй зүйлд мөнгө үрэх, бодлогогүй шийдвэрүүд гаргах магадлал их байна. Энэ бүхнээс болж санхүү хямрах нь тун ойрхон байна. Та уг нь санхүүдээ ийм сул хандах нь ховор. Гэхдээ энэ асуудлуудаа та хурдхан засаж, санхүүгийн сахилга баттай байж анхааралтай байгаарай.

Энэ сарын төгсгөлөөс таны хайр дурлалын амьдралд маш сонирхолтой эргэлт гарах нь. Өмнө нь тохиолдож байсан хайр дурлалын асуудал, хуучин сонирхол дахин сэргэх магадлал өндөр байна. Мөн гадаадад байж байгаад ирсэн хүн, эсвэл бүр танаас тэс ондоо газраас ирсэн, тэс өөр хүн байхыг ч үгүйсгэхгүй. Та тэр хүнд ихээхэн татагдаж, та хоёр нэгнийхээ өөр байдалд татагдах хандлагатай. 

12 сарын 23-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та хэвлэл, сурталчилгаа, хүмүүст хүргэх аливаа ажилдаа амжилт олох өндөр магадлалтай байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: санхүүгийн алдагдал, мөнгөний асуудал, гадаад холбоо, аялал, хэвлэл, сургалт, мэдлэг

3. Ихэр (5/21-6/20)

Энэ сарын эхэнд та будилж, өөрийнхөөрөө байхгүй байгаа мэт, тэс өөр хүн болчихсон мэт санагдаж мэднэ. Та ядарч, шавхагдаж, бас сэтгэл хөдлөл дүүрэн бөмбөг болчихсон мэт санагдана. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сар болон Ангараг гарагийн нөлөө танд тийм ч таатай байхгүй. Орчлон ертөнц тэр чигтээ таны маш их ядарч, туйлдсан байгааг мэдэрч байна гэхэд буруудахгүй. Заримдаа зүгээр л цагаан тугаа намируулаад, ялагдлаа хүлээхэд буруу зүйл байхгүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бас та сэтгэл санааг маш ихээр зовоож буй харилцаанд байгаа бол, хайртай хүн чинь таныг ихээр ядрааж, туйлдуулж байгаа бол тэр тусмаа та ялагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хэчнээн хичээгээд ч болохгүй байгаа зүйлээс болж өөрийгөө зовоох хэрэггүй. Та аливааг болих, түр ч гэсэн амрах эрхтэй.

Энэ сард мөнгөний хувьд таатай байдал үүсэх магадлалтай байна. Гэхдээ түүний өмнө жаахан судалгаа хийж, няхуур байх шаардлагатай. Орлого сайн олох боломж нээгдэнэ. Гэхдээ тооцоо хийхдээ анхаарч, ихээхэн хариуцлагатай байхыг шаардана. Шинэ зүйлийг эхлэхээсээ өмнө хангалттай бэлтгэлээ базаахаа битгий мартаарай. Бас та маш сайн амарч, өөртөө эдгэх, тайтгарч, дахин эрч хүч олж авах багахан хугацааг олгох хэрэгтэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: сэтгэл хөдлөл, эмзэг мэдрэмтгий байдал, ядрах, уур бухимдал, мөнгө, тооцооны алдаа, хөрөнгө оруулалт

4. Мэлхий (6/21-7/22)

Дуугарах ёстой байсан ч чадалгүй амиа хамхиад өнгөрүүлсэн мөчүүд таны сэтгэл санааны байдлыг ихээхэн сүйдэлжээ. Гэхдээ энэ сар та үүнийгээ ойлгож, бас өөрийнхөө төлөө дуугарах чадалтай байх болно.  12 сарын 7-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та ярьж, гаргаж хэлж чадахгүй байсан зүйлээ дотроо цаашид тээх аргагүй болно. Гаргаж хэлэхгүй л бол зовж, шаналж өөрийгөө өвтгөсөөр байхаа та ухаарна. Тиймээс өөрийн сэтгэл санааны амар амгалан, тайван байдлын төлөө та гадагшлуулахыг хүссэн зүйлээ гадагшлуул.

Харин таны хайр дурлалын амьдрал ёстой л шинэхэн орсон цас шиг гялтганаж байна. 12 сарын 9-нөөс Сугар гараг, 12 сарын 23-наас Шинэ сарны нөлөөгөөр таны одоо байгаа хайр сэтгэлийн харилцаа шат ахих болно. Сүй тавих, гэрлэх, үр хүүхэдтэй болох, хамтран амьдрах гэх мэт дэвшлүүд нээлттэй байна. Мөн ганц бие хүмүүс маш тогтвортой, амар тайван, хөнгөн биш гүн харилцаанд бэлэн нэгэнтэй учрах магадлалтай байна.

Бизнесийн харилцаанд үл ойлголцол үүсэх хандлагатай. Мөн экстэйгээ буюу салсан, холбоо тасарсан байсан хэн нэгэнтэйгээ эргэн холбогдох магадлал өндөр байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хэтрүүлэн бодох, хайр, амар амгалан, хичээл зүтгэл, гэрлэлт, хамтрал

5. Арслан (7/23-8/22)

Энэ сард хэн нэгэн анд нөхөр, ойр дотны хүнтэйгээ ширүүн муудалцах магадлалтай байна. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та түрэмгий зан ааштай байж мэдэх нь. Аль эртнээс л үл ойлголцол үүссэн байх магадлалтай ба өмнө нь та энэ тал дээр ямар нэг зүйл хийхийг оролдож байсан байж мэднэ. Гэхдээ ямар ч үр нөлөө үзүүлээгүйгээс гадна энэ сард нөхөрлөл найзын тал дээр ихээхэн драматай байж мэдэх нь ээ.

Гэхдээ таны ажил мэргэжил энэ сард гайгүй байх нь ээ. Багийн ажил хэзээ ч ийм амар байгаагүй мэт санагдана. Бас та шинэ ажил хайж байгаа бол энэ сарын төгсгөл, сүүл хэсгээр ярилцлагын цагаа товлоорой. 12 сарын 23-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр таны ажил ахицтай байх болно. 

Хамтран ажиллагсад болон ойр дотнын найз нөхөд, танил дундаас, бас ажлын холбогдолтойгоор хайр дурлалын адал явдал эхлэл магадлал их байна. Та хэн нэгэнд маш ихээр татагдаж мэдэх нь. Гэхдээ хамтдаа цуг байхад таатай байгааг тэр чигтээ бүрэн таарч тохирно хэмээн андуурч эндүүрэхгүйг хичээгээрэй. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Найз нөхдөөс дайсан болох, хэрүүл маргаан, ажил, хайр дурлал

6. Охин (8/23-9/22)

Та энэ сард маш замбараагүй, олон нийтийн анхаарлыг өөртөө татсан асуудалд орооцолдож магадгүй байна. Таны мэргэжлийн нэр хүндийг унагаах аливаа үйлдэл гаргахаас маш болгоомжтой байж, аливаа үйлдэл гаргахаасаа өмнө дахин дахин бодож үзээрэй. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сар болон Ангараг гарагийн нөлөөгөөр таны дотроо маш удаан бодож, дарж явсан хорон үгс, уур бухимдалтай байдал гарч ирж, хэлэхийг хүсэж байсан хүнд чинь хүрч магадгүй нь. Тэр тусмаа нэг салбарын, ойр ажилладаг хүн байх магадлалтай. Бодлогогүй үг үйлдэл гаргахаас болгоомжлоорой.

Харин хайр дурлалын хувьд энэ сар жинхэнэ гэрэлтэж байна. 12 сарын 9-нд Сугар гарагийн нөлөөгөөр, цаашлаад 12 сарын 23-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр ганц бие хүмүүс хэн нэгэнтэй болзож, шинэ харилцаа эхлүүлэх магадлал өндөр байна. Дараа нь 12 сарын 29-нөөс Буд гарагийн нөлөө танд итгэмээргүй өөрчлөлтүүдийг авчирна. Жишээ нь таны шинээр учирсан хэн нэгэн чинь таны өнгөрсөнд мэддэг байсан хүн байх магадлал өндөр байна. Харин та хайр дурлал, гэр бүлийн харилцаанд байдаг бол хайрттайгаа цуг цагийг сайхан өнгөрүүлж, шинэ шинэ зүйлсийг туршиж, дурсамж дүүрэн байх болно. Хамтлаа хөгжилдөж болох сайхан зүйлсийг олж нээж, цагийг цугтаа романтик өнгөрүүлээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: скандал, нэр хүнд, ажил хэргийн зогсолт, хайр, болзоо, дотно харилцаа, хүүхэд

7. Жинлүүр (9/23-10/22)

Та өөрийн итгэл үнэмшил, өөрийн бодлуудыг өмнөхөөсөө илүү хэлж, дуугарч, өөрийнхөө төлөө зоригтой байх болно. Тэр тусмаа ямар нэг зүйл таны бухимдлыг хүргэж, танд буруу гэж санагдаж байгаа тохиолдолд. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та хэлэхийг хүсэж байсан ч нууж ирсэн зүйлтэйгээ нүүр тулна. Гэвч сарны нөлөөгөөр та тэсэхгүйд хүрч, ихээхэн бухимдаж мэдэх нь. Яалаа ч гэсэн таны гаргасан шийдвэр танд маш том өөрчлөлт гаргана. Үнэнээ хэлэхийг хүсвэл хэл, танд сайнаар ч нөлөөлж мэднэ.

Таны гэр орон, гэр бүлтэй холбоотой асуудлууд маш аз жаргалтай бас завгүй өнгөрнө. 12 сарын 9-нд Сугар гарагийн нөлөөгөөр, 12 сарын 23-ны Шинэ сарны нөлөөгөөр та гэр орноо илүү тохь тухтай болгох, амар амгалан сайхан байлгах боломжтой болно. Гэр бүлийн хүрээнд хурим, хүүхэдтэй болох эсвэл ямар нэгэн баярт үйл явдлууд тохионо. Бас олноороо цугларч цагийг сайхан өнгөрүүлэх боломж олдож, гэр бүл, дотнын хүмүүстэйгээ илүү гүн холбогдсон мэт аятай сэтгэгдэл төрнө. Бас хайртай хүнтэйгээ цуг гэртээ цагийг сайхан өнгөрүүлж, өвлийн цаг агаарт дулааныг мэдрэн тав тух мэдрэх маш сайхан өдрүүд айсуй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хуулийн асуудал, мэдлэг, үнэнээ хэлэх, аялал, гэр бүл, гэр орон

8. Хилэнц (10/23-11/21)

Санхүү, мөнгөний холбогдолтой ямар нэгэн таагүй, сэтгэл дундуур үйл явдал сарын эхэнд тохиолдож мэднэ. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг илүү анхаарч, буруу зүйл байвал олж харах боломжтой болно. Таны төсөөлөөгүй байсан зарлага, өр шир, торгууль ирэх магадлалтай. Бас та маш том зарлага гаргах магадлалтай байна. Гэхдээ тэсээрэй, бүх зүйлийн учир нь олдох тул бүхнийг болгохыг чармайгаарай. 

Харин хайр дурлалын тал дээр энэ сард таатай байна. Та хайртай хүнтэйгээ харилцахдаа дээд түвшний хэмжээнд ярьж, ойлголцож чадах ба бүх түвшинд сэтгэл татам ойлголцол үүснэ. 12 сарын 9-нөөс Сугар гарагийн нөлөөгөөр та хайртай эсвэл татагдсан хүнтэйгээ ямар ч онцгүй, хэцүү сэдэв байлаа гэсэн тайван дөлгөөн ярилцаж, ойлголцож чадна. 

12 сарын 23-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр шинэ төсөл, ажлууд хөдөлгөөнд орж эхэлнэ. Бас та аль хэдийн батлагдсан гэрээ, төсөл дээр шинэчлэл хийж, одоо хийж буй ажлаа улам ч ашигтай болгох боломжтой. Арга ухаан сийлэхэд хамгийн тохиромжтой цаг ирж байна. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: өр, цуглуулга, даатгал, татвар, зарлага, хайр

9. Нум (11/22-12/21)

Таны хайр дурлалын амьдрал энэ сард хэцүүхэн байх нь дээ. Таны хамтрагч эсвэл болзож байгаа хүн, сонирхож байнаа хэн нэгэн хоорондоо онцгүй харилцаатай болж, хэрүүл уруул, маргаан, гомдол, стресст автах бололтой. Мөн энэ бүхэн 12 сарын 7-нд тохиох Тэргэл сартай холбоотой байх болно. Сартай холбоотой өөрчлөлтүүд гарахад болгоомжтой байж, хүмүүстэй муудалцах, хагаралдах, аливаа асуудлыг улам даамжруулахаас болгоомжил. Та маш том шийдвэрийн өмнө ирэх болно. Хайрын хүчээр бүх асуудлаа даван гарах уу эсвэл хоёр тийш зам салах уу гэдэгтээ ч тулж мэдэх нь.

Хайр дурлал асуудал дагуулж байгаа ч харин мөнгө санхүү гялалзаж гялтганах нь ээ. 12 сарын 9-нөөс Сугар гарагийн нөлөөгөөр, 12 сарын 23-нд Шинэ сарны нөлөөгөөр мөнгө санхүү ихээхэн аз одтой байна. Та даргаасаа цалин урамшуулал нэмэгдүүлэхийг асуух, эс бөгөөс өөрөө бизнес эрхэлдэг бол ихээхэн орлого олох хандлагатай байна. Эргэлдэх мөнгө их болох тусам та өөр юу хийж болох вэ гэх урам зоригоор дүүрч, шинийг оролдож үзэхээр зориглож мэдэх юм.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайрын асуудлууд, салалт, уур уцаар, мөнгө, орлого, хөрөнгө

10. Матар (12/22-1/19)

Ихээхэн бужигнаантай сар. Та бүр бүх зүйлийг дуусгахаар шийдэж ч мэднэ. Танд таатай биш байгаа ажлын байр, хамт олон, найз нөхөд гээд бүгд эцэстээ тулж, та уур бухимдлаа ихээр гадагшлуулан олон зүйлийг орхих шийд гаргаж мэднэ. Мөн энэ бүхэн 12 сарын 7-нд тохиох Тэргэл сартай холбоотой байх болно. Та хийж буй ажлаа дүгнэж, стресстэй, хортой санагдвал, бас таны эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлж байвал орхиод, өөр замаар явахаар шийдэж магадгүй. 

Бусдаар энэ сар тун гайгүй өнгөрнө. Маш их зүйл бодож тунгаах цаг гарна. 12 сарын 9-нд Сугар гарагийн нөлөөгөөр та өөрийн үнэ цэнийг улам ихээр мэдэрч, өөрт чинь тохирохгүй, таны зэрэгт хүрэхгүй зүйлсээс зайгаа барина. Таны хайр дурлал болон мөнгө санхүүд ч энэ ялгаагүй нөлөөлнө. Та өөрийгөө үнэлж, үнэ цэнтэй гэдгээ мэдрэхийн тулд шийдвэр гаргах хэрэгтэй болно. 12 сарын 23-нд тохиох Шинэ сар харин таны хувьд цоо шинэ эхлэл болох болно. 

12 сарын 29-нд Буд гарагийн нөлөөгөөр та өнгөрсөн жилийг дүгнэж, ихээхэн гүн бодолд автах болно. Бас ингэснээр та ирэх жилээ төлөвлөж, өөрийгөө бэлдэх боломжтой болно. Өөртөө цаг зав гарга, хэрэггүй зүйлсийг орхи, өөрийн үнэ цэнийг бүрэн мэдэр!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, орхих шийд, өвчин, эрүүл мэнд, дүгнэн бодох, шинэ эхлэл

11. Хумх (1/20-2/18)

Энэ сарын эхээр таны олон нийттэй харилцах харилцаа ихээхэн үймээнтэй, замбараагүй өнгөрнө. Хайр дурлалын тал дээр ч мөн ялгаагүй. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та хайр сэтгэлийн холбоотой байгаа хүнтэйгээ яаж ч эвлэхийг хичээгээд болохгүй, гацаж мэднэ. Таны уулзаж байгаа хүмүүсийн хэн нэгэн нь танд өөрийн таагүй зан чанар, дотоод мөн чанараа харуулж мэднэ. Бас та тэр хүнийг өөртэй чинь байх хангалттай хэмжээний үнэ цэнтэй, таны цаг хугацааг үрэх хэмжээний чухал хүн хэмээн харахгүй байхаар шийдэж магадгүй нь. Тэгэхээр та боломжуудаа нээлттэй байлгаж, хэн нэгэн хүнд хэт ойртохгүй байхыг чухалчлах хэрэгтэй.

Бүх үймээн самуун дунд та хэсэг хугацааны завсарлага авахыг хүсэж, ихээхэн нам гүм цагийг өнгөрүүлэх болно. 12 сарын 9-нд Сугар гарагийн нөлөөгөөр, 12 сарын 23-нд Шинэ сарны нөлөөгөөр та өөрийнхөө сүнслэг байдал, дотоод мөн чанартаа илүү их цаг, анхаарал зарцуулах болно. Өөрийгөө анагаахад цаг гаргаж, сэтгэлээ эмчлэхийн тулд бясалгал, эмчилгээнд хамрагдахыг зөвлөж байна. 12 сарын 29-нөөс та энэ бүхнийг амжиж эхлэхгүй бол өнгөрсөнд тохиолдсон ямар нэг зүйл таны оюун бодлыг эзэмдэж, зүгээр байлгахгүй нь бололтой.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, болзоо, дотно харилцаа, салалт, эрэл хайгуул, эмчилгээ, анир чимээгүй, бясалгал

12. Загас (2/19-3/20)

Гэр бүлийн доторх уур амьсгал энэ сард хурцадмал болж магадгүй. Таны баяр цэнгэлийн цаг мөчид энэ үйл явдлууд саад болохыг оролдож магадгүй. 12 сарын 7-нд тохиох Тэргэл сар ихээхэн ууртай бас түрэмгий нөлөөг танд үзүүлнэ. Дээрээс нь Ангараг гарагийн нөлөөгөөр энэ бүхэн гэр бүлийн харилцааг хамрана. Шийдэгдээгүй байсан зөрчил, хамаатан садан гэр бүлийн хүмүүсийн хоорондох харилцаа зөрчил дээд цэгтээ хүрч мэднэ. Гэхдээ сайн мэдээ гэвэл, энэ бүхнийг гаргаж цацсаны дараа таны сэтгэл уужирч, бүгдэд тань өөрийгөө анагаах, тайтгарах, амар амгалан байх хугацаа, боломж өгнө. Үүнд цаг их орж магадгүй тул бэлтгэлтэй байж, тэвчээртэй байгаарай.

Харин хүмүүстэй харилцах тал дээр таны амьдрал энэ сард тэр чигтээ үдэшлэг цэнгээнд умбах болно. Найзуудын уулзалт, тоглолт, цугларалт, хамт олны баяр цэнгээн гээд та мөч бүрийг нь таатайгаар мэдэрч, жаргалтай байх болно. Энэ бүхэн 12 сарын 9-нөөс эхлэх Сугар гарагийн нөлөөтэй холбоотой байх бөгөөд та адилхан хөгжилдөж, зугаацах дуртай ч өмнө нь цаг гардаггүй байсан танил найз нөхөд, хүмүүстэй ойр байх болно. 

12 сарын 23-наас тохиох Шинэ сар танд цоо шинэ эхлэлийг авчирна. Том мөрөөд. Гэхдээ 12 сарын 29-нөөс Буд гарагийн нөлөөгөөр мөн тэвчээртэй байх ёстой. Бүх зүйл цаг цагтаа л болох болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр бүл, үл хөдлөх хөрөнгө, маргаан, нөхөрлөл, хайр, зугаа цэнгэл, үдэшлэг, мөрөөдөл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
19 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.