Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны дуулиан: Дорждугарын Гантулга

Ахархан цаг хугацаанд аархаж, агсарч, алдаж гишгэсэн нүүдэл нь харин дараа, дараагийн шинэ үед сургамж болон үлдэх нь гарцаагүй.


Цэцэг байлаа, тэр

“Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч  Г.Отгонжаргал

Хаврын хаварт ургаж, намрын намарт хагдардаг өнгө алаг цэцгийн тоосонд зөгий хүртэл дурладаг нь байгаль дэлхийн жам хийгээд зол завшаан гэлтэй. Хүн ёсны хувиар амьдралаас хайдаг эрх хонгор сэтгэлийг ч хүндлэн дээдлэхгүй байхын аргагүй. Яг ийм л зол завшаантай, итгэл хүндлэл дүүрэн идэр насны залуухан хархүүг Хэнтий нутгийн сонгогчид УИХ-д томилж, ирэх дөрвөн жилийнхээ хөгжлийн түлхүүрийг атгуулсан нь 2016 оны зургадугаар сарын үйл явдал. УИХ-ын сонгуульд ялалт байгуулах эсэх тухай мөрийд нэр бүхий алдар хүндтэй улстөрчид нь бооцоо тавихаас эмээсэн тэр үед тэрбээр “Би ялалт байгуулж чадна” гэдэг шийдвэрийг ердөө л гучин минутын дотор гаргасан нь яах аргагүй бахархах эр зориг. Дараагийн удаад ялалт байгуулсан нь ч гайхам сонин одтой, жавхаатай үзэгдэл.

“Монголын лектор төв”-д нарийн бичиг, туслахаар ажиллаж эхэлсэн он цагаас нь мэдэхийн хувьд тэрбээр яах аргагүй манлайллын ид шидтэй нэгэн. Итгүүлэх, сэнхрүүлэх тал дээр яг л илбэчин шиг ховсдож чадах эрдмийг номоор, онолоор бус харин өөрт буй итгэл үнэмшлээрээ эзэмшиж дөнгөсөн. Үүнийхээ хүчинд ч Хэнтий нутгийн сонгогчдыг “Та бүхэн цэл залуухан Ю.Цэдэнбал гэдэг хүнийг 24-хөн настай байхад нь Монгол төрийн нэгдүгээр хүн болгож байсан түүх тодоос тод бичээтэй байгаа. 28 настай Д.Сүхбаатарыг Монгол Улсын жанжин болгоод бүх цэргээ удирдуулсан түүх байна. Их эзэн Чингис хааныг арав гаруйхан настай байхад нь үеийн найзууд нь тойрон хүрээлж, үндэсний баатар болтол нь өргөж явсан. Тэр бүү хэл дэлхийн түүхэнд Д’Жанна Дарк хэмээх 16-хан настай охин Франц орныг Англичуудын эсрэг босгож, цэрэг арми удирдан эх орноо тусгаар тогтнуулсан түүх бий. Тиймээс нас бол тоо юм. Хүн төрдөг гэж боддог. Зарим нь дуулж, бүжиглэх гэж зарим нь олон түмний төлөө ажиллах гэж төрдөг. Би өөрийгөө олон түмэн, энэ нийгмийн төлөө ажиллах гэж, аз жаргал итгэл үнэмшил авах гэж амьдардаг хүмүүсийн нэг гэж сэтгэдэг” гэж ярьсаар илбэдэж орхисон. Үр дүн нь мэдээж, УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга гэдэг хэн ч хусаад арилахгүй намтар түүх.

Гэхдээ энэ түүх дахин үргэлжлэхгүй. Шүүхээс ял авах, эсэхээс үл хамаараад тэрбээр улс төрд дахин мандахгүй. Яг үнэндээ 28 насных нь амжилтын түүх 29 насан дээр нь дуусгавар болж, үл захирч чадах мунаг дур хүслийнх нь золиос болоод ийн дууслаа. Тийм ээ, тэр яг л цэцэг шиг байлаа. Хавартаа дэлгэрч, намартаа хагдардаг тийм л цэцэг. Ийн ахархан цаг хугацаанд аархаж, агсарч, алдаж гишгэсэн нүүдэл нь харин дараа, дараагийн шинэ үед сургамж болон үлдэх нь гарцаагүй. “Миний амьдрал яг л боломжоор бороо орсон юм шиг байдаг” гэсэн ярилцлага нь архивт үнгэгдэж, харин бодлогогүй алдааных нь дараа ширүүн бороо орох мэт гуниглал, хүйтэн жавар түүнийг нь тойрон эргэх нь энэ.  


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
0
0
0
2