Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Б.Ууганцэцэг: Мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авч байгаа нь сэтгэлзүйн тогтвортой байдлаа бид өөрсдөө эвдэж байгаагийн том жишээ


Сошиал медиа, интернэт бидний амьдралыг олон талаар хөнгөвчилж байгаа ч хүмүүс өдөр тутамдаа үзэхийг, уншихыг хүсээгүй олон мэдээллийг хүлээн авч байна. Олон улсыг хамарсан халдварт өвчин, дайн, тогтворгүй байдлын тухай мэдээнаас эхлээд янз бүрийн хов жив, шар мэдээ, зохион байгуулалттайгаар тарааж буй хуурамч мэдээлэлтэй бид өдөр тутамдаа нүүр тулж байгаа юм. Тэгвэл ийм мэдээлэл хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг, ямар үр дагаварт хүргэдэг, цаашлаад үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


- Юун түрүүнд, сэтгэцийн эрүүл мэнд гэж юу болох, яагаад бид үүнд анхаарал хандуулах ёстой талаар тайлбарлаж өгөөч? 

- Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өргөн хүрээг хамарсан ойлголт. Нийтээрээ сэтгэцийн эмгэггүй, сэтгэлзүй нь тайван, тогтвортой бөгөөд эрүүл саруул байхыг хэлдэг. Сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, тогтвортой байхын тулд юун түрүүнд эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Амьдралын өдөр тутмын дадал, хэвшилд бидний өдөр бүр ухамсартай болон санамсаргүйгээр хийж дадсан зүйлс ордог. Сэтгэлзүйн тогтвортой байдлаа бид өөрсдөө эвдэж байгаагийн том жишээ бол мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авч, сэтгэл санаагаа хямраах явдал юм. Үүнээс болж сэтгэл хөдлөл тогтворгүй болж, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө эргээд бусад хүмүүст гаргаж эхэлдэг. 

- Олон нийтийг хуурамч айдас, түгшүүрт автуулсны улмаас томоохон сөрөг үг дагаварт хүрсэн жишээ байвал ярьж өгөөч? 

- Хуурамч мэдээлэл нь ихэвчлэн хүний сэтгэл хөдлөлд суурилдаг. Үзэн ядуулах, гайхшруулах зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлд тулгуурлан хүний сонирхлыг өдөөж, улмаар тухайн мэдээллийг унших, үзэх, харах сэдэл төрүүлдэг. Тухайлбал, “2012 оны 12 сарын 21-нд дэлхий сүйрнэ” гэдэг мэдээ хүмүүсийг үйлдэлд дуудаж, түүнтэй холбоотой шийдвэр гаргахад хүргэж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг шүүлтүүргүй (шууд), сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хүлээж авснаас үүдэн хөдөө явах, хүнс их хэмжээгээр нөөцлөх, ажил, сургуульдаа явахгүй байх зэрэг шийдвэр гаргаж байсан нь сөрөг үр дагаврын нэг жишээ юм. 

Шинжлэх ухаанч байдлын хамгийн эхний шинж бол аливаад шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах, эргэлзээгээ тайлахын тулд олон эх сурвалжаас мэдээлэл хайх чадвар юм.

- Саяхан БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдсэн тухай мэдээлэл цацагдахад иргэд тэр даруй хоол хүнс, маск нөөцөлж эхэлсэн. Хүмүүс яагаад ийм амархан түгшиж байна вэ, үүнд юу нөлөөлсөн байж болох вэ? 

- Мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авч байгаад олон хүчин зүйлс нөлөөлсөн байх магадлалтай. Жишээ нь, аливаад шүүн тунгаах сэтгэлгээгээр хандахгүй байх, эргэлзэх, эргэлзэж байгаа зүйлээ нягтлах чадамжгүй байх зэргээс үүдсэн байж болно. 

Шинжлэх ухаанч байдлын хамгийн эхний шинж бол ертөнцийн үйл явдал, нөхцөл байдлыг “анхнаасаа”, “угаасаа л тийм байна” гэх тогтсон үзэл хандлагаар хүлээж авахын оронд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах, эргэлзээгээ тайлахын тулд олон эх сурвалжаас мэдээлэл хайх гэх мэт чадвар юм. Бид нэг эх сурвалжаас юм уу нэг хүний ярианаас шууд энэ мэдээлэл үнэн гэж хүлээж авч байгаа нь аливаад шинжлэх ухаанч бус, зөвхөн амьтны интуициэр (зөн билгээрээ) хандаж байгаагийн жишээ. 

Сөрөг мэдээлэл авсны улмаас ажил дээрээ анхаарал төвлөрөхгүй байх, бүтээмж буурах, бусадтай харилцахдаа уг мэдээллийг хуваалцаж, бусдад “халдаах” зэрэг үйлдлийг өөрийн мэдэлгүй хийдэг.

- Саяхан нийтлэгдсэн судалгааны үр дүнг харахад, монголчуудын хоорондын ерөнхий харилцан итгэлцэл тийм ч өндөр биш байсан. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 61 хувь нь “бусдад итгэдэггүй” гэж хариулсан байна лээ. Бид харилцан бие биедээ итгэх итгэл ийм сул байгаа атлаа яагаад сошиалаар явж байгаа дам яриа, хуурамч мэдээлэлд амархан итгээд байна вэ? Үүний суурь шалтгаан юу байж болох вэ? 

- Мэдээлэлд итгэх, бусдад итгэх хоёр ялгаатай ойлголт учраас мэдээж ялгаа гарна. Монгол хүмүүсийн (нүүдэлчдийн) хувьд мэдээлэлд их сэргэг бөгөөд эмзэг гэж олон ном, зохиол гадны судлаачдын тэмдэглэлд бичсэн нь бий. Тиймээс мэдээлэл авч байгаа сувгуудаа хянах, авсан мэдээллээ боловсруулах чадвар бидэнд тун их хэрэгтэй. Үүнээс үүдэн сэтгэлзүйн тайван, тогтвортой байдлаа хадгалах асуудал мөн л хөндөгдөнө. 

- Авч буй мэдээлэл хувь хүний сэтгэлзүй, шийдвэр гаргалтад нөлөөлж байгааг хэрхэн мэдэж болох вэ, үүний эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ?    

- Сөрөг мэдээллийн нөлөө тархинд илүү хүчтэй тусдаг. Тиймээс сөрөг мэдээлэл авсан үед сэтгэл хөдлөл ихэвчлэн сөрөгждөг. Өөрөөр хэлбэл, уурлах, бухимдах, сэтгэл тавгүйтэх, түгших, хямрах зэрэг сэтгэлийн хөдөлгөөн гаргах нь сэтгэлзүйн тайван байдалд нөлөөлдөг. Үүний улмаас ажил дээрээ анхаарал төвлөрөхгүй байх, бүтээмж буурах, бусадтай харилцахдаа уг сөрөг мэдээллээ хуваалцаж, бусдад “халдаах” зэрэг үйлдлийг өөрийн мэдэлгүй хийдэг. 

Хүн эерэг мэдээллийг аль болох өөртөө шингээж үлдээхийг хүсдэг бол сөрөг мэдээллийг өөрөөсөө холдуулахыг, өөрөөр хэлбэл бусадтай хуваалцахыг хүсдэг.

Үүнийг нийгмийн сэтгэл судлалын сонгодог туршилт, судалгаануудаас харж болно. Эерэг мэдээлэл нэг хүнээс гурван хүнд дамжаад зогсдог бол сөрөг мэдээлэл нэг хүнээс гурван хүнд, нөгөө гурван хүн нь цааш дахин тус бүр гурван хүнд гэх маягаар дамждаг. Үүгээрээ цуурхалтай төстэй юм. Хүн эерэг мэдээллийг аль болох өөртөө шингээж үлдээхийг хүсдэг бол сөрөг мэдээллийг өөрөөсөө холдуулахыг хүсдэг учраас заавал цааш дамжуулдагт гол онцлог нь оршиж байгаа юм. Тиймээс анхнаасаа ийм төрлийн мэдээллийг авахгүй байхад анхаарах нь чухал. Энэ тохиолдолд бид ихэвчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгадаг. Гэхдээ түүнээс өмнө хувь хүн өөрийн гэсэн хувийн сахилга баттай, мэдээллийн сувгуудаа хаадаг, хянадаг байх нь чухал. 

- Сошиал медиа, интернэтийн хөгжлийн ачаар монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, олон улсад болж буй үйл явдлуудын талаар мэдээллийг цаг алдалгүй авдаг болсон. Гэвч мэдээллийн хурд нэмэгдэхийн хэрээр зарим сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Тухайлбал, олон улсад коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор цахим орчинд олон тооны хуурамч мэдээлэл, хэт нэг талыг барьсан мэдээ цацагдаж байгаа юм. Цаашлаад хуурамч мэдээллийг зохион байгуулалттайгаар бүтээж, тараадаг баг, бүлгүүд үүссэн талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргалын судалгаанд дурдсан байсан. Тэгвэл ийм нөхцөл байдалд иргэд хэрхэн мэдээллийн дархлаатай болох вэ? 

- Дээр дурдсанаар, мэдээлэл авдаг дадлаа эргэж харах хэрэгтэй. Таарсан болгоныг уншдаг, үздэг, мэдээллийг байгаагийнх нь хэрээр хүлээн авдгаа зогсоох хэрэгтэй юм. Ухаалаг утас болон бусад дэлгэцээр авдаг мэдээллийн цагаа хязгаарлах, унтахаас өмнө мэдээлэл авахгүй байх зэрэг хувь хүн өөрөө зохион байгуулалттай (менежменттэй) байх нь нэн тэргүүний асуудал юм. 

Хувь хүн өөрийн гэсэн сахилга баттай, мэдээллийн сувгуудаа хаадаг, хянадаг байх нь чухал.

- Насанд хүрэгчдээс гадна хүүхдүүд ч сөрөг, ташаа мэдээлэлд автаж байна. Бие, сэтгэцийн хөгжлийн хувьд хараахан бүрэн төлөвшөөгүй хүүхдүүдэд энэ нь бүр хүнд тусах магадлалтай. Тэгвэл иймэрхүү сөрөг, айдас төрүүлсэн мэдээллийг хүүхдэд хэрхэн тайлбарлаж ойлгуулах вэ, тэднийг хэрхэн хамгаалж болох вэ? 

- Барууны орнуудад 13-аас доош насныхан насанд хүрэгчдийн болон аймшгийн кино үзүүлэхэд тодорхой хориг байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд эцэг эхтэй нь хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг. Манайд зурагтаар гарч буй мэдээллийн дор насны хязгаар зааж өгдөг ч монгол эцэг эхчүүд насны хязгаараас давсан контентыг хүүхэдтэйгээ хамт үзэх нь түгээмэл байдаг. Үүнээс үүдэн хүүхдэд сэтгэлийн гэмтэл, шарх (траума) үүсэх ч явдал бий. 

Тиймээс эдгээр мэдээллийг тайлбарлах шаардлагагүй. Тийм төрлийн мэдээллийг хүүхэд авах ёсгүй тул эцэг эхчүүд өөрсдөө энэ талын боловсролоо сайжруулж, хүүхдийн үзэж болох, болохгүй суваг, контентыг зааж өгөх алхмыг хийх хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо хүүхэд болон өсвөр насныхан, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж гаргасан бөгөөд үүнийг үзэхийг зөвлөж байна. (Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан мэдээллүүдийг унших бол ЭНД дарна уу. )

- Нийгмийн тайван, амгалан байдлыг хадгалахад хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Тэгвэл иргэд аливаа мэдээллийг түгээх, хуваалцахаас өмнө юуг харгалзаж үзвэл зохилтой гэж та үзэж байна вэ? 

- Мэдээлэл нь хүний сэтгэл санаа, үзэл бодол, хандлагад шууд нөлөөлөл үзүүлдэг хүчтэй зүйл. Мэдээллийг бид уншиж, харж, сонсож хүлээн авдаг. Хүн тус бүрдээ дэлгэцгүй (ухаалаг утас, компьютер) байхад хязгаарлагдмал хүрээнд мэдээллийг авдаг байсан. Харин өдгөө өөрийн хүссэн бас хүсээгүй (Хогон мэдээлэл: Өөрт хэрэггүй, зөвхөн сэтгэл санааны хямрал үүсгэх) мэдээллийг хязгааргүйгээр авч байна. Тиймээс энэ мэдээлэл миний амьдралд, надад ямар хэрэгтэй вэ гэдгийг эргэцүүлээд үзвэл мэдээлэлд хандах бидний хандлага өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Saruul 2020.02.07 203.98.76.81

Ene setgel zuich ooroo ih sorog yum bn le. Oor deeree ene zovolgoogoo heregjuulmeer yum da.

4 Хариулах