Хайх зүйлээ бичнэ үү

Өнөөдрийн дугаарын зочноор “Bat Solution Partners” компанийн Гүйцэтгэх захирал Г.Баярхүүг урилаа.
Тэрбээр 2002 оноос хойш борлуулалт, маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж хүнс, харилцаа холбоо, уул уурхай зэрэг олон салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн туршлагатай билээ. Улмаар 2014 онд брэндинг, олон нийттэй харилцах “Bat Solution Partners” компанийг байгуулж Монголын зах зээлд томоохон тоглогчдын нэг болоод зогсохгүй ОХУ-д салбараа нээж ажиллаж байна.

Ярилцсан: @khulan.jugder

Гэрэл зургийг: @suniko_

-Уламжлал ёсоор энэ ажил, мэргэжилтэй та хэрхэн холбогдсон тухайгаас яриагаа эхэлье.

-Би 1996 онд Бизнесийн удирдлагын ангийн оюутан байхдаа ажил хийж үзсэнээсээ хойш ажилгүй нэг сар ч болж үзэлгүй тасралтгүй ажилласан байна шүү. Дараа нь 1997 онд албан ёсоор ажил эрхлэх болж, 1998 оноос “Чингис” шар айргийн компанид зөөгчөөс эхлээд Борлуулалт, маркетингийн захирал болтлоо есөн жил ажилласан. Үүний дараачаас АПУ компанид менежерээр ажиллах болж мөн л Борлуулалт, маркетингийн захирал хүртэл долоон жил ажилласан юм байна. Тэгээд 2014 оноос одоогийн “Bat Solution Partners” компаниа байгуулан ажиллаж эхэлсэн. Ингээд харахаар би олон ажил солиогүй, их үнэнч бөгөөд бүгд борлуулалт, маркетинг тэр дундаа хүнс, шингэн хүнсний салбарт 20 гаруй жил ажиллаж иржээ. Өөрөөр хэлбэл 1998-2014 он хүртэл шар айргийн үйлдвэрлэлийн салбарт хамгийн удаан ажилласан бөгөөд тийм ч учраас хамгийн сайн мэддэг зүйл маань шар айраг юм болов уу. Маш их амталгаа хийж, судалж, сонирхож сүүлдээ шар айраг уухын тулд аялдаг болох хүртлээ ажилласан байна.

-Та тэгэхээр их тууштай, тэр бүр эрсдэлтэй алхам хийгээд байдаггүй хүн гэсэн үг үү?

-Эрсдэлтэй алхам хийх гэхээс илүүтэй би өөрийнхөө нэг занг маш сайн мэддэг нь их уйдамтгай хүн. Уйдахаараа шинэ зүйл эрж хайж, оффисоо хүртэл засаж, өөрчилж эхэлдэг. Энэ утгаараа нэг компанид удаан ажиллана гэдэг нь өсдөггүй, хожуул болтлоо сууна гэсэн үг биш. Жишээ нь, би аль аль компанид нь хамгийн доод албан тушаалаас эхлээд хоёр жил тутамд албан тушаал ахиж, карьераа өсгөөд явсан байна. Ингээд захирал хүртэл ажиллана гэдэг бол харин ч өөрийгөө их сорьсон, тасралтгүй хөгжиж ирсэн гэсэн үг шүү дээ.

-Таны хувьд маркетинг, маркетер гэж ер нь хэнийг хэлэх вэ?  

-Манайхны нийтлэг ойлголтоор бол маркетинг хийдэг хүн нь сэргэлэн цовоо, нийтэч, хөдөлгөөнтэй, “манайхаан” гэсэн хүнийг төсөөлдөг. Ийм хүнийгээ “Чи гайгүй маркетер болчих юм биш үү” гэх нь ч бий. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт. Учир нь маркетер хүн бол аливааг маш сайн ойлгож, учир зангилааг нь нээж, олж харж чаддаг тэндээс гаргалгаа хийдэг хүн байдаг. Тэгэхээр энэ хүний хийдэг ажлын хамгийн эхний эрэмбэ бол юу, яагаад, асуудал юу байна, одоо яах вэ гэхчлэн учрыг нь олох шүү дээ. Энэ логик дарааллыг олж чаддаг ур чадвар байснаар маркетинг хийх боломжтой.  

Мэдээж үүн дээр нэмээд хүний суурь уран сэтгэж чаддаг, уран бүтээлч хүний онцлог нөлөөлөлгүй яахав. Гэхдээ суурь өгөгдөлтэй байлаа гээд бүгд сайн маркетинг хийдэг болно гэсэн үг биш. Яг л сайн дуучныг сайн продюсерүүд гаргаж ирдэгтэй адил уран бүтээлч зан, авьяас бол өгөгдөл, цааш нь түүнийг маш их тоо, дататай ажилладаг, зөв гаргалгаа гаргадаг, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай хүн байх учиртай.
Тиймээс жишээ нь, манайд шинээр ажилд орж байгаа хүн маш сэтгэл хөдлөм орчинд орж ирээд үргэлж тийм байна гэсэн андуу төсөөлөлтэй байх нь бий. Бүтээлч сэтгэлгээтэй баг гэхээр хаалгаар орж ирэхэд нь л цовоо цолгиун, манайхаан гэсэн хүмүүс шалан дээр хэвтэж ажиллаад л, ширээний хөлбөмбөг тоглоод байж байдаг гэсэн үг биш. Тийм үе байдаг ч бас хоёр, гурван компьютерийн дэлгэц хараад тоо, дататай хэдэн цагаар ажиллах үе нь давамгай.

ЗурагТайлбар




-Та карьерийнхаа явцад өөрийгөө хэрхэн хөгжүүлж ирсэн бэ?

-Надад анхнаасаа хосгүй маркетер болъё гэдэг ч юм уу айхавтар төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ би урдах ажлаа маш сайн хийх ёстой гэж боддог, бас тууштай, мэдэхгүй зүйлээ байнга суралцахыг эрмэлздэг. Магадгүй сургуульд хамгийн шилдэг оюутан байгаагүй учраас түүний ач холбогдлыг ажил дээр гараад арьс, махаараа мэдэрсэн гэж болно. Тийм болохоор сурж чадаагүй зүйлсээ олж авахын тулд байнга суралцах дадалтай болсон. Зогсолтгүй онлайн сургалт, ном, курс сонирхоно. Мөн сурчихсан хүнээс суралцана гэдэг чухал. Би амьдралдаа олон ментортой байсан, одоо ч бий.

Ер нь хийж байгаа зүйлээ хамгийн сайнаар хийе гэсэн эрмэлзэлтэй, түүнээсээ таашаал мэдэрдэг, сэтгэл хангалуун болдог байх хэрэгтэй. Ажилдаа ирээд нэг кампанит ажил хийх гэж байгаа бол түүнийг маш гоё хийгээд тэр хэрээр урам зориг авдаг байх ёстой шүү дээ. Тийм өөрийнхөө дуртай, өөртөө таалагдах зүйлийг хийхийн тулд хүн өөрийгөө бүрэн дайчлах нь гарцаагүй.

Мөн бусад хүний арга барилаас суралцах нь чухал. Маркетеруудад хэлэхэд дэлхийд алдартай бүтээлч захирлууд өөрийн гэсэн блогтой, YouTube сувагтай түүгээрээ сургалт ч хийдэг. Эдгээр нь надад бол гайхалтай сонирхолтой, донтож үзмээр байдаг. Тэгэхээр олон ном өрөөд ээлж дараалан уншихаас илүүтэй тэмүүлж, гоё зүйл хийхсэн гэж хүсэж уншиж, судлах нь хүнийг их хөгжүүлдэг.

-Амьдралд тань тохиолдсон од гийсэн боломж гэвэл та юуг нэрлэх вэ?

-Дээр дурьдсанчлан сайн менторуудтай байна гэдэг том боломж шүү. Тухайлбал, би анх герман ахлах тогоочтой үйлчилгээний байгууллагад ажиллаж байлаа. Тэр хүн надад ажилд мөн чанараар нь хандаж, жижиг зүйлсэд ч анхаарч байх дадлыг олгосон. Хоолны орц, ургамал, ногоо амтлагч, загасыг нэг удаа бариад алсан байхад түүнийг хэрхэн хоёр дахиа алалгүй хоол хийх вэ гээд маш их зүйлийг сургасан. Би хэдийгээр тогооч биш ч гэлээ эндээс тэр бүхэнд нарийн, нягт хандаж байгаа шиг ямар ч ажилд ингэж хандах ёстой юм байна гэдэг чанарыг олж авсан даа. Одоо миний оффис болоод аливаад эмх цэгцтэй хандах байдалд энэ нь маш их нөлөөлсөн.

Дараа нь би монголын хамгийн том, хамгийн сайн бүтээгдэхүүнийг хийдэг, үндэсний бахархалт үйлдвэрт ажиллах боломж гарсан. Тэнд их зүйлд суралцаж, дэлхийтэй танилцсан ч гэж хэлж болно. Тэр үед дэлхийн хэмжээний агентлагуудтай уулзаж, олон улсаар явж, зах зээл түүний тоглогчидтой хамтран ажиллах, суралцах боломжийг өгсөн нь энэ компани. Том компани залуу хүний хүчийг бүрэн үзэж, түүнийг хийж, давж чадсанараа маш их боловсордог. Тэнд маркетингдаа зарцуулж байгаа төсөв, ажлын цар хүрээ хавьгүй илүү учраас л хамгийн том үйл ажиллагаанууд дээр ажиллаж, хамгийн том төслүүдийг хийж, магадгүй хамгийн галзуу кампанит ажлууд дээр ажиллаж үзсэн. Тиймээс АПУ компанид ажилласан минь том боломж байсан.

Хувь хүний хөгжлийн хувьд залуучуудын байгууллагад ажиллаж, олонтой харилцаж, хамтран ажиллах нь чухал байсан. Тиймдээ ч JCI байгууллагад орж, Үндэсний ерөнхийлөгчийг нь хийх хүртэл боломж гарч байлаа. Тэнд эхлээд өөрөө суралцаж байсан бол сүүлдээ би өөрөө сургалт хийдэг, олон улсын залуучуудын эрч хүчийг мэдэрч хамт хөгжих боломжтой нь бас нэг давуу тал юм.

-Та шингэн хүнсний салбарт ялангуяа шар айргийн борлуулалт, маркетингаар удаан ажиллажээ. Монголчуудын хувьд уламжлалт биш энэ ундааг зах зээлд байршуулах нь давхар энэ соёлыг түгээх байсан болов уу гэж бодож байна. Үүнийг хэрхэн хийсэн бэ?

-Тийм ээ. Манай улсын хувьд Архи, пивоны комбинат гэж байхад л шар айраг үйлдвэрлэдэг байсан. Монголын анхны шар айргийг Чехийн исгэлтийн мастер АПУ компанид хийж байсан гэх түүх бий. Энэ утгаараа бид шар айрагтай эрт танилцсан. Харин 1970-аад оноос өнөөдрийн бидний мэдэх брэндүүд мэндэлж эхэлсэн. Нэг ёсондоо хагас автомат ажиллагаатай үйлдвэр, технологийн газрууд Монголд байгуулагдаж олон мянгаар нь үйлдвэрлэх, савлах боломж бий болсон.

Гэхдээ шар айргийн худалдаанаас сонголт хийж, шар айргийг согтууруулах ундаа бус дагаж явдаг соёлтой нь хүртэж эхэлсэн гэвэл 1997 оноос хойш гэж болно. “Ханброй”, “Чингис” шар айраг гэж Германы хөрөнгө оруулалттай, герман технологиор шар айраг хийж, түүнийгээ задгайгаар зардаг, пабад зардаг, түүнийг зохицох хоол, идээтэй хэрэглэдэг соёл орж ирсэн шүү дээ.

-Энэ соёл хэрхэн дэлгэрч тогтсон юм бэ?

-Өмнө нь маркетингийн хувьд чи хэчнээн гоё юм хийгээд ч бүтээгдэхүүн өөрийгөө лангуун дээрээс зарахгүй гэдэг хандлага хүчтэй байлаа. Харин орчин цагт энэ бүхэн өөрчлөгдөж сайн хөгжүүлсэн бүтээгдэхүүн өөрийгөө зардаг гэдэг болсон. Жишээ нь, "Apple" компани технологийн хувьд хамгийн инновацилаг, шинэлэг байж чадсанаараа хэрэглээнээс хальж бараг шашин шиг боллоо шүү дээ. Шинэ бүтээгдэхүүнийх нь нээлтийг үзэхийн тулд хүмүүс цаг тоолон хүлээдэг чухал үйл явдал болж. Үүнтэй адил шар айргийн чанарын хувьд монгол бүтээгдэхүүн ер нь чанартай, Азидаа дээгүүр орно шүү. Учир нь бид ус сайтай, түүхий эд сайтай, байгалийн орц, найрлагууд хэрэглэдэг. Японд бол шар айргийн амттай ундаа гэж хүртэл байдаг харин манайд жинхэнэ шар айраг байдаг нь өөрөө сайн бөгөөд өөрийгөө зардаг.

Хоёрдугаарт, манай хүн амын бүтэц их сонирхолтой. Бид чинь залуучуудын орон. Залуус их хэмжээгээр архи уухаас илүүтэй тав тухтай пабад сууж, хоорондоо ярилцаж, шар айргийг тохируулан хэрэглэж, партинд явж таашааж хэрэглэх болсон. Өөрсдийн энэ соёл нь шар айргийн хэрэглээ, соёлыг дэлгэрүүлж нөгөө талаас компаниуд үүнийг сайтар мэдэрч залуусын брэндтэй хамтран ажиллах болсон.  

ЗурагТайлбар




-Брэнд гэдэг үг одоо заримдаа улиг болсон мэт сонсогдох боллоо. Ер нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар түвшинд хүрэхийг брэнд болох гэдэг юм бэ?

-Хамгийн энгийнээр хэлэх юм бол энэ бол emotional communication (сэтгэл зүйн харилцаа) юм шүү дээ. Энэ бол сэтгэл хөдлөл. Бидний сэтгэлд буюу зүрх, тархинд байгаа зүйл. Тийм учраас брэнд гэж хэлээд байгаа буюу үнэнчээр, дадал болгож хэрэглээд байгаа энэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд байгаа. Брэнд гэдэг бол үйлдвэрлэгч буюу бизнес эрхлэж байгаа хүн ба зах зээл буюу худалдан авагч, хэрэглэгч хоорондын гүүр. Тэрнээс биш зүгээр нэг эд зүйл ерөөсөө биш. Энэ амны цаас брэнд биш түүний надад өгч байгаа таашаал, төрүүлж байгаа мэдрэмж, худалдан авалтад маань таарсан байдал, хэрэгцээг минь хангаж байгаа зэрэг нь брэндийн үнэ цэн шүү дээ. Тиймээс би үүнийг байнга авч байна. Жишээ нь, “Имарт”-ын “No brand” гэж бүтээгдэхүүнүүд бий. Бид брэндийн чамин өнгө, төрх, элдвэд маркетингад мөнгө зарахгүй ээ, гэхдээ сайн чанарын самар, жигнэмэг энд бий гэсэн ухаалаг харилцааг бий болгож байна. Өөрөөр хэлбэл "брэнд бишээ" гэж хэлээд брэнд болж байна шүү дээ.

-Монгол хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээж авах зан төлөв нь ямар байдаг вэ?

-Манайх бол супер зах зээл гэж би хэлнэ. Учир нь, бид төрөлхөөсөө маш сониуч хүмүүс. Жилд дөрөв нүүдэг, нэг сууриндаа удаан байдаггүй, байнга шинэ үзэмжтэй нүүр тулдаг, цаг агаар нь хүртэл өдөрт хэд хувирдаг сонирхолтой нөхцөлд амьдарч ирсэн хүмүүс шүү дээ. Энэ нь уламжлагдсан юм болов уу маш уйдамтгай, сониуч хүмүүс тул аливаа трэнд бий болохдоо маш хялбар, тэр хэрээрээ бас хурдан унадаг. Ер нь нэг кинонд гардаг шиг шинэ машин тэрэг ирэхээр очоод барьж, тогшиж үздэг тэр дүр төрх манай зах зээлийн дүр төрх гэж болно. Улмаар тэр сонирхсон зүйл нь үнэ ханшийн хувьд, хүртээмжийн хувьд, хэрэглээний таашаалтай байдалд нийцэж байна уу гэхчлэн үзээд дүгнэснээр сэтгэл хангалуун удаан хэрэглээ бий болгодог. Үүнийг бий болгох нь л манай зах зээл дэх сорилт бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохдоо шинэлэг, чанартай байх хэрэгтэй.

Цаашид бид өөрсдийн уламжлалт хэрэглээ буюу сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, мах, талх гэхчлэн хэрэглээний сагсан дахь үндсэн бүтээгдэхүүнээ хөгжилтэй орнуудынх шиг өндөр чанартай хийгээд эхэлбэл хэрэглээ болж тогтоно. Өндөр зэрэглэлийн чанарт зарим нь хараахан хүрээгүй учраас гадны юм авч хэрэглээд байна л даа.

-Брэнд бүтээж, олон нийттэй харилцаж ажиллах энэ ажил, мэргэжлийн үнэ цэн нь таны хувьд юу вэ?

-Би брэнд бүтээхдээ түүндээ дурлаж хийдэг. Үгүй бол бүтээж чадахгүй гэсэн үг. Мэдээж маркетингийн онол, ерөнхий зарчмууд байдаг түүнийг дагаж ажиллана. Гэхдээ үүнээс гадна өнөөдөр хийж байгаа зүйлээ чи өөрөө хэрэглэх үү, чи өөрөө авч идэх үү, кофе шоп хийж байгаа бол чи өөрөө түүгээр үйлчлүүлэх үү? Ийм энгийн хэрнээ гүн асуултад хариулж сурах ёстой.

Ерөнхийдөө бүх хүнд зориулсан зүйл гэж байдаггүй. Зарим хүн танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэнд зориулагдсан бэ гэхээр бүх насныханд гэдэг. Мэдээж бүх насныхан хэрэглэх боломжтой зүйл гэж бий гэхдээ тэр дотроо заавал хэн нэгэнд зориулагдах ёстой. Нэг ёсондоо зэх зээл, хэрэглэгч, худалдан авагч гэх үг хэрэглээнээс гарч байна. Харин хүн буюу тодорхой нэг индивидуальтай харилцдаг боллоо. Хэрэглэгч тийм өндөр шаардлагатай тавьдаг боллоо. Бид түүнд нь нийцэх ёстой шүү дээ. Тэгэхээр бид амжилттай бүтээгдэхүүн, брэндинг хийе гэвэл дурлахгүйгээр хийж чадахгүй. Өөрийнхөө болоод хэрэглэгчийн сэтгэл ханамжийг төрүүлэх зүйлийг л хийх хэрэгтэй.

Бас нэг зүйл нь чиний өглөө мөхөөлдөс ярьж эхлээд, үдээс хойш уул уурхай болоод, хоёр цагийн дараа банкны бүтээгдэхүүн яриад, орой сүү, тараг яриад дуусдаг гэж бодъё. Энэ бол асар сонирхолтой шүү дээ. Байнга шинэ салбар, зах зээлийн талаар судалж, танин мэдэж эхэлдэг учраас төсөл бүхэн шинэ нээлт шиг байдаг. Мөн чанар, учир шалтгааныг нь ойлгож дараачийн ажлыг нь хийнэ гэдэг хорвоо дээр байж болох хамгийн сонирхолтой ажил биш гэж үү? Хүмүүс хобби маань тийм зүйл гэдэг бол миний хувьд ажил маань миний хобби. Тийм ч учраас хэн ч надад тушаагаагүй атал би өглөө 8, 9 цаг гэж ажилдаа ирээд орой хүртэл суух нь ч бий.

-“Bat solution partners” компанийн брэндинг ажлуудыг харвал зөвхөн маркетинг, сурталчилгаанаас гадна хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх, дагуулах эерэг уриалгууд анзаарагддаг. Энэ та бүхний үнэт зүйл мөн үү?

-Ер нь сөргөөр брэндинг хийдэг хүн гэж байхгүй. Гагцхүү бидний ажилладаг брэндүүд зан төлвийн эерэг уриалгаа илүү тод хэлдэг байж магадгүй. Ам чинь цангаж байна уу, энэ усыг уу, 500 төгрөг гэхээс илүүтэй энэ ус ямар нөлөөтэй вэ, ямар учиртай вэ, байгальд ээлтэй, сав баглаа нь ийм шүү гэхчлэн хэлж өгдөг. Бидний хийж байсан ажлуудад огт бүтээгдэхүүнээ ярьдаггүй брэнд ч бий. Тухайлбал, “Signature” гэхэд хэзээ ч банкны үйлчилгээ аваарай гэж хэлдэггүй. Харин “Үргэлж тэмүүл” гэсэн уриатай залуусын тэмүүлэл, эрч хүчийг ярьсан ажил болж амжилттай явсан.

Ер нь нийгмийн маркетинг бидний нэрийн хуудас гэж болно. Үүнийг буюу нийгэмдээ хариуцлагатай маркетинг хийх чиг хандлагыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Маркетингийн холбооноос ч идэвхтэй ярьж, энэ нь байгууллагуудад нөлөөлж байна л даа. Монголчуудад нийгмийн маркетинг сайн хүрдэг, үр дүнгээ өгдөг. Дэлхий нийтээрээ л ийм шаардлага тавьж байна.

ЗурагТайлбар




-Та карьерийнхаа үед алдаж, түүнээсээ сургамж авсан зүйл гэвэл юу вэ?

-Алдаагаа би алдаа гэж боддоггүй л дээ. Яагаад гэвэл тэр алдаанууд байгаагүй бол дараачийн амжилттай алхам гэж байхгүй.

-Та ажил, амьдралын заагаа хэрхэн хадгалдаг вэ?

-Миний хувьд энэ их хэцүү. Би дөрвөн хүүхэдтэй, тэд маань насны хувьд өнөөгийн үечлэлээр бол миллениал, Z, альфа, супер альфа гээд дөрвөн үеийн төлөөлөл. Зарим хүн зах зээлийн судалгаа авахаа тооцож төрүүлсэн байна гэж наргидаг юм. Ямартай ч, өнөр гэр бүл учраас гэр бүлийн хүнд маань ачаалал их. Би цаг зав гаргахыг хичээдэг ч, ажлаасаа тэр бүр хөндийрч чаддаггүйдээ сэтгэл дундуур л байдаг юм. Гэхдээ үүнийгээ өөрчлөх бодол, төлөвлөгөө их бий.

-Ажлаасаа хөндийрөхдөө юу хийдэг вэ? Таныг хоол, шар айрганд ихэд дурладгийг сошиал хуудсуудаас тань анзаардаг.

-Тийм ээ, онцгой хобби, тууштай дагасан дадал байхгүй. Харин ерийн түвшний хүнээс ч илүү хоолонд шимтдэг. Ер нь хүн мэддэггүй зүйлээ мэддэг болоод ирэхээр гоё байдаг шүү дээ. Аль 1997, 1998 онд дэлгүүрийн лангуу бараг хоосон, олигтой хоол хийх гэхээр орц олддоггүй тэр үед онгоцоор, каргогоор хүнс нь ирдэг ресторанд ажилладаг байсан маань надад их нөлөөлсөн. Тэр бүхнийг хараад амталж үзмээр, ямар учиртай юм бол гэсэн эрэлхийлэл маань намайг хөтөлсөн. Тэрнээс биш алим бол тансаглал санагддаг, картын барааны үеийг туулсан тийм л үеийн хүүхдэд чамин, сайхан хоолонд дурлах, амт, орцын учрыг олох төрөлх хобби байх боломжгүй шүү дээ. Энэ утгаараа би хоол хийх жоохон дуртай. Гэртээ өнжвөл өдөржин л хоол хийдэг.

-Та 25 насандаа юу хийж байсан бэ? Тэр үеийн өөртөө юу хэлэх вэ?

-Тэр үед ажилд ороод удаагүй, өөрийгөө эрж хайсан маягтай төөрөөд л явж байж дээ. Харин яг нэг жилийн дараа нь JCI-д элсэж байсан. Тухайн үед манай захирал намайг оруулж байсан юм. Түүнээс хойш би 2015 он хүртэл энэ байгууллагад карьер хийсэн юм байна. Миний бодлоор хүн маш сониуч, уйдамтгай байх ёстой юм шиг. Нэг газраа, нэг цэг дээр удаан байгаад байж болохгүй. Ер нь хүн дур сонирхлоо мэддэг, түүнээ дагаад явахаар эргээд харахад чухал шийдвэрүүдийг зөнгөөрөө гаргасан байдаг. Том компанийн маркетингийн захирал байснаа өөрөө өргөдлөө өгөөд гарна гэдэг зориг бас эрсдэл шүү дээ. Тэр үед учиргүй алсын хараа, багтаж ядсан итгэл байсангүй. Гэхдээ төсөөлөл байсан учраас алхмууд аяндаа хийгдэж, органик, зөнгөөрөө болж явсан.

Энэ бүхэн нь мөрөөдөлгүй байсан гэсэн үг биш, санааны мухарт хүсэл, сонирхол байгаад түүнээ үнэнч дагавал аяндаа тэр явна. Хийж байгаа бүхнээ хамгийн сайнаараа хийе гээд явах юм бол болж л таарна даа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
2
7
0
0
0
1
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

path 2020.09.01 172.69.12.145

Энэ мессежийг уншиж байгаа хүн бүхэн сайн байцгаана уу, намайг Луис гэдэг Фортис эмнэлэгт бөөрөө зарсны дараа манай баяжсан тухай дэлхийд гэрчлэхэд энэ хэрэгслийг ашиглах, Өмнө нь би олон жилийн турш ядуу амьдарч байгаад бөөрөө зарах мисс хайж байсан, намайг Фортис эмнэлэгт танилцуулж өгдөг найзынхаа найзтай уулзах хүртэл бид үнийг нь тохиролцоод тэд миний бөөрийг суманд худалдаж авахаар тохиролцсон. $ 520,000-ийн үнэтэй бөгөөд тэд үйл ажиллагаа эхлэхээс өмнө хагас төлбөрийг надад төлсөн гэдгээ мэдэгдэж, үйлдлээс хойш тэр даруй үлдсэн үлдэгдэл мөнгөө надад өгсөн, маш эрүүл саруул бөгөөд амьдралдаа дахин баяртай байгаа гэдгээ хэллээ. учир нь ядуурал нь Мөнгө бол хамгаалалт болох гэмт хэрэг Таны бөөрийг зарах зөв газар хайж, эрүүл хэвээр байгаа хүмүүст та эмнэлэгт хандаж болно [[email protected]] байхгүй байгаа зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглан эрүүлжүүлсээр байгаа тул ядуурал нь гэмт хэрэг бөгөөд харин мөнгө нь батлан ​​хамгаалахын тулд эмнэлэгт хандаарай. [[email protected]]

0 Хариулах


zayaa 2020.04.28 172.69.252.137

mundag yumaa amjilt

1 Хариулах