Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Коронавирус: Хуурамч мэдээлэл хэрхэн вайрел болдог вэ?


Иллюстрэшн зургийг: South China Morning Post

Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотой олон нийтийн сүлжээнд "Эрүүл мэндийн яаманд ажилладаг ах, эгч, хамаатны хэлсэн" гэх тодотголтой хуурамч, ташаа мэдээлэл хэд хэдэн удаа тарсан билээ. Монцамэ агентлагийн мэдээлснээр санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл түгээсэн 17 иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 

Тэгвэл коронавирусийн талаар нэг иргэний бичсэн пост хэрхэн нийгмийн сүлжээнд вайрел болж, олон нийтийг төөрөгдөлд оруулсныг BBC сурвалжилжээ. "Магистрын зэрэгтэй авга ахаасаа сонссон" гэх пост 84 настай фэйсбүүкийн хэрэглэгч, Ганын телевизийн хөтлөгч, Энэтхэгийн католик шашинтнуудад зориулсан фэйсбүүк группээр дамжиж явсаар олон улсад тархсан байна. Эхлээд харахад энэ мэдээлэлд итгэж болохоор санагдана. Учир нь, уг мэдээллийн эх сурвалж нь эмч, эмнэлгийн байгууллага, дээд боловсролтой "авга ах" гэхчлэн итгэж болохоор хүмүүс байх аж. Гэвч болсон явдлыг нарийвчлан шинжлэхэд төсөөлснөөс өөр дүр зураг гарч иржээ. 


Тэгээс эхэлсэн пост 

BBC-ийн олж тогтоосноор хамгийн анхны постыг хоёрдугаар сарын 7-нд нэгэн фэйсбүүк хэрэглэгч 2000 орчим гишүүнтэй Happy People нэртэй группт нийтэлжээ. Уг постод бичсэнээр "Манай ангийн хүүхдийн авга ах нь магистраа төгсөөд Шэньжэний эмнэлэг ажиллаж байсан юм. Түүнийг уушгины хатгалгааны вирусийг судлуулахаар Ухань хот руу шилжүүлсэн гэсэн. Манай ангийн хүүхэд сая над руу утасдаад энэ талаар найзууддаа дуулгаарай гэсэн юм..."  гэжээ. 

Түүний бичсэн постод хэд хэдэн таашаа мэдээлэл байв. Тухайлбал, "хамраас чинь нус гоожиж байвал халдвар аваагүй гэсэн үг" гэж бичжээ. Баримтыг нягталдаг Full Fact, Snops байгууллагууд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC), The Lancet эрүүл мэндийн сэтгүүлээс эш татаад, хамраас нус гоожих нь халдвар авсан хүмүүсийн дунд ХОВОР ТОХИОЛДДОГ гэснээс биш огт тохиолддоггүй гэж мэдээлээгүй болохыг онцолжээ. 

Түүнчлэн уг постод "халуун ус их ууж, хүйтэн болон мөстэй зүйлээс татгалзахыг" хүмүүст уриалсан байв. Гэвч одоогоор эдгээр арга нь өвчнөөс урьдчилан сэргийлдэг эсвэл эдгээдэг гэх ямар ч нотолгоо байхгүй байгаа юм. BBC постыг бичсэн хүнтэй фэйсбүүкээр холбогдохыг хичээсэн боловч хариу өгөөгүй гэжээ. 

Пост газар авч эхлэв 

Энэтхэгт амьдардаг Глен нэртэй хэрэглэгч хэдэн өдрийн дараа уг постыг "баяжуулан" шэйрлэснээр илүү олон хүнд хүрэх нөхцөл бүрджээ. Тэрбээр католик шашинтнуудын группээс эхлээд хэд хэдэн фэйсбүүк группт пост оруулсан болж таарав. Тэр эхний хэрэглэгчийн бичсэн постыг тэр чигээр нь хуулбарлан тавьснаар бусад хүмүүст Глений "ангийн хүүхдийн авга ах" ингэж ярьсан юм байна гэх таашаа ойлголт төрүүлжээ. 

Глен хүмүүст гараа сайн угаах хэрэгтэй гэх мэт бодитой зөвлөгөө хүргэсэн хэдий ч түүний пост дотор мөн л үндэслэлгүй, төөрөгдүүлсэн шинжтэй мэдээлэл байв. Жишээ нь, коронавирусийн шинж тэмдэг хийгээд өвчин хэрхэн хүндэрдэг талаар нарийвчлан бичжээ. Эмч нарын тайлбарлаж буйгаар вирусийн шинж тэмдэг, өвчлөлийн хүнд, хөнгөн хэлбэр хүн бүрд харилцан адилгүй байдаг, тогтсон нэг хэлбэргүй аж. 

Энэ талаар Гленээс тодруулахад хүнээс ирсэн зурвасыг зүгээр л 'forward' хийсэн гэжээ. 

Пост вайрел болов 

Хэдэн долоо хоногийн турш төдийлөн олны хамраагүй, "тэгсхийгээд" тарж байсан постыг Их Британийн 84 настай Питер гэгч иргэн "вайрел пост" болгож орхих нь тэр. Түүний пост ерөнхийдөө Гленийхтэй төстэй байсан ч мөн л ташаа мэдээлэл нэмж оруулсан байжээ. Питерийн оруулсан пост богино хугацаанд олон хүнд хүрч, баримт нягтлагчдын анхаарлыг татсан байна. Full Fact, Snops зэрэг баримт нягтлагчид энэ талаар нарийвчлан тайлбарлаад, мэдээлэл ташаа болохыг ДЭМБ, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC), Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ (NHS) зэрэг баттай эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан баталжээ

Тухайлбал, Питерийн мэдээлэлд вирус "наранд тэсвэргүй" гэж бичсэн боловч нарны гэрэл вирусийн устгадаг гэх ямар ч нотолгоо байхгүй, цаашлаад нарлаг, халуун уур амьсгалтай орнуудад ч коронавирусийн халдвар дэгдэж байгааг ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байна. 

Баримт нягтлагчид энэ талаар мэдээлсний дараа Питер постоо зассан боловч түүний түгээсэн ташаа мэдээлэл аль хэдийн 350 мянган удаа шэйрлэгдсэн байжээ. Тэрбээр BBC-д уг мэдээллийг хаанаас авснаа тодорхой хэлээгүй боловч өөрийн эх сурвалжид итгэж байгаагаа илэрхийлээд хүмүүст туслахыг л хүссэн хэмээжээ. "Би аль болох баримтад тулгуурлахыг хичээсэн. Хэрэв миний бичсэн зүйлд алдаа байсан бол уучлал эрж байна, бас үүнийгээ залруулах болно" гэжээ.

Хүмүүс постыг өөрийнхөөрөө өөрчилж цааш түгээжээ 

Питер постоо зассан боловч түүний анх бичсэн хувилбар бага багаар өөрчлөгдсөөр, цааш түгсээр байжээ. Пост фэйсбүүкээс хальж whatsapp, твиттерт ч тарж эхэлсэн байна. "Магистрын зэрэгтэй авга ах" гэдэг нь "Стэнфордын эмнэлгийн удирдах зөвлөлийн гишүүн", тэр бүү хэл "Стэнфордын эмнэлгийн удирдах зөвлөлд байдаг найзынх нь эгчийнх нь найзын дүү"   ярьсан мэтээр олон хүний дунд таржээ. Түүнчлэн "Японы эмч нар", "Тайванийн мэргэжилтнүүд" гэж өөрчилсөн постууд ч байсан гэнэ. Үүнээс үүдэн Стэнфордын их сургууль мэдэгдэл гаргаж, үүнтэй холбогдолгүй болохоо хэлсэн байна. 

Төд удалгүй Ганын телевизийн хөтлөгч, Америкийн жүжигчин зэрэг олны танил хүмүүс постыг шэйрлэж, зарим нь бүр өөр хэл рүү орчуулан түгээжээ. Априль хэмээх америк эмэгтэй Coronavirus Updates нэртэй фэйсбүүк группт пост оруулсан бөгөөд энэ удаа "Магистрын зэрэгтэй авга ах" биш "найзынх нь армид байдаг зээ хүү" ярьсан мэтээр өөрчилсөн байв. Априль яг ийм постыг хэд хэдэн удаа харсныхаа дараа фэйсбүүк найзууд нь өөртэй нь адил копипаст (copy paste) хийж, мэдээллийг цааш түгээж байгааг тэр анзаарчээ. "Би өдөр бүр л фэйсбүүк ашигладаг. Эндээс хэрэгцээтэй мэдээллүүд олж авдаг юм. Би мэдээ үздэггүй л дээ" гэж Априль ярьсан байна. 

Үүгээр зогсохгүй постыг араб, вьетнам, франц, испани, итали хэл рүү орчуулж, цааш түгээсэн байв. Зарим хувилбар нь үнэн, бодит мэдээлэл агуулсан байсан бол зарим нь олныг төөрөгдүүлэхүйц, хор уршиг дагуулахаар ташаа мэдээлэл байв. Жишээ нь, "өглөө бүр амьсгалаа 10 секунд түгжээд үз, хэрэв 10 секундын турш амьсгаагаа барьж чадвал халдвар аваагүй гэсэн үг" гэж бичжээ. Гэвч энэ нь мөн л огтоос батлагдаагүй, хуурамч мэдээлэл юм. 

Копипастын хор уршиг 

Үндсэн эх сурвалжийн мэдээллийг шэйрлэх, RT хийхийн оронд шууд хуулбарлан тавихыг "копипаст" гэж нэрлэдэг. Ингэснээр уг постыг таны таньдаг хүн, найз нөхөд, хамаатны хүн өөрөө бичсэн юм шиг сэтгэгдлийг хүнд төрүүлж, уг мэдээлэлд амархан итгэхэд хүргэдэг байна. Ийнхүү мэдээллийн хуулбарлан түгээснээр уг мэдээлэл хаанаас эх сурвалжтай, хэр олон хүнд хүрснийг тооцоолоход хүндрэл учруулдаг гэж баримт нягтлагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, "Магистрын зэрэгтэй авга ах ярьсан" гэх мэдээллийн фэйсбүүкээс хэд мянга, магадгүй хэдэн сая хүн олж үзсэнийг мэдэх аргагүй юм. 

Коронавирустэй холбоотой ташаа, баримт нотолгоогүй, хуурамч мэдээллийг устгах ажлыг тасралтгүй явуулж байна гэж Фэйсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгч BBC-д ярьсан байна. Түүнчлэн Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ (NHS)-тэй хамтарч цар тахалтай холбоотой сүүлийн үеийн баттай мэдээллийг хүргэх тал дээр ажиллаж байгаа аж. Мөн Facebook, Microsoft, Google, Linkedin, Reddit, Twitter, YouTube зэрэг томоохон платформууд хамтран хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдээд буй. 

Харин та аливаа мэдээллийг хүлээж авах, цааш түгээхдээ нягтлахгүй бол дээрх постын нэгэн адил хуурамч, ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тарах эрсдэлтэй юм. 

ЗурагТайлбар




Холбоотой мэдээлэл: #БүүТүгээ | Бидэнд яагаад мэдээллийн боловсрол хэрэгтэй вэ?

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.