Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?


Арванхоёрдугаар сар гарч, хаа сайгүй баярын уур амьсгал орлоо. Гадаа жавар тачигнасан хүйтэн байгаа ч шинэ жил айсуй гэх догдлол бүгдэд итгэл найдвар, шинэ эхлэл, сайн сайхныг хүлээх мэдрэмжийг төрүүлдэг. Нөгөөтээгүүр жилийн энэ үе бол өндөр ачаалалтай, хэтэвчинд "халтай" билээ. Тиймээс бид баярын сард хэрхэн бие сэтгэл, санхүүгээ бэлдэх тухай зөвлөгөөг хүргэж байна. 

Энэ олон баяр, үдэшлэг, уулзалтыг яах вэ?

Арванхоёрдугаар сар бол жилийн хамгийн сэтгэл догдлуулам төдийгүй хамгийн завгүй үе гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Шинэ жил гэхээр бидэнд цас, гацуур мод, ил галын дэргэд халуун шоколад оочлоод сууж буй тухлаг, дулаан уур амьсгал төсөөлөгддөг. Гэтэл бодит байдал дээр жилийн эцсийн тайлан, төсөл, хөтөлбөрүүдийн эцсийн хугацаа тулж, завгүй ажиллахын сацуу шинэ жилийн үдэшлэг цэнгүүн, байгууллагын монита, гэр бүлийн уулзалт гээд өчнөөн олон үйл явдал давхацдаг. 

Нэгэнт л бүгдэд нь оролцож чадахгүйгээс хойш цагтаа "харамч" хандаж, өөрийнхөө чухал, утга учиртай гэж бодсон цөөн хэдэн арга хэмжээнд л оролцож, баярт мөчүүдийг бүтэн мэдрээрэй. Жишээ нь, та гурван өөр шинэ жилд орох хэрэг байна уу гэдгийг өөрөөсөө асууж, шаардлагатай гэж үзвэл хоёрт нь "ҮГҮЙ" гэж хэл. Татгалзах нь тийм ч муу зүйл биш. 

Тэгвэл зайлшгүй анхаарал хандуулж, биечлэн оролцох шаардлагатай ажлуудаа хэрхэн төлөвлөх талаар цөөн хэдэн санаа хуваалцъя:

  • Баяр дөхсөн өдрүүдэд супермаркет, худалдааны төвүүд хэчнээн өндөр ачаалалтай ажилладаг билээ? Авсан зүйлсээ бичүүлэх гэж нэг цаг дугаарлах нь энүүхэнд байдаг шүү дээ. Тиймээс баярын ширээнийхээ хүнсийг аль болох эртнээс цуглуулаарай. 
  • Ойр дотны хүмүүстээ бэлэг сонгох ч бас амаргүй ажил. Тэгэхээр баярын үеэр дэлгүүр хэсэхийг ажлын уулзалттай нэгэн адил бодож, бэлэг цуглуулах хуваарь (онлайнаар захиалах, нэг дороос бүгдийг авах нь цаганд хэмнэлттэй) гаргавал та хавьгүй бага стресстэх болно. Арванхоёрдугаар сарын 15-аас өмнө бэлгүүдээ сонгоод, захиалчихвал он солигдохтой зэрэгцэн яарч, хөлсөө арчин дэлгүүр хэсэх шаардлагагүй.   
  • Ер нь тэгээд баярын өдрүүдэд ажил, амьдралынхаа тэнцвэрээ алдахгүйн тулд аливаад тодорхой хязгаар тогтоож сурах нь чухал. Хэтрүүлж уухгүй, дутуу нойртой явахгүй, дасгалаа таслахгүй байхын тулд үдэшлэг, цэнгүүнийг зөв цагтаа орхиж сураарай.

Дансаа улайлгахгүйн тулд...

Шинэ жил, цагаан сар гэх мэт монголчуудын өргөн тэмдэглэдэг баярууд гэр бүлийн санхүүд нэлээд дарамт учруулдаг. Тэгвэл энэ жил дансаа улайлгахгүйн тулд арай өөр тактик ашиглавал ямар вэ? 

Баяр заавал үнэтэй байх албагүй: Монголчууд бид баяр, ёслолыг нижгэр тэмдэглэх дуртай ард түмэн. Баярын ширээгээ тансаг байлгах, ээж аавдаа үнэтэй бэлэг өгөхийг, жил бүр шинэ даашинз худалдаж авахыг хүснэ. Гэвч хэдхэн цаг баярлаад өнгөрөхийн тулд хэдэн сар бүсээ чангалж, өр тавих хэрэг байна уу? Тэгэхээр, та юун түрүүнд оролцох арга хэмжээнүүд болон гарах зардлуудыг тооцоолж үз. Дараа нь санхүүгийн хувьд танд хэт дарамт учруулахгүй, эсвэл хөнгөхөн аргалаад өнгөрч болох арга хэмжээ, уулзалтуудад л оролцоорой. 

Бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж хичээсний хэрэггүй: Ажлын хамт олон, найз нөхөд чинь чадлынхаа хэрээр баярын цэнгүүндээ бэлдэж байгаа. Гэхдээ хүн бүхэн санхүүгийн нөхцөл байдал өөр шүү дээ. Ялангуяа шинэ жилээр зарлага өндөртэй байдаг эмэгтэйчүүд нүүрээ өөрөө будаж, үсээ янзлахаас ичих хэрэггүй. Заавал шинэ даашинз худалдаж авахын оронд найзаасаа нэг аятайхан даашинзыг нь зээлэх эсвэл прокатлаад өмсчихөд юу нь болохгүй гэж? Бид бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхдээ төсвөөсөө давсан зарлага гаргаж байдгийг мартаж болохгүй. 

Худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс:

  • Black Fridday, Cyber Monday гэх мэт хямдралуудыг ашигла. Баяр дөхөхөөр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг тул худалдан авалтаа эрт хийгээрэй. 
  • Авах зүйлсээ зах, бөөний худалдааны төв гэх мэт хямд үнэтэй газраас аль болох бөөнд нь цуглуулах хэрэгтэй.
  • Өнөө цагт "байхгүй" мөнгөө зарцуулах хялбар болсон. Та мөнгөгүй байсан ч кредит карт, зээлийн аппликэйшн, хувааж төлөх аппликэйшн ашиглаад л төлбөрөө хийчихнэ. Байз байз... нэгдүгээр сард идэр есийн хүйтнээс ч хэцүү санхүүгийн хямралтай нүүр тулах гээгүй юм бол энэ талаар бодох ч хэрэггүй. Оронд нь худалдан авалт хийхдээ бэлэн мөнгө ашигла, хэр ихийг зарцуулж буйгаа байнга хяна. 
  • Түүнчлэн тооцоолоогүй зардал, төсвөөс гадуур худалдан авалт хийхгүйн тулд дэлгүүр хэсэхээсээ урьтаж худалдаж авах зүйлсийн жагсаалт гарга. 

Баярлаж, догдлох байтал яагаад гуниглаад байна вэ? 

Хэрэв та жилийн энэ үед гуниглаж депресстээд нэг л түгшүүртэй болчихдог бол юун түрүүнд та ганцаараа биш гэдгийг сануулъя. Учир нь, шинэ жилээр баяр хөөр, гэрэл гэгээг биш сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг хүмүүс цөөнгүй бөгөөд үүний шалтгаан нь харилцан адилгүй. Тухайлбал, яг энэ үеэр хайртай хүнээ алдсан, салсан эсвэл гэр бүлийн гишүүн, найз нөхдөөсөө хөндийрсөн, зарим тохиолдолд баярын өдрүүдийг ганцаараа өнгөрүүлдгээс үүдсэн байж болно. 

Нөгөө талаар, арванхоёрдугаар сар бол бүтэн жилээ дүгнэх, ирээдүйгээ эргэцүүлэх үе учраас хүмүүст дарамт үүсгэх нь бий. Ялангуяа хайртай хүнийхээ араас гашуудаж буй, алдсан боломжийнхоо хойноос харамсаж буй хүмүүст тун амаргүй сар гэж сэтгэл судлаачид тайлбарлажээ. 

Эмзэг, сул дорой байдлаа нээ: Desus & Mero ток шоугаараа алдаршсан зохиолч, комедиан Жош Гонделман гашуудаж буй хүмүүст хандан "Өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн таатай зүйл бол дотны хүмүүстэйгээ холбоо тогтоож, тэдэнд сул дорой байдлаа нээх юм. Хэрэв тэдний дунд тантай адил зүйлийг туулж буй хүн байвал хэн хэндээ үнэн сэтгэлийн тайвшрал өгөх болно" гэжээ. 

Төлөвлөгөө боловсруул: Баярын үеэр сэтгэл санаа тань таагүй байдаг бол урьтаж төлөвлөгөө боловсруул. Өөрөөр хэлбэл, энэ үеийг аль болох тайван, тогтуунаар даван туулах аргыг бодож олоорой. Жишээ нь, тайвшруулах амьсгалын дасгал хийх, сэтгэл санааг тань өөдрөг болгох хөгжим сонсох эсвэл хүмүүстэй цагийг өнгөрөөсөн ч болно. Ямар ч үед та ганцаараа биш, танд анхаарал халамж тавих хэн нэгэн үргэлж байдгийг санаарай. Харин өөрийгөө хүчлэх, хэт их худалдан авалт хийх гэх мэт хөнгөн үйлдлүүдээр нөхцөл байдлаа "аргалах" гэж оролдвол тийм ч бүтэлтэй байхгүй болов уу. 

Сөрөг байдлаас зайлсхий: Бүх хүн таны хувийн хил хязгаар, сонголт, гадаад төрх байдалд хүндэтгэлтэй хандах албагүй. Бас та бусдыг өөрчлөх боломжгүй, гагцхүү та ямар хариу үйлдэл үзүүлэхээ л шийдэх эрхтэй. Жишээ нь, хамаатны хүн тань таны гадаад үзэмж, биеийн жингийн талаар таагүй зүйл яривал "Туранхай байх нь эрүүл биеийг илтгэх үзүүлэлт биш гэдгийг, мөн хүний бие байнга өөрчлөгддөгийг тэдэнд сануул. Харин тэдний ярьсныг хүлээн зөвшөөрөх юм уу шүүмжлэх хэрэггүй" гэж She's All Fat подкастын хөтлөгч Софи Картер-Кан зөвлөжээ. Хэрэв хүмүүс таны үзэл бодлыг хүндэтгэхгүй, үл тоомсорлож байвал тэдний мэдрэмжгүй байдалд анхаарал хандуулсны хэрэггүй гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.11.30
Грейс Беверли: Хамгийн хэцүү, хамгийн чухал ажлаар өдрийг эхлүүл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.