Хэрчим
Нийтлэлч А. Баатархуяг
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яг хэрчим шиг хүн. Аливаа үйл явцыг эхлүүлэхээс өмнө тооцдог, тооцохдоо хаанаас эхлээд хаана дуусахыг миллиметрийн ч зөрүүгүй нарийн хэмжихийг эрмэлзэж байх шиг санагдана. Үг нь хүртэл тоотой. Энгийн өгүүлбэрээр аливаа зүйрлэл, адилтгалгүй ярина.Магадгүй инженер мэргэжилтэй нь холбоотой байх. Хүнтэй харилцахдаа ч хэрчим шиг нөгөө талдаа яг тодорхой зааг тогтоодог. Бүхэлчлэхгүй, нарийвчилж ярина, бүр мянганы нарийвчлалтай.
Гэвч амьдралд тойрог олон. Төрийн бэлгэдлийг харваас соёмбоны гал, нар, сар гурав тойрог. Харин мань эр соёмбоны босоо, хэвтээ тэгш өнцөгт, гурвалжин нь болж ирсэн. Б.Ринчин абугай эдгээр дүрсийг “хана хэрэм, сумны зэв, эв нэгдэл” гэсэн байдаг. Сумны зэв шиг үед нь хүмүүс жийрхэнэ, хайрцаглаж зохион байгуулна, хатуу дэг журам тогтооно. Бөөрөнхий болохгүй, их сайндаа квадрат л болно. Хүний зан чанар хувь заяа нь болдог учраас тэр яг нэг тийм өөрийн холбосон хэрчмүүд шиг улстөрийн замналтай хүн.УИХ-ын дарга болсных нь дараа АН-ын хоёрдугаар үе хүч түрэн орж ирлээ гэж улстөрийн ажиглагчид дүгнэж байв. З.Энхболдыг “Аливаа ашиг сонирхолд, тэр тусмаа хувийн ашиг сонирхолд ч хөтлөгдөлгүйгээр хуульд яаж заасан, түүнийг ягштал мөрдүүлэх хүн” гэж дүгнэж байсан.
УИХ-ын дарга байхдаа хэлсэн хамгийн алдартай үг нь “...ярьж байгаа чинь надад таалагдахгүй байна, тиймээс таслалаа”! УИХ-ын гишүүдийн яриаг тасалж байгаа эвлүүлэг бол түүний тухай “бүрэн зураглал”. Фортунад “Чи согтуу байна” гээд “Харьж амар” гэж хэлдэг нь хамгийн сэтгэл уярам хэсэг нь байх... Үүнээс цааш уярах ч үгүй, уянгалах ч үгүй.
Нарийн тооцоо заримдаа бусад хүчин зүйлээс болж өчүүхэн гажихад ноцтой алдаа болж хувирдаг. 2016 оны сонгуулийн өмнө АН тойргийг ёстой дураараа хувааж байв. Яагаад гэвэл хуульд ингэж болохгүй гэж заагаагүй учраас. Ерөнхий сайд намын дарга байх ёстой гэсэн хууль харин тэр үед зөрчигдөж, УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга байсан юм.
Тэгснээ гэнэтхэн жижиг 76 тойргийг хуульчилсан. Өмнөх туршлага ч хангалттай, 2000 оны үр дүн л давтагдах байсан, давтагдсан. “МАН-ын систем” рүү татагдан орсноос... МАН эрх бариагүй учраас зардлаа дийлэхгүй гэж дүгнэсэн байх, гэвч нөгөөдүүл нь 60 тэрбумын схем боловсруулж байжээ.Үнэндээ (76,0-6,7) гэсэн бодлогыг бодохдоо таслал алдаад хариу нь 9, задгай нь С.Жавхлан. Хэт нарийвчлах ийм аюултай ч миний хардах нь тэрээр гуравдагчийг шахаж хоёр намын парламент байгуулах гээд тооцоо алдсан байх. Гуравдагч хүчин бодитой болчихсон, түүнийг тооцохгүй орхих ямар ч аргагүй болчихсон, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харцгаая.
Үндсэн Хуулийн Цэц шийдвэр гаргасан учраас Үндсэн хуулийн дагуу тэгж л шийдэх ёстой... Хувь хүний эрх ашиг хамаагүй-өөрөө жижиг тойрогт уначихсан. Намын эрх ашиг хамаагүй-нам нь арай гэж бүлэгтэй үлдсэн. Улсын эрх ашиг харин 60 тэрбумаар хэмжигдэж эхэлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга болоод “60 тэрбум”, “30 гэр бүл”-тэй зууралдан байлдахад сумны зэв шиг л явж байна.
Хэрэв Монголд систем үнэхээр техникийн зурагт заасны дагуу ажилладаг бол өдийд цойлох ёстой хүн, гэвч манайхан тэр үндсэн хуулийг соёмбоны элгэн дэх хоёр загас шиг л төсөөлдөг. Байгалийн хууль хатуу ч нийгмийн хуулийг хүмүүс зохиож байна, харин Монтескью хэлснээр “Нийгмийн хууль нь байгалийн хуультай зөрчилдсөнөөс” хямрал засагдахгүй байгаа юм л даа. Гэвч тэр хэмжсээр л..!