Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Тэнүүн Өлзий Металл" багийн төвийн тоглогч Д.Дэлгэрнямын тухай ЕСӨН баримт


Үндэсний Дээд лигийн плэйоффын шатны хагас шигшээ цувралд "Тэнүүн Өлзий Металл" баг "Завхан Бродерс"-ийг 3:1 харьцаатайгаар тэргүүлж байна. Тэдний аль хожсон нь энэ улирлын плэйоффт нэг ч хожигдолгүй, найм хожоод байгаа "Эрдэнэт Майнерс"-тай аваргын төлөө тоглох юм. Финалд шалгарахад ганцхан хожил дутуу байгаа "Тэнүүн Өлзий Металл" багийн төвийн тоглогч Даваасамбуугийн Дэлгэрнямын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна. 


#1 Дугуйн гурван удаагийн улсын аварга

Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Д.Дэлгэрнямын аав цэргийн албан хаагч бөгөөд түүнийг хоёр настайд Төв аймгийн 016-р цэргийн ангид шилжин ирснээр, бага насаа тэнд өнгөрүүлжээ. Д.Дэлгэрням арван жилдээ волейбол, дугуйн спортоор хичээллэж, дугуйн өсвөр залуучуудын УАШТ-д гурван удаа түрүүлж байсан амжилттай.


#2 "Монстер Дэк"-ийн эхлэл

Д.Дэлгэрням 2008 онд ШУТИС-ийн залуучуудын багаас сагсан бөмбөгийн мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. Улмаар 2011 онд IV дамжааны оюутан байхдаа анхлан Үндэсний шигшээ багт дуудагдсан юм. Ингэж л бидний сайн мэдэх "Монстер Дэк" сагсан бөмбөгийн талбайд хүчирхэг тоглолтоороо цойлж эхэлсэн. Сонирхуулахад, 3х3 төрлийн ФИБА-гийн тэмцээнийг youtube-ээр тайлбарладаг Mr.Voice анх түүнийг "Mongolian Monster" хэмээн тодорхойлж байжээ. 

"Үндэсний шигшээ багийн ойрын зорилго Парисийн олимпод эрхээ авч, оролцох"

#3 Саальчин залуу

"Ээжийг эзгүй үеүдэд гүүгээ би саадаг байлаа". Тэрээр V ангийн сурагч байх үеэсээ унага татаж, гүү сааж сурчээ. "Адуу малтай ноцолдоход бие задарч, булчин хөгжих сайн талтай, ялангуяа залуу хүүхдэд их хэрэгтэй гэж боддог. Багаасаа адуунд ойр өссөн нь сагсан бөмбөг сайн тоглоход нөлөөлсөн болов уу" хэмээн Д.Дэлгэрнямын аав хүүгийнхээ тухай ярьсан байдаг. 


#4 Бөхийн замнал

"Д.Дэлгэрнямыг бөх болговол ирээдүйтэй" гэж аавынх нь найзууд ч хэлдэг байж, аав нь ч хүүгээ бөхөөр хичээллүүлэх бодолтой байжээ. Харин Д.Дэлгэрням 12 настайдаа анх үндэсний бөхийн аймгийн АШТ-д зодоглохдоо 15 барилдаж, 14 унасан аж. Түүнтэй учраа таарсан бөх нь ирээгүй тул нэг давуулжээ. "Тэрнээс хойш барилдах тухай ерөөсөө ч бодоогүй" хэмээн Д.Дэлгэрням таван жилийн өмнө телевизэд ярилцлага өгөх үедээ дурссан байдаг.


#5 Дэлхийн гран пригийн шилдэг тоглогч

Д.Дэлгэрням сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр “Улаанбаатар ММС Энержи” багт тоглодог. Тэд 2019 онд Жежүгийн дэлхийн гран при тэмцээнд түрүүлсэн анхны Ази баг болж тус тэмцээний шилдэг тамирчнаар Д.Дэлгэрням тодорч байв. Мөн тухайн жил Үндэсний шигшээ баг Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд Д.Дэлгэрням Азийн АШТ-ий бэлгэдлийн багт нэрлэгдсэн юм. Д.Дэлгэрням "Улаанбаатар ММС Энержи" багийн анхны дөрвөн тамирчны нэг.

#6 Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олон улсад тоглосон анхдагчдын нэг

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олон улсын тэмцээнд Ш.Сэдбазар, О.Сэргэлэн, Д.Дэлгэрням нар анх оролцож байсан түүхтэй. Тэд 2012 онд Азийн элсний наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. Мөн 2016 онд тус наадмаас мөнгөн медаль авсан юм.


#7 Дэлхийн чансааны 29-рт эрэмблэгдэж байна

Тэрээр өдгөө 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн ахлагч. Ойрын нэгэн ярилцлагадаа "Бидний ойрын зорилго Парисийн олимпод эрхээ авч, оролцох" хэмээн дурджээ. Д.Дэлгэрням хувийн үзүүлэлтээр дэлхийн чансааны 29-р байрт эрэмблэгдэж байна. 

#8 Сайн эхлэл, шинэ түвшний амжилт

Д.Дэлгэрням Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд Сингапуртай хийсэн чухал тоглолтын эхний үед довтолгоогоо 60 хувьтай гүйцэтгэж, 10 оноог авсан билээ. Тэрбээр тоглолтыг сайн эхлүүлсний нөлөөгөөр Монголын шигшээ 73:49-ээр хожиж, Азийн АШТ-ий урьдчилсан гуравдугаар шатанд тоглох эрхээ авсан билээ. Д.Дэлгэрням уг тоглолтод 16 оноог авч багийн бүх тамирчдыг оноогоор тэргүүлсэн юм.


#9 Дараагийн өрсөлдөөн

Монголын Үндэсний шигшээ баг 3-р сарын 31-ний өдрөөс Сингапур улсад эхлэх сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн АШТ-ний "А" хэсэгт багтаад байна. Үндэсний шигшээ баг тус тэмцээнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тоглох юм. Үндэсний шигшээ багийн тоглолтуудыг Premier Sports телевиз шууд дамжуулан үзүүлэхээр зэхэж байгаа ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
3 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
3 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.