Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн тухай залуусын ОНЦЛОХ эшлэлүүд


“Өглөө” төслийнхөн хоёр өдөр “Youth Policy Dialogue” хөтөлбөрийг зохион байгууллаа.  Тодруулбал, залуус, эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэх, бодлогын бодит шийдлүүдийг ярилцах, асуудал-шийдэл бүхий диалоги энэ сарын 16, 17-нд өглөөний 08-09 цагийн хооронд болсон юм. Өчигдөр буюу хоёр дахь өдрийн диалоги “Залуусын хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл” сэдвийн хүрээнд болов.  Модератороор Б.Мандуул ажиллаж, пантелистаар Түгээмэл хөгжил төвийн төлөөлөл Ням-Очир, Швейцарийн хөгжлийн агентлагын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн мэргэжилтэн Орхон, “Mercado” төвийн судлаач, “MRCD” багийн гишүүн Б.Гэрэлмаа, МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга, “Youth Solidarity” багийн гишүүн Э.Тамир, Freelancer, хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Учрал нар оролцлоо. Тус хэлэлцүүлгийн үеэрх онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

“Түгээмэл хөгжил төв”-ийн төлөөлөл Ням-Очир

Намуудын мөрийн хөтөлбөрийг харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой дурдсан зүйлс нь нөгөө л уламжлалт хандлага байгаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд нийгмийн амьдралд оруулж ирэх талаас нь хандахгүй байна. Эмчилнэ, босгоно, эндгээнэ гэсэн нөгөө л хандлага харагдсан.

Төр засгаас тэтгэмжийн мөнгө олгоод намайг тэжээхээс илүүтэйгээр би эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлээд бусдын адил хүн шиг амьдрах нь чухал байна. Тэр нөхцөл боломжийг бүрдүүлэхэд биш эмнэлгийн загварт чиглэсэн уламжлалт бодлоготой мөрийн хөтөлбөр дийлэнх байна лээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд орж бусдын адил амьдрах үндсэн ухагдахуун нь хүртээмжээс бүрдэнэ. Жишээлбэл, би гэрээсээ гарч чадахгүй бол яаж сурч, боловсрох юм бэ?

Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төвөгтэй байдаг. Яагаад гэхээр би НДШ төлдөггүй ч тэтгэмж авдаг. Ажил хийгээд төлсөн ч буцаад тэтгэмж авдаг болохоор утга авцалдаа, уялдаа нь сонин.

Цагийн ажлын систем маш чухал. Би ганцаараа амьдардаг. Өөрөө хийж чадахгүй зүйлдээ туслах ажиллуулдаг. Тэр хүн өдөрт 2-3 цаг зарцуулаад л явчихна. Оюутан ч юмуу цагийн ажил хийх сонирхолтой хүмүүс хийж болно гэхээр манай улсад цагийн ажлын системээ хөгжүүлэх хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйл дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн бие дааж амьдрах эрхтэй. Бие дааж амьдрахад дэмжлэг үзүүлэх хүн нь хувийн туслахын системээр хэрэгжинэ гэсэн байдаг. Тиймээс манай байгууллага хувийн туслахын ажилтан бэлдээд өгчихдөг. Тэгээд хувийн туслахыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийлүүлж байгаа гэсэн үг. Ингэснээр гэрээсээ гарч чадахгүй байгаа хүмүүс цагийн ажилтны тусламжтайгаар гарч, орж болно.


Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн мэргэжилтэн Орхон

Сонгуульд санал өгөх төлөвшил байгаагүй учраас олонд танигдсан хүнийг хамгийн анхны сонгуульд оролцохдоо сонгож байсан. Одоо нэр дэвшигчдийн талаар уншиж танилцах, судлахад анхаарч байгаа.

Өмнөх сонгуулиудыг бодвол энэ удаагийн нэр дэвшигчид маань мөрийн хөтөлбөрөө популист биш арай илүү мэдрэмжтэй, хөрсөндөө буух маягтай бичсэн харагдсан. Дөрвөн жилд хэрэгжиж амжих уу гэмээр ч амлалтууд байсан. Тэгэхээр энэ удаагийн сонгууль бодит байдал руу чиглэсэн хандлагатай санагдлаа. Дараагийн сонгуулиуд бодит, мөрийн хөтөлбөрийн хугацаандаа амжих ажлуудыг дэвшүүлэх байхаа.  

Манай улсын нийт хүн амын 64 хувийг 0-34 насны залуучууд эзэлж байгаа. Тэдний хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ нь маш бага.

Тухайн бүс нутаг, аймаг, орон нутаг, нийслэлд гээд хаана, ямар хөрөнгө оруулалт хийгдэж байна түүнээс улбаалаад ямар ажлын байр шинээр нэмэгдэж байгаа тухай мэдээлэл хомс. Үүнийгээ салбар тус бүр мэдэж байдаг ч яаж уялдуулахаа мэдэхгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Залуучуудыг ямар сувгаар ажил хайж байгааг тогтоох судалгаанаас харахад хөдөө, орон нутгийн залуучуудын 72 хувь нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээ очдог бол хотын залуусын 16 хувь нь тус газарт ханддаг.

Нийслэлийн залуучуудын ажил хайдаг хамгийн гол суваг нь сонин, сэтгүүл хоёрдугаарт, хамаатан, найз нөхдөөсөө мэдээлэл авдаг гэсэн байсан. Гэтэл зуучлагч болдог Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс төрөөс болон донор байгууллагаас маш их дэмжлэг авч, залуучуудыг хөгжүүлэх, дэмжих ажил хийдэг. Үүнээс харахад залуучууд маань хандах ёстой газраа очихгүй, мэдээлэл авах сувгаа зөв сонгохгүй байна.  

Монгол залуучууд азидаа сошиал хэрэглээгээр дээгүүр байдаг ч хөдөлмөр эрхлэлтээрээ нэлээд доогуур жагсаж байна. Тэгэхээр залуучууд маань сошиалыг өөрийн хэрэгцээнд ашиглаж байна уу эсвэл энтертайнмент байдлаар хэрэглэж байна уу гэдгийг бодох хэрэгтэй.  

Монгол Улсын ажиллах хүчний тал хувь нь эмэгтэйчүүд. Гэвч ажил хөдөлмөрийн оролцооны түвшин нь талаасаа доош дундаж буюу 48 хувь эзэлдэг. Энэ нь нөхөн үржихүйн эмэгтэйчүүд их байгаатай холбоотой.

Сүүлийн үед ажил олгогчид “Залуучуудыг бүтээмжтэй ажиллуулахын тулд бид нар юу хийх, яаж өөрчлөгдөх ёстой вэ?” гэж асуудаг болсон.

МҮЭХ-ны Залуучуудын хорооны дарга, “Youth Solidarity” багийн гишүүн Э.Тамир

Одоо бодоход эхний хоёр удаагийн сонгуульд ээж аавын нөлөө орсон юм байна.

Эдийн засагтай холбоотой мөрийн хөтөлбөрүүд нь арай багцаатайхан шиг тавигдсан байсан.

Нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүсийн эрх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх чиглэлд бодлого тодорхойлж, мөрийн хөтөлбөр боловсруулж байгаа нөхдүүдийн ойлголт нь сайн биш байна уу даа гэж харагдсан.

Бүх мөрийн хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийн талаар дурдсан боловч хэрхэн, яаж дэмжих, зохистой хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах талаар тодорхой дурдаагүй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ч гэсэн гарч ирэхдээ ард түмний асуудлыг жигтэйхэн ярихдаа зүүний ч юмуу барууны нам байж эсрэг бодлого ярих, ажилчны эрх ярихаасаа илүү залуучуудыг ажилгүй, залхуугаар нь дууддаг тохиолдол их. Энэ талаас нь бодохоор хэцүү л санагдаж байна.

Хүмүүсийн хэрэглээнд суурилсан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт яагаад байж болохгүй гэж. Ингэж бодоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн худалдан авалтаас картаар дамжуулан шимтгэл авах системийг манай баг боловсруулж, хакатонд оролцсон.

Гэрээсээ ажиллах боломж байдгийг ковидын үед харуулж чадсан.

Манай залуучууд тойрогтоо хашаа, саравч барихад анхаарах биш хууль, эрхзүйн орчинд ямар өөрчлөлт оруулах сонирхолтой байгааг анхаараасай.

Манай Хөдөлмөрийн тухай хууль яагаад шинэчлэгдэх гээд байна гэхээр муу хуульдаа биш бодит байдал дээр хөдөлмөрийн харилцаа маш уян хатан болж байгаа учраас зохицуулах эрхзүйн орчин нь ч уян хатан болох шаардлагатай байна.

Манайд ажил хөдөлмөрийн тухай малгай том хууль нь байгаа ч хэрэгжүүлэлт дээр очихоор нарийн зохицуулах заалтууд байхгүй.

Хөдөлмөрийн тухай хууль батлах үйл явцад нэг зүйл, заалтад ч залуучууд маш их ач холбогдол өгч, анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орохуйц хамгийн чухал хууль.

Манай иргэний нийгмийн байгууллагууд аягүй хүчтэй шдээ, дуу хоолойгоо хүргэж чаддаг.

“Mercado” төвийн судлаач, “MRCD” багийн гишүүн Б.Гэрэлмаа


Анхны сонгуульд аав ээжийгээ дуурайгаад л саналаа өгч байсан. Одоо болтол тэр хүмүүсээ дэмждэг учраас харамсдаггүй.

15-34 насны эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө тогтвортой ажил хөдөлмөр эрхлээгүй байдаг. Эсвэл оюутан байх үедээ төрсөн байх тохиолдол их.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас үзэхэд нийт төгсөгчдийн 12,3 хувь нь ар гэрийн ажилдаа анхаардаг, хүүхдээ хардаг зэрэг хариулт өгсөн байсан.

Жилд 15-34 насны 60 гаруй мянган эмэгтэй төрдөг. Манай баг эмэгтэйчүүдийг оюутан байхаас нь эхлээд сайн дурын даатгалд хамруулах шийдэл гаргасан. Үүний 50 хувийг оюутан цагийн ажил хийж, үлдсэн хэсгийг төрөөс гаргах шийдэл байж болох юм.

Залуучуудын сошиал хэрэглээ өндөр байгаа учраас гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийг “Care mom” аппликейшн ашиглаж, зайнаас ажиллах боломж бүрдүүлэх юм. Энэ апп-ыг төрөөс дэмжихдээ ээжүүдэд зориулаад оператор компаниудтай хамтраад датаг үнэгүй болгох зэрэг боломж байгаа гэж харсан.

Залуу хүийхээ хувьд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгмөөр байна. Гэсэн ч би орон нутгийн харьяалалтай болохоор нэгхэн өдөр болоод дуусах сонгуульдаа оролцох боломжгүй байгаа нь харамсалтай.  

Freelancer, хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Учрал

Бид нар тодорхой байгууллагуудтай гэрээ хийж ажилладаг. Би хагас жил орчим freelancer хийж байна. Үүнээс өмнө бүтэн цагаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар гарсан. Манай улсын старт-ап байгууллага болон бусад компани хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлдөө илүү уян хатан болох цаг болсон.

Ажил олгогчдын хувьд бүтэн, тал цагаар, цагийн ажил гэсэн гурван систем ноёрхдог.

Цаг үе, залуучуудын сэтгэхүй өөрчлөгдөөд технологи хувьсаж байгаа учраас мэргэжлийн олон төрлийн ажлыг freelance системрүү хувиргах болсныг гэрээсээ ажиллаж байхдаа ойлгосон.

Миний ажиллаж байгаа компани бол цэвэр старт-ап. Байгуулагдаад олон жил болоогүй ч би тэнд freelancer-аар ажиллахын тулд хэлний мэдлэг, хандлага, тууштай байдал гэх мэт өрсөлдөх ур чадвар шаардагдсан.

Цар тахлын улмаас монголчууд гэрээсээ ажиллаж болохыг мэдэрсэн энэ цаг үед компаниуд freelance системээ илүү сайжруулаасай.  

ЗурагТайлбар







Уг хэлэлцүүлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), Азийн сан болон Монголын иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.