Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны бэлгэдэл: Баярсайханы Ганчимэг


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд

Холливудад Монголоо таниулж яваа эмэгтэй

Жүжигчин Б.Амарсайхан

Кино дууссаны дараа тухайн бүтээлд оролцсон уран бүтээлчдийн уртаас урт жагсаалтыг бидний ихэнх маань гүйлгэж харалгүй, театраас яаран гарцгаадаг. Харин “Ex Machina”, “Wonder Woman”, “Fast and Furious 6”, “Ronin 47” тэргүүтэй блокбастер кинонуудыг дуустал нь үзсэн гярхай үзэгчид “Gana Bayarsaikhan” гэх нэрийг дотночлон харсан болов уу. Тэр бол Холливудад цахиур хагалахаа хүлээж, замаа дардан бас тодоор тавьж буй залуу жүжигчин Б.Ганчимэг.

Уран бүтээлч хүнийг таних их амархан, хийсэн ажлыг нь харахад л болно гэж би боддог. Монголд түүнийг нэрийг хүмүүс тэр бүр мэдэхгүй боловч хэдэн зуун сая долларын орлого олсон томоохон кинонуудад оролцож чадсан түүнээр бид бахархах ёстой. Холливудад хэдэн сая ази жүжигчин киноны жижигхэн ч атугай дүр авахын мөрөөсөл болон өдөр бүр өөр хоорондоо өрсөлдөж байдаг. Тэр дундаас монгол охин торойж гарч ирээд дүр авна гэдэг амархан даваа биш. Нэг дүрийн төлөө 2000-3000 жүжигчин сонгон шалгаруулалт ордог. Хэн илүү авьяастай, өвөрмөц төрх, чадвартай вэ гэдгээс гадна хэний хүсэл мөрөөдөл том бэ, хэн түүнийхээ төлөө бүхнээ зориулж байна вэ гэдгийн өрсөлдөөн болж буй гэсэн үг. 2016 онд Англид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн тэр ийм олон том кинонд оролцож амжсан нь гайхалтай.
Хүчирхэг эдийн засаг, том нөлөөтэй улсын бодлого дэлхийн дүрмийг тогтоож, соёлын бодлогоо хүчтэй явуулдаг. Хэдэн арван жил ноёлсон америк соёлын бодлого хүчээ алдаж, орон зайд нь Ази соёл яг одоо шинээр гарч ирж байна. Ази хүн, ази хөгжим, азийн соёл хүн төрөлхтний анхаарлын төвд орж байна. Жишээ нь, “Crazy rich Asians” байдаг л нэг үнсгэлжийн түүх боловч Ази соёл, ази хүмүүсийн зан араншин, эдэлж хэрэглэж буй бүхнийг тултал нь харуулсан учраас энэ жил дэлхий нийтийг байлдан дагууллаа. Үүний адил Монголын кино, монгол жүжигчин дэлхийд гарна гэвэл чухам тэр дахин давтагдашгүй өөрийн онцлог, давуу тал, соёлын хувь шинж чанараа харуулах болно.

Хэдий залуу боловч Б.Ганчимэг өөрийн давтагдашгүй өвөрмөц монгол төрх, хэнд ч дарагдахгүй уугуул царайгаа авьяас, хөдөлмөр, мэдлэг боловсролтойгоо уяж дэлхийн шилдэг кинонуудад дүр бүтээхдээ бидэнд “Өөрийгөө дайчил, хэл сур, харилцаагаа тэл, тэгээд дэлхийд гар” гэж хэлж байна. 

Тэр зөвхөн Монголынхоо зах зээлд зориулж, үзэж дассан дүрүүдэд тоглохгүй энэ бүхнийг алгасаад олон улсын зах зээлд өөрийнхөө замыг засаж байна. Энэ бол хувь хүний сонголт, хүсэл мөрөөдөл нь хэр том бэ гэдгийг хэмжээ юм.

Удахгүй түүнийг бид Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон, Нобелийн шагналт зохиолч Ж.М.Күтсигийн “Waiting for the Barbarians” киноноос харна. Гайхалтай хэрэг ээ!  


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
15
0
0
0
1
0