Хайх зүйлээ бичнэ үү

Хүн бүр гар утсаараа агшин, мөч бүрийн сонин, дурсамжийг хадгалж үлдэх болсон энэ үед гэрэл зургийн тухай даацтай яриа өрнүүлэхээр гэрэл зурагчин С.Туяа багшийг өнөөдрийн буландаа урилаа. Тэрбээр урлаг, уран сайхнаас илүүтэй баримтат гэрэл зургаар мэргэшиж, нийгмийн амьдрал, цаг үеийн түүхийг гэрчлэн үлдээхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй Монголд анхны мэргэжлийн гэрэл зурагчдыг бэлтгэх сургалтыг эхлүүлсэн хүн юм.  

Ярилцсан: @khulan.jugder

Гэрэл зургийг: @suniko_

-Та ойрд “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнд ажиллаж байх шиг байсан. Энэ ажлаар тань сонин юу байна? 

-Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сангаас нэрт гэрэл зурагчин Ц.Батзоригийн нэрэмжит үзэсгэлэнг сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж байна. Нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ үзэсгэлэнг тодорхой сэдвийн дор буюу “Хүмүүс” гэж зохион байгуулж, залуу гэрэл зурагчдын бүтээлийг хүлээж авах болсон. Залуус энд бүтээлээ илгээж, ер нь үзэсгэлэнд оролцох уу, өөрийнхөө хэр хэмжээ, чансааг сориод үзэх нэгэн боломж нээгдсэн гэж болно. Би энэ шалгаруулалтад шүүгчээр оролцож, залуусын бүтээлийг үнэлж дүгнэдэг юм. Уг нь өдийд үзэсгэлэнгээ гаргачихдаг ч, энэ жил цар тахлаас болоод жаахан хойшлох төлөвтэй болж байх шиг байна. 

-Та гэрэл зурагтай хэрхэн холбогдсон түүхээ бидэнд хуваалцаач. 

-Би чинь социалист нийгмийн бүтээгдэхүүн, бүр 1970 онд аравдугаар ангиа төгсөж байлаа. Тэр үед улс их нарийн төлөвлөгөөтэй байсан. Ямар мэргэжлээр, хэдэн хүн суралцах ёстой гэдэг тоо нь батлагддаг. Ингээд гэрэл зургийн мэргэжилтэн хэрэгтэй гэж үзсэн юм болов уу Соёлын яамны нэрээс Германд гэрэл зургийн мэргэжлээр нэг хуваарь байна гэж байсан. Миний хувьд математик, физикт сайн, дур сонирхолтой байсан бөгөөд инженер, техникийн ажилтан болно гэж боддог байлаа. Тэгээд гэрэл зураг гэхээр нь аппарат, хальс л гэж ойлгоод тэр хуваарийг аваад явсан юм. Гэтэл очтол шал өөр нөхцөл байдал угтаж бүр урлагийн сургуульд орчихсон. Багш нараасаа хэзээ аппарат, хальс өгч аппаратны талаар заах юм гэтэл инээлдээд “Монголд аппарат хийдэг юм уу? Техникийн үйлдвэртэй юм уу” гэхээр нь би “Байхгүй. Гэхдээ би ирсэн юм чинь ирээдүйд хийж магадгүй шүү дээ” гээд хөгжилтэй юм их болсон. 

Ингээд яах ч аргагүй гадаад оронд илгээгдсэн хүн учир тэр мэргэжлээр сурах л ёстой гэж ойлгоод хичээж байлаа. Манай сургууль Урлагийн дээд сургууль, гэрэл зураг гэдгийг уран сайхан, баримт гэхчлэн тал бүрээс нь харж таван жил сурдаг. Тэндэхийн хүүхдүүд сургууль, коллежоосоо ордог учраас шууд хичээллэдэг бол бидний хувьд бэлтгэл орж гэрэл зураг гэж юу, аппарат техник танилцуулах гэхчлэн зааж байлаа. Ингээд Монголоос ганцаараа, Вьетнамаас таван хөвгүүнтэй бид хэд найман жил суралцаж 1979 онд төгсөж ирээд Соёлын яаманд ажилд орсон. Тухайн үеийн Улсын гэрэл зургийн газар гэж соёлын талаас реклам, урлаг болоод үйл явдал, цаг үеийн сурвалжлага бэлддэг газарт ажилласан. Улмаар 1980 оноос гэрэл зургийн газар мэдээлэл талаа барих нь дээр гэж үзсэнээр одоогийн Радио, телевиз болж өөрчлөгдөж тэнд сурвалжлагч, дотоод мэдээний редактораар ажиллаж байсан. 

-Гэрэл зургийн тухай тэс өөр ойлголттой очсоны хувьд шинэ зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх тухайд бэрхшээлтэй байсан уу. Гэрэл зурагт хэрхэн дурласан бэ? 

-Монголчууд ер нь аливаа зүйлд хурдан суралцдаг авьяастай байх гэж би боддог. Хэдийгээр өөр юм хүсэж байсан ч, сурах л ёстой гэж бодоод хичээсэн учраас тийм ч их бэрхшээл байгаагүй. Эхэндээ энэ миний хийх зүйл мөн үү гэж бодох үе байсан. Гэхдээ суралцаад Монголд гэрэл зургаар дан ажиллах боломжгүй учраас сэтгүүлч, сурвалжлагч болж ажилласан. 

ЗурагТайлбар




-Математик, физикт сонирхолтой байсан хүн гэнэт сэтгүүлчийн ажил хийгээд, нийгмийн амьдрал сурвалжлахад ямар санагдаж байв? 

-Сайхан шүү дээ. Хүний хөрвөх чадвар гэж зүйл байна шүү дээ. Ер нь би багадаа уран зохиолын ном их уншдаг хүүхэд байлаа. Миний сонирхдоггүй байсан нийгмийн амьдрал руу орж байгаа нь уран зохиолын амьдрал л сонирхож байсан надад бодит амьдралын сонин, хачныг харуулж малчин, ажилчин, сэхээтэн гээд төрөл бүрийн хүмүүстэй танилцаж, ярилцах нь их сонирхолтой байдаг байлаа. 

-Олон жил гадаадад сураад ирэхэд танд ямар санагдаж байсан бэ? 

-Сайхан шүү дээ. Эхний хоёр жил зардал мөнгө хүрэлцэхгүй гэртээ ирж чадалгүй гадаадуудтай байрандаа амралтаа өнгөрүүлж билээ. Дараа нь яваад ирсэн хүмүүсээс сураглаж, ажил хийж мөнгө цуглуулах ойлголттой болж аваад жил бүр ирэх болсон. Хүний эх нутаг гэдэг хэзээд сайхан. Германд зундаа жаахан халахад л наранд, сүүдэрт ч байх эцэсгүй хална. Монголд бол наранд гарч шарагдаад, сүүдэрт нь сэрүүцээд сайхан шүү дээ. Цаг агаар, хүмүүсийн амгалан тайван байдал гээд л ирэхэд их л дотно санагддаг байсан шүү. Миний хүүхдүүд ч мөн адил гадаадад сурч, боловсорсон ч эндээ л ажиллаж, амьдрахыг илүүд үздэг. 

-Өөр ажил хийсэн бол гэж бодож байв уу? 

-Үгүй ээ, тэгж бодож байгаагүй. Гэрэл зураг ойлгох хүн ховор учраас нэг жаахан хямарч байсан байх. Аппарат л бүгдийг нь хийгээд өгчихдөг гэж ярьдаг, хүмүүс ойлгохгүй болохоор нь урам хугардаг байсан ч, ойлгуулахыг л илүү хичээсэн. Энэ бодол маань намайг хөтөлсөн үү гэлтэй 1980 оны сүүлчээр ДУДС-ийн сургуулийн захирал Ардын зураач Д.Амгалан гэнэт дуудлаа. Очоод уулзтал Филатова дарга дотооддоо гэрэл зургийн мэргэжилтэн бэлтгэх үүрэг өгсөн тул ДУДС Гэрэл зургийн анги нээх болсон гэлээ. Ингээд гадаадад суралцсан манай хамгийн анхны боловсон хүчний хувьд намайг хөтөлбөр, програмыг нь боловсруулна даа гэсэн юм. Төгсөж ирээд удаагүй байсан миний хувьд ингэж л багш болох замнал эхэлсэн дээ. 1984 онд хичээлээ эхлүүлж, төлөвлөж байснаасаа жаахан агшаагаад 1986 онд анхны 10 хүүхдийн төгсөлтийг хийж байв. 

-Энэ хугацаанд таны амьдралд тохиолдсон од гийсэн боломж гэвэл та юуг нэрлэх вэ? 

-Багшлах боломж нээгдсэн энэ үеийг эргэлзээгүй нэрлэнэ. Надад байсан зан төлвийг гаргаж ирсэн гэх юм уу, би багаасаа бусдад зааж, туслах дуртай байлаа. ДУДС-д багшилж эхлээд багш нартай танилцаад, хүүхдүүдийнхээ өсөж хөгжиж буйг харах их сайхан юм билээ. Сүүлд 2005 оны үед Урлагийн зөвлөлийн санаачлагаар “Хүүхэд ба дуран” төсөлд мөн багшлахаар шалгарч, сонгогдсон олон хүүхдэд багшлах боломж гарсан юм. Их Британийн Хүүхдийг ивээх сантай хамтарсан тус төсөлд англи залуу ирж, өөрөө шалгаруулж авч байлаа. Би тэр үед хувийн аж ахуйд гарчихсан, газар тариалан, мод бут гээд байгаль орчны чиглэлээр ажиллаж байтал дуудаж ярилцлаганд орсноор тийм сайхан боломж гарч байсан. 

ЗурагТайлбар




-Гэрэл зураг танд ямар үнэ цэнтэй зүйлтэй вэ? 

-Гэрэл зургийн төрөл, жанраас үл хамаараад энэ бол бодит зүйл шүү дээ, тэр утгаараа түүх бичдэг. 100, 200 жилийн дараа тухайн үед байсан нийгэм, байгаль зэргийг харуулдаг, мөн мэргэжил бүрт хэрэгтэй, хамаатай, баримт гэдгээрээ надад маш үнэ цэнтэй. Хэл бичгийн хүмүүс ном, материалаа, археологийн мэргэжилтнүүд олдвороо гэхчлэн баримтжуулж авч байдаг. Би нэг хэсэг МУИС-д гэрэл зургийн цагийн багш хийж, гэрэл зургийг өөрийн мэргэжилд хэрхэн ашиглах вэ гэдэг тухай янз бүрийн ангийн оюутнуудад заадаг байсан шүү. 

Орчин цагт бол дурсамж гэгддэг байсан гэрэл зураг амьдралын салшгүй хэрэглээ болчихлоо. Хүүхдүүд маань зураг дарна, байнга дарна, надаас ч илүү шүү дээ. 

-Та гэрэл зургаараа юуг илэрхийлэхийг илүү хүсдэг вэ? 

-Би хүний амьдрал л харуулах дуртай. Хэдий бид оюун ухаантай ч байгальтайгаа уялдаатай. Хэрхэн ийнхүү уялдаж байна гэхчлэн хүн, байгалийн холбоог л сонирхож гаргахыг хүсдэг. 

-Олон жил багшилж, басхүү “Хүмүүс” үзэсгэлэнгийн зургуудыг редакторлаж байхад ямар өөрчлөлтүүд танд анзаарагдаж байна вэ? 

-Энэ үзэсгэлэнд эхлээд сурвалжлагчид түлхүү материалаа өгдөг байлаа. Одоо бол залуус гэрэл зураг сонирхдог болж, камераа эзэмших туршилтууд хийх явцдаа өөрт таалагдсан зургаа болчихсон гэж бодоод явуулж байгаа нь ажиглагдаж байна. Зурган дээрээ сонголт хийж мэдэхгүй, 10, 20 зургийг цуврал гээд явуулах жишээтэй. 

-Сайн гэрэл зураг гэж ер нь ямар зургийг хэлдэг юм бэ? 

-Хүн зургийг хараад шууд уншдаг. Тиймээс сайн гэрэл зураг гэдэг уншигдах ёстой. Уншигдана гэдэг нь зураг зөв зохион байгуулалттай байна уу, гэрэл тусгал нь зөв байна уу гэхчлэн олон зүйлийг хамарна. Гэрэл зураг гэдэг бол гэрлээр зурна л гэсэн үг шүү дээ. Тиймээс гэрлээр зөв зурж, бичих чухал. Уран зохиол, сэтгүүл зүйд үгээ зөв сонгох гэж байдаг шиг, гэрэл зурагт техникээ зөв сонгох, форматаа зөв ашиглаж сурах нь чухал байдаг. 

Мөн зургийг зөв ашиглаж, утга санаагаа илэрхийлэх нь чухал. Заримдаа үйл явдал, үзэгдлийг бичиж илэрхийлсэн хэрнээ дахиад гэрэл зураг яг тийм утгатайг тавьчихсан байдаг. Жишээ нь, хүчирхийлэл эсвэл уранхай ноорхой хувцастай хүнийг гаргаад л, сэтгүүлчийн бичвэр ч түүнийг яриад л. Сэтгүүл зүй бол хүмүүнлэг чанартай байх хэрэгтэй, бичгээр илэрхийлж байгаа зүйлээ зургаар давтаж илэрхийлэх шаардлагагүй. Арай өөр өнцгөөс зураг харуулж байж бичвэртэйгээ нийлэн нэгддэг. Энэ утгаараа гэрэл зураг сэтгүүл зүйд чимэглэл биш уншигддаг, өгүүлэмжтэй, илэрхийлэлтэй зүйл юм. 

-Та хийж байгаа ажлаа ямар үед боллоо гэж үзэж сэтгэл ханамж авдаг байв? 

-Сэтгэл ханамж авах гэхээс илүүтэй үргэлж л мэрийдэг, хичээдэг байлаа. Нэг сонирхолтой зүйл нь миний зураг хүнд таалагдахгүй бол яагаад, таалагдвал бас яагаад гэсэн асуулт л надад төрөөд байдаг юм. Энэ хүнд юу нь таатай санагдав, юу нь онцгүй байна гээд үргэлж яагаад гэсэн асуулт эрж, сониучирхаж ажилладаг байлаа. 

-Хүүхдүүдэд гэрэл зураг заахын онцгой нь юу вэ? Дурангаар хэрхэн харах өнцгийг нь хэлж өгөх нь байна шүү дээ. 

-Мэдээж эхний ээлжинд техникийн мэдлэг өгнө, дараа нь сонирхлынх нь дагуу чиглүүлнэ. “Хүүхэд ба дуран” төслийн хувьд зорилтот бүлэг рүү чиглэсэн сургалт байсан бөгөөд хүүхдүүдэд хүсэл, сонирхлоор нь дамжуулж өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг байсан болов уу. Сургуулийнхаа атаманы зургийг аваад ир гэж явуулаад, дараа нь түүнийгээ бэлэглэчих гэхээр нөгөө атаманууд “Энэ хүүхэд мундаг юм байна” гэсэн ойлголттой болж, найз нөхөд болох жишээтэй. Зөвхөн зураг авахдаа биш түүгээр дамжуулж хүүхдүүдийн амьдралыг өөрчлөх боломж гэдэг онцгой зүйл шүү. 

-Сурвалжлагчаар ажиллах үеийн сэтгэлд хоногшсон дурсамж юу вэ? 

-Би цөөн жил сурвалжлагч хийсэн ч тухайн үеийн Монгол Улсын 18 аймгийн 15 руу нь очсон, хөдөө их явдаг байлаа. Тэр дундаас анх Баян-Өлгийд очиход гайхамшигтай гурван хоногийг өнгөрүүлж билээ. Соёлын өдөрлөгөөр очоод үнэхээр бидэнд буй бас нэгэн шинэ соёл, ахуйтай танилцаж догдолж байсан. 

-Эмэгтэй хүн гэрэл зурагчнаар ажиллахад онцлог, ялгаатай тал бий юү? 

-Сүйдтэй байхгүй дээ. Мэдээж хүнд техник, аппарат үүрч явдаг учраас хэцүү. Бас хөдөө, гадаа явна, уул хад руу авирна. Гэхдээ нэгэнт сонгосон бол эдгээрийг бэрхшээл гэлгүй зүтгэх л хэрэгтэй. Би анх өндрөөс айдаг байсан юм. Тэгсэн нэг удаа янгирын зураг авах гээд дагаад дээш аслаа. Овоо яваад хэдэн зураг дарчихаад буух гэтэл маш хүнд өгсчихсөн, эгц хараад буух гэхээр болдоггүй. Тэгээд арагшаа харж байгаад ухарч бууж билээ. Энэ мэт тохиолдол бишгүй ч би үүнийг хүндрэл гэж харж байгаагүй. Гол нь хүн бие эрүүл л байх хэрэгтэй. 

-Гэрэл зурагчнаар ажиллах эсвэл багшлахын аль нь танд илүү сайхан байдаг вэ? 

-Багшлах сайхан шүү. Хүүхдүүдийг нийгэмд байр суурьтай болгох, дэм өгөх ажил гэдэг ямагт сайхан байдаг. “Хүүхэд ба дуран” төсөл маань таван жил хэрэгжээд цааш санхүүжилтгүйн улмаас зогссонд харамсдаг юм. Хүрч ажиллая гэвэл манайд маш их нөхцөл бололцоо бий шүү дээ. Ямартай ч багшилж ажиллаад миний хувьд сурагч, оюутнууд гээд 1000 шахам хүүхдэд хичээл заажээ. 

-Та 25 настайдаа юу хийж байсан бэ? Тэр үеийн өөртөө хандаж юу хэлэх бол? 

-Тэр үед оюутан байжээ. Тэнэг байсан байна. Миний үеийн хамт сурч байгаа оюутнуудын хувьд өөрсдийгөө хөгжүүлж, ирээдүй хойчид юу хийхээ мэддэг, зорилго ухамсартай байсан. Би түүнийг нь харж их суралцсан шүү. Мөн гэр бүл зохиох онцгой насыг ч хэлэх үү, герман оюутнууд тэдний аж амьдралаас үлгэрлэж амьдралаа хэрхэн зохиох талаар ч их боддог байлаа. Энэ нь миний амьдралд их тус болсон санагддаг бөгөөд хүүхдүүдтэйгээ ч энэ талаар нээлттэй ярилцдаг байсан юм. 

Одоогийн залуусын хувьд нээлттэй, хэлэх гэснээ шууд хэлдэг, чөлөөтэй байдал нь надад их таалагддаг. Бидний үеийнхэн шиг цэгнээд, нэрлэхээд байхгүй. Тэр утгаараа би залуучуудтай найзлах дуртай. 



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
11
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочи 2020.05.13 172.69.252.151

Сайхан ярилцлага болжээ.Багшлах ажлаа үргэлжлүүлээрэй.Эрүүл энх урт наслаарай.Туяагийн зурагнууд таадагдлаа.амжилт хүсье.

0 Хариулах