Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Хөл хорионы үеийн амьдрал - 2


Өмнөх “Хөл хорионы тэмдэглэл” бичвэрийн дараа уншигчид хувийн зурвас, мэйл хаягаар ирүүлсэн одоо болж буй хөл хорионы үеийн түүхээс болон “Бүх нийт боловсролын төлөө” эвслээс явуулсан “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгааны үр дүнгээс хуваалцаж байна. 

9. Хэнээс ч юу ч гуйхгүй ээ, хурдхан л хөл хорио тавигдаасай!

Би гурван айлд гэрийг нь цэвэрлэж, өдөр өдөртөө хөлсөө авдаг. Олсон мөнгөө маань өдөр, өдөртөө зарцуулж дуусдаг. Хуримтлуулъя гэвч тийм боломж хаанаас байх вэ. Хөл хорио зарласнаас болоод айлдаа очих ч өнгөрлөө, хүнс ч дууслаа. Хүүхдийн мөнгө 11 сарын 17-нд бууна гэх сургаар мах, цувдай, ногоо авъя гэж бодсон байсан ч хуучных шиг 20-ндоо буух болов. Хүүхдүүддээ дөрвөн өдөр зөвхөн л гамбир хийж өгч байна. Азаар саяны орон нутгийн сонгуулиар “Саналаа өгөөрэй” гэж гурил өгсөнг нөөцөлж, дотор өөх шаргаасан нь аминд орж байна. Саналаа хэнд өгсөн бэ гэж үү? Саналаа өгье гэж бодсон хүндээ өгсөөн, тэрнийгээ мэдэхтэйгээ! Хэнээс ч юу ч гуйхгүй ээ, хурдхан л хөл хорио тавигдаасай!

34 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс. 


10. Одоогоор зодоогүй л байна. 

Зүгээр сууж ер болохгүй. Тэгэх л юм бол шалтаглаад гар хүрч магад хүн. Уул нь ажилдаа явчихаар нь хэсэгтээ амсхийдэг юм, одоо гэтэл хоногийн 24 цаг хамт. Өдөржин ахин дахин гэрээ цэвэрлэж, нэг л их ажилсаг, зүгээр суугаагүй хүн болох гэж арчсаар байтал сүүлдээ тавилга, шал цоорох шахаж байна.

Одоогоор зодоогүй л байна, өдөржин кино үзэж завсарт нь “Ханийнхаа хийсэн хоолыг идээд сайхан байна” гэх мэтийн юм Фэйсбүүктээ бичиж бариад сатаараад байгаа бололтой. Гэхдээ л хэзээ мөдгүй дээ. 

Ганцаараа хүүхэд өсгөх амаргүй шүү дээ, ойрын хэдэн жилдээ салж арай л чадахгүй нь. Ер нь салах эсэхээ ч мэдэхгүй юм. Энэ хүнтэй гэрлээд сүүлийн 12 жил ажил хийгээгүй, нөхөр хийлгэдэггүй юм, тийм болохоор салаад ганцаараа амьдарч чадахтаа эргэлзэж байна.

32 настай, эмэгтэй, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс


11. Шоронд тусгаарлагдсан ч яахав!

Эх орондоо очих зам ийм урт гэж мэдсэнгүй ээ. Зургаадугаар сараас хойш харих гэж оролдоод сая нэг буцах болсон ч Франкфуртын нислэгийг цуцалчихлаа. Түрээсэлж байсан байраа буцаагаад, цагийн ажлуудаасаа ч гараад цүнхээ чирээд л Франкфуртэд ирсэн, бүх мөнгөөрөө онгоцны тасалбар, тусгаарлалтын төлбөр төлчихсөн болохоор яахаа мэдэх юм алга. Монголд вирус тархсан, тусгаарлах байр дүүрсэнг мэдэж байгаа болохоор нэхэж шаардаж ч чадахгүй юм. Заавал эмнэлэг, сувилал гэхгүй харьж л байвал шоронд ч тусгаарлагдсан ч чадахаар байна. 

 26 настай, эрэгтэй, Франкфурт хот, Герман улс.


12. Ахиад хөл хорио зарлаж магадгүйг цөм л мэдэж байсан хэрнээ...

Сургуулиас хичээлийн материал, зөөврийн компьтер, принтерээ ч авч чадсангүй. Ядаж багш нарыг шалгаж, хянаад ч болов нэг удаад сургууль орох боломж олгож болохгүй байсан юм байх даа.! Утсаараа цахим хичээлийн материал бэлтгэж, хичээлээ орж, оройд даалгавар шалгасаар нүд, толгой өвдөж, хүзүү чилж байна. Өөрийнхөө хүүхдүүдийн хичээлийг хийлгэж ч амжихгүй юм. 

Манай анги 34 хүүхэдтэй ч цахим хичээлд сайндаа 20 нь оролцож байна. Оролцохгүй хүүхдүүдийн эцэг эх рүү ярьж боломжгүйг нь ядаж теле хичээл хийлгэхээр боллоо, чухам миний ажлын үзүүлэлтэд орох эсэхийг мэдэхгүй юм. 

Ахиад хөл хорио зарлаж магадгүйг цөм л мэдэж байсан хэрнээ тэр үед яаж хичээлээ заах талаар Боловсролын яамнаас ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгсэн хэрнээ одоо нэгдсэн системээр шалгана л гээд байгаа бололтой. 

42 настай, эмэгтэй, Сүхбаатар дүүрэг, Монгол Улс.


13. Ер нь дампуурчихлаа даа.

Иргэн бүрт нэг сая төгрөг, тэрний 800 мянгыг хүнсний талон маягтайгаар тараана гэсэн мэдээг хараад маш их уур хүрсэн. Агуулга нь бол өлсгөлөнгөөс аврах гээд байна шүү дээ. Ганцхан сарын хөл хорионд өлсгөлөнд орохоор амьдарч буйг тэд мэдэж байна, угаасаа мэддэг гэвч юу ч хийдэггүй. Жинхнээсээ тараах юм бол авмааргүй байна. Хүн доромжилж байхад “доромжилсонд баярлалаа” гэж хэлэх ёсгүй биз дээ? 

Гэхдээ миний ч нөхцөл сайнгүй байна. Энэ намар жижигхэн кофешоп нээсэн. Хөл хорионы жил бизнес эхлүүлдэг нь миний л тэнэгийнх. Өөрөө кофегоо нэрж, амттанаа хийгээд, хажууд нь бяцхан булан гаргаад бас л өөрөө хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн зараад болж л байв. Оюутнуудын хичээл эхэлснээс хойш овоо амжилттай байсан ч одоо ингээд ер нь дампуурчихлаа даа. Хувь зээл, түрээс чинь ямар хөл хорионд орох биш дээ. Өмнө нь төрийн албан хаагч байсан юм, баталгаатайгаар нь ойрын хэдэн жил буцаж тэр ажлаа хийх тухай ч бодож байна. Дарга солигдох бүрт ажлын уур амьсгал өөрчлөгддөг, ер нь бол над шиг бор зүрхээрээ хүмүүс их сайндаа ахлах мэргэжилтэн болоод тэтгэвэрт гарах ирээдүй хүлээж байдаг учраас төрийн албанд дургүй.

28 настай, эмэгтэй, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот


14. Малчид бид ургах нарнаас эхлээд үдшийн бүрий хүртэл ажилладаг.

Манайх сумаас 60 км зайтай, энд утасны сүлжээ ороогүй. Долоо хоногийн нэг өдөр сумын төв орж интернетээр хичээлээ хийж багш руу явуулдаг. Энд хаанаасаа ном, сурах бичиг олдох вэ дээ, интернэт ч маш удаан, зөвхөн багшийн оруулсан слайдыг харж л хичээл хийх юм. Ер нь хөдөөний хүүхдүүдэд хичээл хийх боломж байхгүй дээ. Байнга хонь, малаа хариулаад аав ээждээ тусална. Малчид бид ургах нарнаас эхлээд үдшийн бүрий хүртэл ажилладаг. Энэ үеэр гэр бүлийхэнтэйгээ хамтдаа байж, малаа маллаж, ажлаа хувааж хийгээд нэг бодлын гоё ч орлого буураад хүнсээ нөөцөлж чадахгүй хэцүү байна. Уг нь хавар ноолуураа зараад бүтэн жилийнхээ өрхийн хэрэгцээний мөнгийг олдог байсан ч одоо ноолуур зарагдахгүй байна.  

Хөдөд утас, интернетийн сүлжээтэй болговол малчин залуус малаа хариулж байхдаа хичээлээ хийх, өөр олон зүйлс суралцах боломжтой болно гэж боддог доо.

19 настай, эрэгтэй, Ховд аймаг, Монгол Улс.

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


15. Дохионы хэлээр ярихад уруулын хөдөлгөөн чухал.

Би сонсголгүй хүн. Короновирус гарахаас өмнө цалин багатай ч ажил хийж байсан бол одоо ажил олдохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмж болох 182 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулах маягтай, энэ тэтгэмж саяхнаас л нэмэгдэж ийм хэмжээнд хүрсэн юм. Цалин багатай гэснээс сонсголтой хүмүүсийн цалин сонсголгүй хүнийхээс өндөр юм шиг санагддаг. Өмнө нь ажил хийж байхад хамаг хар бор, бохир ажлыг хийдэг мөртлөө л надаас хөнгөн ажил хийдэг сонсголтой залуусаас бага цалин авдаг байлаа. 

Цалин бага байсан ч яахав, цаашдаа ажилд орж, амьдралаа дээшлүүлэхийг хүсч буй ч яг одоо, яг энэ цаг мөчид юу ч төлөвлөж чадахгүй байна. Ирээдүйн талаарх ойлголт, бодол гэх зүйл огт алга. Энэ хөл хорио, айдас бий болохоос өмнө ч миний амьдрал хэцүү байсан, одоо бол бүр ч хэцүү болчихлоо, яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. 

Дохионы хэлээр ярихад уруулын хөдөлгөөн их чухал. Уруулыг нь харахгүйгээр харилцах хэцүү. Байнга маск зүүх ёстой энэ үед хоорондоо харилцахад төвөгтэй л байна. Биднийг дохионы хэлээр яриад зогсож байхад бусад хүмүүс “маскаа зүү” гэж загнадаг.  

Нээрэн, өдөр бүр дохионы хэлээр гарч байгаа 11.00 цагийн мэдээ үзэж байгаа, гэхдээ бусад мэдээний дохионы хэлмэрч маш жижиг хэмжээтэй байдаг тул би харж чаддаггүй. Тиймээс Фэйсбүүкээр л дохионы орчуулгатай мэдээ үздэг дээ. 

20 настай, эрэгтэй, Сүхбаатар дүүрэг, Монгол Улс

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Ура, сурагчид 18-наас амарна
2
19 цагийн өмнө
Өнөөдрийн зурвас: Дооёогийн "стриптиз"
3
Уржигдар
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрөөс татварын таатай орчинг бүрдүүлэх хэ...
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
12
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.