"Үнэ цэн"-ийн шинэ дугаарт чин сэтгэлээсээ, тууштай хөдөлмөрлөж, ажилд шалгарсан шинэхэн төгсөгчөөс хойш өдгөө 23 жилийн дараа Худалдаа хөгжлийн банкны Иргэдийн бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж буй банкир Б.Баярмаа уригдлаа.
Тэрбээр банкны ажилтай холбоотой хөрөнгө зохицуулалт, маркетинг, иргэдтэй харилцах гээд маш олон талбарт өөрийгөө тасралтгүй сорьж, тэр бүрээс ажил, мэргэжил төдийгүй хувь хүнийхээ хувьд ч тэр баялаг түүхийн эзэн болжээ.
Ярилцсан: @khulan.jugder
Гэрэл зургийг: @suniko_
-Таныг ажил, карьер хэрхэн эхэлсэн тухайгаар яриагаа эхэлье.
-Энэ тухай ярихад мэдээж энэ мэргэжлийг хэрхэн сонгосон талаараа хуваалцах нь зөв байх. Би дунд сургуульд байхдаа эмч болох хүсэлтэй хими, физиктээ түлхүү сонирхолтой математикийн сонгоны хүүхэд байсан. Харин аав, ээж хоёр маань хоёулаа эдийн засагч хүмүүс. Энэ нь нөлөөлсөн үү гэлтэй бас ээжтэйгээ ярилцаж байгаад Анагаахын сургуульд шалгалт өгөх гэж байснаа болиод МУИС-д шалгалт өгч тэнцсэн. Ингээд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэж Банкны эдийн засагчаар суралцаж энэ явцдаа мэргэжлээ илүү нээж, сонирхсон гэх үү дээ. Тэр үед МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн төгсөгчид онолын мэдлэг сайтай тул Сангийн яам, Монголбанк зэрэг бодлогын байгууллагуудад ажиллах нь элбэг харин СЭЗИС-ийн төгсөгчид арилжааны банкуудад түлхүү ажилладаг байсан. Гэхдээ миний хувьд одоо санахад ангийнхандаа “Би хамгийн том арилжааны банкинд ажиллана” л гэж хэлдэг байж билээ. Ингээд бусад оюутнуудын л адил хичээлээ хийхдээ хийж, хааяа зугаалж яг л оюутны амьдралаар явсаар сургуулиа төгссөн.
Төгсөөд нэг их юм хийчихсэн хүн шиг байж байтал гэнэт Худалдаа хөгжлийн банкнаас сонгон шалгаруулалтад орооч гэж дуулгалаа. Их олон хүүхэд өрсөлдсөн нь надад ч бас сонирхолтой санагдаж тэнцээд шууд л ажилдаа орсон. Тухайн үеийн ХХБ-ны Санхүү төлөвлөлтийн газар буюу одоогийнхоор бол Хөрөнгө зохицуулалтын газрын хамгийн анхны эмэгтэй ажилтан болж байв. Тэгээд л банкны ажилд өөрийн эрхгүй шунан орж, ахмад ажилтнуудаасаа суралцаж, асуух зүйлээ асууж, гардан ажиллах үедээ туршлагажиж, алдаж онохдоо оноод л урт хугацааны турш явсаар банкир болсондоо өнөөдөр бахархаж явдаг.
-Та Худалдаа хөгжлийн банкинд ажилд орж энэ л газартаа тасралтгүй ажиллажээ. Ийм тууштай карьертай хүнтэй тэр бүр таарч байсангүй.
-Тийм ээ. Би 1997 онд МУИС-ийг төгсөөд л энэ байгууллагад орж одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. Манай залуу ажилтнууд ч бас хааяа “Та уйддагүй юу” гэж асууна. Миний хувьд бол энэ хугацаанд үнэхээр уйдах зав байгаагүй. Анхны хөрөнгө зохицуулалтын суурийг тавилцаж, иргэд аж ахуйн нэгжийн харилцаанд оролцох үйл ажиллагаа, санхүү, банкны зах зээлийн олон ажлын хэсгүүдэд орж ажиллах гэхчлэн янз бүрийн ажил хийжээ. Картын төлбөр тооцоо Монголд дэлгэрч, анхны ПОС машиныг нэвтрүүлж, иргэдийг картжуулах, онлайн банкны үйлчилгээг бий болгох сүүлдээ маркетингийн чиглэлээр ажиллах гээд салбартаа олон талаас янз бүрийн чиглэлээр ажиллаж одоо Иргэдийн бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч хүртлээ ажиллаж байна.
Яг үнэндээ 23 жил гэдгийг сонсоод би өөрөө ч гайхдаг шүү. Энэ тоо туулаагүй хүний хувьд их хугацаа мэт санагдавч, туулсан хүний хувьд надад бол нүд ирмэхийн зуур дахь л хугацаа. Ажил, мэргэжлээ маш олон талаас нь таньж, төрөл бүрийн талбарт ажиллаад өнгөрсөн учраас уйдах завгүй өнгөрчээ.
-Нөгөө талаас энэ салбар өөрөө маш их өөрчлөлт, хөгжлийг туулсан нь олон жилийн турш ажиллахад сонирхолтой байсан болов уу гэж таамаглаж байна.
-Яг үнэн. Энэ онд Монголд банкны систем хөгжсөний 96 жилийн ой болж байна. Харин 1990 оноос хоёр шатлалт арилжааны банкны систем үүсээд манай банкны хувьд гэхэд 30 жилийн ойтойгоо золгож байна. Бидний хувьд ууган арилжааны банк гэгддэг бөгөөд үргэлж багаараа түүчээлж явсаар ирсэн. Шинэ, содон бүхнийг нэвтрүүлэхийн тулд багаараа үргэлж эрэлхийлж байдаг. Ер нь банкны ажил гэдэг багийн ажил байдаг, нэг хүн бол хэн ч биш. Энэ хугацаанд банк тэлж томроод л, хувь ажилтнууд маань ч банкныхаа хөгжлийг дагаад хөгжсөөр байсан. Энэ дундуур би бас МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж төгссөн. Учир нь, хийж байгаа ажил маань заавар зөвлөмж, гэрээ боловсруулахтай их холбогдоно. Би өөрөө их сониуч зантай бөгөөд мэдээгүй, судлаагүй зүйлээ ярьж чаддаггүй талтай. Тиймээс хуулийн чиглэлээр суралцах нь зөв юм байна гэж бодсон. Мөн 2015-2019 онд байгууллагынхаа Маркетингийн газрын даргаар ажиллаж үзсэн. Энэ чиглэлээр ажиллахаар маш өөр, цоо шинэ санагдсан шүү. Банк гэдэг бол хагас цэрэгжилтийн байдалтай, их хатуу дэг журамтай газар. Харин маркетинг бол тэндээс гарах, илүү задгай бүтээлч сэтгэх шаардлагатай. Бараг 20 жил банкир хийсэн хүнд энэ нь амаргүй даваа байсан ч маш сонирхолтой байсан.
-Таны ажил, амьдралын туршид од гийсэн боломж гэвэл та юуг нэрлэх вэ?
-Магадгүй гурван жилийн өмнө надад энэ асуултыг тавьсан бол тэс өөрөөр хариулах байсан болов уу. Харин өнөөдрийн олон ургальч байх, чөлөөтэй сэтгэх зан төлвийг бий болгосон Маркетингийн газрын даргаар ажиллах боломжийг би үнэхээр од гийсэн үе гэж нэрлэнэ. Хэрэв би тэнд очоогүй бол өөрийгөө задалж, илүү залуу сэтгэлгээтэй болохгүй байсан. Тэнд бидний яриа бусдад хэрхэн хүрдэг, хүүхэд юу хүсдэг, эрэгтэй, эмэгтэй болоод төрөл бүрийн ажил, мэргэжилтэй хүмүүс ямар үйлчилгээ хүсдэг гэхчлэн бусдын оронд өөрийгөө тавьж, өөрийнхөө ажлыг гаднаас нь харах боломж бүрдсэн. Түүнчлэн эдийн засагчид аливаа эрсдэлийг урьдчилан тооцож ярьдаг бол маркетингийнхан үргэлж боломжийг эхэлж хардаг.
-Тэгвэл алдаа гэж таны хувьд юу вэ? Алдаа гэж болох ч сургамж авчирсан тохиол танд бий юү?
-Хүний амьдральд алдаа, оноо байлгүй яах вэ. Хүнд сайн, муу хоёр тал бий тиймээс сайрхах өдөр байхад алдах өдөр бас бий байх. Гэхдээ ажилчиддаа, найз нөхөддөө хэлдэг нэг зүйл маань бүдэрч унасан ч өвдгөө гөвөөд цаашаа алхах хэрэгтэй. Би хувь хүнийхээ хувьд том, жижиг янз бүрийн л алдаа гаргадаг, гэхдээ тэр бүрээсээ суралцаж дахиж тэр алдаагаа гаргахгүйг маш их хичээдэг. Бас нэг онцлох зүйл бол яаж ч алдсан сэтгэлээр унаж, өөрийгөө буруутгахаас илүүтэй яагаад алдав, яаж үүнийг засах уу гэдгийг хамгийн түрүүнд бодох ёстой. Би ер нь ажилчиддаа их хатуу шаардлага тавьж ажилладаг ч, алдаа гаргасан үед нь уурлаж, зэмлэхээс илүүтэй тэр алдааг хэрхэн хурдан засах вэ гэдэгт л анхаарал хандуулдаг. Нэгэнт алдаа гарсан учраас өнгөрсөнтэй зууралдаж гуниглах хэрэггүй гэж боддог.
Алдаа гэдэг бол хүнийг илүү олон боломжуудад сургадаг. Илүү олон эерэг нөхцөлүүдийг авчирдаг.
-Та багадаа ямар зан чанартай, юунд сонирхолтой хүүхэд байсан бэ? Хэдий банкны хатуу дэг журамтай орчинд тасралтгүй ажиллаж ирсэн ч, тантай ярилцахад маш нээлттэй, чөлөөтэй сэтгэгдэл төрж байна.
-Би багаасаа ер нь номын л хүүхэд байсан даа. Хичээлээ хийнэ, ангийн дарга хийнэ, дүрэм журам их дагана гэхээр төсөөлөгдөж байгаа биз. (инээв) Намайг багаас минь мэддэг хүмүүс их номын гэдэг юм, том нүдний шилтэй, номоо л уншсан хүүхэд байсан. Харин аав, ээж минь их л энэрэнгүй, ёс суртахуунтай хүн болгоход анхаарч өсгөсөн гэж боддог. Өнөөдөр чиний анзаарч байгаачлан ийм нээлттэй хүн болоход маркетинг л тусалсан даа. Хамт ажиллаж байсан эрч хүчтэй залуучууд маань надад багагүй нөлөөлсөн гэж болно.
-Ажил, мэргэжлийнхээ үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Үнэ цэн гэдгийг хэрхэн ойлгох вэ гэдэг нь их чухал. Яг банк, санхүүгийн мэргэжилтэй хүний хувьд банкаараа бахархах сэтгэгдэлтэй байна. Би 23 жил ажилласан энэ карьертаа хүрэхийн тулд танил тал, ах, дүүгээрээ туслуулах гэдэг ч юм уу ямар нэг хамаарлаар бус цэвэр сонгон шалгаруулалтад орж, ном журмаараа явснаараа бахархдаг. Түүнчлэн өнөөгийн нийгэмд эмэгтэй хүн аливаа удирдах ажил хийхэд ямар нэг зүйлд нялзаах байдал түгээмэл ажиглагддаг болжээ.
Банкираар ажилладаг хүний хувьд бол иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ маань тэдний амьдралд, аж ахуйд бодит дэмжлэг болж байгааг харах сайхан байдаг. Банк, санхүүгийн үйлчилгээний тусламжтайгаар шинэ байранд орж, гал голомтоо бадрааж буй залуу гэр бүлүүдийг харах сайхан. Түүнчлэн чанаргүй оймс оруулж ирдэг байсан тэр л зах зээлд “Янмал” брэндийг үүсгэж байгуулж ажиллах болсон гэр бүлд бизнесээ эхлүүлэхэд нь манай банкны төсөл тус болж байлаа. Гадаадад ажиллаж ирээд манай банкинд хандаж анхны үйлдвэрлэл эрхлэх байшингаа барьж, ажлаа эхэлж байсан бол өнөөдөр олон төрлийн брэндтэй болж өргөжсөн байна. Цаашлаад монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай бүтээгдэхүүн худалдан авах сонголтыг бий болгосон шүү дээ. Энэ бүхэнд ямар нэг байдлаар оролцож чадсан нь сайхан.
Түүнчлэн үйлчилгээ авахаар банкинд дугаарладаг байсан тэр цаг үеийг халж онлайн үйлчилгээг нэвтрүүлсэн нь бас л өөрчлөлт, хөгжил. Энэ бүх ажилд гар бие оролцсоноороо бахархдаг. Ямар азаар 23 жилийн өмнө тэр шалгаруулалтад тэнцсэн юм гэж бодохоор талархдаг. Тухайн үеийн алтан үе гэгдэх ажилтнууд бидэнд хүнтэй яаж харилцах, ажлыг яаж хийх, уулзалтад орохдоо юу бэлдсэн байх ёстой вэ гээд бүхий л зүйлийг сургаж, бид ч бас өнөөдөр залуустаа чадахаараа өвлүүлж явна.
-Эргээд бодоход ангийнхандаа “Монголын хамгийн том банкинд ажиллана” гэж хэлж байсан охины үг өнөөдөр биеллээ олжээ. Том банкны тухай төсөөлөл ч үгүйгээр хэлж байсан энэ өгүүлбэр таныг хөтөлжээ, тийм үү? Ер нь хүн хатуу зорилго тавьж шат шаттай явах нь зөв үү, эсвэл санааны мухартаа хадгалсан бодол хүнийг хөтөлдөг юм болов уу?
-Аливаа зүйлд туйлын зөв гэж байхгүй л дээ. Нэг түүх байдгийг чи мэднэ байх. Ядуу эр “Намайг баян болгож өгөөч, бурхан минь” гээд модны дор хэдэн жил залбираад хэвтээд байдаг. Гэтэл сүүлдээ бурхан залхаад “Чи ядаж ямар нэг юм хий л дээ. Сугалаа ч болов авчихвал баян болгохсон” гэдэг. Яг үүнтэй адил зорилго тавьчихаад юу ч хийхгүй бол ямар ч үр дүнгүй. Тийм учраас мөрөөдөж бодох хэрэгтэй, түүнийгээ бодит ажил болгож зорилгоо болгох хэрэгтэй. Тэгээд ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Хөдөлмөрлөхгүй бол тэр бүхэн хэзээ ч биелэхгүй.
Манай залуучууд жишээ нь дунд сургуулиа төгсөөд тэтгэлэг аваад гадаадад сургуульд сурна, ийм мэргэжилтэй болно гэж бодож байгаа бол тэр мэргэжлийн хүнтэй уулзаад үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Тэндээс илүү ойлголттой болж, туршлагаас нь суралцана. Хэрэв тэтгэлэг авахаар зорьж байгаа бол өдөр бүр хичээх хэрэгтэй. Тэрнээс биш таталзлын хуульд найдаад зүгээр суугаад байвал түүнд хүрэхгүй шүү дээ. Мөн зорилго тавьсан бол бусдад хэлэх хэрэгтэй. Бусад хүн чамайг сэдэлжүүлж, дэмжиж өгснөөр илүү их хөдөлмөрлөх болно. Миний хувьд оюутан байхдаа үнэндээ хамгийн том банк гэж аль нь ч юм, мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л тэгж бодож түүнд тэмүүлж байсан нь биелсэн, гэхдээ эд эс нь болж ажиллахад яах аргагүй тогтмол хөдөлмөр л тусалсан.
-Банк, санхүүгийн салбарт төдийгүй ер нь удирдлагын түвшинд эмэгтэй хүн ажилахад ямар туршлага танд мэдрэгддэг вэ?
-Манай улсад одоогоор 13 арилжааны банк бий, үүнд 16 мянга гаруй хүн ажиллаж байна. Гүйцэтгэх түвшинд ажиллагсдын 60 хувь нь эмэгтэйчүүд бол удирдлагын түвшинд сүүлийн жилүүдэд л эмэгтэйчүүд гарч ирж байна. Ер нь энэ бол эрчүүд голлосон уламжлалтай, хүнд салбар. Банкны захирлууд их номын, дэг журамтай эрчүүд байдаг.
Эмэгтэй гүйцэтгэх удирдлагын багийн гишүүний хувьд амар биш. Үндсэн ажил, үүргээ биелүүлэхээс гадна хүүхэд тээж төрүүлдэг гээд карьераа тасралтгүй үргэлжлүүлэх боломжгүй. Тийм учраас ямар ч ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн хувьд ажил, амьдралаа маш сайн зааглаж, төлөвлөж сурах хэрэгтэй. Ажилдаа үндсэн зарчмаа хатуу баримтлах нь бас зүйтэй. Зарчимч байна гэдэг нь хатуу, ширүүн байх гэхээс илүүтэй удирдаж байгаа ажилтнуудаа ойлгодог байхыг хэлж байгаа юм. Иргэдийн бизнес хариуцсан захирлын хувьд би компанийнхаа ажилтнуудын дийлэнхийг удирддаг.
Заримдаа хэцүү, эцсийн шийдвэр гаргах үед өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрнө. Гэсэн хэдий ч хувь хүний хувьд өмөрлөө ч, суурь тулгуур зарчмаа л баримтлах ёстой байдаг. Яагаад гэвэл банкны салбар цэвэр зарчимд тулгуурладаг. Бидний өдөр тутамдаа харилцдаг мэдээллүүд байнга л нууцын зэрэглэлтэй бөгөөд түүний цаана харилцагч бүрийн маань асуудал хөндөгдөнө. Тиймээс ёс зүйтэй, шударга зарчимтай, хариуцлагатай байх нь чухал байдаг.
-Та ажил, амьдралаа хэрхэн заагладаг вэ?
-Энэ бол амьдралын маш чухал хэсэг шүү. Би чинь гэртээ очоод л ээж, эхнэр хүн. Харин ажил дээрээ бол удирдлага. Ер нь би ажилчиддаа хэлдэг, энэ банкны хаалгаар алхаж орж ирсэн л бол бид банкны ажилтан, хувь хүний зовлон, жаргалаа түр гээхээс аргагүй. Учир нь, биднээр үйлчлүүлж байгаа хүмүүс биднийг банкны л ажилтан гэж харахаас биш өөр өнцөг байхгүй. Миний хувьд азаар гэр бүлийн хүн маань ажлыг минь ойлгодог, маш сайн дэмждэг. Адилхан эдийн засагч болоод ч тэр үү, энэ ажлын онцлог, хүнд бэрхийг мэднэ. Миний ээж, аав болон нөхрийн маань аав, ээж ч бас эдийн засагч. Энэ хүмүүсийн түшиж, тулдгийн хүчинд би өдий зэрэгтэй яваа байх.
-Ажил, хувийн амьдралаа зааглахын тулд хийдэг зүйлс, зуршил танд бий юү?
-Би их сонин хоббитой. Нэг уншихаараа 4, 5 ном зэрэгцүүлж уншдаг. Тэр дундаа намтар номуудыг их сонирхож уншдаг. Хүн ажил дээрээ дандаа л гоё байхгүй, асуудал бэрхшээлтэй тулна. Хүнд үе ч тохиолдоно. Үүнээс сатаарах гол зүйл бол ном унших юм даа. Хүмүүсийн намтар уншаад янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн амьдралын түүхийг сонирхох, үүний зэрэгцээ ажил, мэргэжилтэйгээ холбоотой орчин үеийн технологийн дэвшилтэй холбоотой ном бас их уншдаг.
Мөн бага хүүхэд маань таван настай тул хүссэн хүсээгүй намайг хүүхдийн ертөнцөд татан оруулчихдаг. Хамтдаа тоглоод л. Ингээд суухар бүх зүйл их өөр, өнгөлөг болоод ирдэг. Бас спортоор хичээллэх гэж оролдоно гээд янз бүрийн зүйлс л хийдэг дээ. Хүн ер нь өөртөө таарсан хөдөлгөөн хийж эрүүл биетэй, залуу сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэж боддог.
-Та 25 настай өөртөө хандаж юу хэлэх вэ?
-Би 25 настайдаа банкны шинэхэн ажилчдын нэг болоод явж байсан юм байна. Ид банкир болох гээд л гэхдээ бас яг мөн чанарыг нь ойлгоогүй, сонирхолтой үе дээрээ явж байсан байна шүү. Тэр үеийн өөртөө гэхдээ нэг их зүйл хэлэхгүй дээ. Ер нь миний амьдралдаа баримталдаг зарчим бол өөртөө, байгаа зүйлдээ талархаж амьдрах. Илүү сайхан болгоё гэж хэрэв бодвол өөрөө хөдөлмөрлөх л хэрэгтэй. Тиймээс 25 настай өөртөө “Болж байна шүү, Баярмаа” л гэж хэлэх юм байна.
Ажилд ороод эхний дөрвөн жил би их даруухан, зузаан нүдний шилтэй, их номын зүйлс ярьдаг байлаа. Зайлшгүй ямар нэг зүйл хэл гэвэл тухайн үеийн бодит зүйлсийг илүү их мэдэрч, амьдралыг “enjoy” хиййгээрэй гэх юм байна. (инээв) Ер нь хүн өнгөрсөнтэй зууралдах хэрэггүй, ирээдүйгээ гэгээлгээр хардаг байх хэрэгтэй.