Энэ өдрүүдэд Парис хотноо ОУОХ-ны чуулган хуралдаж байна. Чуулганаас ОХУ-ын Умар Кремлевийн удирддаг олон улсын боксын IBA холбоог гишүүнчлэлээсээ бүрмөсөн хассан шийдвэр гаргалаа. Өмнө нь гишүүнчлэлийг нь түдгэлзүүлээд байсан ч IBA холбоо шинэчлэл хийгээгүй тул ийнхүү олимпын гэр бүлээс хасагдаж байна.
Сонирхогчдын бокс одоогийн байдлаар хоёр хуваагдаад байна. ОУОХ-ноос IBA холбоотой харилцахгүй болсон энэ үед World Boxing хэмээх шинэ холбоо байгуулагдсан. Үндэсний боксын холбоод хоёр холбооны алийг сонгохоо шийдэж ядаж байсан бол ОУОХ-ны энэ шийдвэрийн дараа World Boxing-ийн гишүүд эрс нэмэгдэх нь гарцаагүй.
IBA холбооны тэргүүн Кремлёв энэ талаар “Манай холбоо ОУОХ-ны хоолойд тээглэсэн яс болоод байна. IBA холбоонд тэмцээн уралдааны маш өндөр шагнал, мөнгө байгаа. Гэтэл ОУОХ тамирчдын эрх ашгийг зөрчиж байна. Манай холбоо ил тод, ямар нэг алаг үзэлгүй, хэн нэгнээс хамааралгүй байгууллага. Харин ОУОХ бол тамирчдыг үндэс угсаагаар нь ялгадаг фашист газар” гэж уурлажээ.